Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/58

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж,

улсын яллагч Б.Хурц,

хохирогчийн өмгөөлөгч Ж.Даваасүрэн,

шүүгдэгч Ч.У,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт Ч-ын У-ад холбогдох эрүүгийн 20100 0000 0972 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1994 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Глобал бридж” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

- Сүхбаатар дүүргийн шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 329 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасныг баримтлан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн, бие эрүүл, ухаан бүрэн, Г овогт Ч-ын У /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Шүүгдэгч Ч.У нь 2020 оны 10 дугаар сарын 08-ны шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Минт цэнгээний газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тодорхой шалтгаангүйгээр Б.Гийн нүүр рүү хөлөөрөө өшиглөж, түүний эрүүл мэндэд  “...зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн зовхинд шарх, хоёр нүдний алим, хоёр зовхинд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.                                                   

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ч.У нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Ч.Уын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Тухайн өдөр “Минт” шөнийн цэнгээний клубт манай ажлынхан орсон. Намайг унтаж байхад Б.Г намайг авч гараад, миний нүүр лүү хэд хэдэн удаа цохисон. Гадаа тэврэлдэж аваад унаад босохдоо би өшиглөж байсан санагдаж байна. Удалгүй хамгаалагч нар нь гарч ирээд салгасан. Би Б.Гийн өмнөөс өөр хүнд цохиулсан. Маргаан болох эхлэлийг нь Б.Г гаргасан. Өшиглөсөн нь миний буруу. Маргааш нь уулзахад Б.Г гомдол саналгүй гэж хэлж байсан. Цагдаа дээр байхад ямар нэгэн шалгуулах төлбөрийн баримт байхгүй гэж хэлж байсан ч өнөөдөр 01 дүгээр сарын 26-ны өдрийн төлбөрийн баримт гаргаж өгч байгаа нь эргэлзээтэй байна. Хохирогч надад “1.2 сая төгрөг өгчих” гэж хэлж байхад нь би “өгнө” гэж хэлсэн. Цагдаагийн байгууллагаар явах тусам их хэмжээний хохирол гарч ирээд байгаа нь эргэлзээтэй байна.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 20100 0000 0972 дугаартай хэргээс:

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Гийн хохирогчоор өгсөн:

“...2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө ажлын хамт олноор бааранд орохоор болоод Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Минт” нэртэй бааранд 20 цаг өнгөрч байхад орсон. Ажлын хүмүүс болох У, Эрдэнэцогт, Болороо, Наранбаатар бид хэд орсон. Бааранд ороод нэрийг нь сайн санахгүй байна, 3 шил архи уусан. Ингээд цаашаа юу болсон талаар санахгүй байна. Гэмтэл дээр 2020 оны 10 дугаар сарын 08-ны өглөө ухаан орсон, манай гэрээс аав, ах хоёр ирсэн байсан. Би бааранд ажлын хамт олонтойгоо уугаад сууж байснаа л санаж байгаа юм. Ингээд аав, ах хоёроос юу болсон талаар асуухад “Хамт ажилладаг хүн чинь зодсон байна, тэр хүн Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын эрүүлжүүлэхэд байгаа. Чамайг Цагдаагийн газраас авсан. Хамт ажилладаг У зодсон.” гэж хэлсэн. Тэгээд 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр уулзаж юу болсон талаар асуухад “Би бас санахгүй байна, би чамайг цохисон юм шиг байна лээ. Эмчилгээний мөнгийг чинь өгье” гэж хэлсэн ба би цагдаад хандалгүй асуудлаа шийдэх гэхэд ар гэрийнхэн цагдаагаар шалгуулсан нь дээр гээд хандсан юм.” гэсэн мэдүүлэг /хэргийн 10-11х/,

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Золбаярын гэрчээр өгсөн:

“...2020 оны 10 сарын 08-ны шөнө 02:00 цаг өнгөрч байхад над руу аав залгаад “дүү нь хүнд зодуулсан, Гэмтэл дээр ухаангүй байна, хүрээд ир” гэхээр нь 04 цаг өнгөрч байхад очсон. Дүү Гантөгсийн хувцас цус болсон, хэвтрийн байдалтай ухаангүй байсан ба зүүн талын нүд хөхөрч хавдсан, 2 гар нь цус болсон, хөмсөг нь сэтэрсэн байсан. Ингээд Эрдэнэцогт гэх Гэмтлийн эмнэлэг дээр хүргэж ирсэн залуугаас юу болсон талаар асуухад “Минт бааранд ажлын хамт олонтой орсон, гэтэл хамт ажилладаг Утай маргалдаж хоорондоо зодолдсон” гэж хэлсэн. Тэр зодсон хүн нь эрүүлжүүлэхэд байгаа гэсэн юм. Дүү маань нилээн согтуу байсан ба хамарны яс цөмөрсөн, нүдний ухархайн яс хугарсан, хагалгаанд орох шаардлагатай гэж эмч нар хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 13х/,

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Золзаяагийн гэрчээр өгсөн:

“...Ажлын хамт олонтойгоо 2020 оны 10 сарын 07-ны өдрийн 21:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 15-р хороонд байрлах Минт бааранд орж үйлчлүүлсэн. Тэгээд бид нар нилээн согтууруулах ундаа хэрэглэсэн. Тэгээд бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад буцаад ширээн дээрээ ирэхэд бүгд байхгүй байхаар нь ...нойл ороод гарч ирэхдээ Гантөгстэй таарсан. Хамт тамхины өрөө орж буцаж гарч ирээд нөгөө хэдийгээ хайгаад олохгүй болохоор нь хувцасны өлгүүр дээрээс гадуур хувцсаа авч байхдаа Утай таараад бид гурав хамт гадагшаа гарахад Гантөгс нь Уыг “пизда минь” гэсэн. Тэгэхэд У юм хэлээгүй, гадаа үүд рүү хамт гарсан. Гантөгс, У хоёр нилээн согтуу байсан ба Гантөгс нь Уыг “пизда минь чамайг ална шүү” гэж хэлээд нуруу луу 2-3 удаа зөөлөн цохиод, шанаа руу нь бас цохисон. Тэгэхэд У “Гантөгсөө чи яагаад намайг цохиод байгаа юм бэ” гээд тэр хоёр хоорондоо барьцалдаж аваад газарт унахад Минт баарны хамгаалагч нар ирж салгаад хяналтын камерын өрөө лүү аваад өрөө рүү авч орсон. Тухайн үед Гантөгсийг харахад зүүн талын хөмсөг хавиас нь цус гарсан байсан.

Тэгээд би хяналтын камерын өрөө лүү араас нь ороход Гантөгс, У хоёр байсан бөгөөд Гантөгс таталт өгөөд байсан. Тэгээд түргэний эмч ирж үзээд хөмсөгний шархыг нь цэвэрлэж өгөөд “энэ бол айхтар таталт биш ээ” гээд явсан. Тэгэхэд цагдаагийн алба хаагч нар ирээд хяналтын камерын бичлэг үзэхэд Минт баарны гадаа үүдэнд У Гантөгс хоёр маргалдаад, хоорондоо барьцалдаж аваад бие биеэ түлхээд явж байхдаа У нь Гантөгсийг доошоо дараад нүүр лүү нь нэг удаа өшиглөж байгаа харагдсан.

Тухайн үед би У, Гантөгс хоёртой хамт байсан. Манай ажлын хүмүүс тус үйл явдал болж байхад байхгүй байсан. Гантөгсийн хөмсөгнөөс нь нилээн цус гарсан байсан. Харин Уын биед ил харагдах гэмтэл байгаагүй. Цагдаа нар Уыг авч явсны араас нь Гантөгс ажлын газрын хүмүүстэй хамт цагдаа дээр очоод үүдэнд нь ухаан алдаж унасан гэсэн. Тухайн үед Минт баарны гадаа Уаас өөр хүн Гантөгсийн биед халдаж, цохисон зүйл байхгүй. Тэр хоёр нилээн согтуу, биеэ хянах чадвар муу байсан.“ гэсэн мэдүүлэг /хэргийн 19-20х/,  

 

4. ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 11853 дугаартай:

1. Б.Гийн биед зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн зовхинд шарх, хоёр нүдний алим, хоёр зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 22-23х/,

 

5. Хохирогч Б.Г нь эмчилгээ үйлчилгээ хийлгэсэн болон хохирол төлбөр нэхэмжлэхтэй холбоотой гаргасан баримтууд /хэргийн 51-58х, 63-69х/,

 

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ч.Уын яллагдагчаар өгсөн:

“...Би 2020 оны 10 дугаар сарын 07-ны орой 20:00 цаг өнгөрч байхад ажлын газрын хамт олонтойгоо Минт бааран орж 2 шил текила ууж байгаад 00:00 цаг өнгөрч байхад нилээн согтоод ширээгээ дэрлээд тасраад унтсан байсан. Тэгэхэд Гантөгс “алив бос” гээд шилэн хүзүү рүү цохиж байгаад сэрээгээд намайг аваад гарсан.

Тэгээд хамт гарч байхад Гантөгс хувцасны өлгүүрийн үүдэнд нэг эмэгтэйг мөрлөөд цааш явахад нөгөө эмэгтэй “найз чинь намайг мөрлөчихлөө” гээд намайг нэг удаа алгадсан. Минт баарны гадаа гараад зогсож байхад Гантөгс ирээд намайг хэд хэдэн удаа цохиход ажлын эмэгтэй Золоо Гантөгсийг “чи яагаад байгаа юм бэ” гээд цаашаа аваад явсан.

Золоо буцаж над дээр ирээд “зөрүүлж битгий Гантөгсийг цохиорой, цаадах чинь их согтуу байна шүү” гэхээр нь би “за” гээд байж байхад нүүр рүү дахиад нэг цохихоор нь би “Гантөгсөө, чи яагаад намайг цохиод байгаа юм бэ, би чамайг яасан юм” гэхэд “би өнөөдөр Уыг зодно” гээд дайраад хүрээд ирсэн. Тэгээд бид хоёр зууралдаад газар унасан.

Энэ үед Минт баарны хамгаалагч бид хоёрыг салгаад, хяналтын камерийн өрөөнд байхад цагдаа нар ирээд, намайг аваад эрүүлжүүлэхэд хүлээлгэж өгсөн. Тухайн үед Гантөгс бид хоёрыг гадаа маргалдан зодолдож байхад ажлын газрын Эрдэнэцогт, Болороо нар Минт бааран дотор байсан, юу болсон талаар мэдээгүй. Харин Золоо бид хоёрын хажууд байсан. ...Би их согтуу байсан. Гантөгс над руу дайраад байхаар нь зууралдаад нүүрэн тус газар нь 1-2 удаа гараараа цохиод, газар хамт унаад босохдоо нүүр рүү нь нэг удаа өшиглөж байсныг санаж байна. Гантөгс бас намайг нүүр рүү цохисон.” гэсэн мэдүүлэг /хэргийн 31-32х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 33х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 42х/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хэргийн 46х/, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 329 дугаар шийтгэх тогтоолын хуулбар баримт /хэргийн 71-73х/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшлийн шинжээч эмч нар гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ч.Уын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.   

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Ч.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа 2020 оны 10 дугаар сарын 08-ны шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Минт цэнгээний газарт “Б.Г нь согтуурхан, тодорхой шалтгаангүйгээр зүй бус авирлан өөрийг нь алгадаж, цохисон” гэх шалтгаанаар түүнтэй маргалдан, улмаар зууралдан түлхэлцэх, газарт унах явцад Б.Гийг доош нь дарж нүүрэн тус газарт өшиглөж, эрүүл мэндэд нь “...зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн зовхинд шарх, хоёр нүдний алим, хоёр зовхинд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн:

- хохирогч Ч.Уын: “...2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө ажлын хамт олноор бааранд орохоор болоод Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Минт” нэртэй бааранд 20 цаг өнгөрч байхад орсон. ...Бааранд ороод нэрийг нь сайн санахгүй байна, 3 шил архи уусан. Ингээд цаашаа юу болсон талаар санахгүй байна. Гэмтэл дээр 2020 оны 10 дугаар сарын 08-ны өглөө ухаан орсон. ...Би бааранд ажлын хамт олонтойгоо уугаад сууж байсанаа л санаж байгаа юм. Ингээд аав, ах хоёроос юу болсон талаар асуухад “Хамт ажилладаг хүн чинь зодсон байна, тэгээд Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын эрүүлжүүлэхэд байгаа, чамайг Цагдаагийн газраас авсан, хамт ажилладаг У зодсон.” гэж хэлсэн.

Тэгээд 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр уулзаж “юу болсон” талаар асуухад “санахгүй байна, би чамайг цохисон юм шиг байна лээ, эмчилгээний мөнгийг чинь өгье” гэж хэлсэн ба би цагдаад хандалгүй асуудлаа шийдэх гэхэд ар гэрийнхэн цагдаагаар шалгуулсан нь дээр гээд хандсан юм.” гэсэн мэдүүлэг /хэргийн 10-11х/,

- гэрч Б.Золбаярын: “...2020 оны 10 сарын 08-ны шөнө 02:00 цаг өнгөрч байхад над руу аав залгаад “дүү нь хүнд зодуулсан, Гэмтэл дээр ухаангүй байна, хүрээд ир” гэхээр нь 04 цаг өнгөрч байхад очсон. Дүү Гантөгсийн хувцас цус болсон, хэвтрийн байдалтай ухаангүй байсан ба зүүн талын нүд хөхөрч хавдсан, 2 гар нь цус болсон, хөмсөг нь сэтэрсэн байсан. Ингээд Гэмтлийн эмнэлэг дээр хүргэж ирсэн Эрдэнэцогт гэх залуугаас юу болсон талаар асуухад “Минт бааранд ажлын хамт олонтой орсон, гэтэл хамт ажилладаг Утай маргалдаж, хоорондоо зодолдсон, тэр зодсон хүн нь эрүүлжүүлэхэд байгаа” гэж хэлсэн юм. Дүү маань нилээн согтуу байсан ба хамарны яс нь цөмөрсөн, нүдний ухархайн яс хугарсан, хагалгаанд орох шаардлагатай гэж эмч нар хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 13х/,

- гэрч Б.Золзаяагийн: “...Ажлын хамт олонтойгоо 2020 оны 10 сарын 07-ны өдрийн 21:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 15-р хороо Минт бааранд орж үйлчлүүлсэн. Тэгээд бид нар нилээн согтууруулах ундаа хэрэглэсэн. Тэгээд бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад буцаад ширээн дээрээ ирэхэд бүгд байхгүй байхаар нь ...нойл ороод гарч ирэхдээ Гантөгстэй таарсан. Хамт тамхины өрөө орж буцаж гарч ирээд нөгөө хэдийгээ хайгаад олохгүй болохоор нь хувцасны өлгүүр дээрээс гадуур хувцасаа авч байхдаа Утай таараад бид гурав хамт гадагшаа гарахад Гантөгс нь Уыг “пизда минь” гэсэн. Тэгэхэд У юм хэлээгүй, гадаа үүд рүү хамт гарсан. Гантөгс, У хоёр нилээн согтуу, байсан ба Гантөгс нь Уыг “пизда минь чамайг ална шүү” гэж хэлээд нуруу луу 2-3 удаа зөөлөн цохиод, шанаа руу нь бас цохисон. Тэгэхэд У “Гантөгсөө чи яагаад намайг цохиод байгаа юм бэ” гээд тэр хоёр хоорондоо барьцалдаж аваад газарт унахад  Минт баарны хамгаалагч нар ирж салгаад хяналтын камерын өрөө лүү аваад өрөө рүү авч орсон. Тухайн үед Гантөгсийг харахад зүүн талын хөмсөг хавиас нь цус гарсан байсан.

Тэгээд би хяналтын камерын өрөө лүү араас нь ороход Гантөгс, У хоёр байсан бөгөөд Гантөгс таталт өгөөд байсан. Тэгээд түргэний эмч ирж үзээд хөмсөгний шархыг нь цэвэрлэж өгөөд “энэ бол айхтар таталт биш ээ” гээд явсан. Тэгэхэд цагдаагийн алба хаагч нар ирээд хяналтын камерын бичлэг үзэхэд Минт баарны гадаа үүдэнд У Гантөгс хоёр маргалдаад, хоорондоо барьцалдаж аваад бие биеэ түлхээд явж байхдаа У нь Гантөгсийг доошоо дараад нүүр лүү нь нэг удаа өшиглөж байгаа харагдсан.

Тухайн үед би У, Гантөгс хоёртой хамт байсан. Манай ажлын хүмүүс тус үйл явдал болж байхад байхгүй байсан. Гантөгсийн хөмсөгнөөс нь нилээн цус гарсан байсан. Харин Уын биед ил харагдах гэмтэл байгаагүй. Цагдаа нар Уыг авч явсны араас нь Гантөгс ажлын газрын хүмүүстэй хамт цагдаа дээр очоод үүдэнд нь ухаан алдаж унасан гэсэн. Тухайн үед Минт баарны гадаа Уаас өөр хүн Гантөгсийн биед халдаж, цохисон зүйл байхгүй. Тэр хоёр нилээн согтуу биеэ хянах чадвар муу байсан.“ гэсэн мэдүүлэг /хэргийн 19-20х/,

- ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 11853 дугаартай:

1. Б.Гийн биед зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн зовхинд шарх, хоёр нүдний алим, хоёр зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 22-23х/,

- хохирогч Б.Гийн “Орбита” нүдний эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх баримт, хохирол төлбөр нэхэмжлэхтэй холбоотой гаргасан баримтууд /хэргийн 51-58х, 63-69х/ болон шүүгдэгч Ч.Уын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг /шүүх хуралдааны тэмдэглэл, хэргийн 31-32х/ нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

Хэргийн хохирогч Б.Гийн биед учирсан шинжээчийн дүгнэлтэд дурьдагдсан “...зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн зовхинд шарх, хоёр нүдний алим, хоёр зовхинд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Ч.У нь түүний нүүрэн тус газарт гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодсоноос үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

Түүнчлэн тухайн цаг хугацаанд хохирогч, шүүгдэгч хэн аль нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, биеэ зүй зохистой авч явах чадвар дутмаг байснаас гадна хэргийн хохирогч Б.Г нь согтуурхан, шалтаг шалтгаангүйгээр шүүгдэгч Ч.Уыг “пизда минь чамайг ална шүү” гэх зэргээр зүй бус үг хэллэг хэрэглэн түүний нуруу, шанаа хэсэгт цохиж өдөөн хоргоосон зохих буруутай байдал уг гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон гэж шүүх дүгнэв.

Хан-Уул дүүргийн прокуророос Ч.Уын дээрх гэмт үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон, хуулийн үндэслэл бүхий байна.

Хэргийн талаар нотлогдвол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн хангалттай шалгаж тогтоосон тул шүүх, шүүгдэгч Ч.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.

Түүнчлэн хэргийн шүүгдэгч Ч.У нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримтад маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж,

мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

Хохирогч Б.Гийн эрүүл мэндэд учирсан “...зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн зовхинд шарх, хоёр нүдний алим, хоёр зовхинд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох ба уг учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан болон бусад зардал нь хохирол учруулсаны улмаас шууд үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.    

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар хэргийн хохирогч Б.Г нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй.

Хохирогч Б.Г нь учирсан гэмтлийг эмчлүүлэх эмчилгээ үйлчилгээ хийлгэсэн болон бусад зардалд нийт 4.833.8000 төгрөг төлсөн төлбөрийн баримтыг хэрэгт хавсаргуулж /хэргийн 51-58/ хохирол арилгуулах гомдлын шаардлага нэхэмжлэл гаргасан ба шүүгдэгчээс хохирол төлбөр төлсөн талаар хэрэгт баримтгүй байна.

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, мөн бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.

Иймээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон хохирогч Б.Гийн нэхэмжилсэн баримттай гарсан эмчилгээ оношилгооны зардал 4.833.800 төгрөгийг /дөрвөн сая найман зуун гучин гурван мянга найман зуу/ гэм буруутай этгээд болох Ч.Уаар нөхөн төлүүлэх нь зүйтэй.    

Шүүгдэгч Ч.У нь урьд гэмт хэрэг үйлдэж гэмт буруутайд тооцогдсон хэдий ч хуульд заасан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөж байсан нь хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 33х/ баримт, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн 329 дугаартай шийтгэх тогтоол баримтаар /хэргийн 71-73х/ тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг анх удаа үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, уг гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйл ажиллагаа нөлөөлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба түүний байна.   

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тэмдэглэв.

Шүүгдэгч Ч.Уыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болохыг шүүх нэгэнт тогтоосон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх эрүүгийн хариуцлагын зорилго, гэм буруугийн зарчимд тус тус нийцүүлж, улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Ч.Уад 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.  

Энэ хэргийн улмаас шүүгдэгч Ч.У нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурьдаж шийдвэрлэв.        

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                 

                                                       ТОГТООХ нь:

 

1. Г овогт Ч-ын Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г овогт Ч-ын Уад 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.У нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон Ч.У-аас 4.833.800 /дөрвөн сая найман зуун гучин гурван мянга найман зуу/ төгрөг гаргуулж, хохирогч хххх тоотод оршин суух хаягтай, /РД:ШУ88052512/, Э овогт Б-ын Г-д олгосугай.

 

5. Энэ хэрэгт Ч.У нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай. 

 

7. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ч.Уад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                С.БАЗАРХАНД