Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 2021/ШЦТ/76

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж,

улсын яллагч Н.Пүрэвтогтох,

шүүгдэгч Б.М,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-ийн М-т холбогдох эрүүгийн 20100 1423 1100 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1980 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, хххх тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Б-ийн М- /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Шүүгдэгч Б.М нь Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Хайрханы 7-4 тоотод 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр иргэн Г.А-тэй “найзынхаа эхнэрийг булаасан” гэж маргаж, нүүрэн тус газар нь гараараа цохиж, биед нь “...2 шүдний 4-р зэргийн сулрал, уруулд сорви” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                   

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.М нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Б.Мийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Одоо надад нэмж гаргах мэдүүлэг тайлбар байхгүй.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 20100 1423 1100 дугаартай хэргээс:

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.А-ийн хохирогчоор өгсөн:

“...Би 2020 оны 6 сарын 08-ны өдөр найз Буукагийн хамт 0.75 литрийн “Хараа” нэртэй архи авч гэртээ орсон юм. Тэгээд намайг ариун цэврийн өрөө ороход Буука М-ийг утсаар дуудчихсан байсан. Ингээд архиа задлаад сууж байхад М- ганцаараа манайд ороод ирсэн. Тэгээд гурвуулаа архиа ууж дуусаад дахин нэг шил архи авч хувааж уусан. Архи дууссаны дараа Буука “гэр лүүгээ явлаа” гээд гараад явсан ба М- бид хоёр үлдсэн. Би М-т хандаж “чи ч арчаагүй эр юм даа, найз найз гэж явчихаад найзынхаа эхнэрийг булаадаг” гэж хэлэхэд тэрээр “хохь чинь ээ, чадаж байгаа юманд арга байхгүй” гээд миний нүүр рүү гараараа 4-5 удаа цохиод, гэрээс гараад явсан. Би цусаа цэвэрлээд гэртээ үлдсэн. ...Би гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 22х/,

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Отгонбаярын гэрчээр өгсөн:

“...Би 2020 оны 5 дугаар сарын эхээр Г.А-тэй муудалцаж тэднийхээс явсан. ...Үүнээс хойш Г.А-тэй уулзаагүй бөгөөд 2020 оны 11 дүгээр сарын эхээр гэрт нь очиж хувцсаа авахдаа уулзсан. Тэрээр танай нөхөр Б.Мт цохиулаад шүд хөдөлсөн гэж хэлж байсан. Гэхдээ би түүний шүдийг хараагүй. Такситай очсон учир хувцсаа аваад удалгүй явсан. Г.А- нь 2020 дугаар сарын эхээр намайг Б.Мтай эр, эмийн харилцаатай байсныг мэдээд асуухад нь би үнэнээ хэлж, бид хоёр салахаар болсон юм.” гэсэн мэдүүлэг /хэргийн 44х/,

 

3. ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 7910 дугаартай:

1. Г.А-ийн биед 2 шүдний 4-р зэргийн сулрал, уруулд сорви гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэсэн дүгнэлт /хэргийн 29-30х/,

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Мийн яллагдагчаар өгсөн:

“...Би яг огноог нь санахгүй байна. Тухайн үед Г.А-ийн гэрт би, Г.А-, н.Буянхүү бид нар 2 шил архи хувааж уусан. Тэгээд архи дууссаны дараа н.Буянхүү түрүүлээд гэртээ явсан бөгөөд би Г.А-тэй хамт үлдсэн. Тэгэхэд Г.А- над руу хэл амаар дайраад “чи гэр бүл салгасан” гээд байхаар нь миний уур хүрээд түүний нүүр лүү гараараа 1-2 удаа цохичихоод гараад явсан. Түүнээс хойш Г.А- надаас эмчилгээний төлбөр нэхээд байсан ба би түүнтэй дараа нь 1-2 удаа уулзахад юм дуугарахгүй байсан. Би түүнийг цохисноо хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 51х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 36х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 54х/, Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 55х/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн байгууллагын шинжээч эмч гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Мийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.   

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2020 оны 06 сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Хайрханы 7-4 тоот дахь Г.А-ийн гэрт “найзынхаа эхнэрийг булаасан арчаагүй хүн гэж хэллээ” гэснээс түүнтэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргаж, Г.А-ийн нүүрэн тус газар гараараа цохиж, эрүүл мэндэд нь “...2 шүдний 4-р зэргийн сулрал, уруулд сорви” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн:

- хохирогч Г.А-ийн: “...Би 2020 оны 6 сарын 08-ны өдөр найз Буукагийн хамт 0.75 литрийн Хараа нэртэй архи авч гэртээ орсон юм. Тэгээд намайг ариун цэврийн өрөө ороход Буука М-ийг утсаар дуудчихсан байсан. ...Би М-т хандаж “чи ч арчаагүй эр юм даа, найз найз гэж явчихаад найзынхаа эхнэрийг булаадаг” гэж хэлэхэд тэрээр “хохь чинь ээ, чадаж байгаа юманд арга байхгүй” гээд миний нүүр рүү гараараа 4-5 удаа цохиод, гэрээс гараад явсан бөгөөд би цусаа цэвэрлээд гэртээ үлдсэн. ...Би гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 22х/,

- гэрч Ц.Отгонбаярын: “...Би 2020 оны 5 дугаар сарын эхээр Г.А-тэй муудалцаж тэднийхээс явсан. ...Үүнээс хойш Г.А-тэй уулзаагүй бөгөөд 2020 оны 11 дүгээр сарын эхээр гэрт нь очиж хувцсаа авахдаа түүнтэй уулзсан. Тэрээр танай нөхөр Б.Мт цохиулаад шүд хөдөлсөн гэж хэлж байсан. ...Г.А- нь 2020 дугаар сарын эхээр намайг Б.Мтай эр, эмийн харилцаатай байсныг мэдээд асуухад нь би үнэнээ хэлж, бид хоёр салахаар болсон.” гэсэн мэдүүлэг /хэргийн 44х/,

- ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 7910 дугаартай:

1. Г.А-ийн биед 2 шүдний 4-р зэргийн сулрал, уруулд сорви гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэсэн дүгнэлт /хэргийн 29-30х/ болон шүүгдэгч Б.Мийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг /шүүх хуралдааны тэмдэглэл, хэргийн 51х/ нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

 

Хэргийн хохирогч Г.А-ийн биед учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан “...2 шүдний 4-р зэргийн сулрал, уруулд сорви” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Б.М нь түүний нүүрэн тус газарт гараараа цохиж зодсоноос үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Б.Мийн дээрх гэмт үйлдлийг Хан-Уул дүүргийн прокуророос “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий, шүүгдэгчийн гэмт үйлдэлд тохирсон байна.  

 

Хэргийн шүүгдэгч Б.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй. 

Дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч Б.Мийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй. 

 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж,

мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Хохирогч Г.А-ийн биед учирсан “...2 шүдний 4-р зэргийн сулрал, уруулд сорви” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох ба уг учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан болон бусад зардал нь хохирол учруулсаны улмаас шууд үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.    

 

Энэ хэргийн хохирогч Г.А- нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад “...гомдолтой.” хэмээн мэдүүлж, /хэргийн 22-23х/ баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл, шаардлага гаргаагүй байна.

 

Иймд эрүүгийн хэргийн хамт нэг мөр шийдвэрлэх баримт бүхий хохирол төлбөргүй гэж үзэх ба хохирогч нь шаардлагатай гэж үзвэл цаашид гарах эмчилгээ үйлчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.М нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 36х/ тогтоогдсон.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ, тэрээр анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарх гэмт хэрэг үйлдсэнийг мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.  

 

Энэ хэрэгт Б.М нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Г.А- нь эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гаргаагүй, “гомдолтой” гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурьдаж шийдвэрлэв.        

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон    

                          

                                                       ТОГТООХ нь:

 

1. Б овогт Б-ийн М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Б овогт Б-ийн М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.М нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт Б.М нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Г.А- нь эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гаргаагүй, “гомдолтой” гэснийг тус тус дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай. 

 

6. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                С.БАЗАРХАНД