| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2021/0016/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/89 |
| Огноо | 2021-02-03 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Гүнсэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 2021/ШЦТ/89
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Э-ийн Э-д холбогдох эрүүгийн 20100 0000 0976 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Б.Гүнсэл, хохирогч Л.Б, шүүгдэгч Э.Э, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхбаатар нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, алт мөнгөний дархан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:
- 2005 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 11 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2-т заасныг баримтлан шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулсан,
- 2010 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Дорноговь аймгийн шүүхийн 63 дугаар шийтгэх тогтоолоор 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 /дөрөв/ сар 20 /хорь/ хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгүүлсэн,
- 2011 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Хан-Уул дүүргийн шүүхийн 153 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 03 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар хорих ялыг тэнсэж, 02 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзсан,
- 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Чингэлтэй дүүргийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 02 /хоёр/ жил 02 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,
- 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 163 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 09 /ес/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,
- 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 916 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 04 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг биечлэн эдэлж байгаад 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Э-ийн Э- /РД: /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Э.Э нь 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Хххх тоотод оршин суух иргэн Л.Б-гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1.613.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Э.Эгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруу болоод хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлж барагдуулна.” гэсэн мэдүүлэг,
2. Хохирогч Л.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Би тухайн өдрийн орой 00 цагийн үед ажлаасаа гэртээ ирэхэд манай гэрт хулгай орсон байсан. Манай гэрийн бүх зүйл эмх замбараагүй, алт мөнгөний үнэт эдлэлээ хийсэн хайрцаган дотор байсан зүйлс алга болчихсон байсан. Манай гэрт түлхүүр тааруулаад орсон гэсэн учраас би хэрэг гарсан үеэс хойш 1 сар гаран хугацаанд амьдраагүй. Би дахин манай гэрт түлхүүр тааруулаад ороод ирэх вий гэхээс айж, сэтгэл санааны дарамтанд байна. Миний алдагдсан эд зүйлсийн үнэлгээн дээр маргаж байгаа нь утгагүй. Би мөрөөрөө амьдарч байгаад эд зүйлсээ алдсан. Гомдолтой байна. Энэ хүнээс мөнгө нэхэх биш, алдсан эд зүйлсээ буцаагаад авмаар байна. Би шүүгдэгчийн эхнэрийг танина, манай зоогийн газарт ажилладаг байсан юм. Анхандаа эгч дүүгийн ёсоор аль болох туслах санаатай, машинаа хүртэл унуулаад явж байхад миний сэтгэлд ус цацаж байгаад нь харамсаж байна. Би үлдсэн хохирлын 950.000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 20100 0000 0976 дугаартай хэргээс:
1. Хулгай орсон гэх Хххх тоотод үзлэг хийсэн тухай 2020 оны 10 сарын 02-ны өдрийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 07-13х/,
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.Б-ы иргэний нэхэмжлэгчээр өгсөн:
“...Би “Супер-6” нэртэй ломбард ажиллуулдаг. 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр үл таних Энэбиш овогтой Энхбаттар гэдэг хүн 480.000 төгрөгөөр монетон бөгж барьцаанд тавьсан. Хулгайн эд зүйл гэж хэлээгүй, эхнэрийнх гэж хэлсэн. Дараа нь цагдаа нар ирээд уг бөгжийг хурааж авсан ба надад 480.000 төгрөгийн хохирол учирсаныг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 16х/,
3. “Супер-6” барьцаалан зээлдүүлэх газрын хяналтын камерийн бичлэгт 2020 оны 10 сарын 06-ны өдөр үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Сиди 1 ширхэгийг хэрэгт эд мөрийн баримтаар тооцох тухай Мөрдөгчийн тогтоол /хэргийн 35х, 36-38х/,
4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Л.Бгийн хохирогчоор өгсөн:
“...2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр би ажилтай байсан учраас өглөөний 08 цаг 30 минутын үед гэрээсээ гараад өөрийн эзэмшлийн 65-55 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслээр ажил руугаа явсан. Улмаар тухайн өдөр ажлаасаа 18 цаг 30 минутын орчимд тарсан боловч 21 цаг 40 минутанд найзуудтайгаа хотын төвд кино үзэхээр товлосон байсан учраас шууд гэртээ харилгүй, хотын төв рүү явсан. Би 23 цаг 30 минутын үед кино үзэж дуусчихаад гэр рүүгээ явсан. Намайг гэртээ ирэхэд шөнийн 00 цаг 30 минут болж байсан. Би хаалгандаа түлхүүрээ хийгээд хаалгаа онгойлгох гэхэд түлхүүр хагас эргээд шууд хаалга түгжээгүй онгойсон. Би тухайн өдрийн өглөө нь явахдаа хаалгандаа түлхүүрээ хийгээд бүтэн эргүүлээд түгжээд явсан юм. Гэр дотор ороход бүх зүйлийг ухсан байдалтай шүүгээнүүдийн хаалга онгорхой, үнэт эдлэл зэрэг зүйлийг хадгалдаг савнуудыг шалан дээр онгойлгоод хаясан байхаар нь хулгай орсон байна гэдгийг мэдээд Цагдаагийн байгууллагад хандсан.
Манай гэрээс А4 цаасны хэмжээтэй Ipad 1 ширхэг, 4.5 грамм жинтэй эмэгтэй хүний монетон бөгж 1 ширхэг, 3 грамм жинтэй эмэгтэй хүний монетон хос ээмэг, цагираг хэлбэртэй 2.2 грамм жинтэй эмэгтэй хүний алтан ээмэг 1 хос, цагираг хэлбэртэй 1.2 грамм жинтэй нарийн алтан бөгж 1 ширхэг, булгаръя гэх бичиглэл бүхий эмэгтэй хүний ээмэг, гинж, кулон, бөгж зэргээс бүрсэн мөнгөн хослол 1 ширхэг зэрэг зүйл хулгайд алдагдсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 45-46х/,
5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ч.М-ийн гэрчээр өгсөн:
“...25 дугаар телевизийн зүүн талд байрлах 4 давхар байрны голын орцны хажуу талын зогсоол дээр автомашинаа байрлуулаад, автомашин дотор хүү бид хоёрыг үлдээсэн. Өөрөө машины голын хайрцаг дотроос цагираг хэлбэртэй эмэгтэй хүний хос ээмэг 1 ширхэг, цулгуй кольцо хэлбэртэй эмэгтэй хүний монетон бөгж 1 ширхэгийг авч буугаад байсан тойроод явсан. Хаашаа явсан, хаана зарж борлуулсаныг би мэдээгүй. ...Тухайн үед гаднаас орж ирэхдээ мөнгөтэй орж ирэхээр нь би “хэдэн төгрөг юм бэ” гэж асуухад “480.000 төгрөг” гэж хэлсэн. Би тэр мөнгөнөөс нь аваагүй. Мөн голын хайрцагт эмэгтэй хүний мөнгөн хослол харагдаж байсан боловч Э.Э гэртээ ирээд дарханы багажаар тухайн хослолыг хайлуулаад мөнгө болгосон.
...Э.Э тухайн өдөр гэрээс гарахдаа цагаан өнгийн пүүзтэй, хар өнгийн бэлтгэлийн өмдтэй, хар өнгийн ноосон цамцтай, гадна талаараа ногоон өнгийн куртиктэй байсан. Мөн гаднаас олсон гэх цагаан өнгийн гялгар шүхэрийг аваад гарсан. Орой нь хотоос ирсэний дараа миний бие муудаад хэвтэж байхад Э.Э өмсөж явсан цагаан өнгийн пүүз болон ногоон өнгийн куртикээ зууханд хийгээд дээрээс нь бензин асгаад шатаахыг харсан. ...Би айгаад асууж чадаагүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 52-53х/,
6. Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн ХУ2-20-667 дугаартай:
“...үнэлэгдэж буй хөрөнгө нь ...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1.251.000 /нэг сая хоёр зуун тавин нэгэн мянга/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн хохирогч Л.Бгийн алдагдагдсан эд зүйлийг үнэлсэн үнэлгээний тайлан дүгнэлт /хэргийн 62-63х/,
7. Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ХУ2-20-731 дугаартай:
“...үнэлэгдэж буй Булгаръяа гэсэн бичиглэлтэй, эмэгтэй хүүний гинж, кулон, бөгж нь ...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 158.000 /нэг зуун тавин найман мянга/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн хохирогч Л.Бгийн алдагдагдсан эд зүйлийг үнэлсэн үнэлгээний тайлан дүгнэлт /хэргийн 65-66х/,
8. Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ХУ2-20-777 дугаартай:
“...үнэлэгдэж буй алтан бөгж нь ...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 204.000 /хоёр зуун дөрвөн мянга/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн хохирогч Л.Бгийн алдагдагдсан эд зүйлийг үнэлсэн үнэлгээний тайлан дүгнэлт /хэргийн 69-70х/,
9. Эд зүйл түр хураан авч, хохирогч Л.Бд эмэгтэй хүний шигтгээтэй монетон хос ээмэг 1 ширхэг, монетон бөгж 1 ширхэг зэргийг хүлээлгэн өгсөн тухай 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн тэмдэглэл /хэргийн 144-146х/,
10. Шүүгдэгч Э.Эгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн:
“...Манай эхнэр Мөнхшүр пиццаны газарт тогоочоор ажилладаг байсан юм. Тэгээд хэзээ билээ дээ нэг удаа миний өөрийн хийсэн түлхүүрийн оосорнуудыг зарах гэхээр машин болохгүй байхаар нь би эхнэртээ “захирлынхаа машиныг гуйчих” гэж хэлээд авсан. Нарантуул зах орж оосорнуудаа зарсан. Машины түлхүүрт гэрийн түлхүүр хамт байсан бөгөөд тэрийг хувилж авсан. Дараа нь хэзээ гэдгийг санахгүй байна, хувилж авсан түлхүүрээр гэрт нь очоод түлхүүрээ тааруулаад онгойлгоод орсон. Ороход хүн байгаагүй. Би урьд нь тэр айлд очиж байгаагүй ч гэр нь тэнд байдаг гэдгийг мэддэг байсан. Ороход зочны өрөөнөөс байх, ээмэг, бөгж, Ipad аваад гарсан. Хэдэн ширхэг ямар ээмэг, бөгж байсныг тоолоогүй болохоор мэдэхгүй байна. Тэгээд 10 дугаар хороололд байдаг “Супер-6” гэсэн нэртэй ломбарданд нэг ээмэг, нэг бөгжийг талийгаач ах Энэбишийн Энхбаттөрийн жолооны үнэмлэхээр барьцаанд тавиад 400.000 орчим төгрөг авсан. Үлдсэнийг нь явуулын хүнд зарсан, хэн гэдэг хүнд зарсанаа мэдэхгүй байна. Би тухайн үед ногоон куртиктэй байсан ба хувцсаа шатаачихсан. Би энэ хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна, энэ хэргийг ганцаараа үйлдсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 143х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 139х/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 155х/, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2005 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 11 дугаар шийтгэх тогтоол, Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 153 дугаар шийтгэх тогтоол, Чингэлтэй дүүргийн 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 12 дугаар шийтгэх тогтоол, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 163 дугаар шийтгэх тогтоол, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 916 дугаартай шийтгэх тогтоол /хэргийн 163-164х, 165-166х, 167-170х, 171-178х, 179-205х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үнэлсэн ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.Эгийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Э.Э нь 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр иргэн Л.Бгийн амьдрах Хххх тоот дахь орон сууцны хаалганд түлхүүр тааруулан хууль бусаар нэвтрэн орж, ай пад 1 ширхэг, эмэгтэй хүний монетон бөгж 1 ширхэг, монетон хос ээмэг, алтан ээмэг нэг хос, алтан бөгж, Bulgari бичиглэлтэй эмэгтэй мөнгөн хослол буюу гинж, кулон, бөгж зэрэг эд зүйлсийг нь авч, бусдад худалдах, барьцаалан зээлдүүлэх газарт зээлийн барьцаанд тавьж мөнгийг нь авч ашиглах зэргээр өөрийн хэрэгцээнд захиран зарцуулж ашигласан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээр дурьдсан нотлох баримтуудаар бүрэн хангалттай тогтоогдсон байна.
Тухайн хэрэгт хохирогч Л.Бгийн алдагдсан эд зүйлсийн үнийг хэрэгт шинжээчээр томилогдон ажилласан эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн хараат бус мэргэшсэн үнэлгээчин зах зээлийн жиших хандлагын шууд харьцуулалтын аргаар үнэлж, үнэлгээг нийт “1.613.000 төгрөг” гэж тогтоосон дүнгээр гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг тогтоон, хэргийн зүйлчлэлд нөлөөлөх хохирлын хэмжээг тодорхойлсныг шүүх үндэслэл бүхий гэж үнэлсэн ба энэ нь гэмт хэргийн хохирол хор уршгийг тодорхойлсон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 заалтад заасан “бага хэмжээний хохирол”-оос их, мөн зүйлийн 4.2 заалтад заасан “үлэмж хэмжээний хохирол”-оос бага хэмжээтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд Иргэний эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, захиран зарцуулах эрх болон орон байрны халдашгүй дархан байдал нь тус тус Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөө болохын хувьд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан.
Гэмт этгээд бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд юмс, эд хөрөнгийг өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын өмчлөл, эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж хувийн ашиг олох шунахай сэдэлт зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, үнэ төлбөргүйгээр хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авсныг “Хулгайлах” гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд уг авсан эд юмс, эд хөрөнгөө захиран зарцуулах бодит боломж бололцоо бүрдсэнээр хулгайлах гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогдох юм.
Түүнчлэн хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах болон үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинж болохоор хуульчилсан.
Шүүгдэгч Э.Эгийн шууд санаатай, шунахай зорилгоор, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр иргэн Л.Бгийн амьдрах Хххх тоот дахь орон сууцны хаалганд түлхүүр тааруулан хууль бусаар нэвтрэн орж, ай пад 1 ширхэг, эмэгтэй хүний монетон бөгж 1 ширхэг, монетон хос ээмэг, алтан ээмэг нэг хос, алтан бөгж, Bulgari бичиглэлтэй эмэгтэй мөнгөн хослол буюу гинж, кулон, бөгж зэрэг эд зүйлсийг нь авч, бусдад худалдах, барьцаалан зээлдүүлэх газарт зээлийн барьцаанд тавьж мөнгийг нь авч ашиглах зэргээр өөрийн хувийн хэрэгцээгээ ханган захиран зарцуулж, Л.Бд нийт 1.613.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заалтад заасан “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.
Хэргийн нөхцөлд шүүгдэгч Э.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд шүүгдэгч Э.Эг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсаны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тус тус тодорхойлон заасан.
Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус заасан эрхийнхээ хүрээнд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх талаарх хүсэлт, гомдлын шаардлага хохирогч нь гаргах эрхтэй ба “Бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.
Дээрх хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч Л.Бгийн алдагдсан ай пад 1 ширхэгийг 180.000 төгрөг, эмэгтэй хүний монетон бөгж 1 ширхэгийг 351.000 төгрөг, монетон хос ээмгийг 312.000 төгрөг, алтан ээмэг нэг хосыг 408.000 төгрөг, Bulgari бичиглэлтэй эмэгтэй мөнгөн хослол буюу гинж, кулон, бөгжийг хосоор нь 158.000 төгрөг, алтан бөгж 1 ширхэгийг 204.000 төгрөг, нийт дүнгээр 1.613.000 төгрөг гэж үнэлгээг тогтоосон Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн үнэлгээний тайлан дүгнэлт /хэргийн 62-63х, 65-66х, 69-70х/ хэрэгт авагдсан ба дээрх эд зүйлсээс “эмэгтэй хүний шигтгээтэй монетон хос ээмэг 1 ширхэг, монетон бөгж 1 ширхэг” зэргийг шүүгдэгч нь өөрийн талийгаач ах Энхбаттөрийн жолооны үнэмлэх баримтыг ашиглан Баянгол дүүргийн 5 дугаар хороо 5Б хэсгийн 38 тоотод байрлах, Супер-6 нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт 480.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан байсныг хураан авч, 2020 оны 10 сарын 09-ний өдрийн Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл баримт үйлдэн хохирогчид хүлээлгэн өгсөн баримттай байна. /хэргийн 144-146х/
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид хүлээлгэн өгсөн “эмэгтэй хүний шигтгээтэй монетон хос ээмэг 1 ширхэг, монетон бөгж 1 ширхэг” нь” эмэгтэй хүний монетон бөгж 1 ширхэг 351.000 төгрөг, монетон хос ээмэг 312.000 төгрөг” гэж хөрөнгийн үнэлгээ зуучлалын “Дамно” ХХК-ийн 2020 оны 10 сарын 08-ны өдрийн ХУ2-20-667 дугаартай үнэлгээний тайлан дүгнэлтийн “..хөрөнгийн үнэлгээний тооцоо” хэсгийн 2, 3-рт тэмдэглэгдсэн байх тул нийт хохирлын дүн 1.613.000 төгрөгөөс хасаж тооцогдоно.
Дээрх байдлаар гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлын дүн 1.613.000 төгрөгөөс биет байдлаар нөхөн төлөгдсөн эд зүйлсийн үнэ 663.000 төгрөгийг хасаж, хохирлоос үлдсэн 950.000 /есөн зуун тавин мянга/ төгрөгийг гэм буруутай этгээд болох шүүгдэгч Э.Эгээс гаргуулж хохирогч Л.Бд олгож шийдвэрлэх нь зүйтэй.
Түүнчлэн шүүгдэгч нь хулгайлан авсан зарим эд зүйлсийг бусдын бичиг баримт ашиглан Баянгол дүүргийн 5 дугаар хороо 5Б хэсгийн 38 тоотод байрлах, Супер-6 нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт 480.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж, мөнгийг нь авч ашигласан, барьцааны эд зүйлсийг хураан авч хохирогчид хүлээлгэн өгсөн, мөн шүүгдэгч нь Супер-6 барьцаалан зээлдүүлэх газраас зээлж авсан 480.000 төгрөгийн зээлийг буцаан төлөөгүй болох нь тогтоогдсон тул хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон М.Б-д учирсан гэм хорын 480.000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгийг шүүгдэгч Э.Эгээр нөхөн төлүүлэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Э.Э нь урьд:
- 2005 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 11 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2-т заасныг баримтлан шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулсан,
- 2010 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Дорноговь аймгийн шүүхийн 63 дугаар шийтгэх тогтоолоор 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 /дөрөв/ сар 20 /хорь/ хоногийн хугацаагаар баривчлах ял,
- 2011 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Хан-Уул дүүргийн шүүхийн 153 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 03 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар хорих ялыг тэнсэж, 02 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзсан,
- 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Чингэлтэй дүүргийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 02 /хоёр/ жил 02 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял,
- 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 163 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 09 /ес/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ял,
- 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 916 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 04 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж байсан ба ялын хугацаа дуусч 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр суллагдсан талаар хэрэгт урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 155х/, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2005 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 11 дугаар шийтгэх тогтоол, Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 153 дугаар шийтгэх тогтоол, Чингэлтэй дүүргийн 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 12 дугаар шийтгэх тогтоол, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 163 дугаар шийтгэх тогтоол, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 916 дугаартай шийтгэх тогтоол /хэргийн 163-164х, 165-166х, 167-170х, 171-178х, 179-205х/, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газрын Хорих ял эдлүүлэх албаны нэгдсэн тоо бүртгэлийн хэлтсийн даргын гарын үсэг бүхий 2021 оны 01 сарын 15-ны өдрийн 3б/67 дугаартай албан бичиг баримт хэрэгт авагдсан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан тул шүүгдэгчийн урьд хэд хэдэн удаа гэмт хэрэг үйлдэн ял шийтгүүлж байсан нөхцөл байдал нь түүнийн эрх зүйн байдлыг дордуулах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болохгүй юм.
Шүүгдэгч Э.Эгийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх, шүүгдэгч Э.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж барагдуулахаа илэрхийлсэн болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчаас гаргасан санал дүгнэлтийг тус тус харгалзан, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 02 /хоёр/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.Э нь 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр сэжигтнээр хойшлуулшгүйгээр баривчлагдаж, 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 210 дугаартай шүүгчийн захирамжаар 2020 оны 10 сарын 08-наас 2010 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийг хүртэл яллагдагчаар нэг сар, 2020 оны 11 сарын 06-ны өдрийн 210а дугаартай шүүгчийн захирамжаар 2020 оны 11 сарын 07-ны өдрөөс 2020 оны 12 сарын 07-ны өдөр хүртэл нэг сар яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба прокуророос хэргийг шүүхэд шилжүүлсэн 2020 оны 12 сарын 02-ны өдрөөс шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцсэн энэ өдрийг хүртэл тус тус яллагдагч, шүүгдэгчээр нийт 118 /нэг зуун арван найм/ хоног цагдан хоригдсоныг “...баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны ял эдлэх ялд оруулан тооцох” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй. /хэргийн 121х, 210х, 223х/
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдон хураагдаж ирсэн бичлэг бүхий CD 1 ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт хавсарган ирүүлсэн Энэбишийн Энхбаттөрийн 164908 дугаар жолооны үнэмлэх баримтыг зохих журмын дагуу устгуулахаар Тээврийн цагдаагийн албанд шилжүүлэн шийдвэрлэв.
Энэ хэрэгт Э.Эгийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овогт Э-ийн Э-г “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Э.Эг 02 /хоёр/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Эд оногдуулсан 02 /хоёр/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг хаалттай дэглэх бүхий хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Эгийн цагдан хоригдсон нийт 118 /нэг зуун арван найм/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт шүүгдэгч Э.Эгээс 1.430.000 /нэг сая дөрвөн зуун гучин мянга/ төгрөг гаргуулж,
- хохирогч Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, 64б байрны 6-35 тоотод орших суух, /РД:ГЮ92022904/, Боржигон овогт Лхагвасүрэнгийн Болортуяад 950.000 /есөн зуун тавин мянга/ төгрөг,
- иргэний нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 70б байрны 2 тоотод орших суух, /РД:ФА93110414/, Тонгууд овогт Мөнхсайханы Батсайханд 480.000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөг тус тус олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдон хураагдаж ирсэн бичлэг бүхий CD 1 ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт хавсарган ирүүлсэн Энэбишийн Энхбаттөрийн /№164908/ жолооны үнэмлэх баримтыг зохих журмын дагуу устгуулахаар Тээврийн Цагдаагийн албанд шилжүүлсүгэй.
7. Энэ хэрэгт Э.Эгийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Э.Эд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тоолсугай.
10. Ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
11. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Э.Эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД