Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/67

 

 

 

 

 

2021        01            26                                   2021/ШЦТ/67

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,

нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,                                       

улсын яллагч Ч.Батбаатар,

шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-т холбогдох эрүүгийн 2003000000334 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, буриад, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ... гэх газарт оршин суух бүртгэлтэй, одоо ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн / РД: ... / Б.Б- нь:

- 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн цагдаа, зохицуулагч Д.Энхбаяр, Ч.Мөнхбүрэн, Т.Мөнхболд, А.Батзориг нараас тавьсан шаардлагыг биелүүлэлгүй, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн,

Улмаар тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ мөн өдрийн 09 цаг 20 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр “ Samsung Galaxy tower”- ийн зүүн замд “Yamaha” маркийн улсын дугааргүй мотоциклийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1-д заасан “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхтэй”, мөн дүрмийн 8.16-д заасан “Зохицуулагч дохиураа (эсвэл гараараа) тээврийн хэрэгсэл рүү чиглүүлэн зааж дохих, эсвэл чанга яригч хэрэгслээр шаардвал уг тээврийн хэрэгслийн жолооч зохицуулагчийн заасан газарт буюу замын тухайн хэсэгт бусдын хөдөлгөөнд саад болохооргүй тохиромжтой байрлал сонгож зогсоно”, 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж. зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчин зохицуулагчийн дохиогоор зогсоогүй, аюул саад тулгарахыг мэдсэн үедээ зогсоох арга хэмжээ аваагүйгээс цагдаа, зохицуулагч А.Батзоригийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн, дээрх зам тээврийн осол гаргаад хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын бүдүүвч / хх 8-13 /

 

Мотоцикль байсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх 14-17 /

 

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх 18 /

 

Дуудлагын лавлагааны хуудас / хх 25 /

Түргэн тусламжийн дуудлагын хуудас / хх 86 /

Сидинд үзлэг хийсэн тэмдэглэл / хх 27-28 /

Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт / хх 68-73 /

 

Хохирогч А.Батзориг мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: “... 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Энхтайваны гүүрний хойд гарцан дээр үүрэг гүйцэтгэж байсан. Станцаар над руу “мотоцикль дохиод зогссонгүй, зогсоогоорой” гэж зарласан. Тухайн үед хойноос ирж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн хаасан. Нэгдүгээр эгнээний машин зогссон. Хоёрдугаар эгнээнд машин байгаагүй. Явган хүний гарцаар гарч явсан иргэнийг анхааруулан зогсооход мотоцикльтой жолооч хурдаа нэмсэн. Би мотоцикльтой жолоочийг “зогс” гэж дохьсон боловч миний гар хэсэг рүү мөргөөд хажуугаар өнгөрөх үедээ баруун гараараа давхар түлхсэн. Тэгээд би нэг мэдэхэд зорчих хэсэг дээр дээшээ хараад хэвтэж байсан. Босох гээд өндийхөд зүүн хөлний шагай хэсгээр эргэсэн. Тэр мотоцикль зугтааж байсан учир их хурдтай явж байсан. Би одоо босож чадахгүй, ажил хийх боломжгүй, зүүн хөл байнга янгинаж шөрмөс татдаг. Мөн өвчин намдаах эм байнга хэрэглэдэг. Би эрүүл мэндээрээ хохирсонд гомдолтой байна. Жилийн 4 улирал гудамж, замд зогсоогоороо үүрэг гүйцэтгэдэг. Одоо өөрийн үндсэн ажлаа хийх боломжгүй, цаашид ажлаа хийх чадваргүй болсон. Эмчилгээний зардал, цалин хөлсөө нэхэмжилж байна гэжээ. / хх 31-33 /

 

Гэрч Д.Энхбаяр мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: “... 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн өглөө 09 цаг 10 минутын орчимд Энхтайваны гүүрэн дээр ертөнцийн зүгээр урдаас хойшоо чиглэлд хар өнгийн улсын дугааргүй мотоцикль урсгал сөрж, зам тээврийн осол хийх шахаад хойшоогоо явсныг хамгаалалтын хэлтсийн 414, 417 постонд үүрэг гүйцэтгэж байсан замын цагдаагийн алба хаагч нарт зарлан мэдээлсэн. Уг мотоцикль Номын сангийн автобусны буудлын хойд талд үргэлжилсэн цагаан шугам давж буцаж эргээд буцаад зугтаасан. 412 дугаар постонд үүрэг гүйцэтгэж байсан цагдаа Батзориг зогсоох гээд дохио өгөх үед түүнийг мөргөж зорчих хэсгийн голд унагаагаад урагшаа зугтаасан. Энхтайваны гүүрний доор буюу 19 үйлчилгээний төвийн хойд зам руу орж зугтаагаад Нарны хороолол руу ороод алга болсон гэжээ. / хх 39-40 /

 

Гэрч Ч.Мөнхсүрэн мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: “... 2020 оны 08 дугаар сарын 26-ны өглөө 07 цаг 15 минутад ажлаа аваад 414 пост буюу Хүүхдийн ордоны баруун уулзвар дээр ажиллаж байсан. Гэтэл 09 цагийн үед АТ-10 буюу Хөдөлгөөн зохицуулах удирдлагын төвөөс станцаар над руу “урд талаас чинь хар өнгийн улсын дугааргүй мотоцикль очиж байна. Зогсоогоод шалгаарай” гэж зарласан. Тэгэхээр нь би ойртож ирэх үед нь дохиод зогсоох гэтэл намайг тойроод хажуугаар зугтаагаад гараад явсан. Тэгэхээр нь би хойд талын постон дээр ажиллаж байсан цагдаа Мөнхболд руу станцаар “саяны зарласан мотоцикльтой хүн зугтаагаад явчихлаа, зогсоогоорой” гэж зарласан. Мөнхболд нөгөө мотоцикльтой хүнийг тосоод очиж явтал нөгөө мотоцикльтой хүн үргэлжилсэн цагаан шугам даваад буцаж эргээд ертөнцийн зүгээр урагшаа зугтаасан. Тухайн үед би урагшаа зугтаах үед нь замд ажиллаж байсан учир хөдөлгөөнөө хаагаад зогсооё гэж бодоод шууд хойноос ирж байсан хдөлгөөнөө хаах үед нөгөө мотоцикльтой хүн шууд эсрэг урсгал руу орж урсгал сөрөөд дахиад зугтаасан. Тэгэхээр нь би зогсоох гээд ойртож очиход намайг мөргөх шахаад хажуугаар гараад явсан. Миний урд талын постонд ажиллаж байсан замын цагдаа А.Батзориг руу станцаар нөгөө мотоцикльтой хүн зугтаагаад хойноос чинь орж байна. Зогсоогоод шалгаарай гэж зарлаад хойноос нь нөгөө мотоцикльтой хүнийг хараад зогсож байтал 412 постон дээр ажиллаж байсан А.Батзоригийг мөргөж замын голд унагаагаад чигээрэй зугтаагаад Энхтайваны гүүр ертөнцийн зүгээр хойноос урагш чиглэлтэй даваад явсан гэжээ. / хх 42-44 /

 

Гэрч Т.Мөнхболд мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: “... Тухайн өдөр би 417 дугаар пост буюу Улсын драмын эрдмийн театрын зүүн хойд уулзвар дээр ажиллаж байсан. Гэтэл 09 цаг өнгөрч байхад АТ-10 буюу Хөдөлгөөн зохицуулах удирдлагын төвөөс станцаар 412 пост дээр ажиллаж байсан цагдаа А.Батзориг руу “улсын дугааргүй, хар өнгийн мотоцикль осол гаргах шахлаа зогсоож шалгаарай” гэж зарласан. Мөнхбүрэн нөгөө мотоциклийг зогсоохыг оролдтол хаазлаад Мөнхбүрэнг мөргөх гэхэд өөрөө урдаас нь зайлж холдсон. Б.Батзориг руу “нөгөө мотоцокльтой хүнийг зогсоогоорой” гэж зарласан. Удалгүй Мөнхбүрэн хэлэхдээ нөгөө мотоцикльтой хүн Батзоригийг мөргөөд зугтаачихлаа” гэж хэлсэн гэжээ. / хх 47-48 /

 

Иргэний хариуцагч С.Сайханбилэг мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: “... Миний зүгээс Б.Б-ээс ямар нэгэн нэхэмжлэх хохирол гомдол байхгүй. Б.Б- ахыг мотоцикль жолоодох эрхийн үнэмлэхгүй гэдгийг мэдээгүй. Ослын дараа мэдсэн. Өмнө нь хөдөө мотоцикль жолоодоод явдаг байсан. Би бусдад учирсан хохирлыг боломж бололцоогоороо барагдуулж өгнө гэжээ. / хх 36-37 /

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9999 дугаартай дүгнэлтэнд:

1. А.Батзоригийн биед зүүн шилбэний шаант, тахилзуур яс, зүүн шагайн гадна хавчаарын далд хугарал, шагайн үений мултрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. / хх 59-60 /

Шүүгдэгч Б.Б-ийг 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 80-84 /

 

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 98 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Б.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид 4.221.000 төгрөг төлсөн. Цаашид хагалгаа хийлгэх зардлыг төлнө. Хохирогчтой байнга харилцаатай, эргэж тойрч байсан. Өөрийн булчимгүй үйлдлээс болж ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна. Цаашид хууль дүрмээ биелүүлж амьдрах ёстойг бүрэн ойлгосон гэв.

 

Шүүгдэгч Б.Б- нь 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн цагдаа, зохицуулагч Д.Энхбаяр, Ч.Мөнхбүрэн, Т.Мөнхболд, А.Батзориг нараас тавьсан шаардлагыг биелүүлэлгүй, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн, тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр “ Samsung Galaxy tower”- ийн зүүн замд “Yamaha” маркийн улсын дугааргүй мотоциклийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1-д заасан “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхтэй”, мөн дүрмийн 8.16-д заасан “Зохицуулагч дохиураа (эсвэл гараараа) тээврийн хэрэгсэл рүү чиглүүлэн зааж дохих, эсвэл чанга яригч хэрэгслээр шаардвал уг тээврийн хэрэгслийн жолооч зохицуулагчийн заасан газарт буюу замын тухайн хэсэгт бусдын хөдөлгөөнд саад болохооргүй тохиромжтой байрлал сонгож зогсоно”, 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж. зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчин зохицуулагчийн дохиогоор зогсолгүй, түүний гар хэсэг рүү мөргөөд хажуугаар өнгөрөх үедээ баруун гараараа давхар түлхэж, аюул саад тулгарахыг мэдсэн үедээ зогсоох арга хэмжээ аваагүйгээс цагдаа, зохицуулагч А.Батзоригийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж, зам тээврийн осол гаргаад хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын бүдүүвч / хх 8-13 /,  ...Мотоцикль байсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх 14-17 /,  ...Дуудлагын лавлагааны хуудас / хх 25 /,   ...Түргэн тусламжийн дуудлагын хуудас / хх 86 /,  ...Сидинд үзлэг хийсэн тэмдэглэл / хх 27-28 /,  ...Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт / хх 68-73 /,  ...Мотоцикльтой жолооч хурдаа нэмсэн. Би мотоцикльтой жолоочийг “зогс” гэж дохьсон боловч миний гар хэсэг рүү мөргөөд хажуугаар өнгөрөх үедээ баруун гараараа давхар түлхсэн. Тэгээд би нэг мэдэхэд зорчих хэсэг дээр дээшээ хараад хэвтэж байсан. Босох гээд өндийхөд зүүн хөлний шагай хэсгээр эргэсэн. Тэр мотоцикль зугтааж байсан учир их хурдтай явж байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч А.Батзоригийн мэдүүлэг / хх 31-33 /,  ... Хар өнгийн улсын дугааргүй мотоцикль урсгал сөрж, зам тээврийн осол хийх шахаад хойшоогоо явсныг хамгаалалтын хэлтсийн 414, 417 постонд үүрэг гүйцэтгэж байсан замын цагдаагийн алба хаагч нарт зарлан мэдээллэсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Д.Энхбаярын мэдүүлэг / хх 39-40 /,  ...Дохиод зогсоох гэтэл намайг тойроод хажуугаар зугтаасан. Тэгэхээр нь би Мөнхболд руу станцаар “саяны зарласан мотоцикльтой хүн зугтаагаад явчихлаа, зогсоогоорой” гэж зарласан. Мөнхболд өөдөөс нь тосоод очтол  мотоцикльтой хүн үргэлжилсэн цагаан шугам даваад буцаж эргээд урагшаа зугтаасан. Би хөдөлгөөнөө хаах үед нөгөө мотоцикльтой хүн шууд эсрэг урсгал руу орж урсгал сөрөөд дахиад зугтаасан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Ч.Мөнхсүрэнгийн мэдүүлэг / хх 42-44 /, ...Мөнхбүрэн нөгөө мотоциклийг зогсоохыг оролдтол хаазлаад Мөнхбүрэнг мөргөх гэхэд өөрөө урдаас нь зайлж холдсон. Удалгүй Мөнхбүрэн нөгөө мотоцикльтой хүн Батзоригийг мөргөөд зугтаачихлаа” гэж хэлсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Т.Мөнхболдын мэдүүлэг / хх 47-48 /, ...Б.Б- ахыг мотоцикль жолоодох эрхийн үнэмлэхгүй гэдгийг мэдээгүй. Ослын дараа мэдсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн иргэний хариуцагч С.Сайханбилэгийн мэдүүлэг / хх 36-37 /, ...А.Батзоригийн биед зүүн шилбэний шаант, тахилзуур яс, зүүн шагайн гадна хавчаарын далд хугарал, шагайн үений мултрал бүхий гэмтлүүд тогтоогдсон нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9999 дугаартай дүгнэлт / хх 59-60 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Б-ийг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн эмчилгээний зардлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Б- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчийн эмчилгээний болон бусад зардалд 4.221.000 төгрөг төлсөн, цаашдын эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, үйлдсэн хэрэгтээ дүгнэлт хийж гэмшиж байгаа, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзан түүний үйлдсэн гэмт хэргүүдэд хуульд заасан торгуулийн ял болон хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1ш сидиг хэрэгт хавсаргаж, Б.Б-ийн ВС ангиллын №... дугаарын жолооны үнэмлэхийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, бусдад төлөх төлбөргүй, хохирогч А.Батзориг цаашдын эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж, Б.Б-ийн орлогыг харгалзан түүнд оногдуулсан торгуулийг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:   

 

1. Шүүгдэгч .. Б.Б-ийг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч .. Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 / хоёр мянга долоон зуу / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.1-д заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, дээрх хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 / зургаан зуу / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Б.Б-т оногдуулсан торгуулийн ялуудыг нэмж нэгтгэн 3.300 нэгж буюу 3.300.000 төгрөгөөр торгож, торгууль болон тэнсэнгийн ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1ш сидиг хэрэгт хавсаргаж, тогтоол хүчин төгөлдөр болмогц Б.Б-ийн ВС ангиллын №.. дугаарын жолооны үнэмлэхийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, Б.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг дурьдаж, хохирогч А.Батзориг нь цаашдын эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Б-т оногдуулсан торгуулийн ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5, 7.1 дүгээр зүйлийн 4,5, 7.3 дугаар зүйлийн 4,5-д зааснаар Б.Б- нь шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол  шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тус тус дурьдсугай.

 

7. Б.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, яллагч, нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ОЮУНЧИМЭГ