| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2021/0113/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/111 |
| Огноо | 2021-02-25 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Соёлмаа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 2021/ШЦТ/111
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж,
улсын яллагч Б.Соёлмаа,
хохирогч О.Х,
шүүгдэгч П.З,
нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт П-гийн З-д холбогдох эрүүгийн 20100 2392 1124 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1981 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбатаар хотод төрсөн, 40 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:
- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2005 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 220 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх заалтад зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 200.000 төгрөгийн торгох ял,
- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 297 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 05 жил 01 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж уг ялыг биеэр эдэлж байгаад 2009 оны 7 сарын 24-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай 2009 оны 7 сарын 09-ний өдрийн хуулиар эдлээгүй үлдсэн 02 жил 09 сар 18 хоногийн хорих ялыг өршөөсөн,
- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 561 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 06 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлснийг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 43 дугаартай магадлалаар 05 жил 01 сарын хугацаагаар хорих ял болгож өөрчилсөн, 2016 оны 02 дугаар сарын 02-ны Өршөөл үзүүлэх тухай 2015 оны хуулийн 5.1 дүгээр зүйлд зааснаар 02 /хоёр/ жилийн хорих ялыг хасаж, эдлээгүй үлдсэн 04 сар 05 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт П-гийн З- /РД: /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч П.З нь 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Аэро нэртэй зочид буудалд О.Х, Ц.Т нартай архи ууж хоноод, үүрээр гарахдаа О.Х-ыг унтаж байхад нь өмдний халааснаас Хаан банкны карттай хэтэвчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, картнаас нь 2 удаагийн гүйлгээгээр 2.0 сая төгрөг уншуулан авч, О.Ход 2.0 сая төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч П.Згийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Би мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо надад нэмж хэлэх зүйл байхгүй. Хэргийн зүйлчлэл, гэм буруугийн тал дээр надад маргах зүйл байхгүй, хүлээн зөвшөөрч байна. Би “Ковид-19” цар тахалтай холбоотой хөл хорионы улмаас ажил эрхэлж, орлого олох боломж муудсан. Одоо “Тесо” компанид ажил орох гээд байж байгаа. Хохирогчийн мөнгийг 3 сарын хугацаанд нөхөн төлж барагдуулна. Хыг танина, бид хоёр урьд нь хамт амьдарч байсан юм. Тухайн хэрэг гардаг өдөр Х картаа надад өгөөд дэлгүүрээс юм авахуулж байсан учир кодыг нь мэдэж байсан. Картнаас нь авсан 2.0 сая төгрөгийг даруй буюу 3 сарын хугацаанд төлж барагдуулна.” гэсэн мэдүүлэг,
2. Хохирогч О.Х-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Миний хувьд хохирлоо барагдуулаад авчихвал өөрөө гомдол санал байхгүй. Шүүгдэгч П.З нь амласан хугацаандаа хохирлоо төлөх байх. Нэмж ярих зүйлгүй.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 20100 2392 1124 дугаартай хэргээс:
1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.Х-ын хохирогчоор өгсөн:
“...Би Топ паймонд гэх нэртэй өрмийн компанид туслах ажилтан хийдэг. 2020 оны 11 сарын 04-нд Улаанбаатар хотод хөдөөнөөс ирсэн. 2020 оны 11 сарын 06-ны өдөр найз З залгаад “уулзмаар байна” гэсэн. Тэгээд Түмэнбаяр гэх зүс таних дүүгийн хамтаар Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх буудалд орсон. Тэгээд бид гурав буудалд 2 шил “Хараа” нэртэй 0.75 литрийн архи хувааж уугаад би нилээн согтод унтаад өгсөн. Мөн Түмэнбаяр хамт унтсан. Би 2020 оны 11 сарын 07-ны өглөө 07:00 цагийн үед сэрэхэд гар утас цэнэггүй болоод унтарсан, миний түрийвч байхгүй байсан. Түмэнбаяр унтаж байсан, харин З байхгүй байсан. Буудлын үйлчлэгчээс Зг асуухад шөнийн 02 цагийн гараад явсан гэж хэлсэн. Тэгээд гар утсаа 09 цагийн үед асаахад миний данснаас 1.0 сая төгрөгийн гүйлгээ хоёр удаа гарсан талаар Хаан банкнаас мэдэгдэл гар утсанд ирсэн. Түрийвчинд жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх, Хаан банкны виза карт зэрэг эд зүйлс байсан.
З, Түмэнбаяр нартай буудалд архи ууж байхдаа Хаан банкны виза картны нууц үгийг хэлж өгч, дэлгүүрээс архи, тамхинд ундаа зэргийг авахуулж байсан. Зг 10 гаран жилийн өмнөөс мэдэх бөгөөд тэр цагаас хойш бид хоёр дотно харилцаатай байгаа. З нь миний Хаан банкны карт авч яваад 2.0 сая төгрөг авсан байна. Би гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 10-11х/,
Мөн хохирогчийн дахин өгсөн:
“...Би алдагдсан түрийвчээ үнэлж нэхэмжлэхгүй ээ. Цагаан сараар бэлгэнд ирсэн түрийвч байгаа юм. Миний түрийвчинд Хаан банкны виза картнаас өөр зүйл байгаагүй. Одоо болтол алдсан мөнгөө буцааж аваагүй байна. Гомдолтой. Өөр нэмж ярих зүйлгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 51-52х/,
2. О.Хын Хаан банкин дахь 5025....37 тоот данснаас 2020 оны 11 сарын 07-ны өдрийн 03:57 цагт 1.000.000 төгрөг, 07:59 цагт 1.000.000 төгрөг тус тус зарлага гарсан талаарх дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 07х/,
3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Тын гэрчээр өгсөн:
“...Өчигдөр буюу 2020 оны 11 сарын 06-ны өдөр танил Х ах руу 90080055 дугаараас залгаад З гэх эгч Хан-Уул дүүргийн Нисэхэд хүрээд ир гэж дуудахад нь Х ах намайг дагуулан 19-20 цагийн орчимд очиж уулзсан. Тэгээд нэг 2 давхар зочид буудалд орсон, нэрийг нь мэдэхгүй байна. Уг зочид буудалд 2 шил 0.75 савлагаатай архи бид 3 хувааж уугаад унтсан. Маргааш өглөө нь сэрэхэд З эгч байхгүй байсан, мөн Х ахын бор өнгийн түрийвчийг аваад явсан байсан. Х ах сим картаа миний утсанд хийгээд асаахад утсан дээр нь Хаан банкны данснаас 1.000.000 төгрөгөөр 2 удаа нийт 2.000.000 төгрөг 2020 оны 11 сарын 07-ны өглөө 09 цаг 40 минутанд авсан гэсэн мессеж ирсэн. Тэгээд Х ах З эгчийн 90080055 дугаарын утас руу нь удаа дараа залгасан боловч утсаа авахгүй байсан тул бид хоёр Цагдаагийн байгууллагад хандсан.
Тухайн өдөр Х ах бүх төлбөр тооцоо болон бусад зардлыг бүгдийг төлсөн. Мөн зочид буудалд ороод З эгчид түрийвчтэй цуг Хаан банкны картаа нууц дугаарыг нь хэлээд өгч явуулан З эгч бид хоёр “Янгир” нэртэй хүнсний дэлгүүр орж 2 шил “Хараа” нэртэй 0.75 савалгаатай архи, идэж уух юм аваад зочид буудалд орсноос хойш буудлаасаа дахиж гараагүй юм. Өглөө сэрээд зочид буудлын ажилтнаас З эгчийг хэзээ явсныг асуухад шөнө 02 цагийн үед гараад явсан гэж хэлсэн. Х ах хөдөө орон нутагт өрөмдлөгийн компанид ажилладаг гэж байсан. Мөн 2020 оны 11 сарын 06-нд Хаан банкны зартанд 2.0 сая гаран төгрөгтэй, цалингаа авсан гэж надад хэлж байсан. З нь тэр өдөр нөхөр нь хөдөө ажлаар явсан, өөрөө хийсэн ажилгүй гэртээ байгаа байгаа гэж архи ууж байхдаа ярьж байсан. Миний ярьсан бүгд үнэн. Өөр нэмж ярих зүйлгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 12-13х/,
4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч П.Згийн яллагдагчаар өгсөн:
“...Би Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулсан талаарх прокурорын тогтоолтой танилцлаа. Санал хүсэлт байхгүй. Өмнөх мэдүүлэгт болсон хэргийн бүгдийг тодорхой ярьсан байгаа...
...Би 2012 онд Хтой танилцсан. Бид хоёр хамт Их Наранд /одоо тоотыг нь санахгүй байна/ гэрт хамт амьдарч байгаад 2013 оны 11 сард би Эрүүгийн хуулийн 181.3-т зааснаар 6 жилийн хорих ял авч, бид хоёрын харилцаа бүр мөсөн тасарсан. Би 2016 онд эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангиас суллагдаад Энхболд гэх хүнтэй танилцсан. Одоо хамт амьдарч байгаа.
2020 оны 11 сарын 06-ний өдөр миний салсан найз Х нь өөрийн 88270562 дугаарын утсаар миний 90080055 дугаарын утас руу залгаад “Их наранд хүрээд ирээ, хоёулаа архи ууя” гээд байхаар нь “би уухгүй, уувал чи өөрөө манай энд хүрээд ир, би хар хүйтэнд хол явмааргүй байна” гэж хэлсэн. Тэгтэл Х нь танихгүй дүүгээ дагуулаад ирсэн. Би дүүг нь танихгүй учир гэртээ оруулахгүй гээд Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, “Янгир” дэлгүүрийн зүүн хойно байдаг “Айро” нэртэй зочид буудалд бид гурав 20 цагийн үед орсон. Нисэхийн эцэс дээр ирээд Х нь өөрийн Хаан банкны картаа түрийвчнээсээ гаргаад АТМ-с 100.000 төгрөг авсан. Мөн буудал орохоос өмнө Х өөрийн бор өнгийн түрийвчээ надад өгөөд, наад түрийвчинд карт байгаа, картны пин 4500 кодтой байгаа шүү гэж хэлсэн. Тэгээд тэр картаар нь дэлгүүрээс 40.000 төгрөгийн бараа аваад байрлаж байсан буудал руу орсон юм. Буудалд 3 давхарт нэг өрөөнд ороод авсан архиа уугаад сууж байтал Х архи ууж агсам тавиад, намайг “чи муу яанхан, олон жил шоронд суулаа, шорон санаа байна” гэж хэлээд дургүй хүргээд байсан. Хын авчирсан хүүхэд архи уугаад тасраад 00 цагийн үед буудлын орон дээр унтчихсан. Х бид хоёр үлдээд үлдсэн 0.75 литрийн архиа уугаад дуусгасан. Намайг тухайн үед элдвээр хэлээд хэл амаар доромжлоод, бид хоёрын дунд бага зэргийн хэрүүл маргаан болж өнгөрсөн.
Шөнө 03 цаг өнгөрч байхад би сэрээд гэр лүүгээ харих гэж гараад алхаж явтал миний өвлийн куртканы баруун талын гадна халаасанд Хын өгсөн бор өнгийн түрийвч байхаар нь Нисэхийн буудалд байх Хаан банкны АТМ-ээс 1.000.000 төгрөгийг аваад, тус газрын автобусны буудлын хойд талд архи шаглаж байсан танихгүй хүнээс 45.000 төгрөгөөр “Болор” нэртэй архи авч, замаасаа такси бариад Буянт-Ухаа спортын ордон руу явсан ба авсан архиа ганцаараа уусан.
Би ууж байсан архи барахгүй болохоор Ход өс санаж “энэ намайг доромжлоод байдаг юм чинь, картаас нь хэдэн төгрөг аваад үрсэн ч ямар хамаатай юм бэ” гэж бодоод буцаад Нисэхийн буудал дээр очиж картаас нь 1.000.000 төгрөг авсан. Тухайн үед 05 цаг болж байсан санагдаж байна.
...Би Ход мөнгийг нь буцааж өгөөгүй байгаа. Одоо цар тахлын үед ажил хийхгүй, гэрээсээ гарч чадахгүй байгаа тул мөнгөний бололцоо муу байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 48-49х, 60-61х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 16х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 21х, 40х/, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2005 оны 5 сарын 31-ний өдрийн 220 дугаар, мөн шүүхийн 2007 оны 9 сарын 13-ны өдрийн 297 дугаар, 2013 оны 11 сарын 20-ны өдрийн 561 дугаар шийтгэх тогтоолуудын хуулбар баримт /хэргийн 27-28х, 29-30х, 31-34х/, Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 39х/, гэрч П.Мөнхзаяагийн мэдүүлэг /хэргийн 53х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч П.Згийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч П.З нь 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Аэро нэртэй зочид буудалд О.Х, Ц.Т нартай архи ууж хоноод, үүрээр гарахдаа О.Хыг унтаж байхад нь өмдний халааснаас Хаан банкны карттай хэтэвчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, улмаар картнаас нь 2 удаагийн гүйлгээгээр 2.0 сая төгрөг уншуулан авч, О.Ход 2.0 сая төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээр дурьдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд Иргэний эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, захиран зарцуулах эрх нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөө болохын хувьд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан.
Гэмт этгээд бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд юмс, эд хөрөнгийг өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын эзэмшил, өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж хувийн ашиг олох шунахай сэдэлт зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, үнэ төлбөргүйгээр хууль бусаар авч өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авсныг “Хулгайлах” гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд уг авсан эд юмс, эд хөрөнгөө захиран зарцуулах бодит боломж бололцоо бүрдсэнээр хулгайлах гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогдох юм.
Шүүгдэгч П.З нь 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Аэро нэртэй зочид буудалд О.Х, Ц.Т нартай архи ууж хоноод, үүрээр гарахдаа О.Хыг унтаж байхад нь өмдний халааснаас Хаан банкны карттай хэтэвчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч гараад, улмаар картнаас нь 2 удаагийн гүйлгээгээр 2.0 сая төгрөг уншуулан авч, өөрийн эзэмшилд шилжүүлэн, хувийн хэрэглээндээ ашиглан захиран зарцуулсан үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Хэргийн шүүгдэгч П.З нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн мэдүүлгийг тус тус өгсөн болно.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчийн дээрх гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, хуулийн үндэслэл бүхий байна.
Иймд шүүгдэгч П.З шунахай сэдлээр, шууд санаатай үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэг, заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тус тус тодорхойлон заасан.
Шүүгдэгчийн үйлдсэн дээрх хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч О.Хын эд хөрөнгөд нийт 2.000.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан нь хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон хохирогчийн Хаан банкин дахь 5025....37 тоот данснаас 2020 оны 11 сарын 07-ны өдрийн 03:57 цагт 1.000.000 төгрөг, 07:59 цагт 1.000.000 төгрөг тус тус зарлага гарсан талаарх дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 07х/ баримтаар тогтоогдсон.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх” үүрэгтэй байна.
Хэргийн шүүгдэгч П.З нь гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол болох 2.000.000 төгрөгийг хохирогч О.Ход нөхөн төлөөгүй, хохирлыг даруй хугацаанд буюу 3 сарын дотор төлж барагдуулахаа илэрхийлсэн мэдүүлгийг шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан.
Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт П.Згаас 2.000.000 төгрөг гаргуулж, хохирогч Очирбатын Ход олгож шийдвэрлэх үндэслэлтэй.
Шүүгдэгч П.З нь урьд хэд хэдэн удаа ял шийтгүүлж байсан тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 16х/, шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар /27-28х, 29-30х, 31-34х/ баримтууд хэрэгт авагдсан.
“Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж Эрүүгийн хуулийн еөрнхий ангийн 6.1 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан тул шүүгдэгчийн урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан нөхцөл байдлыг түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, эрх зүйн байдлыг дордуулах нөхцөл байдал болгон шүүх дүгнээгүй болно.
Түүнчлэн шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх, шүүгдэгч П.Зд эрүүгийн харуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэхийлсэн шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор шүүгдэгч П.Зд 700 /долоон цаг/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч П.З цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурьдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овогт П-гийн З-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Зд 700 /долоон цаг/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.З нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг ялтанд мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт шүүгдэгч П.Згаас 2.000.000 /хоёр сая/ төгрөг гаргуулж, хохирогч хххх тоотод оршин суух хаягтай, /РД: /, М овогт О-ын Х-од олгосугай.
5. Энэ хэрэгт П.З цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулах зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан П.Зд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД