Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/115

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж,

улсын яллагч П.Энхболд,

хохирогч А.Н,

шүүгдэгч М.Д, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттулга,

нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн И овогт М-ын Д-ид холбогдох эрүүгийн 20100 1137 1085 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2002 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбатаар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эмээгийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

- Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 666 дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 09 сар 11 хоногийн хорих ялыг эдэлж, 01 жил 02 сар 19 хоногийн хорих ялын үлдэгдэлтэй гэх, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, И овогт М-ын Д- /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Шүүгдэгч М.Д нь 2020 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг “Номин Юнайтед” худалдааны төвийн лангуун дээрээс иргэн А.Н-ийн эзэмшлийн Айфоне Икс маркийн 1.990.000 төгрөгийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

 

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:                                                  

 

1. Шүүгдэгч М.Дийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг Прокурорын шатанд гаргасан. Прокурортой ял тохиролцсон ба одоо энэ хүсэлтээ дэмжиж байна. Надад маргаж мэтгэх зүйл байхгүй. Хохирогчид учруулсан хохирлоо төлөөгүй байгаа, гэхдээ төлж барагдуулна. Ялаа эдэлж гарч ирээд ажил хийж хохирлыг төлнө. Тухайн хэрэг гардаг өдөр би найз Мөнхөлзийтэй хамт дэлгүүрт юм үзээд явж байсан.

Лангуун дээр нэг гар утас цэнэглээд тавьсан байсныг хараад уг утсыг аваад зугтаасан. Надтай хамт явсан манай найз намайг гар утас авсныг мэдээгүй. Дэлгүүрээс гараад би найзаасаа салж яваад гар утсыг 400.000 төгрөгөөр явуулын хүнд зарчихсан. Надад мөнгө хэрэгтэй байсан юм. Хийсэн хэрэгтээ харамсаж байна. Би уг хэргийг ганцаараа үйлдсэн.” гэсэн мэдүүлэг,

 

2. Хохирогч А.Н-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Намайг дэлгүүр дээр байхад энэ хүүхэд найзтайгаа хамт ирээд юм үзээд яваад байсан. Тэгэхэд хажууд нь байсан хүүхэд надаас “ээждээ бэлэг авах гэсэн юм” гээд юм асуугаад байсан ба тэр үед хүн ихтэй байсан юм. Тэгээд нэг мэдэхэд миний цэнэглээд тавьсан утас алга болчихсон байсан. Би гар утсаа лизингээр 2.799.000 төгрөгөөр анх авч байсан. Утасны үнэлгээгээр 2.0 сая төгрөг гэж үнэлсэн байна. Үнэлгээ бага байгаа талаар мөрдөн байцаалтын шатанд танилцаад хэлж байсан боловч дахин үнэлгээ хийлгүүлэх талаар санал хүсэлт гаргаагүй. Одоо үнэлгээгээр тогтоогдсон дүнгээр хохирлоо арилгуулж, барагдуулж авмаар байна. Миний хувьд учирсан хохирлоо арилгуулаад авчихвал өөр ямар нэг гомдол, санал байхгүй. Эрүүгийн хариуцлагын санал дээр хэлэх зүйлгүй, хуулийн дагуу шийдвэрлэх байх.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 20100 1137 1085 дугаартай хэргээс:

 

1. Хэрэг учрал болсон гэх Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, “Номин Юнайтед” худалдааны төвд үзлэг хийсэн тухай 2020 оны 6 сарын 07-ны өдрийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, схем зураг, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 13-15х/,

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.Н-гийн гэрч, хохирогчоор өгсөн:

“...2020 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, “Номин Юнайтед” худалдааны төвийн косметик зарж байхад хоёр эрэгтэй хүүхэд нүүрний тосны ком асуугаад байсан ба хажуугаар нь хоёр эмэгтэй хүн надаас юм асууж байсан юм. Тэгэхэд хоёр эрэгтэй хүүхдийн өндөр нь цаад талын буланд байсан комыг асууж байснаа “мөнгөө авчихаад ирье” гэж хэлээд яваад өгсөн. Ингээд минутын дараа харахад утас байхгүй болсон байсан. ...Би Iphone X маркийн гар утсаа алдсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 19х, 21-22х/,

 

3. Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2020 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн ХУ1-20-312 дугаартай:

“...үнэлэгдэж буй гар утсыг...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 6 сарын 11-ний өдрийн байдлаар үнэлж үнэлгээг 1.990.000 /нэг сая есөн зуун ерөн мянга/ төгрөг” гэж тогтоосон хохирогч А.Н-ийн алдагдсан эд зүйлийг үнэлсэн үнэлгээний тайлан, дүгнэлт /хэргийн 29-30х/,

 

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа 417 дугаар нээлттэй хорих ангийн тоо бүртгэлийн байцаагчийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ялын тооцооны тодорхойлолт баримт /хэргийн 81х/,

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч М.Дийн яллагдагчаар өгсөн:

“...2020 оны 6 дугаар сарын 07-ны өдөр би Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номин Юнайтеп” дэлгүүрээс Iphone X маркийн гар утас хулгайлсан, тэр үед надад мөнгө хэрэгтэй байсан учраас цэнэглээд тавьсан байсан утсыг хулгайлж авч гараад зугтаасан. ...Би гар утас хулгайлснаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 38х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 142х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 44х/, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 09-ний өдрийн 666 дугаар шийтгэх тогтоолын хуулбар баримт /хэргийн 46-62х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Тухайн хэргийн хувьд шүүгдэгч М.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол, хор уршгийн нөхөн төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлж, хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг /хэргийн 99х/ 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 16 дугаартай прокурорын тогтоолоор хянан шийдвэрлэж, хүлээлгэвэл зохих эрүүгийн харицлагын саналыг танилцуулан, түүнд холбогдох эрүүгийн 20100 1137 1085 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арвандолдугаар бүлэг дэх “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна.

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч М.Дийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.   

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт: 

 

Шүүгдэгч М.Д нь 2020 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг “Номин Юнайтэд” худалдааны төвөөр үйлчлүүлж байхдаа, тус худалдааны төвийн гоо сайхны барааны лангуун дээр цэнэглэхээр залгаж тавьсан байсан иргэн А.Н-ийн Iphone X маркийн, 1.990.000 төгрөгийн үнэ бүхий /үнэлгээчийн дүгнэлтээр тогтоогдсон дүн/ гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад худалдан борлуулж, мөнгийг нь өөрийн хувийн хэрэгцээнд захиран зарцуулж ашигласан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээр дурдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд Иргэний эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, захиран зарцуулах эрх нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөө болохын хувьд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан.  

 

Гэмт этгээд бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд юмс, эд хөрөнгийг өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын эзэмшил, өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж хувийн ашиг олох шунахай сэдэлт зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, үнэ төлбөргүйгээр хууль бусаар авч өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авсныг “Хулгайлах” гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд уг авсан эд юмс, эд хөрөнгөө захиран зарцуулах бодит боломж бололцоо бүрдсэнээр хулгайлах гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогдох юм.

 

Шүүгдэгч М.Д нь 2020 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг “Номин Юнайтэд” худалдааны төвөөр үйлчлүүлж байхдаа, тус худалдааны төвийн гоо сайхны барааны лангуун дээр цэнэглэхээр залгаж тавьсан байсан иргэн А.Н-ийн Iphone X маркийн, 1.990.000 төгргөгийн үнэ бүхий /үнэлгээчийн дүгнэлтээр тогтоогдсон дүн/ гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад худалдан борлуулж, мөнгийг нь өөрийн хувийн хэрэгцээнд захиран зарцуулж ашигласан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах буюу Хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.  

 

Хан-Уул дүүргийн Прокуророос шүүгдэгчийн дээрх гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, ял сонсгон яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, хуулийн үндэслэл бүхий байна.

 

Хэргийн шүүгдэгч М.Д нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаарх урьд гаргасан хүсэлтээс татгалзаагүй, дэмжсэн тайлбар мэдүүлэг гаргасан болно.

 

Иймд шүүгдэгч М.Дийг шунахай сэдлээр, шууд санаатай үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэг, заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.    

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж,  ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тус тус тодорхойлон заасан.  

 

Шүүгдэгчийн үйлдсэн дээрх хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч А.Н-ийн эд хөрөнгөд нийт 1.990.000 /нэг сая есөн зуун ерөн мянга/ төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан нь хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, шинжилгээ хийх эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй, Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн үнэлгээчийн /хэргийн 29-30х/ үнэлгээний тайлан дүгнэлтээр тогтоогдсон.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх” үүрэгтэй байна. 

 

Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт шүүгдэгч М.Доос 1.990.000 /нэг сая есөн зуун ерэн мянга/ төгрөг гаргуулж, хохирогч А.Нд олгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Хэргийн шүүгдэгч М.Д нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 666 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 4 /дөрөв/ жилийн хорих ял шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хорих ялыг хоёр дахин багасган биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жилийн хорих ял гэж тогтоож шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 44х/, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 666 дугаар шийтгэх тогтоол /хэргийн 46-61х/ баримтаар нотлогдсон байна.

 

Түүнчлэн шүүгдэгч нь дээрх шийтгэх тогтоолоор тогтоосон биечлэн эдлэх 2 /хоёр/ жилийн хорих ялаас 2021 оны 02 сарын 01-ний өдрийн байдлаар 09 сар 11 хоногийн хорих ялыг биечлэн эдэлсэн, 01 жил 02 сар 19 хоногийн хорих ялын үлдэгдэлтэй байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорих ял эдлүүлэх албаны албан тоот /хэргийн 74х/, хоригдол шилжүүлэх тухай прокурорын зөвшөөрөл, шилжүүлэх хуудас /хэргийн 79-80х/, ялын тооцооны тодорхойлолт /хэргийн 81х/ баримтаар тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч М.Дийг тус шүүхийн шүүгчийн 2021 оны 01 сарын 14-ны өдрийн 2021/ЦХШЗ/05 дугаартай захирамжаар ШШГЕГ-ын харьяа хорих 417 дугаар ангиас цагдан хорих 461 дугаар ангид шилжүүлэн, 2021 оны 01 сарын 14-ний өдрөөс 2021 оны 02 сарын 14-ны өдрийг хүртэл яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ /хэргийн 77х/ авсан ба тус шүүхэд хэрэг хянан шийдвэрлэсэн 2021 оны 02 сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон нийт 42 /дөчин хоёр/ хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны ял эдлэх хугацаанд оруулан тооцох” журамд нийцүүлэн эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

Шүүх, шүүгдэгч М.Дид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн болон улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Дид энэ тогтоолоор оногдуулсан 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх буюу Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 666 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн 01 жил 02 сар 19 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг нийт 01 /нэг/ жил 08 /найм/ сар 19 /арван ес/ хоногийн хугацаагаар хорих ял гэж тогтоож шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурьдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  

                                                                ТОГТООХ нь:

 

1. И овогт М-ын Д-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Дийг 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг  журамлан М.Дид энэ тогтоолоор оногдуулсан 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх буюу Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 666 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн 01 жил 02 сар 19 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг нийт 01 /нэг/ жил 08 /найм/ сар 19 /арван ес/ хоногийн хугацаагаар хорих ял гэж тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Дид оногдуулсан 01 /нэг/ жил 08 /найм/ сар 19 /арван ес/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Дийн цагдан хоригдсон 42 /дөчин хоёр/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт М.Доос 1.990.000 /нэг сая есөн зуун ерэн мянга/ төгрөг гаргуулж, хохирогч хххх оршин суух, /РД: /, Х овогт А-ын Н-д олгосугай.

 

7. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, М.Доос гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай. 

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд М.Дид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

10. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан М.Дид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 С.БАЗАРХАНД