Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 2018/ДШМ/020

 

Б.Тд холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Т.Даваасүрэн, Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч *******

Иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч М.Б

Нарийн бичгийн дарга Д.Сайннямбуу нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 264 дүгээр цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч улсын яллагч *******гийн бичсэн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 01 тоот эсэргүүцлээр Б.Тд холбогдох эрүүгийн 1714000000094 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Луугар овогт Б.Т, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй,

Б.Т нь 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Баянлиг сумын Их Баян 4 дүгээр багийн нутаг дэвсгэр болох Саальтын цагаан дэрс гэх газраас 38.8 килограмм нэн ховор ургамал болох Цагаан гоёо буюу цөлийн аргамжин цэцэгийг түүж бэлтгэн, Тэнхлэг маркийн улсын дугааргүй мотоциклоор тээвэрлэсэн, өөрийн эзэмшлийн 34-74 БНХ улсын дугаартай автомашины кабинд хадгалж ургамлын аймагт 2.522.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас Б.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Луугар овогт Б.Тд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Тг цагаатгаж, хэргийг прокурорт буцааж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар Б.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар Б.Тн эзэмшлийн “Тэнхлэг” маркийн мотоциклийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, дээрх мотоциклийг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Б.Тд буцаан олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар иргэний нэхэмжлэгчийн 12.610.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж,

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б.Т нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Улсын яллагч ******* 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 01 тоот эсэргүүцэлдээ: Б.Тг цагаатгасан анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Үүнд:

1. Иргэний нэхэмжлэгч М.Бгийн “...бид хоёр шалгалт эргүүлээр явж байгаад Б.Т гэх айлд очсон, очсон шалтгаан нь Цагаан дэрс гэх газарт цагаан гоёо буюу цөлийн аргамжинцэцэг түүгдсэн байдалтай газар ухагдаж мотоцикль явган хүний мөр гарсан байсан. Уг мотоциклийн мөрийг дагаад явахад Т гэх айлын гадаа хөтөлж очсон.Тэднийд очиход эзэнгүй байсан. Уг машин дотор юмны цаагуур тавьчихсан шуудайтай цагаан гоёо байсан. Б.Т гэх хүний эхнэр нь ирээд байгаль хамгаалагч бид хоёрыг юун хүн бэ гэж асуухаар нь бичиг баримтаа үзүүлсэн. Тэгсэн нөхөр рүүгээ залгаж яриад чиний түүж ирсэн цагаан гоёог хүмүүс олоод үзчихлээ, өөрөө үүнийхээ учрыг олоорой гээд байсан, нийт 38.8 кг болж байсан, Т.Г дарга Б.Т гэх иргэнийг идэвхтэн байгаль хамгаалагчаар томилсон шийдвэр гаргаагүй, Б.Тгийн эхнэр нөхөртөөгөө утсаар ярихаасаа өмнө цагаан гоёог хүн болгон түүж байгаа ганцхан манайх түүчихээ юу? би мэдэхгүй, түүсэн хүнээс нь асуу, манай нөхөр сум руу ноолуур тушаахаар явсан гэж хэлсэн. Тэгж ярьчихаад хэсэг хугацааны дараагаар нөхөртөөгөө яриад чиний түүсэн цагаан гоёог энэ муу балай хүүхэн гаргаад ирчихсэн байна чи үүнийхээ учрыг өөрөө ол гэж хэлсэн, Баянлиг сумын 4 дүгээр багт идэвхтэн байгаль хамгаалагчаар албан ёсоор Л.Б, Б.Г нар байдаг..." гэх мэдүүлэг. /хх-ийн 31-33, 94-96 хуудас/

2. Гэрч Д.Ггийн “...Б.Тг хөдөөнөөс авчраарай гэж хэлсэн. Тэгэхээр нь явж авчирсан. Б.Тгаас цагаан гоёог хураан авсан байсан, Б.Тгаас хураан авсан цагаан гоёог жинлэхэд 38.8 кг болж байна. Б.Тгийн Цагаан дэрс гэх газарт нутаглаж байсан гэрийнх нь гадаа байсан машинаас хураан авсан гэсэн..." гэх мэдүүлэг. /хх-ийн 38-39 хуудас/

3. Гэрч Х.Вгийн "...Би 2017 оны 05 дугаар сард манай хамгаалалтын захиргааны мэргэжилтэн М.Бгийн хамтаар хяналт шалгалт эргүүлийг хийж ажилласан. Ажиллах хугацаанд Цагаан дэрс гэх газарт Б.Тгийн гэрт очсон, тэдний гэрийг чиглээд давхисан мотоциклийн мөр байсан. Гоёо түүгдсэн газарт элс нь ухагдсан явж очиход тэднийд эзэн байхгүй М.Б мэргэжилтэн машины наагуур, цаагуур алхаж байгаа харагдсан. Бид хоёрыг цагаан гоёог гаргачихаад байж байхад Б.Тгийн эхнэр малаасаа ирсэн. Б.Тгийн эхнэр Б.Т руу утсаар залгаж яриад чи ирэх юмуу яах юм энэ цагаан гоёог чинь хурааж авна гээд байна, энэ асуудлаа өөрөө шийд гэж ярьж байна гэж надад М.Б мэргэжилтэн ярьсан. Б.Тгийн гэрийн гадаа байрлаж байсан 34-76 БНХ улсын дугаартай пургон машинаас хураагдсан цагаан гоёо 38.8 кг болж байсан, нөхөртөөгөө яриад цагаан гоёог чинь байгаль орчны байцаагч гэх хүүхэн ирж үзчихээд авч явна, хураана гээд байна яах юм, хурдан хүрч ирээ гэж ярьлаа гэж байсан...” гэх мэдүүлэг. /хх-ийн 42-44, 109-110 хуудас/

4. Гэрч Ц.Зын “...Цагаан гоёо нэгэнт түүгдсэн зах зээлд эрэлт байхгүй учир хэрэглэх боломжгүй шууд устгах арга хэмжээ авдаг...” гэх мэдүүлэг. /хх-ийн 46-47 хуудас/

5. Баянхонгор аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын газрын 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн “...Б.Т нь 38.8 кг цагаан гоёо түүсэн, цагаан гоёоны экологи эдийн засгийн үнэлгээ 1 кг нь 65.000 төгрөг болсон, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.3-д заасны дагуу ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно гэж заасны дагуу Б.Т 38.8x65.000=2.522.000x5=12.610.000 төг...” гэх дүгнэлт. /хх-ийн 50 хуудас/

6. Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл “...Б.Тн гэрээс шуудайтай цагаан гоёо олсон гэх газар нь 1.2 км зайтай...” /хх-ийн 91-93 хуудас/

7. Гэрч С.Хгийн “...би тэр үед нөхрийнхөө 88348806 дугаартай гар утас руу нь гэрийнхээ 98900590 дугаараас залгаж яриад хүмүүс ирчихсэн байна гэхэд наад хүмүүстэйгээ яриулаадах гэхээр нь утсаа эмэгтэйд нь өгөөд би ярихгүй гэснээ чихэн дээр утсаа барьчихаад би энэ хүний яриаг ойлгохгүй байна гээд гар утсыг буцааж өгсөн. Х.Втэй ирсэн эмэгтэй ярихдаа танайх руу мөр хөөгөөд ирлээ, танайх цагаан гоёо түүгээд ирсэн байна гэж дайраад байсан...” гэх мэдүүлэг. /хх-ийн 101-103 хуудас/

8. Гэрч Н.Гын “...Би Баянхонгор аймгийн Их Богдын байгалийн Цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргаар ажиллаж байхдаа Баянлиг сумын дүгээр багийн иргэн Б.Тг идэвхтэн байгаль хамгаалагчаар томилж, ажилуулаагүй...” гэх мэдүүлэг. /хх-ийн 111-113 хуудас/

9. Яллагдагч Б.Тгийн “...би тэр үед сум орох далимаараа бага шиг ямааны ноолуур авч орсон нь үнэн юм...” гэх мэдүүлэг. /хх-ийн 114-115/

10. Баянхонгор аймгийн Их Богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 63 тоот албан бичиг, хавсралт, гэрэл зургийн үзүүлэлт. /хх-ийн 7-10 хуудас/

11. Баянхонгор аймгийн Их Богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны хяналтын улсын байцаагчийн “Нэн ховор ургамал хураах тухай” зөрчлийг гаргасан Б.Тгаас нэн ховор ургамал болох 38.8 кг цагаан гоёог хураасугай. Баянлиг сумын заг бүхий газарт бордоо болгон хэрэглэх туршилтын ажилд зарцуулсугай” гэх акт. /хх-ийн 27 хуудас/

12. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/282 тоот тушаал, хавсралт. /хх-ийн 125-127 хуудас/

13. Юнител ХХК-ниас гаргуулсан яллагдагч Б.Тгийн тухайн үед барьж байсан гэх ******* дугаарын орсон, гарсан яриа, мессежний лавлагаа /хх-ийн 172-183 хуудас/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Тгийн үйлдсэн гэмт хэрэг тогтоогдсон байна.

Түүнчлэн шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ улсын яллагчийн зүгээс дан ганц иргэний нэхэмжлэгч М.Бгийн мэдүүлгээр Б.Тгийн гэм бурууг нотолсон мэтээр бичсэн,

Улсын яллагчийн зүгээс шүүх хуралдаанд шинээр Жи-Мобайл ХХК-ний 5 хуудас лавлагааг гаргаж өгсөн байхад Юнитэл гэж буруу бичсэн зэрэг алдаа гаргасан байна.

Мөн шүүгдэгч Б.Т нь нэн ховор ургамлыг тээвэрлэсэн, хадгалсан нь тогтоогдож байгаа гэж дүгнэсэн хирнээ гэрч *******, ******* нарын мэдүүлгээс гадна улсын яллагчийн зүгээс шинжлэн судлуулсан бусад нотлох баримтыг үнэлэхгүйгээр дээрх гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэл болгон Б.Тг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4-д заасан" иргэн нь байгаль орчныг хамгаалах талаар байгалийн баялгийг хууль бусаар ашигласан, хөнөөж сүйтгэсэн үйлдлийг олж мэдсэн иргэн тэр тухайгаа тухайн орон нутгийн Засаг даргад нэн даруй мэдэгдэх" гэсэн үүргээ биелүүлсэн гэж үзсэн нь учир дутагдалтай төдийгүй шүүх хэт цагаатгах талыг барьсан гэж үзэхээр байна.

Учир нь тухайн Б.Тгийн түүсэн, бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан гэх нэн ховор ургамал болох цагаан гоёо буюу цөлийн аргамжинцэцэг нь бодит байдлаар хэрэгт ямар хэмжээтэй байсан нь гэрэл зургийн үзүүлэлт, акт, иргэний нэхэмжлэгч, гэрчүүдийн мэдүүлэг зэргээр нотлогдож байхад Б.Тд ашигтай байдлаар мэдүүлэг өгсөн гэрч *******, ******* нарын мэдүүлгээр үнэлэлт дүгнэлт өгсөн байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/110 тушаалын 1 дүгээр хавсралтын 3 дугаар зүйлийн 3.1-д “Идэвхтэн байгаль хамгаалагч ажиллуулахаар тухайн Сум, Дүүргийн Засаг даргын санал болгосон иргэний материалыг аймгийн Байгаль орчны нэгж хянан шаардлага хангасан иргэнтэй гэрээ байгуулна",

3.2-д Идэвхтэн байгаль хамгаалагч ажилуулахаар тухайн тусгай хамгаалалттай нутгийн орчны зөвлөлөөс санал болгосон иргэний материалыг тухайн тусгай хамгаалалттай нутгийн хамгаалалтын захиргаа нь хянан энэ журмын 2.1-д заасан шаардлагыг хангасан иргэнтэй гэрээ байгуулна гэж,

Мөн журмын 3 дугаар зүйлийн З.4-д идэвхтэн байгаль хамгаалагчид үнэмлэх, энгэрийн тэмдгийг гэрээ байгуулсан албан тушаалтан олгоно гэж тус тус заасан төдийгүй иргэний нэхэмжлэгч М.Б нь “...Баянлиг сумын 4 дүгээр багт идэвхтэн байгаль хамгаалагчаар албан ёсоор Л.Б, Б.Г нар албан ёсоор байдаг...’’ гэж,

Гэрч Т.Г нь “...Би Баянхонгор аймгийн Их Богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргаар ажиллаж байхдаа Баянлиг сумын 4 дүгээр багийн иргэн Б.Тг идэвхтэн байгаль хамгаалагчаар томилж ажилуулаагүй...” гэх мэдүүлгүүдээр Б.Т нь Баянлиг сумын Их баян 4 дүгээр багийн идэвхтэн байгаль хамгаалагчаар томилогдоогүй болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байхад дан ганц Баянлиг сумын Орчны бүсийн хурлаар идэвхтэн байгаль хамгаалагчаар томилсон шийдвэр гаргасан нь түүнийг идэвхтэн байгаль хамгаалагч гэж үзсэн нь огт үндэслэл бүхий болж чадахгүй байна.

Учир нь тухайн сумын Орчны бүсийн хурлаас Б.Тг идэвхтэн байгаль хамгаалагчаар томилох шийдвэр гарсан төдий байхад түүнийг томилох эрх бүхий байгууллага хэн болох, байгуулах гэрээ ямар байх, ямар энгэрийн тэмдэг, үнэмлэхтэй байх зэргийг нэг бүрчлэн журамлаж өгсөн байхад тэдгээрийг үл харгалзан идэвхтэн байгаль хамгаалагч гэж үзэн шүүхээс түүнийг цагаатгасан нь шүүх хэргийн бодит байдалтай нийцээгүй бөгөөд хэргийн бодит байдалд нөлөөлж болох нөхцөл байдлыг орхигдуулан өөрт ашигтайг иш татсан гэж үзэхээр байна.

Мөн иргэний нэхэмжлэгч М.Б, Х.В нар нь эргүүл, шалгалтаар явж байгаад нэн ховор ургамал болох цагаан гоёо буюу цөлийн аргамжинцэцгийг түүсэн гэх газраас мотоциклийн мөр хөөн Б.Тгийн гэрийн гадаа ирсэн төдийгүй нэн ховор ургамал болох цагаан гоёо буюу цөлийн аргамжинцэцгийг түүсэн гэх газар Б.Тгийн гэрийг чиглэж явсан мотоциклийн мөрнөөс өөр ямар нэгэн ул мөр байгаагүйг анхаарч үзэлгүй орхигдуулсан байна.

Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичив гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* гаргасан дүгнэлтэндээ: Эсэргүүцлээ дэмжиж байгаа тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх саналтай гэв.

Цагаатгагдсан этгээд Б.Тгийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Тд бол хадгалсан гэдэг үйлдэл байгаа ч гэсэн энэ нь яагаад хадгалах болов гэдгийг анхаарах ёстой. Мөн ийм зүйл болсон талаараа багийн Засаг дарга болон Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргадаа хэлсэн байдаг. Гэтэл төрийн нэг байгууллагын үйл ажиллагааг нөгөө байгууллага нь үгүйсгэж байгаа нь зохимжгүй харагдаж байна. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт шалгавал зохих зүйлийг бүрэн гүйцэт шалгаагүй гэв.

Иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч М.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хэлсэн үгийг Б.Тгийн хэлсэн үг болгон оруулсан байна. Мөн бид шалгалтаар явж байгаад гэрт нь очиход эхнэр нь хоосон шуудай үүрээд ирж байсан. Цагаан гоёог Б.Т нь өөрийнхөө машинд юмаар хучаад нуугаад тавьсан байсан. Х.В хүртэл надад аргалах арга байна уу гэж хэлж байсан мөртлөө худал мэдүүлэг өгч байгааг гайхаж байна. Иймд хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэмээр байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тухайн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт шалгавал зохих зүйлийг бүрэн гүйцэт шалгаагүй, өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг бүрэн гүйцэт нотлоогүй, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол хууль ёсны болж чадаагүй байна.

Тухайлбал: Баянхонгор аймгийн Прокурорын газрын Прокурорын 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн №115 дугаар тогтоолоор Б.Тд холбогдуулан эрүүгийн 1714000000094 тоот хэрэг үүсгэн, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-д зааснаар яллагдагчаар татан, уг тогтоолыг Б.Тд танилцуулахыг мөрдөгч Б.Батцэнгэлд даалган шийдэрлэсэн /хх-ийн 1-р хавтас 1-р тал/ байхад уг тогтоолыг яллагдагчид танилцуулж мэдүүлэг аваагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.2, 31.3 дугаар зүйлүүдийг зөрчжээ.

Яллагдагч Э.Батсайхан нарт холбогдох эрүүгийн 201705000194 дугаартай хэргээс Б.Тд холбогдох хэргийг тусгаарлан хуулбарласан зарим нотлох баримтууд уншигдахгүй, гаргац муутай, уг хуулбарласан гэх зарим нотлох баримтуудыг баталгаажуулсан гэх тэмдэг нь эрх бүхий ямар байгууллагын тэмдэг болох нь мэдэгдэхгүй байх тул эдгээр баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй байгаа болно.

Баянхонгор аймгийн Прокурорын газраас Б.Тг 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Баянлиг сумын Их Баян 4 дүгээр багийн нутаг дэвсгэр болох Саальтын цагаан дэрс гэх газраас 38.8 килограмм нэн ховор ургамал болох Цагаан гоёо буюу цөлийн аргамжинцэцэгийг түүж бэлтгэсэн хэмээн яллах дүгнэлт үйлджээ.

Б.Т нь уг Цагаан гоёо буюу цөлийн аргамжинцэцэгийг өөрийн автомашиндаа авчирч хийсний маргааш сумын төв рүү явж Бригадын дарга болон сумын удирдлагатай уулзсан талаар мэдүүлснээс үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-д заасан “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/-ыг” бүрэн гүйцэт нотолсон гэдэг нь эргэлзээтэй байна.

Хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 50 дугаар талд авагдсан Байгаль Орчин, Аялал Жуулчлалын газрын мэргэжилтэн О.Байгалмаагийн гаргасан 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн дүгнэлтийг Иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч М.Бд танилцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.2 дугаар зүйлийн 1.5, 27.7 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан зөрчил болсон бөгөөд уг дүгнэлт нь мөн хуулийн 27.6 дугаар зүйлд заасан шаардлагад нийцээгүй байгаа болно.

Мөн хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 85-86 дугаар талд авагдсан яллагдагчаас дахин мэдүүлэг авсан тэмдэглэлийн эхний нүүрэнд Б.Тгаас мэдүүлэг авч Б.Тгаар гарын үсэг зуруулсан, уг хуудасны доод хэсэгт мөрдөгч нь Б.Тгаас “Цагаан гоёо буюу цөлийн аргамжин цэцэгийг хууль бусаар түүж бэлтгэсэн үү? Мөн хадгалсан уу?” гэж асуусан асуултын хариулт бичигдээгүй, уг байцаалтын тэмдэглэлийн төгсгөл хэсэг болох 86 дугаар талд мэдүүлэг өгсөн яллагдагч Т.Баярмагнай гэсэн нь ойлгомжгүй буюу өөр өөр этгээдүүдийн өгсөн мэдүүлгүүдийн эхлэл болон төгсгөл хэсгийг нэгтгэн хэрэгт хавсаргасан байна.

Гэрч ******* нь 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө Б.Тг цагаан гоёоны талаар 2017 оны 05 дугаар сарын 27-нд уулзаж байсан гэж мэдүүлж байсан атлаа /хх-ийн 36-37-р тал/, 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр дахин гэрчээр мэдүүлэг өгөхдөө Б.Ттай 2017 оны 05 дугаар сарын 15-дын үеэр уулзсан хэмээн эрс зөрүүтэй мэдүүлсэн, мөн хэргийн газарт анх очсон гэх иргэний нэхэмжлэгч М.Б, гэрч Х.В нарын мэдүүлгүүд хоорондоо эрс зөрүүтэй байхад уг мэдүүлгүүдийн зөрүүг арилгах талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.4 дүгээр зүйлд ажиллагаануудыг хийлгүй орхигдуулсан нь буруу байх тул яллагдагчаас бусад тухайн хэрэгт ач холбогдолтой байж болох зарим этгээдүүдийг нүүрэлдүүлэн мэдүүлэг авах нь хэргийн шийдвэрлэлтэд ач холбогдолтой болно.

Хэргийн газраас Б.Тн гэрийг чиглэн явсан гэх мотоциклийн мөр нь байгальд хэд хоног тогтох боломжтой, уг мөр нь Б.Тн мотоциклийн мөртэй тохирох эсэх талаар тусгай мэдлэгийн хүрээнд мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулах боломжтой эсэхийг цаашид анхаарвал зохино.

Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгож магадлалд заасан үндэслэлээр хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Цагаатгах тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул энэ удаагийн шүүх хуралдаанаар прокурорын эсэргүүцэлд хууль зүйн дүгнэлт өгөөгүй болохыг дурдав.

Б.Тн үйлдсэн гэмт хэргийн ангилал, хувийн байдал зэргийг харгалзан түүнд анхан шатны шүүхээс хэрэглэсэн хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн болно.

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.3-т заасныг тус тус заасныг удирдлага

болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 264 дүгээр Цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож Б.Тд холбогдох эрүүгийн 1714000000094 тоот хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол Б.Тд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

                 ШҮҮГЧИД Т.ДАВААСҮРЭН

                          Н.ЭНХМАА