Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 128/ШШ2018/0113

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 
Гомдол гаргагч: “Г” ХХК
Холбогдогч: Нийслэлийн Байгаль орчны газар
Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 7/1 Хангарди ордон
Гомдлын шаардлага: Байгаль орчны хяналтын Улсын байцаагчийн 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 000019957 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”  шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн төлөөлөгч Ж.Б, түүний өмгөөлөгч Д.М, холбогдогч Нийслэлийн Байгаль орчны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж, гэрч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гомдол гаргагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан гомдолдоо: “...Манай компани 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Морин уулнаас дайрга олборлох гэрээг Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлтэй ОНӨААТҮГ-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Уг гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.4-т “А тал буюу Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлтэй ОНӨААТҮГ нь дайрга ашиглалтаас үүдсэн талбайн ашиглалттай холбоотой асуудлыг холбогдох байгууллагуудтай харилцаж шийдвэрлэнэ” гэж үүрэг хүлээсэн байдаг.
Гэтэл Байгаль орчны хяналтын улсын байцаагч зөрчлийн тухай тэмдэглэлээ надад танилцуулаагүй 000019957 дугаартай шийтгэврийн хуудас гаргасан ба Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгчийн 181/ШЗ2016/0349 тоот захирамж гаргуулан 378 дугаартай гүйцэтгэх хуудас гарсан байна.
Энэхүү үйлдэл нь миний хууль ёсны эрх ашгийг хөндсөн. Хэрэв надад мэдэгдсэн бол би Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлтэй ОНӨААТҮГ-тай байгуулсан гэрээгээ үзүүлж учир байдлыг хэлэх байсан.
Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах” зарчмыг биелүүлээгүй байна. Мөн түүнчлэн тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.3-т заасан нууцад үл хамаарахаас бусад үйл ажиллагаанд ил тод нээлттэй байх зарчмыг хангаагүй байх ба 43 дугаар зүйлийг биелүүлээгүй байна.
2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр би шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас мэдсэн. Би мэдсэн даруйдаа Байгаль орчны газрын даргад албан бичгээр Нийслэлийн Байгаль орчны газарт уг шийтгэврийг хүчингүй болгуулах хүсэлтээ өгсөн бөгөөд хариуг 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр албан ёсны хариуг өгсөн. Ингэж урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагдсан тул захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Иймд Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 000019957 дугаартай шийтгэврийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Гомдол гаргагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас “Г” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн лавлагааг нотлох баримтаар гаргуулсан. Улсын бүртгэлийн гэрчилгээн дээр “Г” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь Ж.Б гэж бичигдсэн байгаа. Ж.Н гэх хүн итгэмжлэлгүйгээр төлөөлнө гэж байхгүй. Гэтэл Нийслэлийн Байгаль орчны газрын улсын байцаагч Ж.Б нь Ж.Н гэх хүнд л торгууль оногдуулсан ба шийтгэврийн хуудсыг зөвхөн Ж.Н л танилцуулсан. Шийтгэвэр оногдуулахдаа Газрын тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.9-д заасныг баримталсан. Гэтэл энэ заалт 2016 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүчингүй болсон.
Өөрөөр хэлбэл хүчингүй болсон заалтыг үндэслэж шийтгэвэр оногдуулсан нь үндэслэлгүй юм. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг баримтлаагүй, энэ хуульд заасан зөрчлийн төлөвлөгөөг Ж.Б захиралд танилцуулах ёстой байсан. “Г” ХХК нь олборлолт явуулж байгаа эсэх, эсвэл олборлолтоос өөр ямар үйл ажиллагаа явуулж буй талаар нарийн шалгаагүй. Шалгалт явуулах тэмдэглэлийг 2 хувь үйлдэж, нэг хувийг нь “Г” ХХК-д хүргүүлэх үүрэгтэй. Байгаль орчны улсын байцаагч хууль заасан үүргээ биелүүлээгүй тул энэхүү шийтгэвэр нь хууль бус юм. Иймд дээрх шийтгэврийг хүчингүй болгож өгнө үү гэсэн хүсэлттэй байна.” гэв.
Холбогдогч Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Морин уулнаас дайрга олборлох тухай гэрээг Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-тай 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан гэжээ. Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 64.5 га газрыг ердийн ашигт малтмал /дайрга/-ыг ахуйн болон орон нутгийн замын хэрэгцээнд зориулан ашиг үл олох зорилгоор ашиглах, хур хорыг зайлуулах дарж булах нөхөн сэргээх эзэмших эрхийг 3 жилийн хугацаатайгаар Нийслэлийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/461 дүгээр захирамжаар олгосон бөгөөд тухайн газар эзэмших эрхийн хугацаа нь 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр дуусгавар болсон. “Г” ХХК-тай 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан гэрээ нь тус гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2-т заасны дагуу нэг жилийн хугацаатай ба 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдөр гэрээний хүчинтэй хугацаа дууссан.
Хан-Уул дүүрэг хариуцсан байгаль хамгаалагч Д.Б-ны мэдээллийн дагуу 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр улсын байцаагч хяналт шалгалт хийж гүйцэтгэхэд “Г” ХХК нь хугацаа нь дууссан гэрээг үндэслэн үйл ажиллагаа явуулж байсан зөрчил илэрсэн. Иймд улсын байцаагч тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хариуцан явуулж байсан Ж овогтой Н-д мэдэгдэх хуудас хүргүүлсний дагуу 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газар /хуучин нэрээр/-т ирж уулзсан байна. Энэ үед Ж.Н нь захирал намайг явуулсан гээд тухайн компанийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан гэж өөрийгөө танилцуулан “Г” ХХК-ийн гэрчилгээг үзүүлсэн үүний дагуу улсын байцаагчийн шалгалт хийсэн тэмдэглэлийн регистрийн дугаар гэх хэсэгт уг компанийн 536.... дугаартай регистрийг бичиж баталгаажуулсан байна.
Мөн Ж.Н нь улсын байцаагчийн шалгалт хийсэн тухай тэмдэглэлд өөрийн гараар Нийслэлийн замын ажил хийж чулуу буталж байсан учраас торгууль төлөхөөс татгалзаж байна гэж бичин торгуулийг хүлээн зөвшөөрөлгүй явсан байна. 
Иймд улсын байцаагч Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу харъяа дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШЗ2016/03049 дугаар захирамжийг гарган улсын байцаагчийн 000019957 дугаартай шийтгэврийг баталгаажуулсан байна.
Улсын байцаагчийн 000019957 дугаартай шийтгэвэр нь хууль тогтоомжийг зөрчөөгүй тул гомдол гаргагчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож өгөв.  ” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:
 Нийслэлийн Засаг даргын 2012 оны 6 дугаар сарын 22-ний өдрийн “Газар эзэмшүүлэх эрх олгох тухай” А/461 дугаар захирамжаар Улаанбаатар хотын Захирагчийн харьяа Улаанбаатар зам засвар, арчлалт компанид “... Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 64.5 га газрын ердийн ашигт малтмал /дайрга/-ыг ахуйн болон орон нутгийн замын хэрэгцээнд зориулан ашиг үл олох зорилгоор ашиглах, хур хогийг зайлуулах, дарж булах, нөхөн сэргээн эзэмших эрхийг 3 жилийн хугацаатайгаар” олгожээ. 
Нийслэлийн Засаг даргын 2013 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн А/846 дугаар захирамжаар Хот тохижилтын газар НӨҮГ, Улаанбаатар зам засвар, арчлалт ОНӨААТҮГ, Усны барилга байгууламж НӨҮГ-ыг тус тус татан буулгаж, чиг үүрэг, эд хөрөнгийг шинээр байгуулагдсан Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт шилжүүлсэн байна. 
Гомдол гаргагч “Г” ХХК нь Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ-тай “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-ийн эзэмшиж буй талбайн тодорхой нэгэн хэсэгт ердийн ашигт малтмал /дайрга/-ыг ахуйн болон орон нутгийн замын хэрэгцээнд зориулан хамтран ашиглах зорилгоор” 1 жилийн хугацаатай “Хамтран ажиллах гэрээ”-г 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдөр байгуулан ажиллажээ.
Хан-Уул дүүргийн 10, 12 дугаар хороо Биокомбинат, Сонгино, Шувуун фабрик орчмыг хариусан байгаль хамгаалагчийн мэдээллийн үндсэн дээр Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын даргын 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэр, ногоон бүсэд байгалийн нөөц, баялгийн ашиглалт, хамгаалалтын байдалд байгаль хамгаалах хууль тогтоомжийн дагуу хяналт шалгалт хийх ажлын удирдамж”-ийн  дагуу Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын Байгаль орчны Улсын байцаагч Ц.Б нь 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Морин уулнаас уулын дайрга олборлон, ангилан бутлах үйл ажиллагаа явуулж байсан “Г” ХХК-ний үйл ажиллагаанд шалгалт хийн, Газрын тухай хуулийн 50, 51 дүгээр зүйлийг зөрчсөн хэмээн үзэж 000019957 тоот шийтгэврийн хуудсаар Газрын тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.9-д заасныг үндэслэн “Гүн тэлмэн” ХХК-нд 3.840.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсныг “Г” ХХК эс зөвшөөрөн тус шүүхэд хандан гомдол гаргажээ.
Шүүх хэргийн оролцогчдоос шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон гэрчийн мэдүүлэг зэрэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр гомдол гаргагчийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Гомдол гаргагч “Г” ХХК-ийн төлөөлөгч Ж.Б нь ...улсын байцаагч зөрчлийн тухай тэмдэглэлээ надад танилцуулаагүйгээр шийтгэл ногдуулсныг Нийслэлийн Шүүхийн шийдвэр биелүүлэх 2017 оны 09 дүгээр сарын  27-ны өдрийн 09/27 дугаар мэдэгдэл ирснээр мэдсэн, хяналт шалгалтыг хийх үед Нийтийн Үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ-ын эзэмшиж буй талбайн тодорхойн нэгэн хэсэгт ердийн ашигт малтмал /дайрга/-ыг ахуйн болон орон нутгийн замын хэрэгцээнд зориулан хамтран ашиглах зорилгоор хамтран ажиллах гэрээг сунгуулахаар хүсэлтээ өгсөн байхад зөвшөөрөлгүйгээр уулын дайрга олборлосон гэж үзэж байгаа нь үндэслэлгүй гэж, 
холбогдогч Нийслэлийн Байгаль орчны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ... “Г” ХХК нь Нийтийн Үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ-тай байгуулсан хамтран ажиллах гэрээ дуусгавар болсон байхад зөвшөөрөлгүйгээр уулын дайрга олборлосон нь хяналт шалгалтын хийх явцад тогтоогдсон тул шийтгэвэр ногдуулсан нь үндэслэлтэй гэж тус тус маргажээ.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д улсын байцаагч нь “..иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийг хэрхэн биелүүлж байгаад харьяалал харгалзахгүйгээр хянан шалгах”, 27.1.2-т “хяналтад шаардагдах мэдээ, баримтыг холбогдох иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаар гаргуулах”, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.9-д “...Хяналт шалгалтын явцад улсын байцаагч шалгалтын тэмдэглэлийг хоёр хувь үйлдэх бөгөөд нэг хувийг шалгуулагч этгээдэд өгөх ба шалгалтын тэмдэглэлд дараахь үндсэн мэдээллийг тусгана, 5.9.1-д “шалгалтын явц болон шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдал”, 5.9.2-т “улсын байцаагчийн санал, дүгнэлт, 5.9.3.шалгуулагч этгээдийн санал, хүсэлт”, 5.10-д “Шалгуулагч этгээд шалгалтын тэмдэглэлтэй танилцаж гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд хэрэв гарын үсэг зурахаас татгалзсан бол энэ тухай шалгалтын тэмдэглэлд тусгана” гэж тус тус заажээ.

Зөрчлийн хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Нийслэлийн Засаг даргын 2012 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн А/461 дүгээр захирамжаар “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-т Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 64.5 га газрын ердийн ашигт малтмал /дайрга/-ыг ахуйн болон орон нутгийн замын хэрэгцээнд зориулан ашиг үл олох зорилгоор ашиглах, хур хогийг зайлуулах, дарж булах, нөхөн сэргээх зориулалтаар 3 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн байх бөгөөд энэхүү захирамжийн үндсэн дээр “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-аас “Г” ХХК-тай 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдөр “хамтран ажиллах гэрээ”-г 1 жилийн хугацаатайгаар байгуулан хамтран ажиллажээ.
Нийслэлийн Засаг даргын 2012 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн А/461 дүгээр захирамжаар “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ нь “Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 64.5 га газрын ердийн ашигт малтмал /дайрга/-ыг ахуйн болон орон нутгийн замын хэрэгцээнд зориулан ашиг үл олох зорилгоор” 3 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болсон байх бөгөөд энэхүү эрх нь 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр дуусгавар болсон,  гомдол гаргагч “Г”  ХХК-ний “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-тай байгуулсан хамтран ажиллах гэрээний хугацаа 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр дуусгавар болсон байхад “Гүн тэлмэн”  ХХК-иас “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-нд 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр ”Хамтран ажиллах гэрээ сунгах тухай” 15/69 тоот албан бичгийг явуулсан, уг албан бичигт гэрээг “...2016 оны 6 дугаар сарын 12-ийг хүртэл хугацаагаар сунгагдсанд тооцох” тухай мэдэгдэн, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж байсан гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.
Учир нь энэхүү хамтран ажиллах гэрээний нэг тал болох “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ийн газар эзэмших эрх 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр дуусгавар болсон, Хамтран ажиллах гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2-т “Гэрээний хугацаа 1 жил байна. Гэрээний хугацааг талууд тохиролцон сунгаж болно” хэмээн заасан ч талууд гэрээнд заасан журмын дагуу гэрээг сунгаагүй,  ийнхүү сунгах боломжгүй байсан байна.
 Улмаар Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын улсын байцаагч 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр   Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Морин уулнаас уулын дайрга олборлон, ангилан бутлах үйл ажиллагаа явуулж байсан “Г” ХХК-ний үйл ажиллагаанд шалгалт хийн, хүчин төгөлдөр эрхийн гэрээ, гэрчилгээгүйгээр үйл ажиллагаа явуулсан зөрчилд нь Газрын тухай хуулийн 50, 51 дүгээр зүйлийг зөрчсөн хэмээн үзэж 000019957 тоот шийтгэврийн хуудсаар Газрын тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.9-д заасныг үндэслэн “Г” ХХК-нд 3.840.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй байна.
Хэдийгээр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 12/676 тоот албан бичигт дурдсанаар “Г” ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаагаар тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг Ж.Б гэж заасан, гомдол гаргагч “Г” ХХК-иас зөрчлийн тэмдэглэл болон шийтгэлийн хуудсийг эрх бүхий этгээдэд танилцуулаагүй гэж маргаж байх боловч зөрчлийн тэмдэглэл болон шийтгэврийн хуудсанд “эс зөвшөөрөн” гарын үсэг зурсан Ж.Н нь “Г” ХХК-нд ажилдаг, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн төрсөн ах болох шүүх хуралдааны явцад гомдол гаргагчийн төлөөлөгч Ж.Б болон гэрч Ж.Н өгсөн мэдүүлэг, 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр “Г” ХХК-иас Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-нд хүргүүлж байсан “Хүсэлт гаргах” тухай албан бичгээр тус тус тогтоогдож байх тул бөгөөд гомдол гаргагчийн “манай компанид зөрчил ногдуулахдаа зөрчлийн тухай тэмдэглэлээ танилцуулаагүйгээр шийтгэл ногдуулсныг Нийслэлийн Шүүхийн шийдвэр биелүүлэх 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 09/27 дугаар мэдэгдэл ирснээр мэдсэн” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.
Иймд, эрх бүхий албан тушаалтан нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар тусгайлан харьяалуулсан асуудлаар зөрчлийн талаарх мэдээллийн дагуу төрийн хяналт шалгалтыг явуулж, шийтгэврийн хуудсаар торгууль оногдуулсныг буруутгах, Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан төлөвлөгөөт хяналтыг процесс зөрчсөн гэж үзэж хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэн гомдол гаргагчийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

 

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.11 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1,Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.9 болон Газрын тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.9-д заасныг тус тус үндэслэн “Г” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
 

 

 


 
                                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Г.МӨНХТУЛГА