Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2022/0680

 

 

 

 

 

 

 

 

 А.Э нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч А.Энхтуул,

Нэхэмжлэгч: А.Э,

Хариуцагч: Төрийн албаны зөвлөл

Нэхэмжлэлийн шаардлага: “...Төрийн албаны зөвлөлийн даргын 2022 оны 4 дүгээр сарын 19-ны өдрийн 80 дугаар тушаал, Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 02/887 дугаар албан бичгийг тус тус хүчингүй болгуулж, Г.Хэрлэнг уг албан тушаалаас чөлөөлж, ажилд эргүүлэн тогтоолгох, тасалдсан хугацааг тогтоолгож нөхөн бичилт хийлгэх, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичүүлэх

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 609 дүгээр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч А.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна,

Хэргийн индекс: 128/2022/0580/З         

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч А.Э Төрийн албаны зөвлөлд холбогдуулан “Төрийн албаны зөвлөлийн даргын 2022 оны 4 дүгээр сарын 19-ны өдрийн 80 дугаар тушаал, Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 02/887 дугаар албан бичгийг тус тус хүчингүй болгуулж, Г.Хэрлэнг уг албан тушаалаас чөлөөлж, ажилд эргүүлэн тогтоолгох, тасалдсан хугацааг тогтоолгож нөхөн бичилт хийлгэх, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичүүлэх”-ээр маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 609 дүгээр шийдвэрээр: 

“Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2, 33 дугаар зүйлийн 33.4, 69 дүгээр зүйлийн 69.2.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Э гаргасан “Төрийн албаны зөвлөлийн даргын 2022 оны 4 дүгээр сарын 19-ны өдрийн 80 дугаар тушаал, Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 02/887 дугаар албан бичгийг тус тус хүчингүй болгуулах, ажилд эргүүлэн тогтоолгох, тасалдсан хугацааг тогтоолгож нөхөн бичилт хийлгэх, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичүүлэх” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож, “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3, Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 75.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Э гаргасан “Г.Х чөлөөлж өгнө үү” гэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч А.Э дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.Уг гомдлыг анх гаргахад Улсын Их хурлаас томилогддог болон Төрийн албаны зөвлөлөөс томилогддог албан тушаалтнууд болох Монголын Үндэсний Олон нийтийн радио телевиз, Нийгмийн даатгалын ерөнхий газар болон бусад төрийн байгууллагуудтай холбоотой асуудлыг хамтатган шалгуулах хүсэлт өгсөн байтал шүүхийн шийдвэр хоёр салсан байдалтай байгааг эргэн харж нэгтгэн шийдвэрлэж өгнө үүгэжээ.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

2.1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч А.Э Төрийн албаны зөвлөлд холбогдуулан гаргасан “Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 02/887 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 5315 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.

2.2. Нэхэмжлэгчээс 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байхад анхан шатны шүүх шүүгчийн 7439 дугаар захирамжаар “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-д “нэгтгэн гаргасан, эсхүл хэд хэдэн нэхэмжлэгч гаргасан болон хэд хэдэн хариуцагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай нэг болон хэд хэдэн хэргийг тусгаарлаж болно” гэж заасныг баримтлан нэмэгдүүлж гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудаас 4-10 дахь хэсэгт заасан шаардлагыг тусгаарлаж, мөн өдрийн шүүгчийн 7182 дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож, нэхэмжлэлийн үлдэх шаардлагуудыг шүүхийн шийдвэрээр шийдвэрлэж, зарим нэхэмжлэлийн шаардлагыг огт шийдвэрлэхгүй орхигдуулсан нь хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцээгүй, хууль бус байна. Тодруулбал,

2.3. Нэхэмжлэгч А.Э 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлжээ. Үүнд:

- Төрийн албаны зөвлөлд холбогдуулан Монголын Үндэсний олон нийтийн радио телевизэд анх орж хамгийн сүүлд гарсан нийт хугацаа 11 жил 6 сар болж байгаа ... Монголын Үндэсний олон нийтийн радио телевизийн захирлуудын буруутай үйлдлээс болж, А.Э миний нийгмийн даатгалын шимтгэл дундаа хэдэн сараар тасалдсан тул уг тасалдсан хугацааг тогтоолгож нөхөн бичилт хийлгэх, 

- Хамгийн сүүлд надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээнийхээ тохирох цалин, хөлсийг өгөөгүйгээс гадна, 45 хоногийн хугацаанд 36 мянга 519 төгрөгийн цалин өгсөн болно. Энэ нь Монгол Улсад мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс хэд дахин бага байгаа нь хууль зөрчсөн үйлдэл болсон тул аваагүй ажлын хөлсийг нөхөн гаргуулах, үүнтэй холбогдож гарах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалдаа нөхөн бичүүлэх”,

- Төрийн албаны зөвлөл болон Монголын Үндэсний Олон нийтийн радио телевизэд холбогдуулан “Монголын Үндэсний Олон нийтийн радио телевизийн удирдлагууд үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөнтэй холбоотойгоор дунд нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгал сайн дураар хувиасаа төлж байсан, үүнийг тус байгууллагаас нөхөн гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх”,

- Монголын Үндэсний Олон нийтийн радио телевиз нь Нийгмийн даатгалын ерөнхий газартай хамтран “миний нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхдээ 32 гэх ангилалд хамааруулж төлсөн, ... уг 32 гэх ангилал нь хууль бусаар ажлаас зайлуулагдаж, хоригдож, мөрдөгдсөн ангилал байх тул үүнийг залруулж, хэвийн ангилалд оруулах ...” гэх нэхэмжлэлийн шаардлагыг Монголын Үндэсний Олон нийтийн радио телевиз болон Нийгмийн даатгалын Ерөнхий газарт холбогдуулан,

- Өнгөрсөн хугацаанд Монголын Үндэсний Олон нийтийн радио телевизээс зөвхөн үндсэн цалин гаргуулах шүүхийн шийдвэрүүд гарсан ... сар бүрийн 20 хувийн нэмэгдэл мөн ур чадварын 132 мянган төгрөгийн нэмэгдлээ аваагүй, эдгээр нэмэгдлийг аваагүй хугацаа болох 7 жилийн хугацаагаар тооцуулж, 23 сая төгрөгийг Монголын Үндэсний Олон нийтийн радио телевизээс нөхөн гаргуулах,

- Монголын Үндэсний Олон нийтийн радио телевиз нь хүний нөөцөө өөрсдийн зардлаар сургаж чадавхжуулах ёстой ... ОХУ-ын Москва хотын Высшая школа экономикад суралцах тэтгэлэг авч, тэнд суралцаж байхад араас шүүхдэж, шүүх процесс нь дуусахгүй удсан, хүндрэл учруулсан ... Тиймээс суралцаж байх хугацаанд Монголд эргэн ирж уг шүүх хуралдааныг дуусгасан ч ... орон даяар хөл хорио тогтоож, буцаж амжих боломжгүй болсон ... хөл хорионы хугацаа дуусмагц, сурч байсан сургуульдаа тус улсын зардлаар үргэлжлүүлэн суралцахаар Ерөнхий сайдын тэтгэлэг буюу Орос-Монгол хоёр улсын Засгийн газар хоорондын тэтгэлэгт хамрагдах өргөдлөө Боловсрол шинжлэх ухааны яаманд гаргасан боловч ямар ч шалгалтын тов зарлаагүй, шалгалт аваагүй атлаа та тэнцэхгүй гэсэн хариу илгээсэн байна. Миний бие шалгалтаа өгч тэнцээд, тухайн сургуульд элсэн суралцаж байхдаа ирээд, шүүхийн болон коронавирусын нөхцөл байдлын улмаас буцаж амжаагүй учраас дахин шалгалт өгөхгүйгээр сургуульдаа үргэлжлүүлэн суралцах үндэслэлтэй байсан гэж үзэж байна. Иймд сургуулийн зардалтай холбогдож гарсан зардлыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Монголын Үндэсний Олон нийтийн радио телевизээс гаргуулах,

- Магистрт суралцахаар гадагшаа зорчсон галт тэрэгний тасалбар, ирсэн онгоцны тийз, тэнд зорчсон автобус, такси, метро зэрэг замын зардал. Байрны зардал, визний зардал, виз сунгуулах хураамж, утасны төлбөр, амьжиргааны зардлыг буруутай этгээдүүд буюу Монголын Үндэсний Олон нийтийн радио телевизээс нөхөн гаргуулах,

- Төрийн улс төрийн, төрийн захиргааны, төрийн тусгай, төрийн үйлчилгээний албан тушаалтнуудын буруутай үйлдлээс болж гарсан хууль, шүүхийн процессын өмгөөлөгчийн зардал, тэмдэгтийн хураамжийн зардал, нотариат, канон зэрэг бичиг баримтын зардлыг Монголын Үндэсний Олон нийтийн радио телевизээс нөхөн гаргуулах,

- ... ажил, сургууль, нэр хүнд, сэтгэл санаа, хувийн санхүүд учирсан хохирлыг шүүхээр эцэслэн тогтоолгож, инфляцын түвшинтэй уялдуулан, ханшийн алдагдал, хүүгийн алдагдлын хамт Монголын Үндэсний Олон нийтийн радио телевизээс нөхөн гаргуулах,

- Монгол Улсад мөрдөгдөж байгаа хуулиар нэг удаа ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн нь тогтоогдсон бол, дахин чөлөөлөгдөх үндэслэлгүй бөгөөд эргээд албан тушаалдаа томилогдох заалт үйлчилдэг. Тиймээс удаа дараа гаргасан үндэслэлгүй шийдвэрүүдийг нь хүчингүй болгож, нийгмийн даатгалын дэвтэрт бичсэн үндэслэлгүй тушаалуудыг нь хүчингүй болгож, эргэн ажилдаа томилогдох, эсвэл дүйцэх албан тушаалд томилогдох үндэслэлтэй, эдгээрийг Монголын Үндэсний Олон нийтийн радио телевизэд тус тус холбогдуулан гаргаж байна” хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

2.4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-д “Нэгтгэн гаргасан, эсхүл хэд хэдэн нэхэмжлэгч гаргасан болон хэд хэдэн хариуцагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай нэг болон хэд хэдэн хэргийг тусгаарлаж болно” гэж заасан.

2.5. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу шүүх нэгтгэж гаргасан эсхүл хэд хэдэн нэхэмжлэгч гаргасан түүнчлэн нэхэмжлэгчээс хэд хэдэн хариуцагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага бүхий нэг болон хэд хэдэн хэргийг тусгаарлаж болохоор байхад нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн зарим шаардлагыг тусад нь шүүгчийн захирамжаар бүрдүүлбэр хангуулахаар шийдвэрлэсэн нь хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцээгүй байна.

2.6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх” гэж заасан байх тул нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх боломжтой, харин нэхэмжлэгчийн нэмэгдүүлэн гаргаж буй нэхэмжлэлийн шаардлага тус бүрээр авч үзэж тухайн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхой бус байвал шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.3-т “Нэхэмжлэл нь энэ хуулийн 52.2, 52.3, 52.5-д заасан бүрдүүлбэр хангаагүй бол хүлээн авсан шүүгч 7-14 хоногийн хугацаа тогтоон нэхэмжлэгчид уг шаардлагыг хангах боломж олгоно” гэж заасны дагуу шүүх нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоосны эцэст нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах эсэхийг шийдвэрлэх улмаар цаашид үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэх боломжтой нэхэмжлэлийн тухайд хариуцагчид нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг гардуулж, хариу тайлбар ирүүлэхийг шаардах, тухайн нэмэгдүүлсэн шаардлагатай холбогдуулан нотлох баримт цуглуулах зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын хүрээнд явуулсны эцэст нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэр гаргах хуулиар хүлээсэн үүрэгтэй.

 2.7. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчээс шүүх хуралдааны явцад дээрх байдлаар нэмэгдүүлэн гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудаас 4-10 дахь шаардлагуудыг тусгаарлаж,  мөн өдрийн 128/ШЗ2022/7182 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т заасантай нийцээгүй, хууль бус байна.

2.8. Мөн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн дээрх нэмэгдүүлж гаргасан нэхэмжлэлийн 2-3 дахь шаардлага болох Төрийн албаны зөвлөлд холбогдуулан гаргасан “хамгийн сүүлд надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээнийхээ тохирох цалин, хөлсийг өгөөгүйгээс гадна, 45 хоногийн хугацаанд 36 мянга 519 төгрөгийн цалин өгсөн болно. Энэ нь Монгол Улсад мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс хэд дахин бага байгаа нь хууль зөрчсөн үйлдэл болов. Тиймээс аваагүй ажлын хөлсөө нөхөн авч, үүнтэй холбогдож гарах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичүүлэх”, Төрийн албаны зөвлөл болон Монголын Үндэсний олон нийтийн радио телевизэд тус тус холбогдуулан гаргасан “Монголын Үндэсний олон нийтийн радио телевизийн удирдлагууд үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөнтэй холбоотойгоор миний бие дунд нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгал сайн дураараа болон хувиасаа төлж байсныг тус байгууллагаас нөхөн гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн авахаас татгалзаагүй, дээр дурдсан шүүгчийн захирамжаар бүрдүүлбэр хангуулахаар шийдвэрлээгүй, шүүхийн шийдвэрт эдгээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн шийдвэрлэгдсэн нь тусгагдаагүйгээс үзвэл шүүх дээрх хоёр нэхэмжлэлийн шаардлагуудыг огт шийдвэрлэхгүй орхигдуулсныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа гаргасан гэж үзэхээр байна.

             2.9. Шүүх хэрэв нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй болох нь илт тодорхой тохиолдолд  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлд заасан ажиллагааг хийх буюу хариуцагчид тус нэхэмжлэлийн шаардлагыг гардуулж, хариу тайлбар авах, нотлох баримт цуглуулах ажиллагааг хийсний эцэст тухайн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийж шийдвэр гаргах үүрэгтэй.

2.10. Түүнчлэн нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа “Төрийн албаны зөвлөлийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 80 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 02/887 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах, ажилд эргүүлэн тогтоолгох, тасалдсан хугацааг тогтоолгож нөхөн бичилт хийлгэх, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичүүлэх, Г.Хэрлэнг чөлөөлж өгнө үү” гэж тодруулсан байхад эдгээр нэхэмжлэлийн  шаардлагуудын үндэслэлийг тодруулаагүй,  хариуцагчид гардуулж хариу тайлбар гаргуулах, нотлох баримт цуглуулах, шаардлагатай бол хууль ёсны эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг гуравдагч этгээдээр татах эсэх асуудлыг шийдвэрлэх зэрэг байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмын дагуу хүрээнд гүйцэтгэх ажиллагааг хэрэгжүүлэгүйгээр эдгээр нэхэмжлэлийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52.2 дугаар зүйлийн 52.2.4-т “нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл”, 52.5 дугаар зүйлийн 52.5.1-т “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн”, 52.5.2-т “хохирол гаргуулах нэхэмжлэлийн хувьд захиргааны байгууллага ямар үүргээ биелүүлээгүйгээс, эсхүл захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид ямар хохирол учирсан, түүнийг хэрхэн шийдвэрлүүлэх”, 53 дугаар зүйлийн 53.3-т “Нэхэмжлэл нь энэ хуулийн 52.2, 52.3, 52.5-д заасан бүрдүүлбэр хангаагүй бол хүлээн авсан шүүгч 7-14 хоногийн хугацаа тогтоон нэхэмжлэгчид уг шаардлагыг хангах боломж олгоно”, 56 дугаар зүйлийн 56.1-т “Хэрэг үүсгэсэн шүүгч дараахь ажиллагаа явуулна:” гэж заасантай нийцээгүй хууль бус байна.

2.11. Ийнхүү анхан шатны шүүх хуульд заасан журмын дагуу нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага тус бүрээр авч үзэж, нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоох замаар хариуцагчийг зөв тодорхойлсон эсэх, шүүхээс ямар шийдвэр гаргуулахыг хүсч байгаа, захиргааны хэргийн шүүх уг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх боломжтой эсэх зэрэг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулсны дараа шаардлагатай бол зарим нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах эсэх асуудлыг шийдвэрлэж, эцэст нь үлдсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтод нотлох баримтыг цуглуулж, хэргийн оролцогчдын маргаж буй хүрээнд маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх хуулиар хүлээсэн үүрэгтэй байхад хэргийг биш нэхэмжлэлийг тусгаарласан, нэхэмжлэлийн зарим шаардлагыг огт шийдвэрлэхгүй орхигдуулсан, зарим нэхэмжлэлийг шаардлагыг хариуцагчид гардуулж хариу тайлбар гаргуулахгүйгээр шууд шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52.2 дугаар зүйлийн 52.2.4-т “нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл”, 52.5 дугаар зүйлийн 52.5.1-т “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн”, 52.5.2-т “хохирол гаргуулах нэхэмжлэлийн хувьд захиргааны байгууллага ямар үүргээ биелүүлээгүйгээс, эсхүл захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид ямар хохирол учирсан, түүнийг хэрхэн шийдвэрлүүлэх”, 53 дугаар зүйлийн 53.3-т “Нэхэмжлэл нь энэ хуулийн 52.2, 52.3, 52.5-д заасан бүрдүүлбэр хангаагүй бол хүлээн авсан шүүгч 7-14 хоногийн хугацаа тогтоон нэхэмжлэгчид уг шаардлагыг хангах боломж олгоно”, 60 дугаар зүйлийн 60.2-т “Нэгтгэн гаргасан, эсхүл хэд хэдэн нэхэмжлэгч гаргасан болон хэд хэдэн хариуцагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай нэг болон хэд хэдэн хэргийг тусгаарлаж болно”, 107 дугаар зүйлийн 107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана”  гэж заасантай тус тус нийцэхгүй, хууль бус байна.

2.12. Анхан шатны шүүхийн эдгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн зөрчлийг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх, улмаар маргааны үйл баримтад дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4, 121.3.7 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 609 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                       Н.ХОНИНХҮҮ