Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 2021/ШЦТ/83

 

 

 

 

 2021         01         29                                       2021/ШЦТ/83

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,

нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,                                     

улсын яллагч Я.Мөнхзаяа, 

хохирогч Б.Энхээ,

шүүгдэгч Н.Б- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Б-д холбогдох эрүүгийн 2009026571484 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн захиргааны удирдлага мэргэжилтэй, “...” сургалтын төвд гитарын багш ажилтай, ам бүл 2, эхийн хамт ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: .../ ... Н.Б- нь:

 

- 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “PC mall” дэлгүүрийн урд автобусны буудал дээр иргэн Б.Энхээгийн автомашинаас түүний эзэмшлийн Айфоне 7 плас загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авч, 490.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Б.Энхээ мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 03 цаг 10 минутын орчим 4 согтуу хүнийг Модны 2-с суулгаад “ Хаашаа явах вэ “ гэхэд ойрхон шөлөндөө орно гэсний дагуу Их дэлгүүрийн хажууд буулгасан. Ингээд утсаар ярих хэрэгтэй болж, машин дотроо үзэхэд миний утас байгаагүй. Ээжийн утас надад байсан болохоор өөрийн дугаар руу залгахад холбогдох боломжгүй байсан. Миний утас унтрах ямар ч нөхцөлгүй 96 хувийн цэнэгтэй байсан. Тэгээд би цагдаад 03 цаг 30 минутад машины урд суусан залуу миний утсыг авчихлаа гээд дуудлага өгсөн. Цагдаа ирэх хүртэл машиндаа нөгөө 4 залууг хараад сууж байхад саарал үстэй залуугийн халаасанд миний утас харагдсан учир цагдаад “ Саарал үстэй залуугийн зүүн халаасанд миний утас байгаа “ гэхэд нөгөө залуу гаргаж өгсөн.

...Миний утас саарал өнгийн Айфоне-7 плас загварын утас байсан. Ардаа Айфоне гэх наалттай учир хараад таньсан. Миний утсыг авсан залуу утасны талаар огт асуугаагүй шууд машинаас буусан гэжээ. / хх 5-7, 9-10 /

 

Гэрч Х.Мөнгөнхуяг мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2020 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Нямцэрэнгийн гэрт 3 найзын хамт архи уусан бөгөөд гэрээс гараад баар орно гээд хороололд очсон. Тэгээд бааранд орохоо болиод хоол идэхээр мэргэжилтний 20 руу очиж хоолоо идээд сууж байхад гаднаас цагдаа нэг залуутай орж ирээд Н.Б-ийг аваад явсан.

Н.Б- энэ хэний утас вэ гэж хальт асуусан. Тэр яриа тэгээд өнгөрсөн гэжээ. / хх 10-11 /

 

Гэрч Ш.Ганбат мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Тухайн өдөр би 3 найзын хамт Д.Нямцэрэнгийн гэрт архи уусан бөгөөд баар орох гээд гэрээс гарсан боловч хоол идэхээр явцгаасан. Хоол идээд сууж байхад нэг залуу цагдаагийн хамт орж ирээд Н.Б-ийг заагаад “ Миний утсыг зүүн халааснаасаа гаргаад өгөө “ гэж хэлэхэд Н.Б-ийг утас авсан гэдгийг мэдсэн гэжээ. / хх 12-13 /

 

Гэрч Д.Нямцэрэн мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Тухайн өдөр найзуудын хамт манай гэрт 0.75л 4 шил архи уучихаад гараад такси бариад хоол идэхээр мэргэжилтний 20-н шөлөндөө орсон. Хоолоо идчихээд сэргээд гадаа сандал дээр сууж байхад нэг цагдаа ирээд “ Дотор сууж байгаа 3 хүнтэй хамт явж байгаа юу “ гэж асуухад “ Тийм. Манай 3 найз байгаа” гэж хэлсэн. Үүнээс хойш би мэдэхгүй гэжээ. / хх 14-15 /

 

Гэрч Д.Алтанхүү мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Хүлэг 114 чиглэлд цагдаа жолооч А.Пүрэвсүрэнгийн хамт үүрэг гүйцэтгэх хугацаанд шөнийн 03 цаг 13 минутад Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Шөлөндөө түргэн хоолны газарт байгаа машинд суусан хүн гар утас аваад буусан” гэх дуудлага мэдээллийн дагуу очиход ЧД-ийн хоёр цагдаа дуудлагаар ирсэн байсан. Хохирогчийн гар утсыг авсан гэх Н.Б-ийг авч Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын эрүүлжүүлэх байранд хүргэж өгөх замд Н.Б- нь “ Би гар утас олчихлоо гэж бодоод утсыг нь унтраасан юм. Би санаатай авсан бол Шөлөндөө хоолны газраас гараад явчих байсан. Санаандгүй юм боллоо “ гэж ярьж байсан. Н.Б-ийг машин руугаа авч явах гэж байхад хохирогч утсаа асаагаад “ Миний утас 98 цэнэгтэй байна. Чи албаар унтраасан байна “ гэж ярьж байсан. Гурван найз нь лав нилээн согтуу байсан гэжээ. / хх 59 /

 

Авто машинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх 60-62 /

 

“Дамно” ХХК-ний СБ1-20-1484 дугаартай хөрөнгийн үнэлгээгээр Айфоне 7 плас маркийн гар утсыг 490.000 төгрөгөөр үнэлсэн тайлан / хх 33-34 /

 

Шүүгдэгч Н.Б-ийг 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / хх 42-43 /

 

Шүүгдэгч урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгасан тэмдэглэл / хх 52 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Н.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Би тухайн өдөр 3 найзын хамт хоол идэхээр явах замдаа такси барьсан. Би жолоочийн хажууд сууж яваад буухдаа юмаа орхисон байж магадгүй гээд суусан сандлаа хартал миний сандал дээр гар утас байхаар нь аваад “ Хэний утас вэ “ гэж асуухад бүгд дуугараагүй. Жолооч мөнгө авч байсан болохоор анзаараагүй байх.

Тэгээд хоолоо идэж байтал цагдаагийн хамт жолооч орж ирээд “ Утас гаргаж өгөөч ” гэхээр нь гаргаж өгсөн. Би цагдаагийн дэргэд би түрүүн хэний утас вэ гэж асуухад дугарахгүй яасан бэ гэж асуусан. Би санамсар болгоомжгүй авсан учир гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Хохирогч Б.Энхээ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Хэрэг болдог өдөр би таксинд явж байхад 4 залуу суухад нэг нь миний хажууд суусан. Би ард суусан залуугаас мөнгөө авсан. Тэднийг  Шөлөндөө хоолны газарт орсны дараа би утсаа авах гэтэл алга болчихсон байсан. Би өөрт байсан ээжийнхээ утсаар өөрийнхөө гар утас руу залгатал холбогдох боломжгүй байсан.

Би тэднийг ажиглахад миний хажууд суусан залуугийн халааснаас миний утас цухуйж байхаар нь 4 согтуу залуутай маргаан үүснэ гээд шууд цагдаа дуудсан.

Н.Б- нь машинаас суухдаа хэний утас вэ гэж асуугаагүй. Би утсаа машины утас тогтоогч дээр тавьдаг. Өөр газар тавьдаггүй. Би өөрийн гар утсаа хүлээн авсан тул нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэв.

 

Шүүгдэгч Н.Б- нь 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “PC mall” дэлгүүрийн урд автобусны буудал дээр хохирогч Б.Энхээгийн автомашинаас буухдаа түүний  эзэмшлийн Айфоне 7 плас загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:   ...Тухайн 4 залууг машинаас буусны дараа утсаар ярих гээд гар утсаа үзтэл байхгүй болохоор нь ээжийнхээ утсаар өөрийн дугаар руу залгахад холбогдох боломжгүй байсан. Миний утас унтрах ямар ч нөхцөлгүй 96 хувийн цэнэгтэй байсан. Цагдаа дуудаад ирэх хүртэл нь машиндаа нөгөө 4 залууг хараад сууж байхад саарал үстэй залуугийн халаасанд миний утас харагдсан. Ингээд миний утсыг гаргаж өгсөн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Б.Энхээгийн мэдүүлэг / хх 5-7, 9-10 /,      ...Хоол идээд сууж байхад гаднаас цагдаа нэг залуутай орж ирээд Н.Б-ийг аваад явсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Х.Мөнгөнхуягийн мэдүүлэг / хх 10-11 /,     ...Хоол идээд сууж байхад нэг залуу цагдаагийн хамт орж ирээд Н.Б-ийг заагаад “ Миний утсыг зүүн халааснаасаа гаргаад өг “ гэж хэлэхэд Н.Б-ийг утас авсан гэдгийг мэдсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Ш.Ганбатын мэдүүлэг / хх 12-13 /,     ... найзуудын хамт манай гэрт 0.75л 4 шил архи уучихаад гараад такси бариад хоол идэхээр мэргэжилтний 20-н шөлөндөө орсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Д.Нямцэрэнгийн мэдүүлэг / хх 14-15 /,  ...Н.Б-ийг эрүүлжүүлэх байранд хүргэж өгөх замд тэрээр “Би гар утас олчихлоо гэж бодоод утсыг нь унтраасан юм. Би санаатай авсан бол Шөлөндөө хоолны газраас гараад явчих байсан. Санаандгүй юм боллоо “ гэж ярьсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Д.Алтанхүүгийн мэдүүлэг / хх 59 /,    ...Авто машины урд талын салон хэсэгт утас тогтоогч байрлуулсан болохыг тогтоосон Авто машинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх 60-62 /,     ...“Дамно” ХХК-ний СБ1-20-1484 дугаартай хөрөнгийн үнэлгээгээр Айфоне 7 плас маркийн гар утсыг 490.000 төгрөгөөр үнэлсэн тайлан / хх 33-34 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Н.Б-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Н.Б-д ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Н.Б- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид гар утсыг буцаан өгч хохиролгүй болгосон, согтуурсан үедээ шунахай зорилгоор гэмт хэрэг үйлдсэн, түүний гэм буруут үйлдлийн улмаас 490.000 төгрөгний хохирол учирсан зэргийг харгалзан түүнд хуульд заасан 300 / гурван зуу / цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Н.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг дурьдав.

 

Шүүхээс шүүгдэгч Н.Б-ийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч, өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Н.Б- нь хохирогчийн гар утсыг санаатай аваагүй, суусан сандал дээр байсан гэж мэдүүлсэн нь үндэслэлгүй бөгөөд дараахь баримтуудаар няцааж байна. Үүнд:

1. Мөрдөн шалгалтын явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад хохирогч Б.Энхээд хууль сануулан мэдүүлэг авахад “ Би өөрийн гар утсаа машины урд талын салонд байрлуулсан утас тогтоогч дээр тогтоосон байсан “ гэж мэдүүлсэн байна. / хх 38-39 /

2. Хохирогч Б.Энхээгийн авто машинд үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтээр машины урд талын салонд утас тогтоогч байрлуулсан болох нь нотлогдож байна.

3. Шүүгдэгч Н.Б- нь тухайн гар утсыг хэнийх болохыг гэрч нараас асуусан гэснийг хохирогч Б.Энхээгийн “  Хэн нэгнээс гар утасны талаар асуугаагүй. Миний утсыг унтраасан байсан“ гэх мэдүүлэг, шүүгдэгч Н.Б-ийн шүүх хуралдаанд өгсөн “Манай найз нарын хэн нь ч дугараагүй. Жолооч анзаараагүй байх” гэсэн мэдүүлгүүдээр тус тус үгүйсгэгдэж байна.

 

Иймд шүүгдэгч Н.Б- нь бусдын эд хөрөнгө болох гар утсыг нууц далд аргаар хүч хэрэглэхгүйгээр өөрийн эзэмшилд авч, улмаар хохирогчийн утсыг унтрааж өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлснээр хулгайлах гэмт хэргийг төгссөн гэж үзнэ. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Н.Б-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Н.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 / гурван зуу / цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Н.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар нь Н.Б- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Н.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ОЮУНЧИМЭГ