Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 147

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Янжиндулам даргалж, хуралдааны танхимд нээлттэй хийж,

нэхэмжлэгч- **************** нэхэмжлэлтэй,

хариуцагч- ********************* холбогдох,

сувилахуйн албаны даргын ажлаас чөлөөлж, хүүхдийн тасгийн сувилагчаар өөр ажилд буруу шилжүүлсэн хугацааны цалингийн зөрүүд 1.724.080 төгрөг, 2015 оны 1 дүгээр улирлын урамшуулалт цалинд 264.000 төгрөг, нийт 1.988.080 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ***********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинтөр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэгдсэн эмнэлгийн сувилахуйн албаны даргаар ажилладаг бөгөөд 2014-2016 онд өөр ажилд буруу шилжүүлсэн тул ажилд эргүүлэн томилуулах нэхэмжлэл тус шүүхэд гаргасан. Ингээд 3 шатны шүүхээр шийдэгдэж 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр сувилахуйн албаны даргын ажилд томилж, 3 дугаар сарын 24-ний өдөр ажлаас үндэслэлгүй дахин чөлөөлсөн тул шүүхэд хандаж шийдвэрлүүлээд 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эргээд сувилахуйн албаны даргын ажилдаа томилогдсон байгаа. Тиймээс 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны сувилахуйн албаны даргаас сувилагчийн албан тушаалд ажилласан хугацааны цалингийн зөрүүг нэхэмжилж байна. Нийт 8 сарын хугацаа байгаа, 2 шатлалын хоорондох зөрүү 215.500 төгрөгийг 8 сараар үржүүлээд 1.724.080 төгрөг болж байгаа. Мөн 2012 оны Засгийн газрын 150 дугаар тушаалын 1.5-д заасныг үндэслэн цалингийн мөнгөн урамшууллыг улирал тутам бодож олгодог тул 2015 оны 1-р улирлын мөнгөн урамшуулал 264.000 төгрөгийг байгууллагыг шүүхэд өглөө гэх үндэслэлээр хассан байсан тул энэ мөнгийг мөн нэхэмжилж байна гэв.

Хариуцагч шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Засгийн газрын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 150 дугаар тогтоолоор “Эрүүл мэндийн ажилтанд нэмэгдэл мөнгөн урамшуулал олгох журам”-ын 2.8-д заасны дагуу эрүүл мэндийн байгууллагын тасаг нэгжүүдийн хамт олны хурлаас гарсан дүгнэлтийг үндэслэн эрүүл мэндийн ажилтанд мөнгөн урамшил олгох шийдвэрийг удирдлагын багийн хурлаар хэлэлцүүлэн дарга шийдвэрлэнэ гэсэн заалтаар нэгдсэн эмнэлгийн удирдлагын зөвлөлийн 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн хурлаас гарсан шийдвэр нэгдсэн эмнэлгийн даргын шийдвэрээр *************** нэхэмжилсэн 2015 оны эхний 3 сарын урамшуулалт цалинг олгохгүй байх шийдвэрийг гаргасан. Мөн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 3 дугаар 25-ны өдрийн 134 дүгээр шийдвэрээр энэ урамшуулалт цалинг нэхэмжилсэнийг хүчингүй болгосон. Иймд *********** нэхэмжилсэн 2015 оны эхний 3 сарын урамшуулалт цалин 264.000 төгрөгийг олгох боломжгүй. Яагаад гэвэл өмнө нь шүүхээр шийдвэрлүүлсэн, анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхээс гарсан шийдвэрийн дагуу ************ нэгдсэн эмнэлгийн сувилахуйн албаны даргаар 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эгүүлэн томилсон. ********** хүүхдийн тасгийн сувилагчаар ажиллаж байх хугацаанд сувилахуйн албаны даргаар *********** ажиллаж төсөвт тусгагдсан цалингаа авч байсан тул байгууллагын төсөв, цалингийн сан хүрэлцэхгүй байгаа. Төсөвт сувилахуйн албаны дарга нэг, хүүхдийн тасгийн ахлах сувилагч гээд суугдсан байдаг тул манайхаас ямар нэгэн цалингийн зөрүүг гаргах боломжгүй тул тухайн үед ажиллаж энэ шийдвэрийг буруу гаргаж буруутай үйл ажиллагаа явуулсан этгээдээс гаргуулах саналтай байна. Тиймээс уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч * нь сувила***********хуйн албаны даргын ажлаас чөлөөлж, хүүхдийн тасгийн сувилагчаар бага цалинтай ажилд буруу шилжүүлсэн хугацааны цалингийн зөрүүд 1.724.080 төгрөг, 2015 оны 1 дүгээр улирлын урамшуулалт цалинд 264.000 төгрөг, нийт 1.988.080 төгрөгийг хариуцагч ************* гаргуулахаар шаарджээ /хх-1/.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эмнэлгийн удирдлагын зөвлөлийн 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн хурлаас гарсан шийдвэрийн дагуу нэгдсэн эмнэлгийн даргын шийдвэрээр ************** 2015 оны эхний 1 дүгээр улирлын урамшуулалт цалинг олгохгүй байх шийдвэр гарсан. Мөн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 134 дүгээр шийдвэрээр энэ урамшуулалт цалинг нэхэмжилсэнийг хүчингүй болгосон. Шүүхийн шийдвэрийн дагуу ************ нэгдсэн эмнэлгийн даргын тушаалаар 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс сувилахуйн албаны даргаар эргүүлэн томилсон. ************* хүүхдийн тасгийн сувилагчаар ажиллаж байх хугацаанд сувилахуйн албаны даргаар *********** ажиллаж төсөвт тусгагдсан цалингаа авч байсан тул байгууллагын төсөв, цалингийн сан хүрэлцэхгүй байгаа тул уг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан /хх-31, 41-45, 46-52/.

Нэхэмжлэгч ************ ************** даргын 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Б/20 тоот тушаалаар сувилахуйн албаны даргын үүрэгт ажлаас нь чөлөөлж хүүхдийн тасгийн сувилагчаар томилсон байх бөгөөд Сум дундын 5 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 134 дүгээр шийдвэрээр Говь-Алтай аймгийн ************ урьд эрхэлж байсан ажил болох сувилахуйн албаны даргын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн, уг шийдвэр давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэвээр батлагдсан талаар хариуцагч тал маргаагүй, уг шийдвэрийн дагуу нэхэмжлэгчийг өмнөх ажилд нь эгүүлэн тогтоосон болох нь зохигчдын тайлбар, нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн томилсон 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/98 тоот тушаалын хуулбар, 0822401 дугаартай нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар зэргээр тогтоогдож байна /хх-4, 41-45, 3, 54-56/.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан тул дээрх шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтын талаар шүүх дахин дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч ************ хариуцагч байгууллага Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 001/хт2016/01179 дугаар тогтоол, Монгол улсын Засгийн газрын 75 дугаар тогтоолыг тус тус үндэслэн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/98 тоот тушаалаар сувилахуйн албаны даргаар эгүүлэн томилсон байх бөгөөд хариуцагч талын ************* хүүхдийн тасгийн сувилагчаар ажиллаж байх хугацаанд сувилахуйн албаны даргаар *********** ажиллаж төсөвт тусгагдсан цалингаа авч байсан тул байгууллагын төсөв, цалингийн сан хүрэлцэхгүй тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд ажил олгогч, ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй” гэж,

мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговор олгоно” гэж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ” гэж, мөн зүйлийн 11.2-т “Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ” гэж тус тус заасан.

Ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн авах үүргээ биелүүлээгүйн эрх зүйн үр дагаварыг хариуцах учиртай бөгөөд Сум дундын 5 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдөр гарсан 134 дугаартай шийдвэрийг хариуцагч ************** 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр биелүүлж, нэхэмжлэгч ****************г Б/98 тоот тушаалаар хүүхдийн тасгийн сувилагчийн үүрэгт ажлаас чөлөөлж, сувилахуйн албаны даргаар эгүүлэн томилсон байх тул нэхэмжлэгч бага цалинтай ажил хийж байсан хугацааны цалингийн зөрүүтэй тэнцэх олговор гаргуулахаар шаардах эрхтэй байна /хх- 3, 41-45/.

Нэхэмжлэгчийн сувилахуйн албаны дарга ТҮЭМ-6-5 гэсэн шатлалаар сарын 742.153 төгрөгийн цалинтай, хүүхдийн тасгийн сувилагч ТҮЭМ-2-5 гэсэн шатлалаар сарын 526.643 төгрөгийн цалинтай ажилладаг гэх, 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс бага цалинтай ажил эрхэлсэн гэх тайлбарыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үгүйсгэж, маргаагүй тул нэхэмжлэгч ************* бага цалинтай ажил эрхэлсэн хугацаа буюу 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх нийт 8 сарын хугацааны цалингийн зөрүүтэй тэнцэх олговрыг хариуцагч ************** гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна /хх-4, 3/.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “...хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговор олгоно” гэж заасан тул сувилахуйн албаны даргын үндсэн цалин 742.153 төгрөг, хүүхдийн тасгийн сувилагчийн үндсэн цалин 526.643 төгрөгний зөрүү нь 215.510 төгрөг байх боловч нэхэмжлэгч 215.500 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн тул бага цалинтай ажил эрхэлсэн хугацаа болох 8 сараар тооцож 1.724.000 /нэг сая долоон зуун хорин дөрвөн мянган/ төгрөгийн олговрыг хариуцагч *************** гаргуулж нэхэмжлэгч ************ олгож, уг шаардлагаас 80 төгрөгний шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Учир нь нэхэмжлэгч цалингийн зөрүүд 1.724.080 төгрөг нэхэмжилсэн бөгөөд нэхэмжлэгч цалингийн 1 сарын зөрүүг 215.500 төгрөгөөр шаардсан тул бага цалинтай ажил эрхэлсэн хугацаагаар тооцоход 1.724.000 төгрөг гарсан болно /хх-1, шүүх хуралдааны тэмдэглэл/.

2015 оны 1 дүгээр улиралын урамшуулалт цалин 264.000 төгрөгний тухайд

Нэхэмжлэгч “...өмнө нь шүүхэд хандахдаа 2015 оных биш, өөр цалингийн урамшуулал ерөнхийд нь нэхэмжилж, урамшуулал бодож олгоно уу гэсэн шаардлага гаргаж байсан. 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдөр шийдвэр гарах үед 2015 оны 1 дүгээр улиралын урамшуулалд 264.000 төгрөг гаргуулах шаардлага гаргаж байгаагүй...” гэж тайлбарлаж 2015 оны 01 дүгээр улиралын урамшуулалт цалинд 264.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн /хх-1, шүүх хуралдааны тэмдэглэл/.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч уг шаардлагын талаар өмнө нь шүүх шийдвэрлэж хэрэгсэхгүй болгосон, удирдлагын зөвлөлийн хурлаар *************** 2015 оны нэгдүгээр улиралын урамшуулалт цалин олгохгүй байхаар шийдвэрлэсэн тул уг шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан /хх-31, 41-45, шүүх хуралдааны тэмдэглэл/.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан Сум дундын 5 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 134 дугаартай шийдвэрийн үндэслэх хэсэгт “нэхэмжлэлийн шаардлагын нэг хэсэг болох 2014 оны ажлын үр дүнгийн урамшуулал” нэхэмжилсэн талаар дурдсан байх бөгөөд 2015 оны 1 дүгээр улиралын урамшуулал нэхэмжлээгүй болох нь уг шийдвэрээр тогтоогдож байна /хх-44/.

Хариуцагч талын нотлох баримтаар гаргасан 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хуралдсан удирдлагын зөвлөлийн хурлын тэмдэглэлд хэлэлцэх асуудал 1-д 2015 оны 1 дүгээр улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшуулалыг хэлэлцсэн байх бөгөөд уг тэмдэглэлд хуудас дугаарлаагүй, шүүхэд ирсэн тэмдэглэлийн 4 дүгээр нүүр буюу хавтаст хэргийн 49 дүгээр хуудсанд “...шийдвэрлэсэн нь гээд удирдлагын зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар хүүхдийн тасгийн ахлах сувилагч ************* үр дүнгийн урамшуулал олгохгүй байхаар шийдвэрлэв” гэсэн байна.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас дүгнэхэд дээрх хурлын тэмдэглэлийг хариуцагч тал эх хувиар нь өгсөн гэж тайлбарлаж нэхэмжлэгч маргаагүй, нэхэмжлэгч *************** 2015 оны 1 дүгээр улирлын урамшуулал олгохгүй байх удирдлагын зөвлөлийн шийдвэр 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хуралдаж гарсан, урамшуулал хассан тухай нэхэмжлэгч 2015 оны 4 дүгээр сард цалин буухад мэдсэн талаараа тайлбарлаж, тухайн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаагүй болох нь түүний тайлбараар тогтоогдож байх боловч нэхэмжлэгч тухайн улиралын ажлаа дүгнүүлж урамшуулал авах эрх үүссэн гэх байдлаа баримтаар нотлоогүй тул 2015 оны 1 дүгээр улирлын урамшуулалд 264.000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй байна.

Нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргасан нэгдсэн эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан нартай хийх хөдөлмөрийн гэрээ, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 75 дугаартай тогтоол гэсэн баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно /хх-7-12/.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар “нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа, хариуцагч татгалзлаа нотолсон баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1, 56 дугаар зүйлийн 56.2-д заасныг тус тус баримтлан хариуцагчаас 42.534 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч ************** 1.724.000 /нэг сая долоон зуун хорин дөрвөн мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ****************-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 264.080 /хоёр зуун жаран дөрвөн мянга наян/ төгрөгний шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1, 56 дугаар зүйлийн 56.2-д заасныг тус тус баримтлан хариуцагчаас 42.534 /дөчин хоёр мянга таван зуун гучин дөрвөн/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                                             Д.ЯНЖИНДУЛАМ