Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/92

 

 

 

 

 

 

 

2021          02         02                                     2021/ШЦТ/92

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,

нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,                                     

улсын яллагч С.Болорзул, 

шүүгдэгч Г.Д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.Д-т холбогдох эрүүгийн 2009000001512 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, хувиараа махны үйлдвэрт мах бэлтгэгч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт .... тоотод оршин суух, Банязүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 1415 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, уг ялыг биелүүлсэн / хх 71 / бие эрүүл, ухаан бүрэн / РД: .... / ... Г.Д нь:

 

- 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, ... тоотод оршин суух гэртээ 12 настай, төрсөн хүү Д.Мөнх-Ирээдүйг ээжтэйгээ муухай харьцлаа гэх шалтгаанаар төмөр оосроор нуруун тус газар нь ороолгож биед нь нуруунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Насанд хүрээгүй хохирогч Д.Мөнх-Ирээдүй мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ээж миний гар утсыг хураагаад аваад явсан. Тэгээд би өөрийн дүүгийнхээ утсаар ээж рүүгээ залгаад “Ээж та миний утсыг хураагаад явчихав. Би өнөөдөр дугуйлантай байсан шүү дээ. Яагаад миний утсыг хураагаад аваад явчихваа” гэж бараг загинах шахуу ярьсан. Тэгээд ээжийг орой ирэхээр нь “Миний утсыг өгөөрэй. Би дахиж таныг утас аваад ир гэж загинахгүй. Хүүгээ уучлаарай” гэж хэлэхэд миний утсыг ээж өгсөн. Тэгээд аав жаахан архи уучихсан орж ирээд өөрийнхөө машины түлхүүрт байдаг 15 орчим см урттай чимэглэлээр миний нуруу руу 1 удаа цохьсон. Тухайн үед нуруу хорсож байсан. Тэгээд би гэрээсээ улаан өнгийн пудволк, хар өнгийн өмд, тавчиктай гарч гүйгээд гудамжинд рашааны дэргэд явж байхад танихгүй ах эгч 2 намайг машиндаа суулгасан. Тэгээд надаас таньдаг ах эгч нарынхаа утасны дугаарыг өг гэхээр нь би Баянхошуунд байдаг ээжийнхээ төрсөн ахын дугаарыг өгсөн. Тэгээд 32-н тэнд байдаг колонкын тэндээс манай ах намайг авч яваад “Ахын дүү хувцаснуудаа аваад манайд оч” гэж хэлэхээр нь гэр рүү очиход цагдаа ирчихсэн байсан. Тэгээд ах эгчтэйгээ явах гэсэн чинь хэлтэс дээр очно. Тэгээд шүүх эмнэлэгт үзүүлнэ гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн газар ирсэн гэжээ. / хх 40-42 /

 

            Гэрч Ө.Үүрийнтуяа мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Тухайн өдөр хагас сайн өдөр байсан. Нөхөр бид 2 байхгүй үед хүү замбараагүй утас хэрэглээд байдаг болохоор нь би утсыг нь аваад, сим картыг нь нокиа загварын гар утсанд хийгээд явсан. Тэгээд намайг ажил дээр очсон байхад 09.00 цагийн үед манай хүү над руу залгаж уурлаад “Чамайг хэн миний утсыг авч яв гэсэн юм. Өдөржингөө юу хийх юм” гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд над руу 10.00 цагийн үед нөхөр Г.Д залгаад ажил чинь хэр байна гэж залгахаар нь би “Хэн утас авч яв гэсэн юм гээд хүү уурлаад залгаж байна” гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд би орой 17.00 цаг өнгөрөөгөөд гэртээ очсон. Нөхөр 20.00 цаг өнгөрөөгөөд уучихсан ирсэн. Тэгээд орж ирэхэд нь манай хүү өмдтэйгөө, дээгүүрээ нүцгэн байсан. Нөхөр ээжийгээ хүндэлсэнгүй, үгэнд нь орсонгүй гэж хэлээд түлхүүрийн оосроор нуруу руу нэг удаа ороолгоход манай хүү гараад гүйсэн. Би оруулж ирэх гээд гарахад хашаанд байгаагүй учраас тэр хавиас хайхад олдоогүй. Ингээд цагдаад мэдэгдсэн. Тэгээд цагдаад мэдэгдчихээд байж байхад манай ах Нэргүй залгаад “Бөмбүүлээ замаасаа машинд суугаад эмээгийнх рүү явж байна. Би тосож явах гэж байна” гэж надтай ярьсан гэж надад хэлсэн. Тэгээд манай ах тосож аваад гэрч авчирсан гэжээ. / хх 43-44 /

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 12610 дугаартай дүгнэлтэд:

1. Д.Мөнх-Ирээдүйн биед нуруунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. / хх 48-49 /

 

Яллагдагч Г.Д мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Тухайн үед би 0.33 гр шилтэй архины талыг нь уучихаад гэртээ орсон. Хүү Д.Мөнх-Ирээдүй нь ээжийгээ элдэв янзаар хэлээд, алдаа дутагдал их гаргаад байхаар нь 15 см урттай гинжээр ганц ороолгоход хүү гараад гүйсэн. Тэгээд нуруу нь дээр нь 10 см орчим газар улайсан байсан. Өөр гэмтэл байгаагүй гэжээ. / хх 3-4 /

 

Шүүгдэгч Г.Д-ыг 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / хх 3-4 / 

 

Шүүгдэгч урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгасан тэмдэглэл / хх 62 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Г.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Г.Д нь 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, ... тоотод оршин суух гэртээ 12 настай, төрсөн хүү Д.Мөнх-Ирээдүйг ээжтэйгээ муухай харьцлаа гэх шалтгаанаар төмөр оосроор нуруун тус газар нь ороолгож Д.Мөнх-Ирээдүйн биед нь нуруунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:   ...Ээж миний гар утсыг хураагаад аваад явахаар нь залгаад “Яагаад миний утсыг хураагаад аваад явчихваа” гэж бараг загинах шахуу ярьсан. Тэгээд аав жаахан архи уучихсан орж ирээд өөрийнхөө машины түлхүүрт байдаг 15 орчим см урттай чимэглэлээр миний нуруу руу 1 удаа цохиход нуруу хорсож өвдсөн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн насанд хүрээгүй хохирогч Д.Мөнх-Ирээдүйн мэдүүлэг / хх 40-42 /,     ...Нөхөр бид хоёрыг гэртээ байхгүй үед хүү замбараагүй утас хэрэглээд байдаг болохоор нь би утсыг нь аваад явсан. Тэгээд намайг ажил дээр байхад манай хүү над руу залгаж уурлаад “Чамайг хэн миний утсыг авч яв гэсэн юм. Өдөржингөө юу хийх юм” гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд нөхөр Г.Дт хэлээд утсаа салгасан. Орой нөхөр архи уучихсан ирээд хүүг “Ээжийгээ хүндэлсэнгүй, үгэнд нь орсонгүй” гээд түлхүүрийн оосроор нуруу руу нь нэг удаа ороолгоход манай хүү гараад гүйсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Б.Үүрийнтуяагийн мэдүүлэг / хх 43-44 /,   ...Д.Мөнх-Ирээдүйн биед нуруунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 12610 дугаартай дүгнэлт / хх 48-49 /,     ...Орой гэртээ орохдоо архи уусан орсон. Хүү Д.Мөнх-Ирээдүй нь ээжийгээ элдэв янзаар хэлээд, алдаа дутагдал их гаргаад байхаар нь 15 см урттай гинжээр ганц ороолгоход хүү гараад гүйсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Г.Дын мэдүүлэг / хх 3-4 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Д-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Д-т ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Г.Д нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, ажил хөдөлмөр эрхэлдэг хувийн байдал зэргийг харгалзан прокурорын санал болгосон 600.000 төгрөгийн торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.Мөнх-Ирээдүй нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй / хх 77 / гэсэн тул түүнийг төлөх төлбөргүй болохыг дурьдав.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Д-ыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч, өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г.Д-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Г.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 / зургаан зуу / нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Г.Д нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Г.Д нь шүүхээс тогтоосон торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож,  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Г.Д-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Д-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ОЮУНЧИМЭГ