Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/124

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д-ын Б-т холбогдох эрүүгийн 20100 1575 0868 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Б.Гүнсэл, хохирогч Б.О, шүүгдэгч Д.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч У.Батцэцэг нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1968 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, суурь машинист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа хамт амьдрах, хххх тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 1996 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 151 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 1-д зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ял, 

- Хан-Уул дүүргийн шүүхийн 1997 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 390 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2-д зааснаар 02 жил 06 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтаан бүгд 03 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 38 дугаар зүйлийн 1-д зааснаар өмнөх тогтоолоор буюу Чингэлтэй дүүргийн шүүхийн 1996 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 151 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 03 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 02 жил 03 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 05 жил 03 сарын хугацаагаар хорих ял гэж тогтоосон,

- Хан-Уул дүүргийн шүүхийн 1998 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 138 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4-т зааснаар 05 жилийн хугацаагаар хорих ял, 124 дүгээр зүйлийн 2-д зааснаар 02 жил 08 сарын хугацаагаар хорих ял, 211 дүгээр зүйлийн 2-д зааснаар 02 жил 06 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтаан, эдлэх ялыг бүгд 05 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 38 дугаар зүйлийн 1-д заасныг журамлаж Д.Бт оногдуулсан 05 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ял дээр Чингэлтэй дүүргийн шүүхийн 1996 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 151 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 03 жилийн хугацаагаар хорих ялын заримыг буюу 02 жил 03 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 07 жил 03 сарын хугацаагаар тогтоосныг биечлэн эдэлж байгаад Говь-Сүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 14 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 01 жил 08 сар 12 хоногийн хорих ялын өмнө тэнсэн суллагдсан,

- Говь-Сүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 02 жилийн хугацаагаар хорих ял, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг журамлан оногдуулсан ялын хөнгөнийг хүндэд нь багтааж, нийт эдлэх ялыг 02 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ял дээр Говь-Сүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 14 дугаар шүүгчийн захирамжаар хугацааны тэнсэн сулласан 01 жил 08 сар 12 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 03 жил 08 сар 12 хоног гэж тогтоосныг биеэр эдэлж байгаад 2006 оны 08 дугаар сарын 21-ний өдөр суллагдсан,

- Говь-Сүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 6А дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 05 жил 06 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,  

- Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 210 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-д зааснаар 50.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 01 сарын хугацаагаар хорих ял, 261 дүгээр зүйлийн 261.2-т зааснаар 05 жил 01 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-д зааснаар 50.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 01 сарын хугацаагаар хорих ял дээр 261 дүгээр зүйлийн 261.2-т зааснаар 05 жил 01 сарын хугацаагаар хорих ялын заримыг буюу 06 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх нийт ялыг 10 жил 07 сарын хугацаагаар тогтоосныг биечлэн эдэлж байгаад 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хуулийн тэгшитгэлд орж суллагдсан гэх, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Д-ын Б- /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.Б нь 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Хххх тоотод оршин суух иргэн Б.О-ын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтэрч, Iphone X загварын гар утсыг нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 875.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

 

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Д.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Говь-Сүмбэр аймгийн Сүмбэр сумаас Улаанбаатар хотод орж ирээд найзтайгаа хамт архи уусан. Найзынхаа гэрээс шөнө гарч яваад Яармагийн 1 дүгээр буудлын ард ирсэн юм. Тэндээс дэлгүүр орж юм авч идэх гээд зогсож байхад энэ залуу ирээд “утас авсан байна, буцааж өг” гэсэн. Тэгээд цагдаа дээр ирээд мэдүүлэг авч, таньж олуулах ажиллагаа хийсэн байсан. Би хулгай хийж, хүний гар утас аваагүй.” гэсэн мэдүүлэг,

 

2. Хохирогч Б.Оын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...2020 оны 8 дугаар сарын 06-ны өглөө 07 цаг 05 минутаас 07 цаг 10 минутын хооронд энэ асуудал болсон. Би гэрээсээ гараад худаг орохын хооронд энэ хүн манай гэрт орсон байсан. Намайг гэрээс гарахад шүүгдэгч Арцатын жалгаар уруудаж явсан. Тэгээд намайг буцаад ирэхэд манай гэрт орчихсон зогсож байсан. Яг тэр явдлыг алгасаж худал мэдүүлээд байна. Дэлгүүрийн хяналтын камерт шүүгдэгч нь гүйж зугтааж явсан нь бичигдсэн байдаг. Миний Iphone Х маркийн гар утас алдагдсан ба үнэлгээгээр 875.000 төгрөг гэж тогтоогдсон. Хохирлыг барагдуулах хүсэлттэй байна. Шүүгдэгч манай гэрт ороход гутлын мөр байсан, тэгээд цагдаад хэлэхэд “гутлын мөр бараг хэрэггүй дээ, зөөлөн эдэн дээр тусгагдсан мөрийг танихад хэцүү” гэж байсан.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 20100 1575 0868 дугаартай хэргээс:

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Оын хохирогчоор өгсөн:

“...Би Хххх тоотод эхнэр, хүүхдийн хамтаар амьдардаг юм. ...Би 2020 оны 8 дугаар сарын 06-ны өглөө 06 цаг 40 минутын орчимд гэрээсээ гарахад манай эхнэр, хүүхэд унтаад үлдсэн. Би өөрийн автомашинаар Баянгол дүүрэгт байрлах Монос эмийн сангийн урд очиж, тэнд унаанаас мах аваад 07 цаг 30 минутад гэртээ ирсэн. Тухайн үед би гэрээсээ гарахдаа гэрийн хаалга болон хашааны гүйдэг хаалгыг онгойлгоод онгорхой үлдээсэн байсан. Би байшиндаа ороод усны 40 литрийн саваа усны карттайгаа аваад гэрээсээ буцаад гарсан. Тухайн үед би гэрийн болон хашааны хаалгаа хаалгүй өөрийн машинтайгаа гараад, худаг дээр очиж 5-6 минут орчим болоод гэртээ усаа аваад ирэхэд манай эхнэр, охин хоёр унтаж байсан.

Том өрөөнд 50-55 насны эрэгтэй, хар өнгийн хувцастай хүн зогсож байхаар нь би “юун хүн билээ” гэхэд манай гэрт байсан хүн “энэ Баярсайханых гэдэг айл мөн үү” гэж хэлсэн. Би “энд тийм хүн байхгүй” гэж хэлээд тэр хүнийг гэрээсээ гаргасан. Би гэрт байсан танихгүй хүнийг гаргаад 1-2 орчим минутын дараа буцаж ороод эхнэрээс “алга болсон юм хум байна уу” гэхэд манай эхнэр “миний утас алга болсон байна” гэхээр нь би буцаж гудамж руу гарахад нөгөө манай гэрт зогсож байсан хүн гүйгээд зугтаасан мэт алга болсон байсан.

Би тэр хүнийг харвал танина, 50-55 насны эрэгтэй, хар өнгийн хувцастай, бага зэргийн архи үнэртүүлсэн байдалтай, ...нүд нь жартгар, ...эвгүй царайтай хүн байсан. Гомдолтой байна, миний гар утсыг аваад зугтсан хүнд хуулийн дагуу хариуцлага тооцож өгнө үү.” гэсэн мэдүүлэг /хэргийн 06х/,

 

2. Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Мөрдөгчийн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 11-12х/,  

 

3. Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 9 дүгээр гудамжинд байрлах “Шинэ гацуур” хүнсний дэлгүүрийн хяналтын камерийн бичлэгт 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Сиди 1 ширхэгийг хэрэгт эд мөрийн баримтаар тооцох тухай Мөрдөгчийн тогтоол /хэргийн 13-14х, 15х/,

 

4. Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн ХУ2-20-539 дугаартай:

“...үнэлэгдэж буй Iphone X маркийн 64 gb багтаамжтай, дэлгэц нь хагарсан гар утас нь ...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 875.000 /найман зуун далан таван мянга/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн хохирогч Б.Оын алдагдагдсан эд зүйлийг үнэлсэн үнэлгээний тайлан дүгнэлт /хэргийн 19-20х/,

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Лхагванямын гэрчээр өгсөн мэдүүлэг:

“...2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр үүрээр манай нөхөр ажлаасаа буугаад гэртээ ирсэн. ...Өглөө 6 цагийн үед нөхөр Б.О гэрээс гараад явахаар нь би хальт өөрийн хар өнгийн Iphone X загварын гар утсаар фейсбүүк орж оролдож байгаад утсаа газар тавиад буцаад унтсан. Унтаад байж байтал нөхөр нэг хүнийг гэрээсээ хөөгөөд байхаар нь би “юу билээ” гэж бодоод сэрсэн. Тэгтэл нөхөр Б.О нэг хөгшин хүнийг гэрээсээ гаргаад, би хойноос нь гарахад тэр хүнийг хашаанаас хөөгөөд явуулсан байсан. Б.О гэрт орж ирээд “юм хум алга болсон байна уу, хараарай” гэж хэлэхээр нь би гар утас байсан газар харахад утас байхгүй болсон байсан. Тэр дор нь гар утас руугаа залгаад үзтэл миний утсыг аваад миний болон нөхрийн хоолойг сонсож байснаа утсаа салгачихсан. Дахин дахин залгахад утас аваад хариу дуугарахгүй байгаад байсан. Уг алдагдсан гар утсыг 1.630.000 төгрөгөөр нөхөр Б.О авч өгсөн утас юм. Утасны имей кодыг мэдэхгүй байна, дэлгэц нь хагарсан байсан. Тэр хүн гэрт орж ирэхдээ ямар ч чимээ гаргаагүй, чимээгүй орж ирсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 09х/,     

 

6. Шүүгдэгч Д.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн:

“...Би 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумаас Улаанбаатар хотод орж ирсэн. Уг өдрөө Сансар колонкны буудлаас хойшоо цэргийн найз болох Эрдэнэбаяр гэх залуутай хамт гэрт нь очиж 0.5 литрийн савалгаатай “Цагаан архи” нэртэй архийг хувааж уусан юм. Тэгээд тэндээ унтацгаасан. 2020 оны 8 дугаар сарын 05-ны шөнө 02 цагийн үед тус айлаас гараад Яармаг руу Мөнгөнхүү гэх хуурай дүү байдгийг санаад явсан. Өглөө 05 цаг болж байхад Яармагийн 1 дүгээр буудлын ард ирсэн ба тухайн үед бага зэргийн согтолттой байсан. Тэгээд 1 дүгээр буудлаас хойшоо явж байгаад гудамжны үзүүрт байх хүнсний дэлгүүрээс нэг элэгний нухаш, ундаатай аваад байж байхад цагаан өнгийн касктай залуу ирээд “чи манай гэрт орохдоо манай эхнэрийн гар утсыг авсан байна, гар утас гаргаж өг” гээд байсан. Би архи уусан байсан учир болсон асуудлыг сайн санахгүй байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 81х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 45х/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 26х/, Чингэлтэй дүүргийн шүүхийн 1996 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 151 дугаар таслан шийдвэрлэх тогтоол, Хан-Уул дүүргийн шүүхийн 1997 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 390 дугаар таслан шийдвэрлэх тогтоол, Хан-Уул дүүргийн 1998 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 138 дугаар таслан шийдвэрлэх тогтоол, Говь-Сүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 29 дугаар шийтгэх тогтоол, мөн шүүхийн 2009 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 06 дугаартай, 2009 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 06/А дугаартай шийтгэх тогтоолууд, Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 210 дугаартай шийтгэх тогтоол /хэргийн 29-30х, 31-32х, 33-34х, 35х, 36-38х, 39-40х, 41-43х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үнэлсэн ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Бын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.  

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт: 

Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээр дурдсан нотлох баримтуудыг үнэлж, дүгнээд “шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүргийн Прокуророос Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Прокуророос шүүгдэгч Д.Б нь 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Хххх тоотод оршин суух иргэн Б.Оын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтэрч, Ipone X загварын гар утсыг нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 875.000 төгрөгийн буюу хохирол учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргээр ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 12 дугаар гудамж, 481а тоот дахь иргэн Б.Оын гэрээс 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн өглөө 07.30 цагаас 07:40 цагийн орчимд хохирогч Б.Оын гэрийн болон хашааны хаалга үүд нь онгорхой, нээлттэй байхад нь хэргийн шүүгдэгч Д.Б нь “энэ Баярсайханых мөн үү” гэж айл асуух нэрээр тэднийд орсон, улмаар хохирогч түүнийг гэрээсээ гаргаад эд зүйлээ бүртгэхэд Ipone X загварын гар утас алдагдсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн:

- хохирогч Б.Оын: “ ...Би Хххх тоотод эхнэр, хүүхдийн хамтаар амьдардаг юм. ...Би 2020 оны 8 дугаар сарын 06-ны өглөө 06 цаг 40 минутын орчимд гэрээсээ гарахад манай эхнэр, хүүхэд унтаад үлдсэн. Би өөрийн автомашинаар Баянгол дүүрэгт байрлах Монос эмийн сангийн урд очиж, тэнд унаанаас мах аваад 07 цаг 30 минутад гэртээ ирсэн. Тухайн үед би гэрээсээ гарахдаа гэрийн хаалга болон хашааны гүйдэг хаалгыг онгойлгоод үлдээсэн байсан. Би байшиндаа ороод усны 40 литрийн саваа усны карттайгаа аваад гэрээсээ буцаад гарсан. Тухайн үед би гэрийн болон хашааны хаалгаа хаалгүй өөрийн машинтайгаа гараад, худаг дээр очиж 5-6 минут орчим болоод гэртээ усаа аваад ирэхэд манай эхнэр, охин хоёр унтаж байсан.

Том өрөөнд 50-55 насны эрэгтэй, хар өнгийн хувцастай хүн зогсож байхаар нь би “юун хүн билээ” гэхэд манай гэрт байсан хүн “энэ Баярсайханых гэдэг айл мөн үү” гэж хэлсэн. Би “энд тийм хүн байхгүй” гэж хэлээд тэр хүнийг гэрээсээ гаргасан. Би гэрт байсан танихгүй хүнийг гаргаад 1-2 орчим минутын дараа буцаж ороод эхнэрээс “алга болсон юм хум байна уу” гэхэд манай эхнэр “миний утас алга болсон байна” гэхээр нь би буцаж гудамж руу гарахад нөгөө манай гэрт зогсож байсан хүн гүйгээд зугтаасан мэт алга болсон байсан.

Би тэр хүнийг харвал танина, бага зэргийн архи үнэртүүлсэн, байдалтай нилэнхүйдээ хар өнгийн хувцас өмссөн, нүд нь жартгар, нээх эвгүй царайтай хүн байсан. Гомдолтой байна, миний гар утсыг аваад зугтсан хүнд хуулийн дагуу хариуцлага тооцож өгнө үү.” гэсэн мэдүүлэг /хэргийн 06х/,

- Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Мөрдөгчийн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 11-12х/,  

- Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 9 дүгээр гудамжинд байрлах “Шинэ гацуур” хүнсний дэлгүүрийн хяналтын камерийн бичлэгт 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Сиди 1 ширхэгийг хэрэгт эд мөрийн баримтаар тооцох тухай Мөрдөгчийн тогтоол /хэргийн 13-14х, 15х/ болон гэрч Б.Лхагванямын мэдүүлэг /хэргийн 09х/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон байна.

 

Тухайн хэргийн нөхцөлд шүүгдэгч Д.Б нь “өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байх” эрхийнхээ хүрээнд гэмт хэрэг үйлдээгүй, гэм буруугүй гэсэн мэдүүлэг өгч маргаж буй хэдий ч хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хохирогч Б.О, гэрч Б.Лхагваням нарын мэдүүлэг, мөн хохирогчийн “...Би тэр хүнийг харвал танина, 50-55 насны эрэгтэй, хар өнгийн хувцастай, бага зэргийн архи үнэртүүлсэн байдалтай, ...нүд нь жартгар, ...эвгүй царайтай хүн байсан...” гэх мэдүүлэгт үндэслэн гэрэл зургаар таньж олуулах ажиллагааг явуулахад хохирогч нь “...”энэ Баярсайханы гэх айл мөн үү” гэж хэлээд гэрт зогсоод зуухны цаагуур надаас зугтаагаад байсан эрэгтэй мөн байна” гэж шүүгдэгчийн зургийг шууд заасан нөхцөл байдлыг үгүйсгэх үндэслэл нотлогдоогүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад таньж олуулах ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйлд заасан журам, зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. 

 

Түүнчлэн шүүгдэгч Д.Б нь хохирогч Д.Отгонбаярын гэрт хууль бусаар нэвтэрсэн гэж үзэх хангалттай үндэслэл тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл шүүгдэгч нь түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах зэрэг хүч хэрэглэсэн идэвхитэй үйлдэл хийгээгүй, тухайн хэрэг учрал гарах үед хохирогч нь гэрийн хаалга болон хашааны гүйдэг хаалгаа онгойлгоод нээлттэй үлдээсэн байсан гэж мэдүүлсэн, мөн тухайн үед хохирогчийн эхнэр, хүүхэд нь гэртээ байсан /хэргийн 06-07х/ зэргээс шүүгдэгчийг хүн байнга амьдрах зориулалтаар орон байранд хууль бусаар нэвтэрсэн гэж дүгнэх боломжгүй юм.

 

Дээрх үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “...Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлан хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг ....шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн зарчимд үндэслэн шүүгдэгч Д.Б нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 12 дугаар гудамж, 481а тоот дахь иргэн Б.Оын гэрээс 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн өглөө 07.30 цагаас 07:40 цагийн орчимд хохирогч Б.Оын гэрт айл асууж орохдоо гэрээс нь Iphone X маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдож тогтоогдсон гэж дүгнэв.   

 

Иймд шүүгдэгч Д.Быг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тус тус тодорхойлон заасан. 

 

Шүүгдэгчийн үйлдсэн дээрх хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч Б.Оын эд хөрөнгөд нийт 875.000 /найман зуун далан таван мянга/ төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан нь хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, шинжилгээ хийх эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй, Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн үнэлгээчийн /хэргийн 19-20х/ үнэлгээний тайлан дүгнэлтээр тогтоогдсон.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх” үүрэгтэй байна. 

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт шүүгдэгч Д.Баас 875.000 /найман зуун далан таван мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Б.От олгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Д.Б нь урьд хэд хэдэн удаа гэмт хэрэгт холбогдож, ял шийтгүүлж байсан нь хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 26х/, Чингэлтэй дүүргийн шүүхийн 1996 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 151 дугаар таслан шийдвэрлэх тогтоол, Хан-Уул дүүргийн шүүхийн 1998 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 138 дугаар таслан шийдвэрлэх тогтоол, Говь-Сүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоол, Говь-Сүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 06А дугаартай шийтгэх тогтоол, Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 210 дугаартай шийтгэх тогтоол /хэргийн 29-30х, 31-32х, 33-34х, 35х, 36-38х, 39-40х, 41-43х/ баримтуудаар тогтоогдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан тул шүүгдэгчийн урьд хэд хэдэн удаа гэмт хэрэг үйлдэн ял шийтгүүлж байсан нөхцөл байдал нь түүний эрх зүйн байдлыг дордуулах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болохгүй юм.

 

Шүүгдэгч Д.Бын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд тухайлан заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх, шүүгдэгч Д.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын санал зэргийг тус тус харгалзан, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.Б нь 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр сэжигтнээр хойшлуулшгүйгээр баривчлагдаж, 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 200 дугаартай шүүгчийн захирамжаар 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл яллагдагчаар 20 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаныг захирамжийн биелэлт хэрэгжээгүй үндэслэлээр 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 200а дугаартай шүүгчийн захирамжаар хүчингүй болгожээ.

Улмаар тус шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 200б дугаар шүүгчийн захирамжаар 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл нэг сар яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба прокуророос хэргийг шүүхэд шилжүүлсэн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцсэн энэ өдрийг хүртэл тус тус сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр нийт 140 /нэг зуун дөч/ хоног цагдан хоригдсоныг “...баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны ял эдлэх ялд оруулан тооцох” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй. /хэргийн 23-24х, 87х, 90х, 94х/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдон хураагдаж ирсэн бичлэг бүхий CD 1 ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, энэ хэрэгт Д.Бын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч Д.Бын өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “миний үйлчлүүлэгч Д.Б нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдээгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ хэргийн хохирогч нь чухам ямар шинж тэмдэг, онцлогоор миний үйлчлүүлэгчийг таньж чадахыг урьдчилан асууж, тэмдэглэлд тусгаагүй”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай 27.5 дугаар зүйлийн 2-т заасныг зөрчиж таньж олуулах ажиллагаа явуулсан тул уг ажиллагааг хууль ёсны гэж үзэх үндэслэлгүй гэх зэргээр мэтгэлцэж, “шүүгдэгч Д.Бт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авч хангах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон     

                                                  ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Бт холбогдох хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.  

 

2. Б овогт Д-ын Б-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Бт 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Бт оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Бын цагдан хоригдсон нийт 140 /нэг зуун дөч/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт шүүгдэгч Д.Б-аас 875.000 /найман зуун далан таван мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Хххх тоотод оршин суух, /РД: /, Д овогт Б-ийн О-т олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдон хураагдаж ирсэн бичлэг бүхий CD 1 ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

7. Энэ хэрэгт Д.Бын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Д.Бт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

10. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Д.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               С.БАЗАРХАНД