Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/126

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Т овогт Н-гийн Л-ид холбогдох эрүүгийн 21100 0000 0029 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Б.Гүнсэл /томилолтоор/, шүүгдэгч Н.Л нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мужаанч мэргэжилтэй, “Түмэн шир” ХХК-д зумлаачин ажилтай, ам бүл 3, хамтран амьдрагч, дагавар охины хамт амьдрах, хххх тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

- Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 120 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 02 жил 05 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялуудыг хөнгөн ялыг хүн ялд багтаан нийт биечлэн эдлэх ялыг 02 жил 05 сарын хугацаагаар хорих ял гэж тогтоосныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж, 04 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

- Мөн шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний 42 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 03 жил 02 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ял дээр Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 120 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 02 жил 05 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн ялын зарим болох 05 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 03 жил 07 сарын хугацаагаар хорих ял гэж тогтоосон,

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 618 дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.100.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, уг ялыг биелүүлж 2020 оны 10 сарын 27-ны өдрөөр дуусгавар болгосон, бие эрүүл, ухаан бүрэн, Т овогт Н-гийн Л- /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Шүүгдэгч Н.Л нь 2021 оны 01 дүгээр сарын 10-ны шөнө 03 цагийн үед Хххх тоот дахь гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “дагавар охиноо төрсөн эцэгтэйгээ утсаар ярилаа” гэх шалтгаанаар гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч Л.Нтай маргалдаж, улмаар түүний зүүн гуя орчим хайчаар хатгаж, эрүүл мэндэд нь “...зүүн гуя, бэлгийн уруулын шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.                                                   

                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.Л нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Н.Лийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо надад нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугийн тал дээр надад маргах зүйл байхгүй. Хэрэг болсноос хойш Л.Н бид хоёр тусдаа амьдарч байгаа. Эмчилгээний зардалд 380.000 төгрөг өгсөн. Хэрэг гардаг өдөр би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, гэхдээ болсон асуудлыг санаж байна. Л.Н бид хоёр хоёулаа согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Би хамтран амьдрагчаа өмнөх салсан нөхөртэй нь хардаад уур хүрсэн байсан. Хялбаршуулсан журмаар хэргээ шийдүүлэх талаар гаргасан хүсэлтээ дэмжиж байгаа. Прокурорын сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 21100 0000 0029 дугаартай хэргээс:

 

1. Хххх тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 07-10х/,

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Л.Нгийн хохирогчоор өгсөн:

“...Би Хххх тоотод хамтран амьдрагч Н.Л, охин М.М нарын хамт монгол гэр барьж амьдардаг юм. Миний хувьд Н.Лтой хамтран амьдраад 2 жил болж байна. Н.Л архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй үедээ дуугай, төлөв даруу л байдаг, харин өнөөдөр буюу 2021 оны 01 дүгээр сарын 10-ны шөнө 03 цагийн үед унтах гэж байхад манай охин М.М өөрийн төрсөн аавтайгаа утсаар ярьсан чинь Н.Л “чи дандаа аавтайгаа ярьдаг” гэхээр нь би “чиний хүүхэд биш, аавтайгаа холбоотой байлгүй яах вэ дээ” гэхэд “тэгвэл та хоёр одоо зайл” гэсэн.

Тэгэхэд нь би охин М.Мд “хувцсаа өмс, машиндаа хоночихъё, болохгүй бол хонох айл олдоно биз” гээд босох гэтэл Н.Л нь гал тогооны шургуулганаас хайч аваад миний цавь хэсэг рүү хатгачихаад, хайчаа аваад зугтаачихсан юм. ...Надад нэхэмжлэх зүйл байхгүй, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү.” гэсэн мэдүүлэг /хэргийн 16х, 19х/,

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй М.Мгийн гэрчээр өгсөн:

“...2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр манай ээж Л.Н, түүний хамтран амьдрагч Н.Л нар пиво хувааж ууцгаасан юм. Тэгээд удалгүй Н.Л намайг “төрсөн аавтайгаа байнга утсаар ярьдаг” гээд над руу уурлаж хэрүүл маргаан хийгээд, ээж бид хоёрыг гэрээс зайл гэж хөөсөн. Ээж надад “хувцсаа өмс, хоёулаа явъя” гэхээр нь би хувцсаа өмсөөд зогсож байхад Н.Л ах үүднээс нэг юм аваад гэрийн зүүн талд хэвтэж байсан ээжийн гуя хэсэг рүү нь шаачихаар нь би “яаж байна аа” гээд гэрээс гараад хажуу айлын ах, эгч хоёрт цагдаа, эмнэлэг дуудаад өгөөрэй гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 20-21х/,

 

4. ШШҮХ-ийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 644 тоот:

1. Л.Н-н биед зүүн гуя, бэлгийн уруулын шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2.4. Дээрх гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 28-29х/,

 

5. “Хүчирхийллийн эрсдэлийн түвшин “өндөр” гэж дүгнэсэн хүчирхийллийн аюулын зэргийн үнэлгээ баримт /хэргийн 32-33х/,

 

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Н.Лийн яллагдагчаар өгсөн:

“...Миний буруутай үйлдлээс болж Л.Нг эрүүл мэндээр нь хохироосондоо уучлалт гуйж байна. Архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ энэ хэргийг хийчихлээ. Миний буруу.” гэсэн мэдүүлэг /хэргийн 38-39х/, мөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 40х/, Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 120 дугаар, мөн шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний 42 дугаар, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 618 дугаар шийтгэх тогтоолуудын хуулбар баримтууд /хэргийн 43-46х, 48-58х, 59-64х/, Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 74х/, иргэний үнэмлэх баримтын хуулбар /хэргийн 75х/, Н.Лоос өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай Прокурорын хяналтын шатанд гаргасан хүсэлт /хэргийн 93х/ баримт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий шинжээч эмч гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Түүнчлэн тухайн хэргийн шүүгдэгч Н.Л нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч Л.Н нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон нэхэмжлэл гаргаагүй, шүүгдэгчээс өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг /хэргийн 93х/ 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 21 дугаартай прокурорын тогтоолоор шийдвэрлэж, Н.Лид хүлээлгэвэл зохих эрүүгийн хариуцлагын талаарх саналыг прокуророос танилцуулахад тэрээр хүлээн зөвшөөрч, ял тохирсон байх тул прокуророос эрүүгийн 21100 0000 0029 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арвандолдугаар бүлэгт тухайлан заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Н.Лийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.   

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Н.Л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 01 дүгээр сарын 10-ны шөнө 03 цагийн үед Хххх тоот дахь өөрийн гэртээ үйл хэрэглэсэн үедээ “дагавар охин М.М төрсөн эцэгтэйгээ утсаар ярилаа” гэснээр шалтаглан хамтран амьдрагч Л.Нтай хэрүүл маргаан үүсгэн гэрээсээ хөөж, түүнийг орон дээр сууж байхад зүүн гуя орчимд хайчаар хатгаснаас Л.Нгийн биед “...зүүн гуя, бэлгийн уруулын шарх” гэмтэл учирсан болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:    

- хэрэг учрал болсон Хххх тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 07-10х/,

- хохирогч Л.Нгийн: “...өнөөдөр буюу 2021 оны 01 дүгээр сарын 10-ны шөнө 03 цагийн үед унтах гэж байхад манай охин М.М өөрийн төрсөн аавтайгаа утсаар ярьсан чинь Н.Л “чи дандаа аавтайгаа ярьдаг” гэхээр нь би “чиний хүүхэд биш, аавтайгаа холбоотой байлгүй яах вэ дээ” гэхэд “тэгвэл та хоёр одоо зайл” гэсэн. Тэгэхэд нь би охин М.Мд “хувцсаа өмс, машиндаа хоночихъё, болохгүй бол хонох айл олдоно биз” гээд босох гэтэл Н.Л нь гал тогооны шургуулганаас хайч аваад миний цавь хэсэг рүү хатгачихаад, хайчаа аваад зугтаачихсан юм. ...Надад нэхэмжлэх зүйл байхгүй, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү.” гэсэн мэдүүлэг /хэргийн 16х, 19х/,

- насанд хүрээгүй М.Мгийн гэрчээр өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр манай ээж Л.Н, түүний хамтран амьдрагч Н.Л нар пиво хувааж ууцгаасан юм. Тэгээд удалгүй Н.Л намайг “төрсөн аавтайгаа байнга утсаар ярьдаг” гээд над руу уурлаж хэрүүл маргаан хийгээд, ээж бид хоёрыг гэрээс зайл гэж хөөсөн. Ээж надад “хувцсаа өмс, хоёулаа явъя” гэхээр нь би хувцсаа өмсөөд зогсож байхад Н.Л ах үүднээс нэг юм аваад гэрийн зүүн талд хэвтэж байсан ээжийн гуя хэсэг рүү нь шаачихаар нь би “яаж байна аа” гээд гэрээс гараад хажуу айлын ах, эгч хоёрт цагдаа, эмнэлэг дуудаад өгөөрэй гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 20-21х/,

- ШШҮХ-ийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 644 тоот: “Л.Н-н биед зүүн гуя, бэлгийн уруулын шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо, дээрх гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна, дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 28-29х/,

- “Хүчирхийллийн эрсдэлийн түвшин “өндөр” гэж дүгнэсэн хүчирхийллийн аюулын зэргийн үнэлгээ баримт /хэргийн 32-33х/ болон шүүгдэгч Н.Лийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хэргийн 38-39х, шүүх хуралдааны тэмдэглэл/ баримтуудаар тус тус хангалттай нотлогдон тогтогдсон байна. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

 

Хохирогч Л.Нгийн биед учирсан “зүүн гуя, бэлгийн уруулын шарх” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Н.Л нь түүний гуя руу хайчаар хатгасан үйлдлийн улмаас үүссэн ба шүүгдэгчийн гэмт үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Н.Л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 01 дүгээр сарын 10-ны шөнө 03 цагийн үед Хххх тоот дахь өөрийн гэртээ үйл хэрэглэсэн үедээ “дагавар охин М.М төрсөн эцэгтэйгээ утсаар ярилаа” гэснээр шалтаглан хамтран амьдрагч Л.Нтай хэрүүл маргаан үүсгэн гэрээсээ хөөж, түүнийг орон дээр сууж байхад зүүн гуя орчимд хайчаар хатгаснаас Л.Нгийн биед “...зүүн гуя, бэлгийн уруулын шарх” гэмтэл учирсан болох нь тогтоогдсон ба шүүгдэгчийн энэхүү гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хуулийн үндэслэл бүхий гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Н.Лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу энэ хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлж хуульчилсан байна.

 

Хэргийн хохирогч Л.Нгийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь тухайн гэмт хэргийн шууд хохирол болох бөгөөд уг учирсан гэх гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан буюу гарах зайлшгүй бусад зардал нь хохирол учирсны улмаас шууд үүсэх гэмт хэргийн хор уршиг болох юм.  

 

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.

 

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар энэ хэргийн хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл, гомдлын шаардлага гаргаагүй тул шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцож төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Н.Л нь урьд гэмт хэрэг үйлдэж хэд хэдэн удаа ял шийтгүүлж байсан талаар хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 40х/, шүүхийн шийтгэх тогтоолуудын хуулбар баримтууд /хэргийн 43-46х, 48-58х, 59-64х/ тус тус авагдсан ба “эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан тул урьд гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан нь түүний эрх зүйн байдлыг дордуулах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болохгүй юм.

 

Шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд тус тус заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хэргийн шүүгдэгч Н.Л нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй, өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх санал гаргаж, прокурортой ял тохирч, хэргийг шүүхэд ирүүлснийг тэмдэглэж, шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй түүний хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н.Лийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж, түүний хөдөлмөр эрхлэлтийн байдал, орлого олох боломж зэргийг нь харгалзан оногдуулсан торгох ялыг 06 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулах хугацаа тогтоож шийдвэрлэсэн болно.     

 

Энэ хэрэгт Н.Л нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Л.Н нь баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл, гомдлын шаардлага гаргаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                 

                                                       ТОГТООХ нь:

 

1. Т овогт Н-гийн Л-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  Н.Лид 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар Н.Л нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 06 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт Н.Л нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Л.Н нь баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл, гомдлын шаардлага гаргаагүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай. 

 

6. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Н.Лид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              С.БАЗАРХАНД