Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/130

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овогт С-ын С-т холбогдох эрүүгийн 21100 0028 0067 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Б.Гүнсэл, шүүгдэгч С.С нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1998 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, модны нарийн мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 эгчийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо хххх тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт С-ын С- /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч С.С нь 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “МК Транс Ворлд” ХХК-д ажиллаж байх хугацаандаа Улс хоорондын шуудан илгээмжээр ирүүлсэн буюу Бүгд Найрамдах Солонгос Улсаас шуудан илгээмжээр ирсэн иргэн Я.Б-ын эзэмшлийн “Iphone 12” загварын 5 ширхэг гар утсыг нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 11.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

 

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.С нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэх хүсэлтийг тус шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлж шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:            

1. Шүүгдэгч С.Саас шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан: 

“..Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учирсан хохирлыг бүрэн нөхөн төлсөн. Надад шүүхэд нэмж гаргах мэдүүлэг тайлбар байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай гаргасан хүсэлтээ дэмжиж байна. Гэм буруу дээр маргахгүй.“ гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 21100 0028 0067 дугаартай хэргээс:

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Я.Б-ын хохирогчоор өгсөн:

“...Би 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Цагдаагийн байгууллагад “...”МК ТРАНС” гэх олон улсын шуудан илгээмжийн компани нь миний Солонгос Улсаас захиж ирүүлсэн Iphone 12 загварын гар утаснуудыг алга болгочихоод, шийдвэрлэж өгөхгүй байна, арга хэмжээ авч өгнө үү” гэж өргөдөл гаргасан юм. Улмаар 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр “МК ТРАНС” ХХК нь миний хохирлыг бүрэн барагдуулан Iphone 12 загварын гар утас 5 ширхэгийг хүлээлгэн өгсөн. Одоо надад ямар нэгэн санал хүсэлт болон нэхэмжлэх зүйл байхгүй, би шүүх хуралдаанд оролцохгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 17х/,

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.У-гийн иргэний нэхэмжлэгчээр өгсөн:

“...Би “МК ТРАНС ВОРЛД” ХХК-д хүний нөөц бомхлон дотоод хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн хийдэг юм. Манай компанийн захирал одоо Монгол Улсад байхгүй, Бүгд Найрамдах Солонгос Улсад байгаа болохоор манай компанийн ерөнхий менежер Б.Б бид хоёр ажлаа хариуцдаг. Манай компани нь Бүгд Найрамдах Солонгос Улс болон Монгол Улсын хооронд шуудан илгээмжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм.  

Манай байгууллагад ажиллаж байсан ажилтан С.С нь 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсаас 5 ширхэг Iphone 12 загварын гар утас Монгол Улсад захиалж авч ирүүлсэн иргэний эд зүйлийг хэлэлгүйгээр нууцаар авч, бусдад зарж борлуулснаас асуудал үүссэн. Манай байгууллагын нэр хүнд болон үйлчлүүлэгч иргэний эрх ашгийг бодон тухайн иргэнд компанийн зүгээс Бүгд Найрамдах Солонгос Улсаас шинээр 5 ширхэг гар утас захиалан авчруулж 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээлгэн өгсөн байгаа. Тухайн 5 ширхэг гар утасны нийт үнэлгээ нь Монгол мөнгөөр 13.123.700 төгрөг болсон учир энэ мөнгийг С.Саас нэхэмжилж байна.

...2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр С.С нь 6.0 сая, 7.0 сая төгрөгөөр 2 хувааж нийт 13.0 сая төгрөгийг манай байгууллагын ерөнхий менежер Б.Бгийн Хаан банкин дахь 5028хххх09 тоот дансанд хийсэн. Үлдэгдэл мөнгө болох 123.700 төгрөгийг С.Сын 12 дугаар сарын эхэнд ажилласан ажлын цалин болох 300.000 төгрөгөөс суутган тооцож авсан тул ямар нэгэн хохиролгүй болсон. Манай компанид болон миний зүгээс гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 20-21х/

 

3. Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн ХУ2-20-813 дугаартай:

“...үнэлэгдэж буй эд хөрөнгө нь ...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 11 дүгээр сарын зах зээлийн үнэлгээгээр нийт 11.600.000 /арван нэгэн сая зургаан зуун мянга/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн хохирогч Я.Б-ын алдагдсан эд зүйлсийг үнэлсэн үнэлгээний тайлан дүгнэлт /хэргийн 40-41х/,

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч С.Сын яллагдагчаар өгсөн:

“...Би 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр үйл ажиллагаа явуулдаг “МК ТРАНС ВОРЛД” ХХК-ийн агуулах заал, оффис буюу ажлын байран дээрээ ажиллаж байхад 17 цагийн орчимд Солонгос Улсаас контейнертэй ачаа бараа, илгээмж ирсэн. Тухайн ирсэн ачаа барааг буулгаад заал дотор эмхэлж цэгцэлсэн.

Контейнерээс ачаа барааг гаргаж цэгцэлж байхад ногоон өнгөтэй, жижиг баглаа боодолтой хайрцаг байсан. Би түүнийг нь тухайн хайрцагнаас гаргаж бүртгэдэг хэсэг буюу оффисын өрөөний үүд хэсэгт аваачиж тавьсан. Тухайн жижиг баглаа боодолтой илгээмж нь салбар салбар руу хуваарилагдаж явдаг учир бүртгэж ангилдаг юм. Тэгээд би өөрийн хийх ажлаа хийчихээд дараагийн ажлаа хүлээж байх хооронд Л эгчид туслахаар очиход Л эгч “өнөөдөр бараагаа хурдхан бүртгэчихээд эртхэн гэртээ харих юмсан” гэхээр нь “тэгвэл би тусалъя, тэгээд эртхэн дуусвал та харь даа” гээд тусалсан.

Том хайрцагнаас жижиг ачаануудыг гаргаж кодыг нь Ла эгчид хэлж, Ла эгч цаасан дээрээ бичиж бүртгээд, харин би бусад салбар руу явах ачаануудад илгээмжүүдийг хуваарилсан. Тэр үед шар болон улаан өнгийн скочоор ороосон жижиг хавтгай хайрцагтай, гаднах биркэн дээрээ тухайн хайрцаг дотор юу байгаа, мөн хэнээс хэнд өгөх нэр, хаяг, барааны код зэргийг агуулсан нэг ширхэг гар утас гэсэн бичвэртэй хайрцаг байхаар нь би түүнийг нь Ла эгчид хэлсэн боловч Ла эгч анзаараагүй тул Сансар явах ачааны тасагт тавьсан.

Тэгэхэд заалны ахлах Гантөмөр ах орж ирээд “зааланд гарч ачаагаа цэгцэл” гэхээр нь заал руу гарч ажлаа хийсэн. Орой 19 цагийн үед ажилчид ажлаасаа тарцгаасан юм. Би 20 цагийн орчимд ажлаа дуусгачихаад хуруугаа дарж бүртгүүлэх гээд оффис руу ороод, ариун цэврийн өрөө орсон. Тэгээд гэнэт Сансар явах салбарт үлдээсэн байсан жижиг хайрцагтай илгээмж санаанд ороод оффис дотор камер байхгүй юм чинь авчихвал яадаг юм бол гэж бодоод үлдээсэн байсан ачааг авч, өөрийн цүнхэндээ хийгээд ажлаасаа гараад явсан.

Орой ...нөгөө хайрцагтай ачаагаа задлаад үзэхэд дотроос нь цэнхэр өнгийн 5 ширхэг гар утас гарч ирсэн. Би Iphone 11 загварын гар утас байна гэж бодсон, дараа нь интернэтээс хайгаад үзэхэд Iphone 12 загварын 64GB багтаамжтай 4 ширхэг, 1 ширхэг 128GB багтаамжтай гар утаснууд байсан.

...Тэгээд өөрийн ашиглаж байсан “Түмэн бээр” гэх хаяг фейсбүүк хаягнаас зар тавьж худалдан 4.0 сая орчим төгрөгийг бэлнээр авч, өөрийн хэрэглээндээ зарцуулсан. Би хийсэн зүйлдээ гэмшиж байна, дахин ийм зүйл хэзээ ч хийхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 51-52х/ болон түүний мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хэргийн 04-09х/, мөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 57х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 59х, 62х/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хэргийн 63х/, шүүгдэгч С.Саас өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай Прокурорын шатанд гаргасан хүсэлт /хэргийн 96х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Тухайн хэргийн хувьд шүүгдэгч С.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол, хор уршгийн нөхөн төлбөрийг нөхөн төлж, хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг /хэргийн 96х/ 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 26 дугаартай прокурорын тогтоолоор хянан шийдвэрлэж, хүлээлгэвэл зохих эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулан, түүнд холбогдох эрүүгийн 21100 0028 0067 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арвандолдугаар бүлэг дэх “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч С.Сын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.   

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт: 

 

Шүүгдэгч С.С нь 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “МК Транс Ворлд” ХХК-д ажиллаж байх хугацаандаа Улс хоорондын шуудан илгээмжээр Бүгд Найрамдах Солонгос Улсаас ирсэн иргэн Я.Б-ын эзэмшлийн “Iphone 12” загварын 5 ширхэг гар утсыг нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 11.600.000 төгрөгийн төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн

- хохирогч Я.Б-ын: “...Би 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Цагдаагийн байгууллагад “...”МК ТРАНС” гэх олон улсын шуудан илгээмжийн компани нь миний Солонгос Улсаас захиж ирүүлсэн Iphone 12 загварын гар утаснуудыг алга болгочхоод, шийдвэрлэж өгөхгүй байна, арга хэмжээ авч өгнө үү” гэж өргөдөл гаргасан юм. Улмаар 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр “МК ТРАНС” ХХК нь миний хохирлыг барагдуулан Iphone 12 загварын 5 гар утас өгсөн. Одоо надад ямар нэгэн санал хүсэлт болон нэхэмжлэх зүйл байхгүй, би шүүх хуралдаанд оролцохгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 17х/,

- иргэний нэхэмжлэгч Б.У-гийн: “...Би “МК ТРАНС ВОРЛД” ХХК-д хүний нөөц болон дотоод хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн хийдэг юм. Манай компанийн захирал олоо Монгол Улсад байхгүй, Бүгд Найрамдах Солонгос Улсад байгаа болохоор манай компанийн ерөнхий менежер Б.Б бид хоёр ажлаа хариуцдаг. Манай компани нь Бүгд Найрамдах Солонгос Улс болон Монгол Улсын хооронд шуудан илгээмжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Манай байгууллагад ажиллаж байсан ажилтан С.С нь 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсаас 5 ширхэг Iphone 12 загварын гар утас Монгол Улсад захиалж авч ирүүлсэн иргэний эд зүйлийг хэлэлгүйгээр нууцаар авч, бусдад зарж борлуулсны улмаас асуудал үүссэн. Манай байгууллага нэр хүнд болон үйлчлүүлэгч иргэний эрх ашгийг бодон тухайн иргэнд Бүгд Найрамдах Солонгос Улсаас шинээр 5 гар утас захиалан авчруулж,  2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээлгэн өгсөн байгаа. Тухайн 5 ширхэг гар утасны нийт үнэлгээ нь Монгол мөнгөөр 13.123.700 төгрөг болсон учир С.Саас нэхэмжилж байна.

...2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр С.С нь 6.0 сая, 7.0 сая төгрөгөөр 2 хувааж нийт 13.0 сая төгрөгийг манай байгууллагын ерөнхий менежер Б.Бгийн Хаан банкин дахь 5028хххх09 тоот дансанд хийсэн. Үлдэгдэл мөнгө болох 123.700 төгрөгийг С.Сын 12 дугаар сарын эхэнд ажилласан ажлын цалин болох 300.000 төгрөгөөс суутган тооцсон тул ямар нэгэн хохиролгүй болсон. Манай компанид болон миний зүгээс гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 20-21х/

- Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн ХУ2-20-813 дугаартай:

“...үнэлэгдэж буй эд хөрөнгө нь ...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 11 дүгээр сарын зах зээлийн үнэлгээгээр нийт 11.600.000 /арван нэгэн сая зургаан зуун мянга/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн хохирогч Я.Б-ын алдагдсан эд зүйлийг үнэлсэн үнэлгээний тайлан дүгнэлт /хэргийн 40-41х/ болон шүүгдэгч С.Сын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хэргийн 51-52х, шүүх хуралдааны тэмдэглэл/, шүүгдэгчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хэргийн 04-09х/ зэрэг дурдсан нотлох баримтуудаар бүрэн хангалттай нотлогдож тогтоогдсон байна. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд иргэний эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, захиран зарцуулах эрх болон орон байрны халдашгүй дархан байдал нь тус тус Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөө болохын хувьд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан байдаг.   

 

Гэмт этгээд бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд юмс, эд хөрөнгийг өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын эзэмшил өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж хувийн ашиг олох шунахай сэдэлт зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, үнэ төлбөргүйгээр хууль бусаар өөрийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэн авахыг “Хулгайлах” гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд уг авсан эд юмс, эд хөрөнгийг захиран зарцуулах бодит боломж бололцоо бүрдсэнээр тухайн гэмт хэрэг нь төгс үйлдэгдсэнд тооцогдох юм.   

 

Хэргийн нөхцөлд шүүгдэгч С.С нь 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг МК Транс Ворлд ХХК-д ажиллаж байх хугацаандаа Улс хоорондын шуудан илгээмжээр Бүгд Найрамдах Солонгос Улсаас ирсэн иргэн Я.Б-ын эзэмшлийн “Iphone 12” загварын 5 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, улмаар бусдад худалдан борлуулж, өөрийн хувийн хэрэгцээгээ хангаж захиран зарцуулж ашигласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийг шинжийг бүрэн хангажээ.

 

Хэргийн шүүгдэгч С.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болно.     

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч С.Сын дээрх гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотлогдвол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч С.Сыг шунахай сэдлээр, шууд санаатай үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэг, заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тус тус тодорхойлон заасан. 

 

Шүүгдэгч С.Сын үйлдсэн дээрх хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч Я.Б-ын эд хөрөнгөд нийт 11.600.000 /арван нэгэн сая зургаан зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийн хохирол учирсан болох нь хэрэгт шинжээчээр ажилласан, хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, шинжилгээ хийх эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй, Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн ХУ2-20-813 дугаартай /хэргийн 40-41х/ хөрөнгийн үнэлгээний тайлан дүгнэлт, хохирогч Я.Б-, иргэний нэхэмжлэгч Б.У-, шүүгдэгч С.С нарын мэдүүлэг баримтаар тус тус нотлогдож тогтоогдсон ба дээрх эд хөрөнгийн үнэлгээ дүгнэлтэд хэргийн хохирогч болон шүүгдэгч талууд маргаагүй болно.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх” хуулийн зохицуулалттай.

 

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус заасан эрхийнхээ хүрээнд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх талаарх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд хохирогч нь хулгайд алдагдсан эд зүйлээ тоо ёсоор “МК ТРАНС ВОРЛД” ХХК-иас бүрэн бүтэн хүлээн авсан /хэргийн 17х/, мөн үйлчлүүлэгчээс захиалан авчруулсан эд зүйлийг тус компанийн ажилтан хулгайлан авсаны улмаас хохирлыг төлж барагдуулсан “МК ТРАНС ВОРЛД” ХХК-д учирсан гэм хорын 13.123.7.000 төгрөгийг шүүгдэгч С.С нь тус тус нөхөн төлсөн талаар хэрэгт баримттай /хэргийн 87х/ байх тул шүүгдэгч С.Саас гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршигт тооцон энэ тогтоолоор гаргуулах төлбөргүй гэж үзнэ.

 

Шүүгдэгч С.С нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 57х/ тогтоогдсон.

 

Шүүгдэгч нь анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарх гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцох зүйтэй. 

 

Шүүх, шүүгдэгч С.Ст эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан, хохирогч, иргэний нэхэмжлэгч иргэд нь гомдол саналгүй гэснийг тус тус харгалзан улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Ст 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэсэн болно. 

 

Энэ хэрэгт С.С нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Я.Б-, иргэний нэхэмжлэгч “МК ТРАНС ВОРЛД” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У- нар нь “хохирол төлбөр нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэв. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон   

                                                                 ТОГТООХ нь:

 

1. Б овогт С-ын С-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Ст 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.С нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт С.С нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Я.Б-, иргэний нэхэмжлэгч “МК ТРАНС ВОРЛД” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У- нар нь “хохирол төлбөр нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

6. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд С.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        С.БАЗАРХАНД