Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/94

 

 

 

 

 

  2021       02         03                                     2021/ШЦТ/94

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,

нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,                                    

улсын яллагч Г.Түвшинбаяр,

гэрч Т.Хүрэлбаатар,

гэрч Д.Будханд / онлайнаар /,

шүүгдэгч Д.Э-, түүний өмгөөлөгч Б.Манлайжав,

шүүгдэгч П.М-, түүний өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Э-, П.М- нарт холбогдох эрүүгийн 1809039160878 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1970 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “...” ХХК-ний захирал ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: .. / ... Д.Э-,

 

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1963 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, “...” ХХК-ний захирал ажилтай, ам бүл 1, ... тоотод оршин суух бүртгэлтэй, одоо ... тоотод оршин суух, Орхон аймгийн шүүхийн 1984 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 169 дүгээр зүйлийн В-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, хугацааны өмнө тэнсэн суллагдсан, бие эрүүл, ухаан бүрэн /РД: .. / ... П.М- нар нь:

- Д.Э- нь П.М-той бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Ү Тэ Гуанд "эрх бүхий албан тушаалтанд мөнгө өгөх замаар РРА буюу Монгол Улсад эрчим хүч нийлүүлэх гэрээг 10 жилийн хугацаатай байгуулж өгнө" хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж, улмаар 100.000 ам доллар буюу 239.626.000 төгрөг залилан авсан,

- П.М- нь Д.Э-тэй бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тусгаар тогтнолын ордны 410 тоот өрөөнд Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн У Тэ Гуанд "Монгол Улсын Ерөнхий сайдтай дотны харилцаа холбоотой тул РРА буюу Монгол Улсад эрчим хүч нийлүүлэх гэрээг 10 жилийн хугацаатай хийж өгнө" хэмээн үйлчилгээ үзүүлэх гэрээг бичгээр байгуулан хуурч, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж 100.000 ам доллар буюу 239.626.000 төгрөг залилан авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

“Ийст Эжиа Энержи” ХХК-с яллагдагч П.М-ид 100.000 ам доллар хүлээлгэж өгсөн тухай бэлэн мөнгөний зарлагын баримтын хуулбар / 1хх 17 /

 

Үйлчилгээний үзүүлэх тухай гэрээний хуулбар / 1хх 20-24 /

 

“Диспетчерийн үндэсний төв” ХХК болон “Ийст Эжиа Энержи” ХХК-ний хооронд байгуулсан Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээний хуулбар / 1хх 109-177 /

 

Эрчим хүчний яамны сайдын 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/3130 тоот “Гэрээний хэлцэл хийх” тухай албан бичиг / 1хх 184 /

 

Хохирогч Ү Тэ Гуанг мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2018 оны 01 дүгээр сард манай ажилтан Д.Будханд Солонгос улсад байхдаа танилцсан дүүгээ ажилд оруулах зорилгоор дагуулж ирж надтай уулзуулсан. Тусгаар тогтнолын ордоны 410 тоотод Будханд болон тэр залуугийн хамт бид 3 яваад очтол тэр залуугийн авга ах гэх хүн өрөөндөө ганцаараа сууж байсан. Тэгээд надад өөрсдийгөө танилцуулахдаа Солонгос хүмүүстэй нийлээд машины акумлятор хийдэг үйлдвэр байгуулах гэж байгаа гэж танилцуулсан. Тэгээд тэр хүн би Монгол Улсын Ерөнхий сайдтай маш дотно Засгийн газрын зарим хүмүүстэй хамтарч ажилладаг. Туслах зүйл байвал туслаж болно гэхээр нь би Эрчим хүчний зөвшөөрөл авчихсан РРА-ын гэрээ байвал Эрчим хүч нийлэх гэрээг бэлдээд явж байгаа гэж хэлсэн. Тухайн үед эрчим хүчний сайдын батламжаа бид нар авчихсан байсан. Тэгээд гэрээнд гарын үсэг зурахад бүх зүйл бэлэн болсон байсан. Эрчим хүчний гэрээг 3 жилийн хугацаатай хийдэг. Гэтэл тэр эрэгтэй би ерөнхий сайдтай дотно учраас би энэ гэрээг 10 жилээр хийгээд өгье гэсэн. Тухайн үед манай компани Эрчим хүчний яамнаас тусгай зөвшөөрөл аваад бусад хэрэгтэй материалуудыг бүрдүүлсэн байсан. Тэгтэл нөгөө эрэгтэй 10 жилээр гэрээгээ сунгуулахын тулд Эрчим хүчний зохицуулах хороонд бүх бичиг баримтаа бүртгүүлэх ёстой. Мөн үүнийг хийхэд ажлын хөлс орно гэж хэлсэн. Тэгээд Эрчим хүчний зохицуулах хороонд өргөдөл гаргахад манайх танай компанийг орлож ажлыг чинь гүйцэтгэж өгнө гэж хэлсэн. Тэгээд надад хэлэхдээ нийт 80.000 ам доллар ажлын хөлсөнд авна. Гэхдээ яаравчилж хийж өгч байгаа учраас эхлээд 100.000 ам доллар ажил дууссаны дараа дахиад 100.000 ам долларын төлбөр авна гэхээр нь манай компани тохиролцоод 3 сарын хугацаатай үйлчилгээ үзүүлэх гэрээ хийгээд 100.000 ам доллар тэр хүнд өгөхөөр болоод 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр манай гэрт үйлчилгээ үзүүлэх гэрээ хийгээд 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Будханд болон Хун Сон Хун нар нь Тусгаар тогтнолын ордонгийн 410 тоотод мөнгийг бэлнээр аваачиж өгсөн. Тэрнээс хойш манай компаниас гэрээ хийхэд шаардлагатай материалуудыг тэр хүн аваагүй. Тэгээд Эрчим хүчний зохицуулах хороонд манай компанитай холбоотой баримтууд очоогүй. Тэрнээс хойш холбоо барихгүй залгахаар утсаа авахгүй. Утсаа авахаар нэг тийшээ явсан байна гэж хэлдэг. Тэгээд би өөрөө хэл нэвтрэхгүй болохоор ажилтнаараа дамжуулаад асуухад нөгөө хүн Эрчим хүчний зохицуулах хороотой ярьж байгаа ажил ахицтай байгаа гэж хэлдэг. Эрчим хүчний зохицуулах хорооноос шалгаад үзтэл манай компанитай холбоотой ямар нэгэн баримт мэдээлэл байхгүй байсан учраас би намайг залилсан гэж бодоод өргөдөл гаргасан гэжээ. / 1хх 26-27 /

 

Гэрч Т.Хүрэлбаатар мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би Будханд гэх хүнтэй Солонгос улсад ажиллаж байхдаа танилцсан. Тэгээд Монголд ирээд би ажилгүй байсан учраас Д.Будхандтай холбогдоод хэсэг хугацаанд ажил хөөцөлдөж хамт байж байгаад Д.Будхандын ажилладаг компанийн захирал нь надаас гэрээ хийгээд өгөх таньдаг хүн байна уу гэж асуусан. Тэгэхээр нь би “Байж магадгүй. Ахтайгаа уулзаад асууя” гэж хэлсэн. Тэгээд уулзаад ах П.М-оос “ Гэрээ хийж өгөх боломж байгаа юу “гэж асуусан. Тэгтэл ах “ Материалтай танилцъя. Ямар ажил хийлгэх гэж байгааг нь тодруулна “ гэж хэлэхээр нь би тухайн компани захирлыг П.М- ахтай уулзуулсан. Тэгээд хэд хэдэн удаа уулзсаны дараа П.М- ах нөгөө хүнтэй гэрээ хийгээд мөнгийг бэлнээр П.М- ахын оффес дээр нөгөө хүмүүс авчирч өгсөн. Тэрнээс хойш юу болсон талаар би сайн мэдэхгүй.

2018 оны 01 дүгээр сард гэрээ хийхээр болж ахын оффис болох Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 410 тоотод уулзах үед Солонгосын 2 иргэн мөн Д.Будханд, П.М- ах бид 5 хамт байсан. Тэгэхэд гэрээгээ хийгээд бэлнээр 99.800 ам долларыг П.М- ахад өгөөд 200 ам долларыг банк авсан гэж Д.Будханд орчуулж байсан. Энэ гэрээг байгуулахаас өмнө Д.Будханд нь “ Ах чинь гэрээ хийгээд өгвөл  10 хувийг нь надад өгөх боломжтой юу” гэж асуулгаж байсан. П.М- ах хэлэхдээ тухайн үед нь болъё гэж хэлж байсан ба мөнгө авсан өдөр бэлнээр 9800 ам долларыг Д.Будханд авсан. Д.Будханд мөнгө авсны дараа тал мөнгийг нь надад өгсөн гэжээ. / 1хх 32, 240-241 /

 

Гэрч Д.Будханд мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2018 оны 01 дүгээр сард надтай хамт Солонгос Улсад ажиллаж амьдарч байсан Хүрлээ гэх залуу Солонгос Улсад байхдаа надтай мессенжерээр харьцаад манай компанид ажил орно гэсэн санал тавьсан. Тэгээд манай захиралтай уулзсан. Дараа нь хэд хэдэн удаа захиралтай уулзаад П.М- гэх ах нь Ерөнхий сайдтай холбоотой байдаг гэж ярьсан. Тэгээд Хүрлээ уулзалт зохион байгуулаад Тусгаар тогтнолын ордоны 4 дүгээр давхарт П.М-ийн оффист уулзсан. Тэнд ярилцаж байгаад манай захирлыг П.М- гэх хүн Ерөнхий сайдтай уулзуулна гэж хэлсэн байсан. Тэгээд тухайн үед би ОХУ-руу явсан. Тэр хооронд манай захирал П.М-той өөр орчуулагчтай уулзаад Ерөнхий сайдтай уулзана гэсэн боловч бүтээгүй байсан. Тэгээд П.М- нь “ Танай компанид ямар нэгэн байдлаар туслалцаа хэрэгтэй бол надад хэлээрэй” гэхээр нь РРА-н гэрээний талаар хэлээд “РРА-н гэрээг 10 жилээр хийж өгч чадах уу” гэхэд П.М- болно хийж өгч чадна гээд “Үйлчилгээ үзүүлэх гэрээ хийгээд 200.000 орчим ам доллар болно. Тэр мөнгийг өгөх боломжтой юу “гэж хэлсэн. Тэгээд манай компаниас зөвшөөрөөд үйлчилгээ үзүүлэх гэрээ хийгээд урьдчилгаа 100.000 ам долларыг өгөөд үлдэгдэл мөнгийг гэрээ хийсний дараа өгөхөөр болсон. Анх гэрээг 3 сараар хийхээр тохиролцсон боловч П.М- гэх хүн нь 1 сарын дотор хийгээд өгнө гэж хэлсэн. Тэгээд бид нар гэрээ дуусаад 1 сар хүлээсэн боловч өнөө маргаашгүй хийж өгнө. Ер нь болчихсон гэдэг байсан. Мөнгийг би бэлнээр захирлын Солонгос туслахын хамт Тусгаар тогтнолын ордонгийн 410 тоотод бэлнээр аваачиж өгсөн гэжээ. / 1хх 33 /

 

Гэрч Ч.Энхжаргал мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Миний бие Диспетчирийн үндэсний төвийн Арилжааны зохицуулалтын албаны даргаар 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс хойш одоог хүртэлх хугацаанд ажиллаж байна. Манай албаны чиг үүргийн хувьд Цахилгаан эрчим хүчний станцуудтай холбоотой цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээг байгуулах болон төлбөр тооцооны асуудлыг хариуцан ажилладаг юм. 2016 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Ийст Эжиа Энержи ХХК-с анх албан бичгээр цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээг байгуулах хүсэлтээ ирүүлсний дагуу бид судалж эхэлсэн юм. Тэгээд тодорхой хугацаанд энэ компанийн зүгээс буюу дотоод асуудлаас нь болж гэрээг байгуулах хугацаа хойшилсоор 2017 оноос эхлэн бичиг баримтын бүрдүүлбэрүүд цэгцэрч ирсэн. Энэ компанийн дотоод асуудал гэдэг нь хуучин захирлаар ажиллаж байсан Түмэнхүү гэх хүн нь мөнгө завшсан гэх асуудлаар хууль хяналтын байгууллагаар шалгагдаж тодорхой зарим албан тушаалтнууд байнга өөрчлөгдөж, солигдож дотооддоо маргаантай байсан зэрэг асуудал байсан.

Мөн дээр нь энэ компаний зүгээс манайд гарган өгсөн техник эдийн засгийн үндэслэл нь шаардлага хангахгүй байсан учраас дахин шинэчилж гаргаж манайд ирүүлэх шаардлагатай гэх шаардлага тавьсан. Түүний дагуу энэ компани нь 2017 оны 10 сард техникийн нөхцөлөө шинээр хийлгэж ирээд дахин гэрээ хийхээр хандсан юм. Ингээд гэрээний төслүүд дээр ажиллаад явж байхад “Ийст Эжиа Энержи" ХХК-ний зүгээс тус гэрээний төслийг хөрөнгө оруулагч компани руугаа явуулаад саналыг нь авна гээд нэг хэсэг хугацаанд бас алга болчихсон.

Тэгээд санал ирсний дараа буюу 2018 оны хавар тэднээс дахин манайхтай гэрээгээ хийе гээд ирэх үед Эрчим хүчний сайд солигдсон учраас дахин шинэ томилогдсон сайдаас зөвшөөрөл аваад ир гээд явуулсан. Ингээд зөвшөөрлөө авч ирээд дахин гэрээ хийх гээд ирүүлсэн материалыг нь дахин хянаж үзэхэд техникийн нөхцөл Эрчим Хүчний Яамнаас техникийн нөхцөлийн дагуу зургийн даалгавар зэргийг гаргуулан авч ирэх шаардлагыг тавьсан ба энэ хоёр нөхцөлийг бүрдүүлж ирвэл гэрээний хэлцлийг үргэлжлүүлнэ. Ингээд гэрээний хэлцлээ Эрчим хүчний сайдад явуулж хянуулснаар гэрээг баталгаажуулахыг зөвшөөрсөн тушаал гарах юм бол бид гэрээг байгуулж хоёр тал гарын үсэг зурах боломжтой юм. Энэ хоёр нөхцөлийг бүрдүүлж ир гэдэг албан бичгийг 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр энэ компанид өгсөн. Одоогийн байдлаар энэ хоёр нөхцөлийг бүрдүүлэн авч ирээгүй болохоор гэрээний ажил түр хугацаанд зогссон байна. Энэ компаний зүгээс манайд төслийн саналаа ирүүлэхдээ жилийн хугацаатайгаар гэж ирүүлсэн. Харин манайх түүнийг нь хүлээн аваад нягталж шалгаж байгаа ба манай зүгээс ямар нэгэн тодорхой хугацаа зааж санал гаргаагүй байгаа. Хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа гэрээнүүд ер нь 3 жилийн хугацаатай байдаггүй. Их хэмжээний хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа томоохон төслүүд 10-25 жилийн хугацаатайгаар хийгддэг. Харин "Ийст эжиа энержи" ХХК-ний гэрээний нөхцөлийн хувьд 25 жилээр байх эсэхийг хөрөнгө оруулалтын зардлаа нөхөх хугацаа, үнэ, тариф гэх мэт олон талуудыг нягталж үзэж байж, гэрээний хэлцлийн явцад шийдвэрлэнэ гэжээ. / 1хх 178-179 /

 

Гэрч Д.М мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Эхлээд Хүдэрчулуун захирал нь хөөцөлдөж байгаад чимээгүй болсон. Дахин сайдын тушаал ирэхээр нь “Ийст Эжиа Энержи" компани руу утсаар холбогдож дуудахад Амарсанаа материал бүрдүүлж байсан. Энэ компанийн асуудлаар П.М-, Д.Э- гэдэг хүмүүс хандаж байгаагүй. Тариф нь өндөр байсан учир Эрчим хүчний зохицуулах хороонд албан бичгээр хандсан боловч ямар нэгэн хариу өгөөгүй. Үнэ тариф нь шийдэгдсэн тохиолдолд энэхүү асуудал шийдэгдэх боломжтой юм гэжээ. / 2хх 138-139 /

 

Яллагдагч Д.Э- мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...П.М- нь анх надад тайлбарлахдаа “Ийст эжиа энержи” нэртэй компани нь “Монгол улсад цахилгаан эрчим хүч нийлүүлэх гэрээг 10 жилийн хугацаагаар Диспетчерийн Үндэсний төвтэй байгуулаад өгөөч “гэж гуйгаад байна. Чи туслаач гэж нэг биш олон удаа гуйсан. П.М- өөрөө хэлэхдээ их найдвартай Солонгос л гэж яриад байсан юм. Ингээд би П.М-оос 2 удаагийн үйлдлээр эхлээд 90.000 ам доллар, дараа нь 10.000 ам долларыг авч нийтдээ 100.000 ам долларыг авсан. Миний хийх ёстой ажил бол “Ийст Эжиа энержи” ХХК-ийг Диспетчерийн үндэсний төвтэй 10 жилийн гэрээ байгуулахад нь туслах явдал байсан юм. Би П.М-оос 100.000 ам долларыг аваад ажил бүтээлгэхээр хүмүүст өгсөн ба заримаас нь буцаагаад авсан. Би хэнд өгсөн гэдгээ хэлмээргүй байна. Ямартай ч энэ ажлыг бүтээчихээр хүмүүст нэлээн гуйж байж өгсөн юм гэжээ. / 1хх 242-244 /

 

Яллагдагч П.М- мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. “Ийст Эжиа Энержи” ХХК болон манай “Газ Импорт” ХХК-ний хооронд 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Солонгос-Монгол хэл дээр байгуулсан үйлчилгээ үзүүлэх гэрээнд хууль зөрчсөн зүйл байхгүй. Уг гэрээг байгуулах шаардлага нь тухайн үед "Ийст Эйжиа Энержи" ХХК-ний нөхцөл байдал нь ерөнхий захирал Ү Тэ Гуаны хэлснээр маш хүнд хэцүү байдалтай байна гэсэн. Үүнд:

  1. Монгол дахь банкуудад байдаг данснууд нь хаагдсан.

2. "Диспетчерийн үндэсний төвтэй 10 жилээр Эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ хийх хүсэлтэй байна. Энэ ажлыг хөөцөлдөөд бүтэхгүй байна. Энэ гэрээг Диспетчерийн үндэсний төвтэй байгуулах гэхээр тэднийхээс 3 жилийн хугацаатай энэ гэрээг хийж болно гэж надад хэлээд байна. Үгүй бол 10 жилээр гэрээ хийхгүй гэж байна. 3 жилээр гэрээ хийхээр хөрөнгө оруулалт орж ирэхгүй. Станцынхаа барилгыг барьж ч амжилгүй гэрээний хугацаа дуусах болно. Тиймээс манай компанид ашиггүй юм" гэж надад тайлбарласан. Тэд 3 жилээр энэ гэрээг хийх гэж байсныг би болиулсан юм биш. Зөвхөн тэдний л хүсэлт.

3. Уг лиценз буюу "Эрчим хүчний зохицуулах хороо"-ноос олгосон тусгай зөвшөөрөл, 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Эрчим хүчний зохицуулах хорооны 1131 дугаартай тогтоолыг 1.000.000 ам доллароор гаргуулж авсан. Бид Диспетчерийн үндэсний төвтэй гэрээ байгуулж чадахгүй бол энэ лиценз, тогтоол ямар ч хэрэггүй цаас болох гээд байна. Тэгээд надад хандсан нь энэ Диспетчерийн үндэсний төвтэй Эрчим хүч худалдах, худалдан авах гэрээг 10 жилийн хугацаатайгаар ямар нэг аргаар байгуулах зайлшгүй шаардлагатай байна. Ардчилсан нам засаг барьж байх үед ажил сайн явдаг байсан. Одоо засгийн эрх солигдож Ардын нам засаг барьж байхад ямар ч ажил явахгүй зогсоод байна. Ийм байгаа учраас ямар нэгэн аргаар энэ гэрээг 10 жилийн хугацаатай байгуулж өгөх боломж байна уу" гэж надаас хүссэн юм. Энэ гэрээг хэрэв байгуулчих юм бол Хюндэй хүнд аж үйлдвэрээс танай компанид хөрөнгө оруулалт хийж өгнө гэж тохиролцсон юм. Би энэ гэрээг байгуулахад шаардлагатай зардлыг нь гаргаж өгнө гэсэн. Энэ хүсэлт хэд хэдэн удаагийн уулзалтад дээр яригдсан болохоор энэ тухай өөрийн танил Д.Э-т хэлэхэд тэрээр “Хүмүүстэй ярилцъя. Болохоор бол би танд эргэж хэлье" гэсэн юм. Тэгээд түүнээс хойш хэсэг хугацааны дараа Д.Э- над руу холбогдоод “Арга эвийг нь олоод, мөнгө төгрөгийг нь өгөх юм бол энэ гэрээг нь хүссэн 10 жилийн хугацаагаар нь байгуулж болох юм шиг байна" гэж надад хэлсэн. Би энэ талаар Ү Тэ Гуанд болон тус компанийн менежер Будханд нартай ярилцаж цааш нь Д.Э-тэй ярьж байгаад 2 талын сонирхлыг нийцүүлээд энэ гэрээг байгуулаад өгөх юм бол 200.000 ам долларыг өгье гэж тохиролцсон. Тэгээд эхний ээлжинд тус мөнгөний 50 хувь буюу 100.000 ам.долларыг урьдчилгаанд авах, өгөхөөр болсон юм. Тэгээд гэрээг би өөрийн компаний нэрээр тэдний компанитай байгуулсан юм. У Тэ Гуан, Будханд, Д.Э- нар нь хоорондоо уулзаж байгаагүй. Надаар бүх зүйл дамжсан гэжээ. / 1хх 203-204 /

 

Шүүдэгч Д.Э-ийг 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / 1хх 242-244 /

 

Шүүгдэгч П.М-ийг 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / 1хх 203-204 /

 

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / 1хх 13, 15 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Д.Э- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  ...Би тэр Солонгос хүнийг огт танихгүй, уулзаж байгаагүй. П. П.М- гэдэг хүнээр л холбогдсон. Надад П.М- хэлэхдээ “ Боломжтой Солонгос хүн байгаа юм. Хоёулаа ажлыг нь бүтээгээд өгчихье. Дараа нь барилгын чиглэлээр хөрөнгө оруулалт зэргээр тусална гэж байна. Аль аль талдаа туслаад явъя “ гэж хэлсэн. П.М- надад 3 жилийн гэрээг 10 жил болгож сунгаж, гэрээнд суулгана гэж надаас гуйсан. Тэрийг хөөцөлдөж байх явцад П.М-оор дамжуулаад тэр солонгосоос зөндөө юм нэхсэн ч тэр солонгос нэг ч бичиг баримт, нэг ч юм өгөөгүй. Би энэ ажлыг хөөцөлдөж, мөнгийг  хүмүүст өгсөн. Би эдгээр хүмүүсийг гуйсан учир хэлэх боломжгүй. Би амьд явахын тулд хохирлыг төлсөн. Солонгос улсын иргэнд гомдолтой байна гэв.

 

Шүүгдэгч П.М- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  2018 он гараад удаагүй байхад манай дүүгийн хүүхэд Т.Хүрэлбаатар, менежер Д.Будханд нар  надтай уулзаад “Манай захирал эрчим хүчний үйлдвэр байгуулаад, тэр үйлдвэрийнхээ гарсан бүтээгдэхүүн цахилгааныг 10 жилийн хугацаатай худалдах, худалдан авах гэрээг Диспедчерийн үндэсний төвтэй  хийж өгөх хүн хайгаад байгаа. Энэ ажилд та туслана уу “ гэсэн. Гол шалтгаан нь засгийн эрх барьж байгаа нам солигдсоноос ажил явахаа больсноос компани бүр мөсөн дуусах гээд байна. Өнөөдрийн байдлаар монгол улс дахь бүх банкнуудын данс хаагдсан, шүүхийн шийдвэрээс оффисыг битүүмжилсэн, 1 сая доллар төлөөд авсан тусгай зөвшөөрөл, лицензийн маань хугацаа дуусаад хэрэггүй цаас болох гээд байна” гэж хэлсэн. Би Д.Э-өд энэ талаар хэлсний дагуу хэсэг хугацааны дараа Д.Э- “ Ганц хоёр хүнтэй ярилаа. Наад солонгос хүн чинь хэдэн төгрөг өгнө гээд байгаа бол тэрийг нь авч өгөөд хийж болох юм байна. Ямар ашигтай юм “ гэхээр нь “ Барилгын хөрөнгө оруулалт хийж өгье “ гээд байна гэсэн. Ингээд гэрээг солонгос, монгол хэл дээр орчуулаад тамга дараад, гарын үсгээ зураад 99.800 доллар авсан. Банк авчихлаа гээд 200 доллар нь дутуу ирсэн. Надаар зуруулахдаа “ Та 100.000 доллар гээд биччих үү” гэхээр нь би 200 доллар дээр юм яриад яах вэ гээд 100.000 доллароор бичээд өгсөн. Д.Будханд буцаж орж ирээд “ Та 10 хувиа өгчих гэхээр нь 9800 долларыг нь өгөөд 90.000 доллар нь үлдсэн. Би Д.Э- рүү утасдаж хэлэхэд Д.Э- цагийн дараа ирж мөнгийг авсан. Тэгээд би сар гаруй хугацааны дараа 04 дүгээр сарын 03-ны өдөр баримт үйлдээд Д.Э-өд өөрөөсөө 10.000 доллар гаргаад өгсөн. Энэ гэрээг байгуулахаас өмнө Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Энхбаттай солонгосыг уулзуулсан. Б.Д.Э- бүтнэ гэхээр нь тэр гэрээг би байгуулсан.  Би тэр мөнгийг авч идээгүй. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Гэрч Т.Хүрэлбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Д.Будхандтай Солонгост ажил хийж байхдаа танилцсан. Ирээд Д.Будхандын ажиллаж байсан компанид ажиллахаар хэлэхэд “ Манай захирал ажилд авч магадгүй. Чи түр байж бай “ гэсэн. Гэтэл Д.Будханд “ Манай компани станц барих гээд зөвшөөрөл авсан. Энэ асуудлыг хөөцөлдөөд өгөх хүн байна уу. Танай ах бизнес хийдэг юм чинь таньдаг, мэддэг хүн байгаа юу“ гэсэн.  Тэгэхээр нь “ Мэдэхгүй байна. Асууж үзье “ гэсэн. Тэгээд ахтай уулзахад “ Тэр хүмүүсээ уулзуулчих “ гэсэн. ...Ү Тэ Гуаны туслах гээд 2 Солонгос хүн, Д.Будханд менежер нар уулзаад ахад 100.000 доллароос 200 доллар дутуу өгсөн.

Тэр мөнгөөр станцын  ажлыг бүтээж өгнө гэж ойлгосон. Нарийн сайн мэдэхгүй байна гэв.

 

Гэрч Д.Будханд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манай захирал П.М-той танилцсан. П.М- нь хэлэхдээ “Эрчим хүчний яам, салбарт таньдаг хүн байгаа. Ер нь болно, хөөцөлдөнө “ гэсэн. Энэ ажлыг бүтээж өгөхөөр захиралтай гэрээ хийсэн. Д.Э- гэдэг хүнийг танихгүй. Д.Э- энэ ажлыг хөөцөлдөнө гэдэг асуудал яригдаж байгаагүй. Анх тэр гэрээг 200.000 доллароор байгуулсан. Урьдчилгаа 50 хувь болох 100.000 долларыг эхний ээлжид өгөх шаардлагыг П.М-ийн зүгээс тавьсан. Захирал тухайн шаардлагыг зөвшөөрөөд гэрээ байгуулсан. Албан ёсны орчуулагч байсан.

Тухайн үед захирал мөнгөө өгөхдөө “200 долларыг банк татварт авсан “гээд  99.800 долларыг аваачиж өгсөн. РРА гэрээ, тусгай зөвшөөрлийн хуулбарыг мөнгөтэй өгч, падаан дээр гарын үсэг зуруулж авсан.

П.М- гуай баярлалаа гээд гэрээ байгуулахад зуучилсан хөлс гэж 9800 доллар өгсөн. Т.Хүрэлбаатар бид 2 оффист нь П.М-ийн нүдэн дээр нь хоёр хувааж аваад өрөөнөөс нь гарсан. Т.Хүрэлбаатараар дамжуулж энэ ажил яригдсан бөгөөд П.М- нь гэрээ байгуулбал 10 хувийг өгнө гэсэн гэв.

 

Шүүгдэгч Д.Э- нь П.М-той бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Ү Тэ Гуанд “эрх бүхий албан тушаалтанд мөнгө өгөх замаар РРА буюу Монгол Улсад эрчим хүч нийлүүлэх гэрээг 10 жилийн хугацаатай байгуулж өгнө” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж, улмаар 100.000 ам доллар буюу 239.626.000 төгрөг залилан авсан,

- П.М- нь Д.Э-тэй бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тусгаар тогтнолын ордны 410 тоот өрөөнд Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн У Тэ Гуанд "Монгол Улсын Ерөнхий сайдтай дотны харилцаа холбоотой тул РРА буюу Монгол Улсад эрчим хүч нийлүүлэх гэрээг 10 жилийн хугацаатай хийж өгнө" хэмээн үйлчилгээ үзүүлэх гэрээг бичгээр байгуулан хуурч, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж 100.000 ам доллар буюу 239.626.000 төгрөг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэж прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Хэрэгт авагдсан “Ийст Эжиа Энержи” ХХК-иас яллагдагч П.М-ид 100.000 ам доллар хүлээлгэж өгсөн тухай бэлэн мөнгөний зарлагын баримтын хуулбар / 1хх 17 / байгаа боловч хохирогч Ү Тэ Гуангийн мэдүүлэгт мөнгөний талаар тодорхой мэдүүлээгүй / 1хх 26-27 / П.М- нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө эдгээрийг үгүйсгэсэн байна.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.М- мэдүүлэхдээ: ...Тухайн үед хохирогчоос гэрээний дагуу 50 хувь буюу 100.000 ам.долларыг урьдчилгаанд авахаар тохирсон боловч тэд надад 99.800 доллар өгсөн ба 200 долларыг банк шимтгэлд авсан гэхээр нь би 100.000 доллар авснаар гэрээ хийсэн. Д.Э-өд өөрөөсөө 200 доллар нэмж өгсөн гэж мэдүүлсэн нь үндэслэлтэй болох нь мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Д.Э-ийн “...П.М- энэ мөнгийг 2 хувааж өгнө гээд урьдчилгаа нь энэ гээд 90.000долларыг 2018 оны 2 сарын сүүлээр өгөөд үүнээс хойш 1-2 сарын дараа 10.000 доллар өгсөн “ гэсэн мэдүүлэг / 1хх 30-31 /, гэрч Т.Хүрэлбаатарын “... Тусгаар тогтнолын ордоны 410 тоотод солонгосын 2 иргэн, Д.Будханд, П.М- ах, бид 5 хамт байсан. Тэгэхэд гэрээгээ хийгээд бэлнээр 99.800 ам долларыг П.М- ахад өгөөд 200 ам долларыг банк авсан гэж Д.Будханд хэлж байсан “ гэсэн мэдүүлэг / 1 хх 32, 239-240 /,  “... Мөнгийг би бэлнээр захирлын солонгос туслахын хамт Тусгаар тогтнолын ордны 410 тоотод бэлнээр аваачиж өгсөн “ гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Д.Будхандын мэдүүлэг / 1хх 33 /,  “... Тухайн үед захирал мөнгөө өгөхдөө “200 долларыг банк татварт авсан гээд  99.800 доллар өгснийг РРА гэрээ, тусгай зөвшөөрлийн хуулбарын хамт өгч, падаан дээр гарын үсэг зуруулж авсан “ гэж шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Д.Будхандын өгсөн мэдүүлэг зэргээр тус тус нотлогдож байна.

Иймд шүүгдэгч нарыг 99.800 доллар буюу 239.146.748 төгрөгний хохирол учруулсан гэж үзэх үндэслэлтэй, энэ нь зүйлчлэлд нөлөөлөхгүй тул зөвтгөн шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгч П.М- нь эрх бүхий албан тушаалтан биш бөгөөд дээрх гэрээг байгуулах боломжгүй атлаа бусдын нэрийг барьж, 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тусгаар тогтнолын ордны 410 тоот өрөөнд Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн У Тэ Гуанд "Монгол Улсын Ерөнхий сайдтай дотны харилцаа холбоотой тул РРА буюу Монгол Улсад эрчим хүч нийлүүлэх гэрээг 10 жилийн хугацаатай хийж өгнө" хэмээн үйлчилгээ үзүүлэх гэрээг бичгээр байгуулан хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 99.800 ам доллар буюу 239.146.748 төгрөгийг авч Д.Э-өд өгч, улмаар Д.Э- нь " Эрх бүхий албан тушаалтанд мөнгө өгөх замаар РРА буюу Монгол Улсад эрчим хүч нийлүүлэх гэрээг 10 жилийн хугацаатай байгуулж өгнө" хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 99.800 ам доллар буюу 239.146.748 төгрөгийг авсан болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...

“Ийст Эжиа Энержи” ХХК-с яллагдагч П.М-ид 100.000 ам доллар хүлээлгэж өгсөн тухай бэлэн мөнгөний зарлагын баримтын хуулбар / 1хх 17 /, ...Үйлчилгээний үзүүлэх тухай гэрээний хуулбар / 1хх 20-24 /,    ...“Диспетчерийн үндэсний төв” ХХК болон “Ийст Эжиа Энержи” ХХК-ний хооронд байгуулсан Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээний хуулбар / 1хх 109-177 /, ...Эрчим хүчний яамны сайдын 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/3130 тоот “Гэрээний хэлцэл хийх” тухай албан бичиг / 1хх 184 /,    ... Тэр хүн би Монгол Улсын Ерөнхий сайдтай маш дотно Засгийн газрын зарим хүмүүстэй хамтарч ажилладаг. 10 жилээр гэрээгээ сунгуулахын тулд Эрчим хүчний зохицуулах хороонд бүх бичиг баримтаа бүртгүүлэх ёстой. Мөн үүнийг хийхэд ажлын хөлсөнд нийт 80.000 ам доллар авна. Яаравчлан хийж өгч байгаа учраас эхлээд 100.000 ам доллар, ажил дууссаны дараа дахиад 100.000 ам долларын төлбөр авна гэхээр нь манай компани тохиролцоод 100.000 ам доллар тэр хүнд өгөхөөр болоод 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 3 сарын хугацаатай үйлчилгээ үзүүлэх гэрээг манай гэрт хийгээд 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Д.Будханд болон Хун Сон Хун нар нь Тусгаар тогтнолын ордонгийн 410 тоотод мөнгийг бэлнээр аваачиж өгсөн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Ү Тэ Гуангийн мэдүүлэг / 1хх 26-27 /,       ...Би  ах П.М-оос “ Гэрээ хийж өгөх боломж байгаа юу “ гэж асуухад ах “ Материалтай танилцъя. Ямар ажил хийлгэх гэж байгааг нь тодруулна “ гэж хэлэхээр нь би тухайн компаний захирлыг П.М- ахтай уулзуулсан. Тэгээд хэд хэдэн удаа уулзсаны дараа П.М- ах нөгөө хүнтэй гэрээ хийгээд П.М- ахын оффес дээр  99.800 ам долларыг авчирч өгөөд 200 ам долларыг банк авсан гэж Д.Будханд орчуулж байсан. Гэрээний  10 хувь болох 9800 ам долларыг Д.Будханд ахаас авч, тал мөнгийг нь надад өгсөн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Т.Хүрэлбаатарын мэдүүлэг  / 1хх 32, 240-241 /,       ... Хүрлээ ажилд орохоор захиралтай хэд хэдэн удаа уулзаад П.М- гэх ах нь “Ерөнхий сайдтай холбоотой байдаг” гэж ярьсан тул Хүрлээ уулзалт зохион байгуулаад Тусгаар тогтнолын ордоны 4 дүгээр давхарт П.М-ийн оффист уулзсан. П.М- нь “ Танай компанид ямар нэгэн байдлаар туслалцаа хэрэгтэй бол надад хэлээрэй” гэхээр нь РРА-н гэрээний талаар хэлээд “РРА-н гэрээг 10 жилээр хийж өгч чадах уу” гэхэд П.М- “ Болно. Хийж өгч чадна” гээд “Үйлчилгээ үзүүлэх гэрээ хийгээд 200.000 орчим ам доллар болно” гэхээр нь манай компаниас зөвшөөрөөд үйлчилгээ үзүүлэх гэрээ хийж, урьдчилгаа 100.000 ам долларыг өгөөд үлдэгдэл мөнгийг гэрээ хийсний дараа өгөхөөр болсон. Мөнгийг би бэлнээр захирлын солонгос туслахын хамт Тусгаар тогтнолын ордонгийн 410 тоотод бэлнээр аваачиж өгсөн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Д.Будхандын мэдүүлэг  / 1хх 33 /,     ...Эрчим хүчний сайд солигдсон учраас дахин зөвшөөрөл аваад ир гээд явуулсан. “Ийст Эжиа Энержи” ХХК-с ирүүлсэн материалыг нь дахин хянаж үзэхэд Эрчим Хүчний Яамнаас техникийн нөхцөлийн дагуу зургийн даалгавраа гаргуулж, гэрээний хэлцлээ Эрчим хүчний сайдад явуулж хянуулснаар гэрээг баталгаажуулахыг зөвшөөрсөн тушаал гарах юм бол бид гэрээг байгуулж хоёр тал гарын үсэг зурах боломжтой юм. Энэ хоёр нөхцөлийг бүрдүүлж ир гэдэг албан бичгийг 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр энэ компанид өгсөн. Одоогийн байдлаар энэ хоёр нөхцөлийг бүрдүүлэн авч ирээгүй болохоор гэрээний ажил түр хугацаанд зогссон байна гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Ч.Энхжаргалын мэдүүлэг / 1хх 178-179 /,     ...Энэ компанийн асуудлаар П.М-, Д.Э- гэдэг хүмүүс хандаж байгаагүй. Тариф нь өндөр байсан учир Эрчим хүчний зохицуулах хороонд албан бичгээр хандсан боловч ямар нэгэн хариу өгөөгүй. Үнэ тариф нь шийдэгдсэн тохиолдолд энэхүү асуудал шийдэгдэх боломжтой юм гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Д.Мягмарсүрэнгийн мэдүүлэг  / 2хх 138-139 /,     ...П.М- нь надад “Ийст эжиа энержи” нэртэй компани нь “Монгол улсад цахилгаан эрчим хүч нийлүүлэх гэрээг 10 жилийн хугацаагаар Диспетчерийн Үндэсний төвтэй байгуулаад өгөөч “гэж олон удаа гуйсан. Би П.М-оос 2 удаагийн үйлдлээр нийтдээ 100.000 ам долларыг аваад ажил бүтээлгэхээр хүмүүст өгсөн ба заримаас нь буцаагаад авсан. Би хэнд өгсөн гэдгээ хэлмээргүй байна гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн  яллагдагч Д.Э-ийн мэдүүлэг  / 1хх 242-244 /,      ...“Ийст Эжиа Энержи” ХХК-ний ерөнхий захирал Ү Тэ Гуаны хүсэлтээр 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулсан. Хюндэй хүнд аж үйлдвэрээс танай компанид хөрөнгө оруулалт хийж өгнө. Гэрээ байгуулахад шаардлагатай зардлыг нь гаргаж өгнө гэхээр нь өөрийн танил Д.Э-т хэлэхэд тэрээр “ Хүмүүстэй ярилцъя. Болохоор бол би танд эргэж хэлье “ гэсэн юм. Тэгээд хэсэг хугацааны дараа Д.Э- над руу холбогдоод “ Арга эвийг нь олоод, мөнгө төгрөгийг нь өгөх юм бол энэ гэрээг нь хүссэн 10 жилийн хугацаагаар нь байгуулж болох юм шиг байна “ гэж хэлэхээр нь эхний ээлжинд 50 хувь буюу 100.000 ам.долларыг урьдчилгаанд авах, өгөхөөр болж, надаар бүх зүйл дамжсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч П.М-ийн мэдүүлэг / 1хх 203-204 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Э-, П.М- нарыг бүлэглэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.Э-, П.М- нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Д.Э- нь хохирогч Ү Тэ Гуанд учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчийн зүй бус үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тэдгээрийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Д.Э-, П.М- нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, гэм буруу, хувийн байдал зэргийг харгалзан тус бүр 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.  

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч  Д.Э-, П.М- нар нь төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг дурьдаж, П.М- нь хохирогчоос авсан мөнгөнөөс 980 долларыг Д.Будханд, Т.Хүрэлбаатар нарт дээрх ажлыг олж өгсний урамшуулал болгож өгснөөс  болж өөрөөсөө 10.000 доллар нэмж Д.Э-өд өгсөн нь дээрх мөнгийг нэхэмжлэх үндэслэл болохгүй бөгөөд харин Д.Будханд, Т.Хүрэлбаатар нараас нэхэмжлэн авах эрхийг нь нээлттэй үлдээв.

 

Шүүгдэгч нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн тул Д.Э-, П.М- нарт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч    Д.Э-, П.М- нарын хөрөнгө, цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан тэдгээрт оногдуулсан торгуулийг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэв.

 

Шүүгдэгч Д.Э-, П.М- нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгах саналыг өмгөөлөгч нар гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна. Үүнд:

1. Дээрх зөвшөөрлийг авахдаа Эрчим хүчний яамны Диспетчерийн үндэсний төвийн Арилжааны зохицуулалтын алба нь цахилгаан эрчим хүчний станцуудтай холбоотой цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээг байгуулах болон төлбөр тооцооны асуудлыг хариуцан ажилладаг. Дээрх албанд “Ийст Эйжиа Энержи” ХХК нь удаа дараа хандсаны дагуу техникийн нөхцөл, Эрчим хүчний яамнаас техникийн нөхцөлийн дагуу зургийн даалгавар гаргуулан авч ирэх шаардлагыг биелүүлж ирэх байтал ирээгүйгээс гэрээний ажил түр зогссон байсан болох нь гэрч Ч.Энхжаргалын мэдүүлгээр / 1хх 178-179 / нотлогдож байна.

2. Хохирогч Ү Тэ Гуан нь дээрх шаардлагуудыг биелүүлэх боломжгүй, РРА буюу Монгол Улсад эрчим хүч нийлүүлэх гэрээг 3 жилийн хугацаатай хийгээгүй байсан. Д.Э- нь хохирогч Солонгостой уулзаагүй боловч шүүгдэгч П.М-ийн хэлснээр “Арга эвийг нь олоод, мөнгө төгрөгийг нь өгөх юм бол энэ гэрээг нь хүссэн 10 жилийн хугацаагаар нь байгуулж болох юм шиг байна” гэж хэлж, дээрх мөнгийг авч, ажил бүтээх хүмүүст өгсөн гэх боловч тэдгээрийг хэлэх боломжгүй гэсэн нь бусдад өгснийг үгүйсгэж байна.

3. Мөн шүүгдэгч П.М- нь дээрх мөнгөнөөс өөртөө аваагүй боловч, өөртөө ашиг олох зорилгоор тухайн зөвшөөрлийг олгох эрх бүхий албан тушаалтан биш атлаа Д.Э-тэй ярилцсаны үндсэн дээр хүний нэрийг барьж, “Монгол Улсын Ерөнхий сайдтай дотны харилцаа холбоотой тул РРА буюу Монгол Улсад эрчим хүч нийлүүлэх гэрээг 10 жилийн хугацаатай хийж өгнө” хэмээн хохирогчтой үйлчилгээ үзүүлэх гэрээг бичгээр байгуулан гэрээгээр халхавчлан хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 99.800 ам доллар буюу 239.146.748 төгрөгийг авсан нь нотлогдсон, тэдгээр нь үйлдлээрээ нэгдсэн тул прокуророос бүлэглэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д.Э-, П.М- нарыг бүлэглэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Д.Э-, П.М- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар тус бүрийг 10.000 / арван мянга / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Д.Э-, П.М- нар нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, П.М- нь өөрт учирсан хохирлоо жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Д.Э-, П.М- нар нь шүүхээс тогтоосон тус бүр 10.000.000 төгрөгийн торгуулийн ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Д.Э-, П.М- нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Д.Э-, П.М- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тэдгээрт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Э-, П.М- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ОЮУНЧИМЭГ