| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
| Хэргийн индекс | 101/2017/03390/И |
| Дугаар | 001/ХТ2018/01407 |
| Огноо | 2018-10-16 |
| Маргааны төрөл | Бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрын талаарх маргаан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 001/ХТ2018/01407
Б.Мийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2018/01070 дугаар шийдвэр
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 1103 дугаар магадлалтай
Б.Мийн нэхэмжлэлтэй
Ц.Мт холбогдох
Зөвшөөрөлгүй барьсан хашааг буулгаж, орц, гарцыг чөлөөлүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Золзаяагийн хяналтын журмаар гаргасан гомдлоор
Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Золзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Туул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, Дунд дарь эх, 7 дугаар гудамж, 932 тоот хаягт байршилтай 18644314974341 тоот нэгж талбарын дугаартай, Г-2204008804 тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй 566 м.кв талбай бүхий газрыг эхнэр Б.Мартын хамт өмчилдөг. Хариуцагч Ц.М нь манай хил залгаа газар болох 931 тоот хаягт байрлах газрыг өмчилдөг, бид хөршүүд бөгөөд өнгөрсөн хугацаанд ямар нэгэн асуудалгүй амьдарч байсан. Манай хашаа анхнаасаа кадастрын зургийн дагуу хариуцагчийн хашаанаас тодорхой хэсгээр илүү гарч баригдсан, тухайн илүү хэсэгт булан үүсдэг ба үүнийг дааман буюу орц, гарцын зориулалтаар ашигладаг байсан. Гэтэл хариуцагч 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдөр зохих этгээдийн зөвшөөрөлгүй өөрсдийн хашааг сунгаж, манай орц, гарцыг хааж, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж байна. Бид энэ талаар харьяа дүүргийн газрын албанд хандаж, зөвшөөрөлгүй сунгасан хашааг буулгах хүсэлт гаргасан ч тус байгууллагаас шүүхийн журмаар асуудлаа шийдвэрлүүл гэсэн хариу өгсөн.
Хэрэгт авагдсан баримтад Баянзүрх дүүргийн газрын албанаас хариуцагч талд хашаа сунгахыг зөвшөөрөөгүй гэсэн агуулгатай албан бичиг байдаг. Хариуцагч Ц.М нь эрх бүхий байгууллагын шаардлага, нэхэмжлэгчийн хүсэлтийг үл хэрэгсэж, өнөөдрийг хүртэл сунгасан хашаагаа буулгахгүй, орц, гарцыг чөлөөлөхгүй байна. Бид хашааныхаа хойд хэсэгт орц, гарц гаргасан ч өмнө ашигладаг байсан хуучин орц, гарцын хэсэгт барилга барих төлөвлөгөөтэй байгаа ба хариуцагчийн хууль зөрчсөн үйлдлээс эрхээ хэрэгжүүлж чадахгүй байна. Иймд хариуцагчид хууль бусаар сунгаж барьсан хашааг буулгаж, орц, гарцыг чөлөөлөхийг даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. 2012 онд Мянганы сорилтын сангаас Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны орчмын айлуудын хашаанд кадастрын зураг хийх ажлыг зохион байгуулсан бөгөөд нэхэмжлэгчийн орц, гарц байсан газрын буланд архичид байнга цугларч, чимээ шуугиан гаргаж, зодоон хийх зэргээр нийгмийн хэв журмыг их зөрчдөг байсан. Энэхүү нөхцөл байдлын талаар хорооны засаг дарга болон Мянганы сорилтын сангийн хүмүүст мэдэгдэж, тухайн газрыг хогийн цэг болох, архичид цугларч, цаашилбал гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлж, хашаагаа татах хүсэлт гаргасныг хүлээн авсан. Хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн газрын албанаас хариуцагч талд хашаа сунгахыг зөвшөөрөөгүй гэсэн утгатай албан бичгийн талаар мэдэхгүй тул газрын албанаас тодруулах болно.
Нэхэмжлэгч яагаад тухайн хэсгээр орц, гарц гаргах гээд байгааг ойлгохгүй байна, түүний хашааны арын гудамжаар автобусны буудалд хүрэхэд 300 метр орчим, хуучин орц гарцын хувьд 600 метр орчим явж хүрнэ. Б.М уг хашаандаа ч амьдардаггүй, орц, гарцаа хашааныхаа хойд хэсгээр гаргасан бөгөөд цаашид тухайн хэсгийг ашиглахад ямар ч хүндрэл байхгүй, одоогийн барьсан хашаа нь түүний кадастрын зургаас өөр, хажуу айлын өмчлөлийн газарт хил зөрчиж орсон. Бид анхнаасаа хашаагаа сунгаж татахдаа энэ талаар нэхэмжлэгчид удаа дараа хэлж, сануулж байсан. Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2018/01070 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч Б.Мийн гаргасан Ц.Мт холбогдох хашаа буулгаж, орц, гарцыг чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 1103 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2018/01070 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Золзаяа миний бие Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2018/01070 дугаар шийдвэр болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 1103 дугаар магадлалыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.
Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Ц.Мт холбогдуулан орц гарц чөлөөлж, зөвшөөрөлгүй барьсан хашаагаа буулгахыг даалгах тухай нэхэмжлэлийг гаргасан. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дугаар зүйлд заасны дагуу өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг талсан зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэсний дагуу шаардсан болно.
Гэвч шүүх хэт нэг талыг барьж хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд бус, хуулийг буруу хэрэглэж тайлбарласан шийдвэр гаргасан гэж үзэж байна.
Нэхэмжлэгч Б.М нь тухайн газрыг худалдан авах үед хашааны хаалга одоо маргаад байгаа талд байсан бөгөөд нэхэмжлэгч нь тухайн хаалгаараа чөлөөтэй орж гардаг байсан. Гэтэл хариуцагч нь архичин цугларч байна гэх нэрийдлээр дур мэдэн нэхэмжлэгчийн дааман хаалгыг хааж хашаагаа ямар ч зөвшөөрөлгүй сунгаж барьсан нь нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчөөд барахгүй, хөршийн эрхийг ч зөрчиж байгаа үйлдэл юм. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас харахад шат шатны шүүх хариуцагч Ц.М нь зөвшөөрөлгүй хашаагаа сунгаж нэхэмжлэгч Б.Мийн эрхийг зөрчсөн байна гэж тогтоосон байдаг.
Нэхэмжлэгчийн өмчлөх газар нь анхнаасаа тухайн газраар орж, гарч байсан бөгөөд энэ нь хэн нэгний эрх ашгийг зөрчөөгүй, мөн нэхэмжлэгч нь дур мэдэн тухайн газар орц гарц нээгээгүй. Хариуцагч нь нэхэмжлэгчийн орц, гарыг хааж зөвшөөрөлгүй хашаагаа сунгаж барьсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдож байна.
Мөн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгч нь шаардлагаа, хариуцагч нь татгалзаж байгаа үндэслэлээ нотлох үүрэгтэй. Гэвч хариуцагч тал өөрийн татгалзсан үндэслэлээ нотлоогүй. Сунгаж барьсан хашаа нь ямар учраас хэний зөвшөөрлөөр сунгаж барьсан талаар нэг ч баримт тайлбарыг гаргаж өгөөгүй.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт иргэн Ц.Мын хашаагаа сунгаж барьсан нь хууль бус боловч тухайн газар нь Б.Мийн өмч биш бөгөөд иргэн Мөнхторийн эрхийг зөрчөөгүй байна гэжээ. Иргэн Б.М нь тухайн газрыг өөрийн өмчлөлдөө авах талаар шаардлага гаргаагүй. Ц.Мын сунгаж барьсан газар нь зөвшөөрөлгүй хууль бусаар сунгасан гэдгийг холбогдох байгууллага тогтоосон болно. Мөн тухайн газраар нэхэмжлэгч нь орж гардаг байсан бөгөөд нэг өдөр л Ц.М нь зөвшөөрөлгүйгээр орц гарцыг нь хааж хашаагаа барьсан үйлдэл нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөд байна гэдгийг хангалттай тайлбарласан болно.
Мөн зохигчдын хэн аль нь тухайн газарт анхнаасаа дааман хаалга байсан бөгөөд нэхэмжлэгч түүгээр орж гардаг байсныг зөвшөөрдөг. Хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгчийн дааман хаалгыг манайх хаасан бөгөөд сунгасан газар нь зөвшөөрөлгүй гэдгээ хүлээн зөвшөөрдөг.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Б.М нь Ц.Мт холбогдуулан зөвшөөрөлгүй барьсан хашааг буулгаж, орц, гарцыг чөлөөлүүлэхээр шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.
Хариуцагч Ц.М нь өөрийн эзэмшлийн хашаагаа дур мэдэн сунгаж, нэхэмжлэгч Б.Мийн хашааны орц, гарц байсан хэсгийг хаасан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон боловч нэхэмжлэгчийн эзэмшлийн хашаа нь хойд талаараа нийтийн эзэмшлийн талбайтай залгаа, хойд талын гудамжаар нийтийн эзэмшлийн зам, автобусны буудалд хүрэх бүрэн боломжтой байна.
Нэхэмжлэгчийнх хойд талдаа хаалгатай, тэр газраараа орц, гарц гаргаж өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжтой тул нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэж үзэх боломжгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт буруу биш, хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэгдсэн, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2. дахь заалтыг зөрчөөгүй байна.
Хариуцагчийн зөвшөөрөлгүй сунгаж барьсан хашаа нь нийтийн эзэмшлийн газарт хамаарч байх тул нэхэмжлэгч нь нийтийн эзэмшил газрыг чөлөөлөхийг хариуцагчаас шаардах эрх бүхий этгээд биш гэж үзсэн нь Газрын тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэжээ.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нотлох баримтыг үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2. дахь заалтыг зөрчөөгүй, хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2. дахь заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн гэж үзнэ.
Нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянахдаа үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх заалтыг зөрчөөгүй байна.
Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.
Иймд “...шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчсөн...” гэх үндэслэлээр шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2018/01070 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 1103 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Золзаяагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Золзаяагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД