| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2021/0133/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/132 |
| Огноо | 2021-03-04 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Б.Гүнсэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 2021/ШЦТ/132
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Базарханд даргалж, улсын яллагч Б.Гүнсэл /томилолтоор/, шүүгдэгч Г.Ч, нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн А овогт Г-гийн Ч-д холбогдох эрүүгийн 21100 0000 0083 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1967 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа, хххх тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо хххх тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, А овогт Г-гийн Ч- /РД: /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Г.Ч нь 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Виктория таун хотхоны зогсоол дээр байсан иргэн Г.А-ийн эзэмшлийн Лексус-250 маркийн суудлын автомашины урд салхины шил болон зүүн гар талын өрөөсөн толийг хагалж гэмтээсний улмаас 950.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Ч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэх хүсэлтийг тус шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлж шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав.
Үүнд:
1. Шүүгдэгч Г.Чгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Надад Г.А- нь “Приус 20” маркийн машинаа өгнө” гэж хэлчихээд өгөхгүй өөр хүнд зарсан юм. Тэгээд уур хүрээд ийм асуудал гаргасан. Би тэр үед согтууруулах ундааны зүйлс хэрэглэсэн байсан, гэхдээ тийм их согтоогүй байсан. Би ажил орлоготой болж байгаад хохирлыг төлж барагдуулна. Миний буруу, би гэм буруугаа ойлгосон. Хялбаршуулсан журмаар хэргээ шийдүүлэх гаргасан хүсэлтээ дэмжиж байгаа.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 21100 0000 0083 дугаартай хэргээс:
1. Lexus HS250 загварын хххх улсын дугаартай автомашинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 05-06х/,
2. Хэрэг гарсан гэх Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 204 дүгээр байрны авто зогсоолын хяналтын камерын бичлэг бүхий Сиди 1 ширхэгийг хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон Мөрдөгчийн тогтоол, бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 08-09х, 10-11хх/,
3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.А-ийн хохирогчоор өгсөн:
“...Би 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны 205 дугаар байрны гадна тавьсан байсан өөрийн эзэмшлийн хххх улсын дугаартай Lexus HS250 маркийн автомашиныг асаахаар очиход урд талын салхины шилийг хагалчихсан байхаар нь тухайн газрын ойр орчмын камерын бичлэгийг шүүж үзсэн. Тэгэхэд манай хадам ээжтэй хамтарч байсан Галдан овогтой Чүлтэмсүрэн гэх хүн миний машины урд салхины шилийг цас цэвэрлэдэг урт төмрөөр цохиод хагалж байгаа бичлэг байхаар нь Цагдаагийн байгууллагад хандсан. Г.Ч өнөөдөр манай гэрт 13 цагийн үед ирэхээр нь бид гэртээ оруулаагүй. Үүнээс болж шаралхсандаа миний машины салхины шилийг хагалсан гэж бодож байна.
...Г.Ч нь мөн өдрөө дахин ирж миний машины толийг хагалсан байсан. Миний тээврийн хэрэгсэл нь 2010 онд үйлдвэрлэгдсэн, Монгол Улсад 2018 онд орж ирсэн 1405 УБМ улсын дугаартай Lexus HS250 маркийн автомашин байгаа. Би тээврийн хэрэгслийнхээ салхины шилийн 500.000 төгрөгөөр, толийг 400.000 төгрөгөөр тус тус үнэлж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 12х, 15х/,
4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.Гын гэрчээр өгсөн:
“...2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр намайг Налайх руу хамаатныхаа хүнтэй уулзахаар явсан хойгуур орой 20 цагийн үед охин Халиун над руу залгаад “Чүлтэмсүрэн согтуу ирээд манай машиныг эвдээд, хэл амаар доромжлоод явчихлаа” гэж хэлсэн. Тэгээд Чүлтэмсүрэн рүү залгахад “чи надаас салах гээд хүргэнийхээ машиныг зарах бодолтой байсан болохоор чинь эвдэлсэн юм” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 19х/,
5. Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ХУ2-21-041 дугаартай:
“...1405 УБМ улсын дугаартай Лексус-HS250 маркийн автомашины урд салхины шил, толь хугарсан гэх эд зүйлс, хохирлын ...зах зээлийн үнийг тогтооход шууд зардлын дүн нийт хохирлын дүн нь 950.000 /есөн зуун тавин мянга/ төгрөг...” гэж тогтоосон хөрөнгийн үнэлгээний тайлан дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 29-31х/,
6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Г.Чгийн яллагдагчаар өгсөн:
“...Би Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Виктория таун хотхоны 204-49 тоотод оршин суух хаягтай Г гэх хүнтэй хамтран амьдраад 20 гаран жил болж байгаа юм. Би тухайн үед Гын охин Халиун, хүргэн А-, хоёр зээгийнх нь хамтаар амьдарч байсан. Тэгээд сүүлийн үед Гын охин Х- “архи уулаа” гэсэн шалтгаанаар гэрээсээ хөөгөөд байхаар нь Гын гэрт амьдрахаа болиод 2 сар гаран болж байна. тэгээд 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн гудамжинд ганцаараа 0.5 литрийн савлагаатай “Хараа” нэртэй архи нэг шилийг уугаад Х-тай уулзах гээд очиход намайг гэртээ оруулахгүй хөөгөөд байхаар нь буцаж гараад, тухайн байрны зогсоол дээр тавьсан байсан Х-гийн нөхөр А-ийн эзэмшлийн хар хөх өнгийн Лексус-250 маркийн тээврийн хэрэгслийн урд салхины шил, мөн нэг толийг ойролцоо байсан мөс цохидог урт төмрөөр цохиж хагалсан. ...Би ийм асуудалд гаргасандаа маш их харамсаж байна. Хэргийг хөнгөн шийдэж өгнө үү.” гэсэн мэдүүлэг /хэргийн 40-41х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 47х/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 52х/, шүүгдэгч Г.Чгээс өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай Прокурорын шатанд гаргасан хүсэлт /хэргийн 56х/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Тухайн хэргийн хувьд шүүгдэгч Г.Ч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол, хор уршгийн нөхөн төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлж, хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг /хэргийн 56х/ 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 27 дугаартай прокурорын тогтоолоор хянан шийдвэрлэж, хүлээлгэвэл зохих эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулан, түүнд холбогдох эрүүгийн 21100 0000 0083 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арвандолдугаар бүлэг дэх “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Чгийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Г.Ч нь 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Викториа таун хотхоны автомашины зогсоол дээр байрлуулсан байсан иргэн Г.А-ийн эзэмшлийн 1405 УБМ улсын дугаартай, Lexus-250 маркийн суудлын автомашины урд салхины шил болон зүүн гар талын өрөөсөн толийг цас цэвэрлэдэг төмрөөр цохиж хагалж гэмтээсэн, үүний улмаас Г.А-ийн эд хөрөнгөд 950.000 төгрөгийн хохирол учирсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн:
- Lexus HS-250 загварын хххх улсын дугаартай автомашинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 05-06х/,
- Хэрэг гарсан гэх Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 204 дүгээр байрны авто зогсоолын хяналтын камерын бичлэг бүхий Сиди 1 ширхэгийг хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон Мөрдөгчийн тогтоол, бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 08-09х, 10-11хх/,
- хохирогч Г.А-ийн: “...Би 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны 205 дугаар байрны гадна тавьсан байсан өөрийн эзэмшлийн хххх улсын дугаартай Lexus HS250 маркийн автомашиныг асаахаар очиход урд талын салхины шилийг хагалчихсан байхаар нь тухайн газрын ойр орчмын камерын бичлэгийг шүүж үзсэн. Тэгэхэд манай хадам ээжтэй хамтарч байсан Галдан овогтой Чүлтэмсүрэн гэх хүн миний машины урд салхины шилийг цас цэвэрлэдэг урт төмрөөр цохиод хагалж байгаа бичлэг байхаар нь Цагдаагийн байгууллагад хандсан. Г.Ч өнөөдөр манай гэрт 13 цагийн үед ирэхээр нь бид гэртээ оруулаагүй. Үүнээс болж шаралхсандаа миний машины салхины шилийг хагалсан гэж бодож байна.
...Г.Ч нь мөн өдрөө дахин ирж миний машины толийг хагалсан байсан. Миний тээврийн хэрэгсэл нь 2010 онд үйлдвэрлэгдсэн, Монгол Улсад 2018 онд орж ирсэн 1405 УБМ улсын дугаартай Lexus HS250 маркийн автомашин байгаа. Би тээврийн хэрэгслийнхээ салхины шилийн 500.000 төгрөгөөр, толийг 400.000 төгрөгөөр тус тус үнэлж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 12х, 15х/,
- гэрч М.Гын: “...2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр намайг Налах руу хамаатныхаа хүнтэй уулзахаар явсан хойгуур орой 20 цагийн үед охин Халиун над руу залгаад “Чүлтэмсүрэн согтуу ирээд манай машиныг эвдээд, хэл амаар доромжлоод явчихлаа” гэж хэлсэн. Тэгээд Чүлтэмсүрэн рүү залгахад “чи надаас салах гээд хүргэнийхээ машиныг зарах бодолтой байсан болохоор чинь эвдэлсэн юм” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 19х/,
- Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ХУ2-21-041 дугаартай:
“...1405 УБМ улсын дугаартай Лексус-HS250 маркийн автомашины урд салхины шил, толь хугарсан гэх эд зүйлс, хохирлын ...зах зээлийн үнийг тогтооход шууд зардлын дүн нийт хохирлын дүн нь 950.000 /есөн зуун тавин мянга/ төгрөг...” гэж тогтоосон хөрөнгийн үнэлгээний тайлан дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 29-31х/ болон шүүгдэгч Г.Чгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Гэмт үйлдлийн улмаас бусдын эд зүйлс, өмч хөрөнгийн бүрэн бүтэн байдал нь алдагдаж, тухайн эд хөрөнгийн ашигтай байдал, чанар үр дүн алдагдах, түр хугацаагаар зориулалтын дагуу ашиглаж, хэрэглэх бололцоогүй болгохыг “гэмтээх” гэж ойлгох бөгөөд тухайн нөхцөлд учирсан гэмтэл нь засвар үйлчилгээгээр сэргээгдэж, анхны байдалдаа орж нөхөн сэргээгдэх боломжтой байдаг.
Бусдын эд хөрөнгийг гэмтээсэн үйлдлийн улмаас эд хөрөнгийн өмчлөгч, хууль ёсны эзэмшигчид бага хэмжээнээс дээш хохирол учирснаар уг гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогдох хэлбэрийн болон материаллаг бүрэлдэхүүний шинжийг агуулахаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчилсан байна.
Шүүгдэгч Г.Чгийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Виктория таун хотхоны автомашины зогсоол дээр байрлуулсан байсан иргэн Г.А-ийн эзэмшлийн 1405 УБМ улсын дугаартай, Lexus-250 маркийн суудлын автомашины урд салхины шил болон зүүн гар талын өрөөсөн толийг цас цэвэрлэдэг төмрөөр цохиж хагалж гэмтээсэн, үүний улмаас хохирогч Г.А-ийн эд хөрөнгөд 950.000 төгрөгийн хохирол учирсан үйлдлийг Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргээр зүйлчилж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий байна.
Шүүгдэгч Г.Чгийн гэмт үйлдлийн улмаас хохирогч Г.А-ийн эзэмшлийн 1405 УБМ улсын дугаартай, Lexus-250 маркийн тээврийн хэрэгслийн баруун толь зэрэг эд хөрөнгөд гэмтэл учирч, уг автомашины эвдрэл хохирлын үнэлгээг нийт 950.000 төгрөг гэж тогтоосон автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээг Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ хийх эрх бүхий хөрөнгийн үнэлгээчин гаргасан байх тул хууль ёсны, үнэн зөв баримт гэж шүүх үнэлсэн ба уг үнэлгээний дүн, шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрсөн талаар хэргийн оролцогч талуудаас гомдол гаргаагүй байна.
Иймд тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг эрх бүхий мэргэшсэн үнэлгээчийн дүгнэлтээр тогтоогдсон “950.000” төгрөг гэж тодорхойлон тогтоосныг шүүх үндэслэл бүхий гэж дүгнэсэн ба энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан “бага хэмжээний хохирол”-оос дээш хохиролд хамаарах юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т “бага хэмжээний хохирол” гэж “гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгоно гэж, мөн энэ хуульд заасан “нэг нэгж” нь “нэг мянган” төгрөгтэй тэнцүү байна” гэж мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан.
Хэргийн шүүгдэгч Г.Ч нь бусдын эд хөрөнгийг гэмтээсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч Г.Чг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 950.000 /есөн зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эд хөрөнгө гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор хуульчилсан.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, үүрэг бүхий этгээд эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй.
Шүүгдэгчийн үйлдсэн эд хөрөнгө гэмтээх гэмт хэргийн улмаас хохирогч Г.А-ийн эд хөрөнгөд хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ХУ2-21-041 дугаартай /хэргийн 29-31х/ хөрөнгийн үнэлгээний тайлан дүгнэлтээр 950.000 /есөн зуун тавин мянга/ төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан нь хэрэгт шинжээчээр ажилласан, хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, шинжилгээ хийх эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй, үнэлгээний байгууллагын үнэлгээчин тогтоогдсон ба шүүх энэхүү дүгнэлтийг хууль ёсны, үнэн зөв үндэслэл бүхий үнэлж дүгнэсэн, мөн дээрх эд хөрөнгийн үнэлгээ дүгнэлтэд хэргийн хохирогч болон шүүгдэгч талууд тус тус маргаагүй болно.
Иймд шүүгдэгч Г.Чгээс 950.000 /есөн зуун тавин мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Г.А-т олгох нь зүйтэй.
Шүүгдэгч Г.Ч нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 52х/ тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч Г.Ч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй.
Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй болон гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн хувийн байдал зэргийг тус тус харгалзан, эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчаас гаргасан саналын хүрээнд Г.Чд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдон хураагдаж ирсэн бичлэг бүхий CD 1 ширхгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, энэ хэрэгт Г.Ч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. А овогт Г-гийн Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Чд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Ч нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн хохиролд тооцон шүүгдэгч Г.Чгээс 950.000 /есөн зуун тавин мянга/ төгрөг гаргуулж, хохирогч хххх тоотод оршин суух, /РД: /, Н овогт Г-ийн А-т олгосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдон хураагдаж ирсэн бичлэг бүхий CD 1 ширхгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.
6. Энэ хэрэгт Г.Ч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулах зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Г.Чд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД