Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/108

 

 

 

 

 

 

 

2021         02            10                                   2021/ШЦТ/108

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,

нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,                                    

улсын яллагч Г.Баярмаа,

шүүгдэгч М.Б- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Б-т холбогдох эрүүгийн 2009000001472 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 27 настай, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “...” ресторанд тогооч ажилтай, ам бүл 3, эх, эгч нарын хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй одоо ... тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, /РД: ... / М.Б- нь:

 

- 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр “...” рестораны гаднаас иргэн Б.Банзрагчийн эзэмшлийн ... УНО улсын дугаартай Тоёота Сай маркийн автомашиныг найзтайгаа уулзах зорилгоор буюу завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Б.Банзрагч мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ажлын хамт олноор захирлын эхнэрийн төрсөн өдрийг тэмдэглэж Минт бааранд шөнийн 23 цагийн үед очоод архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд буцаад ажил дээр 03 цагийн орчимд М.Б-, Анхаа, Нараа гэх хүмүүсийн хамт очоод унтсан. Тэгээд өглөө 10 цагийн үед машинаа хартал байхгүй байсан. Тэгээд Нараа эгч, Анхаа хоёроос “Миний машиныг авсан уу” гэж асуухад үгүй гэж хариулсан. Тэгээд М.Б- байхгүй байхаар нь залгахад утсаа авахгүй байсан. Мөн ажилдаа ирээгүй. Тэгээд хажуу талын рестораны камер шүүхэд М.Б- авч явж байгаа нь харагдахаар аваад ирэх байх гэж бодоод хүлээтэл 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр өөрөө намайг ажил дээр уулзъя гэхээр нь уулзтал машин эвдэрсэн, дугуйгаар явах боломжгүй болсон байсан. Тэрээр хэлэхдээ “Тэрэлж рүү унаж явахдаа замын хажуу руу орсон. Тэгээд ачуулж авчирсан” гэж хэлсэн. Ингээд миний машиныг зөвшөөрөлгүй авч яваад эвдэлсэн тул би төлж өг гэж удаа хэлсэн боловч өнөөдрийг хүртэл төлж барагдуулсан зүйлгүй байна гэжээ. / хх 7 /

 

Гэрч Н.Эрдэнэгэрэл мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр М.Б- надад замын хашлага мөргөчихлөө гээд дуудсан. Ингээд 13 цагийн үед намайг очиход Тэрэлж явах замд замын хажуу руу орчихсон ачлагын машин дуудаад ачуулж байсан гэжээ. / хх 10 /

 

“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ний ... УНО улсын дугаартай Тоёота Сай автомашиныг 13.051.000 төгрөгөөр үнэлсэн 9816 дугаартай авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан / хх 12-13 /

 

Яллагдагч М.Б- мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би ... ресторанд 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс тогоочоор ажиллаж байна. Манай рестораны ерөнхий менежер Б.Банзрагч нь Тоёота Сай маркийн автомашинтай бөгөөд 2020 оны 10 дугаар сарын 18-ны шөнө манай найзууд “Тэрэлжид байна. Хүрээд ирээч” гээд байсан. Тухайн үед Банзрагчийн машин ажлын гадаа байхаар нь шөнийн 04 цагийн орчимд түүнийг унтаж байхад нь түлхүүрийг нь гадуур хувцасных нь халааснаас аваад машиныг нь жолоодож Тэрэлж рүү явсан. Тэгээд Тэрэлж рүү явж байхдаа замын хажуу руу ороод машиныг нь эвдсэн. Би Банзрагчид хэлж зөвшөөрөл аваагүй. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэжээ. / хх 22-24 /

 

Шүүгдэгч М.Б-ыг 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 22-24 /

 

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 28 / зэрэг болно.

 

Шүүгдэгч М.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр архи уучихаад Банзрагчийн машиныг зөвшөөрөлгүй авч яваад Тэрэлж явах замдаа замын хажуу руу унаад эвдэлсэн. Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо нөхөн төлсөн гэв.

 

Шүүгдэгч М.Б- нь 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр “Сүши херо” рестораны гаднаас иргэн Б.Банзрагчийн эзэмшлийн ... УНО улсын дугаартай Тоёота Сай маркийн автомашиныг найзтайгаа уулзах зорилгоор буюу завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...Тухайн өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд 03 цагийн орчимд ажил дээр очиж унтсан. Өглөө 10 цагийн үед машинаа хартал байхгүй байхаар нь Нараа эгч Анхаа хоёроос миний машиныг авсан уу гэхэд үгүй гэсэн. Хажуу талын рестораны камерыг шүүхэд М.Б- авч явж байгаа нь харагдсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Б.Банзрагчийн мэдүүлэг / хх 7 /,      ...2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр М.Б- “3амын хашлага мөргөчихлөө” гээд дуудсан. Ингээд 13 цагийн үед намайг очиход Тэрэлж явах замд замын хажуу руу орчихсон ачлагын машин дуудаад ачуулж байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Н.Эрдэнэгэрэлийн мэдүүлэг / хх 10 /,      ...“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ний .. УНО улсын дугаартай Тоёота Сай автомашиныг 13.051.000 төгрөгөөр үнэлсэн ..дугаартай авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан / хх 12-13 /,    ...2020 оны 10 дугаар сарын 18-ны шөнө манай найзууд Тэрэлжид байна хүрээд ирээч гэхээр нь Банзрагчийн машины түлхүүрийг нь халааснаас нь аваад машиныг жолоодож Тэрэлж рүү явж байхдаа замдаа замын хажуу руу ороод эвдсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч М.Б-ын мэдүүлэг / хх 22-24 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч М.Б-ыг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид  ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч М.Б- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд  автомашины хохирол 17.000.000 төгрөгийг нөхөн төлсөн тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ажил хөдөлмөр эрхэлдэг, хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч  М.Б- нь төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг дурьдав.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б- нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч М.Б-ыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч, өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ... М.Б-ыг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч ... М.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 / нэг мянга / нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

           

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, М.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүйг дурьдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар М.Б- нь шүүхээс тогтоосон торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. М.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч  М.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ОЮУНЧИМЭГ