Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/103

 

 

 

 

   2021          02          05                                    2021/ШЦТ/103

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,

нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,                                       

улсын яллагч Д.Даваадорж,

шүүгдэгч Б.М- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.М-д холбогдох эрүүгийн 2109000000108 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн /РД: ... / ...Б.М- нь:

 

- 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн ... тоот буюу гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох Б.Ундармаатай үл ялих зүйлээс болж маргалдаж, түүний биед нь халдаж зүүн ядам хурууны хумсны хууларсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Б.Ундармаа мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн орой гадуур найзтайгаа уулзаж байхад нөхөр Б.М- залгаад “Хурдан ир. Машин авчирч өг” гээд хараал хэлээд байсан. Би 23.00 цаг өнгөрөөгөөд гэртээ ороход Б.М- бага зэрэг согтуу намайг гэрээс хөөж туугаад дарамтлаж, миний хувцаснуудыг хаалгаар гаргасан. Тэгээд би болиулах гэтэл намайг хана руу түлхэж үсдэж чирээд гэдэс рүү хөлөөрөө нэг удаа өшиглөж шатны уруу түлхэж унагаасан. Б.М- намайг хаалгаар үсдэж чирээд зууралдах явцад ядам хурууны хумс хууларсан гэжээ. / хх 5-6 /

 

Гэрч Д.Отгончулуу мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө Чойжилсүрэн над руу залгаад “Би машингүй байна. Чи арай ойрхон байгаагаар манай дүүг аваад гэрт нь хүргээд өгөөч. Нөхөр нь зодсон юм шиг байна” гэж хэлсэн. Тэгээд би Б.Ундармаагийн дугаар руу залгаад гэрийн хаягийг заалгаж аваад гадаа нь очтол тэрээр нэг залуутай байрны гадаа зогсож байсан. Гадаа нь баахан хувцас тараачихсан байхаар нь машинд хийгээд Б.Ундармаа машинд суугаад цагдаа дуудсан. Намайг очиход Б.Ундармаагийн зүүн гарын нэг хурууны хумс нь хугарчихсан цус гарсан байсан  гэжээ. / хх 9 /

 

 Гэрч Б.Ачзаяа мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Б.Ундармаа, Б.М- нар нь 2016 оноос эхлэн хамтран амьдарч эхэлсэн. Дундаасаа 5 настай нэг охинтой. 2020 оны 09, 10 дугаар сард би ээж Энхдөлийн гэрт очиход дүү Б.Ундармаа ирсэн байсан. Түүний баруун юм уу, зүүн гарын булчин хэсгийн дотор талд хөх улаан болчихсон байхаар нь асуухад Б.М- намайг зодсон гэж хэлсэн. 2020 оны 12 дугаар сарын 23-нд ээж над руу “Б.Ундармааг нөхөр нь зодсон. Шөнө манайд ирсэн” гэж чатаар бичсэн. Би тухайн үед хүүхдүүдээ хараад уулзаж чадаагүй гэжээ. / хх 8 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 283 дугаартай дүгнэлтэд:

1. Б.Ундармаагийн биед зүүн ядам хурууны хумсны хууларсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. / хх 12-13 /

 

Яллагдагч Б.М- мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр эхнэр Б.Ундармаа дэлгүүр ороод ирье гэж гараад ирэхгүй удаад байхаар нь түүний дугаар руу залгахад зайсанд найзтайгаа уулзаж байна гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа Б.Ундармаа руу залгахад утсаа авахгүй байсан. Удалгүй Б.Ундармаа зайсанд найзтайгаа 4 шил пиво уусан гэж мессэж бичээд шөнийн 23 цагийн үед гэртээ ирсэн. Ингээд би Б.Ундармаатай маргалдахад явлаа гэхээр нь явдаг газар байдаг юм бол яв гэж хэлээд түүний хувцсыг гэрээс гаргаж үүдэнд тавьсан. Тэгтэл Б.Ундармаа надтай маргалдаж зууралдаад байхаар нь би цээж хэсэг рүү нь гараараа түлхээд хаалгаа хаасан. Гэтэл машинтай нэг залуу манай гэрийн гадаа ирээд аваад явсан. Би тухайн залуутай уулзаж чи хэн бэ гэхэд юу ч дугарахгүй Б.Ундармааг аваад явсан гэжээ. / хх 20-22 /

 

Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийг 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 20-22 /

 

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 28 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Б.М- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шүүгдэгч Б.М- нь 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, ... гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч Б.Ундармаатай үл ялих зүйлээс болж маргалдаж, түүний биед нь халдаж зүүн ядам хурууны хумсны хууларсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:   ...Тухайн өдөр найзтайгаа уулзчихаад шөнийн 23 цагийн үед гэртээ ороход Б.М- бага зэрэг согтуу намайг гэрээс хөөгөөд дарамтлаж, миний хувцаснуудыг хаалгаар гаргасан. Тэгээд би болиулах гэтэл намайг хана руу түлхэж үсдэж чирээд гэдэс рүү хөлөөрөө нэг удаа өшиглөж шатны уруу түлхэж унагаах явцад миний ядам хурууны хумс хууларсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Б.Ундармаагийн мэдүүлэг / хх 5-6 /,      ...Хэрэг болох өдөр манай найз Чойжилсүрэн над руу залгаад “Би машингүй байна. Чи арай ойрхон байгаагаар манай дүүг аваад гэрт нь хүргээд өгөөч. Нөхөр нь зодсон юм шиг байна” гэж хэлэхээр нь Б.Ундармаагийн гэрийн хаягийг заалгаад очтол нэг залуутай байрны гадаа зогсож байсан. Гадаа нь баахан хувцас тараачихсан байсан. Намайг очиход Б.Ундармаагийн зүүн гарын нэг хурууны хумс нь хугарчихсан цус гарсан байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Д.Отгончулуун мэдүүлэг / хх 9 /,      ...2020 оны 12 дугаар сарын 23-нд ээж над руу “Б.Ундармааг нөхөр нь зодсон. Шөнө манайд ирсэн” гэж чатаар бичсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Б.Ачзаяагийн мэдүүлэг / хх 8 /,    ...Б.Ундармаагийн биед зүүн ядам хурууны хумсны хууларсан шарх гэмтэл тогтоогдсон нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 283 дугаартай дүгнэлт / хх 12-13 /,     ...Б.Ундармаа надтай маргалдаж зууралдаад байхаар нь би цээж хэсэг рүү нь гараараа түлхээд хаалгаа хаасан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Б.Мөнх-Эрдэнийн мэдүүлэг / хх 20-22 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.М-д ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.М- нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд өөрийн гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрсөн тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдлыг харгалзан, прокурорын санал болгосон 450 / дөрвөн зуун тавь / нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч Б.Ундармаа нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй / хх 49 / гэсэн тул Б.Мөнх-Эрдэнийг төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдаж шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М- нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Б.М-ийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч, өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.М-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч  Б.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 / дөрвөн зуун тавь / нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

           

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй,  Б.М- нь төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг дурьдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.М- нь шүүхээс тогтоосон торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож,  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Б.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

           

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ОЮУНЧИМЭГ