| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2021/0105/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/122 |
| Огноо | 2021-02-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Эрдэнэтуяа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 2021/ШЦТ/122
2021 02 23 2021/ШЦТ/122
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,
нарийн бичгийн дарга Э.Цогбаяр,
улсын яллагч С.Эрдэнэтуяа,
Шүүгдэгч Д.Б- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн .. Д.Б-эд холбогдох эрүүгийн 2109000000007 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1957 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 64 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 1, ... тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьт 02-781 тоотод оршин суух, Сүхбаатар районы ардын шүүхийн 1987 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 204 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 169 дугаар зүйлийн Б ангид зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 1988 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1 сар 10 хоногийн ялыг тэнсэн сулласан, бие эрүүл, ухаан бүрэн, /РД: ... / ... Д.Б- нь:
- 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын зуслангийн ... тоотод иргэн Н.Манлайсүрэнтэй “Айлын хашаа руу орлоо. Энэ хавиар явсан” гэх шалтгааны улмаас хэрүүл маргалдан, улмаар алхаар чих рүү нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Н.Манлайсүрэн мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 16 цагийн үед Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Шарга морьтын зусланд би хойд талын айлуудын байшинг шалгаад гэр лүүгээ явж байтал 1 хүн дуудахаар нь эргээд хартал байшин дээрээ нэг хүн юм хийж байсан. Намайг яваад очиход миний урдаас “Чи айлын хашаагаар явлаа. Юу хийгээд яваад байгаа юм бэ” гэж хэлэхээр нь би “Энэ хавийн айлын байшинг хардаг хүн байна” гэж хэлсэн. Тэгэхэд намайг хулгайч гээд доромжлоод байхаар нь би хуцаад бай гэж хэлчихээд явж байтал араас алх барьж ирээд намайг заамдаж алхаараа далайгаад миний зүүн чихний орчим цохьсон гэжээ. / хх 15 /
Яллагдагч Д.Б- мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Тухайн өдөр Н.Манлайсүрэн рүү би “Хөөе чи яах гэж хашаа даваад байгаа юм бэ. Юу хийж яваа юм” гэж орилсон. Тэгтэл тэрээр манай гадаа ирчихээд “Чи муу хөгшин хирээ мэдээрэй. Дандаа далжиганаж байдаг” гэхээр нь би бууж очоод “Чи хөгшрөхгүй юу” гэж хэлсэн. Тэгэхэд миний зүүн гарыг мушгихаар нь би сандраад баруун гараа савахад гарт байсан алхны ишээр Н.Манлайсүрэнг цохьсон гэжээ. / хх 5-7 /
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 13312 дугаартай дүгнэлтэнд:
1. Н.Манлайсүрэнгийн биед зүүн чихэнд шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэжээ. / хх 36-37 /
Шүүгдэгч Д.Б-ийг 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 5-7 /
Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 51 / зэрэг болно.
Шүүгдэгч Д.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн эмчилгээний зардалд 160.000 төгрөг төлсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Шүүгдэгч Д.Б- нь 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын зуслангийн ... тоотод хохирогч Н.Манлайсүрэнг “Айлын хашаа руу орлоо. Энэ хавиар явлаа” гэж маргалдан алхаар чих рүү нь цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...Д.Б- нь “Чи айлын хашаагаар явлаа. Юу хийгээд яваад байгаа юм бэ” гэж намайг хулгайч гээд доромжлоод байхаар нь би хуцаад бай гэж хэлчихээд явж байтал араас алх барьж ирээд намайг заамдаж алхаараа далайгаад миний зүүн чихний орчим цохьсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Н.Манлайсүрэнгийн мэдүүлэг / хх 15 /, ...Н.Манлайсүрэн рүү би “Хөөе чи яах гэж хашаа даваад байгаа юм бэ. Юу хийж яваа юм” гэж орилсон. Тэгтэл чи муу хөгшин хирээ мэдээрэй дандаа далжиганаж байдаг гээд миний зүүн гарыг мушгихаар нь би сандраад баруун гараа савахад гарт байсан алхны ишээр Н.Манлайсүрэнг цохьсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Д.Б-ийн мэдүүлэг / хх 5-7 /, ... Н.Манлайсүрэнгийн биед зүүн чихэнд шарх гэмтэл тогтоогдсон нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 13312 дугаартай дүгнэлт / хх 36-37 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч Д.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.Б- нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд хохирлоо нөхөн төлж, өөрийн гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрсөн тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдлыг харгалзан, прокурорын санал болгосон 480 / дөрвөн зуун ная / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч Н.Манлайсүрэн нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй / хх 66 / гэсэн тул Д.Б-ийг төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдаж шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б- нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгч Д.Б-ийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч, өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Д.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 / дөрвөн зуун ная / нэгж буюу 480.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Д.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Д.Б- нь шүүхээс тогтоосон торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Д.Б-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Б-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ