Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
Хэргийн индекс | 101/2016/2062/и |
Дугаар | 1125 |
Огноо | 2017-05-12 |
Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 1125
Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг
Улаанбаатар төмөр замын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШЗ2017/00646 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын нэхэмжлэлтэй,
Хариуцагч “Засаг чандмань майнз” ХХК-д холбогдох
153 778 416 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Цогхүүгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,
шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ариунаа,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Цогхүү,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг болон “Засаг чандмань майнз” ХХК-ийн хооронд 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Түшлэг Өргөн хоорондын замын 936 дугаар километрийн гарам ашиглах гэрээ байгуулсан. Уг гэрээгээр тус нийгэмлэг Өргөн түшлэг хоорондын замын 936 дугаар километрийн 10 дугаар зуутад автомат дохиолол, дүрс ажиллагааны камер, гэрэлтүүлэг бүхий гармын жижүүрийг ажиллуулах, “Засаг чандмань майнз” ХХК нь тухайн гарам дээр ажилласан ажилтан нарын цалин болон бусад зардлыг төлөхөөр тохиролцсон. “Засаг чандмань майнз” ХХК нь 2014 оны 8-12 дугаар саруудад гарамд ажиллаж буй гармын жижүүрүүдийн цалин 25 323 375 төгрөгөөс 12 дугаар сард 13 677 225 төгрөг төлж 11 646 150 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан. “Засаг чандмань майнз” ХХК гарамыг 2014 оны 1 дүгээр сараас 8 дугаар сарыг дуустал хугацаанд ашигласан бөгөөд тус компани 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 200 тоот албан бичгээр гармын үйл ажиллагааг зогсоолгох тухай хүсэлт гаргасан тул гармын үйл ажиллагааг зогсоосон. “Засаг чандмань майнз” ХХК нь дахин гармыг нээх хүсэлт гаргасныг хүлээн авч Улаанбаатар төмөр замын суурь бүтэн хариуцсан замын орлогч даргын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 110А тоот цахилгаанаар гарамыг нээсэн. Ингээд талууд 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Түшлэг Өргөн хоорондын замын 936 дугаар километрийн гарам ашиглах гэрээ дахин байгуулан уг компани гармыг дахин ашиглаж үйл ажиллагаагаа хэвийн явуулж ирсэн. 2014 оны 1-8, 12 дугаар саруудад гарам ашигласаны төлбөрт нийт 44 394 893 төгрөг төлөхөөс 12 дугаар сард 2 000 000 төгрөг төлж 2013 оны үлдэгдэл төлбөртэй нийлээд 54 041 043 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. Тус компани 2016 оны 1-8 дугаар саруудыг дуустал хугацаанд гарамыг бүрэн ашигласан бөгөөд нийт төлбөр 49 522 499 төгрөг болсноос 4 дүгээр сард 9 000 000 төгрөг төлж 2014, 2015, 2016 онуудад гарам ашигласан төлбөр 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар 94 563 542 төгрөг болж байна. “Засаг чандмань майнз” ХХК нь гарамыг дахин ашиглахдаа 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл ашигласан бөгөөд тус компани гэрээний дагуу төлбөрөө төлөхгүй байсан тул уг гармын үйл ажиллагааг 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс зогсоосон. Түшлэг-Өргөн хоорондын замын 936 дугаар километрийн гарам ашигласаны 2014, 2015, 2016 оны төлбөрийн үлдэгдэл нийт 111 209 017 төгрөг болж байгаа бөгөөд энэхүү үлдэгдэл төлбөр Замын 4 дүгээр ангийн нягтлан бодогч З.Эрдэнэтуяа болон “Засаг чандмань майнз” ХХК-ийн нягтлан бодогч Ц.Оюунгэрэл нарын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн тооцоо нийлсэн актаар баталгаажсан. Мөн тус “Засаг чандмань майнз” ХХК нь Улаанбаатар төмөр замын салбар нэгж болох Сайншанд татах хэсэгтэй “Засаг чандмань майнз” ХХК-ийн сэлгээний ажилд илчит тэрэг түрээслүүлэн ажиллуулах тухай ОГ/14/001 тоот гэрээг 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан. Энэхүү гэрээний дагуу ТЭМ 2 серийн илчит тэрэгний түрээсийн төлбөрт 37 511 338 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацааны алданги 1 434 466 төгрөг, 2016 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл хугацааны алданги 3 623 595 төгрөг тус компани төлөх ёстой бөгөөд ОГ/14/001 тоот гэрээний үүргийн биелэлттэй холбоотой нийт 42 569 399 төгрөгийн өр төлбөртэй байна. Манай байгууллага “Засаг чандмань майнз” ХХК-иас 2016 оны 9-12 дугаар сард Өргөн Түшлэг хоорондын замын 936 дугаар километрийн гарам ашигласан хөлс 16 645 475 төгрөг, ОГ/14/001 тоот гэрээний дагуу ТЭМ2 серийн илчит тэрэгний түрээсийн төлбөр 37 511 338 төгрөг, ОГ/14/001 тоот гэрээний алданги 5 058 061 төгрөг, нийт 59 215 144 төгрөгийг нэмж нэхэмжилсэн. Иймд “Засаг чандмань майнз” ХХК-иас Өргөн Түшлэг хоорондын замын 936 дугаар километрийн гарам ашиглах гэрээний дагуу 2014 оны 8 дугаар сараас 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд төлөх төлбөр 111 209 017 төгрөг, мөн сэлгээний ажилд илчит тэрэг түрээслүүлэн ажиллуулах ОГ/14/001 тоот гэрээний төлбөр 42 569 399 төгрөг, нийт 153 778 416 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус “Засаг чандмань майнз” ХХК нь Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгтэй 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Түшлэг-Өргөн хоорондын замын 936 дугаар километрийн гарам ашиглах тухай гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр Улаанбаатар төмөр зам нийгэмлэг нь Түшлэг-Өргөн хоорондын замын 936 дугаар километрийн гарамд автомат дохиолол, дүрс ажиллагааны камер, гэрэлтүүлэг бүхий гармын жижүүрийг ажиллуулах, манай компани тухайн гарам дээр ажилласан ажилтаны цалин болон бусад зардлыг төлөхөөр тохирсон. Түшлэг-Өргөн хоорондын замын 936 дугаар километрийн гарам ашиглах гэрээний 2014 оны төлбөрт 11 646 150 төгрөг нэхэмжилж байгаагаас 5 071 864 төгрөгийг төлөхгүй, үлдсэн төлбөрийг нь төлнө. Гармыг 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс ашигласан. 2015 оны төлбөрт 42 394 893 төгрөг, 2016 оны төлбөрт 40 522 499 төгрөгийг болон гарам нээснээс хойшх төлбөр 16 645 475 төгрөгийг мөн тус тус төлнө. Мөн тус компани тус нийгэмлэгтэй сэлгээний ажилд илчит тэрэг түрээслүүлэн ажиллуулах гэрээг 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан ба уг гэрээний төлбөрт 37 511 338 төгрөг төлнө гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т зааснаар хариуцагч “Засаг чандмань майнз” ХХК-иас 150 154 822 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт олгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 3 623 594 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 084 792 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Засаг чандмань майнз” ХХК-иас 908 724 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Цогхүү давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ..."Засаг чандмань майнз" ХХК-иас 2014 оны 7 дугаар сард Монгол Оросын хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам" нийгэмлэгт Түшлэг-Өргөн хоорондын замын 936-р км-ын гармыг ашиглах хүсэлт тавьсаны дагуу 2014 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн А-185 дугаар Монгол Оросын хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам" нийгэмлэгийн даргын тушаал гарч, тус тушаалын Хоёрт "...Шинээр тоноглогдсон 936 км-н пк 10-ын гармын жижүүрийн асуудлыг "Засаг чандмань майнз" ХХК-тай гэрээ байгуулж шийдвэрлэх" буюу гэрээ байгуулах эрхийг олгосны дагуу 2 тал гэрээ, хэлэлцээр байгуулах асуудлаар бүтэн cap гаруй хугацаанд гэрээний тодорхой нөхцлүүдийг тохирохоор яриа, хэлэлцээ хийж эхэлсэн бөгөөд гармыг ашиглаж эхлээгүй байсан. 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Монгол Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам" нийгэмлэг, "Засаг чандмань майнз" ХХК-ийн хооронд "Түшлэг-Өргөн хоорондын замын 936-р км-ын гарам ашиглах тухай" гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээнд "Засаг чандмань майнз" ХХК-ийн гүйцэтгэх захирал 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр гарын үсэг зурж баталгаажуулсан. Гэтэл "Улаанбаатар төмөр зам" нийгэмлэгээс нэхэмжлэлийн шаардлагад 2014 оны 8 дугаар сарын төлбөрийг 1 071 864 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын төлбөр 5 012 484 төгрөгийг бүтэн тооцож нэхэмжлэл гаргасныг шүүх үндэслэлтэй гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Түшлэг-Өргөн хоорондын гарам ашиглах гэрээ 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдаад 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр гарын үсэг зурж баталгаажуулан албан ёсоор ашиглаж ирснийг 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс гарам ашиглсаны төлбөрийг тооцож эхэлсэн нь үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэсэн үйлдэл юм. Мөн "Засаг чандмань майнз" ХХК нь тус нийгэмлэгийн Сайншанд татах хэсэгтэй 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдөр "Сэлгээний ажилд илчит тэрэг түрээслүүлэн ажиллуулах гэрээ" байгуулсан ба уг гэрээгээр түрээслүүлэгч буюу Сайншанд татах хэсэг нь түрээслэгч буюу "Засаг чандмань майнз" ХХК-д ТЭМ2 серийн илчит тэргийг 1 цагийн 125 574 төгрөгөөр түрээслэх, тус гэрээний 8.2-т "нэхэмжлэх төлөгч компани нь Нөүбль Ресурс Интернэйшнл Пти Лимитед байна" гэж заасан байхад төлбөрийг "Засаг чандмань майнз" ХХК-иар төлүүлэхээр гэрээнд заасан гэж шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс гэрээнд заасны дагуу төлбөрийг хариуцагч “Нөүбль Ресурс Интернэйшнл Пти Лимитед” ХХК-ийг шүүхэд гуравдагч этгээдээр татан оролцуулж хэргийг шийдвэрлэх ёстой байсан гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэн хэргийг шийдвэрлэсэн боловч зохигчдын хоорондын маргаанд хамааралтай хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйг залруулан өөрчлөх боломжтой байна.
Нэхэмжлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр нь хариуцагч “Засаг чандмань майнз” ХХК-д холбогдуулан 153 778 416 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Зохигчдын хооронд 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Түшлэг-Өргөн хоорондын замын 936-р км-ын гарам ашиглах тухай гэрээ байгуулагдсан талаар талууд маргаагүй байна.
Уг гэрээгээр нэхэмжлэгч нь Түшлэг-Өргөн хоорондын замын 936 км-ын 10 дугаар зуутад автомат дохиолол дүрс ажиглалтын камер, гэрэлтүүлэг бүхий гармын жижүүрийг 4 ээлжээр ажиллуулах, 24 цагийн турш автомашин нэвтрэх боломжтой байдлаар хангах, хариуцагч “Засаг чандмань майнз” ХХК нь гармыг төмрийн хүдэр зөөх үйл ажиллагаанд ашиглах, тухайн гарам дээр ажилласан ажилтнуудын цалин болон бусад зардлыг төлөхөөр талууд тохиролцжээ.
Дээрх гэрээнээс үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.
Зохигчид 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр дээрх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, уг нэмэлтээр гэрээний хугацааг сунгаж, гэрээний дагуух төлбөр төлөх хугацаа болон хэсэгчилж төлөх төлбөрийн хэмжээн дээр тохиролцжээ.
Хариуцагч нь 936 дугаар км-ын гарамд ажилласан жижүүрийн цалин болон бусад зардалд 2014 оны 8 дугаар сараас 2014 оны 12 дугаар сарыг дуустал 25 323 375 төгрөг төлөхөөс 13 677 225 төгрөг төлж 11 646 150 төгрөг, 2015 оны 1-12 сарыг дуустал 44 394 893 төгрөг төлөхөөс 2 000 0000 төгрөг төлж 42 394 893 төгрөг, 2016-1-11 дүгээр сарыг дуустал 66 167 974 төгрөг төлөхөөс 9 000 000 төгрөг төлж 57 167 974 төгрөг, нийт 111 209 016 төгрөг нэхэмжлэгчид төлөөгүй болох нь хэргийн 34 дүгээр тал дахь 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн тооцоо нийлсэн акт, хэргийн 10 дугаар тал дахь 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Түшлэг-Өргөн хоорондын замын 936-р км-ын гарам ашиглах гэрээнд оруулсан нэмэлт зэрэг баримтаар тогтоогдсон байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тооцоо нийлсэн актад гарын үсэг зурсан нь төлбөр төлөх баталгаа биш, 2014 оны 8 дугаар сард гарамыг ашиглаагүй тул 2014 оны төлбөрт 11 646 150 төгрөг нэхэмжилж байгаагаас 5 071 864 төгрөгийг төлөхгүй гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй болно.
Шүүх талуудын тайлбар болон тооцоо нийлсэн акт, 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Түшлэг-Өргөн хоорондын замын 936-р км-ын гарам ашиглах гэрээнд оруулсан нэмэлт зэрэг баримтуудыг хооронд харьцуулан дүгнэж гарам ашиглах гэрээний дагуу 2014, 2015, 2016 оны төлбөрт нийт 111 209 016 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.
Мөн талууд 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “Засаг чандмань майнз” ХХК-ийн сэлгээний ажилд илчит тэрэг түрээслүүлэн ажиллуулах тухай гэрээ байгуулсан үйл баримт хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар тогтоогджээ.
/хх-25-26 дугаар тал/
Дээрх гэрээний дагуу илчит тэрэгний түрээсийн төлбөрийн үлдэгдэл 37 511 338 төгрөг, алданги 1 434 466 төгрөг, нийт 38 945 805 төгрөг төлөх талаар талуудын тооцоо нийлсэн акт болон уг төлбөрийг төлөх талаарх хариуцагч байгууллагын албан бичгээр дээрх төлбөрийн хэмжээ нотлогдсон гэж үзэж шийдвэрлэсэн дүгнэлт Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцжээ.
Харин, шүүх нэхэмжлэгчид хариуцагчаас илчит тэрэгний түрээсийн төлбөр болон алдангид нийт 38 945 805 төгрөг гаргуулж шийдвэрлэхдээ алдангийг зохицуулсан хуулийн заалтыг орхигдуулсан алдаа гаргасныг залруулах боломжтой.
Зохигчдын байгуулсан “Сэлгээний ажилд илчит тэрэг түрээслүүлэн ажиллуулах гэрээ”-ний 8 дугаар зүйлийн 8.2-т нэхэмжлэх төлөгч компани нь “Нөүбл Ресурс Интернэйшнл Пти Лимитед” ХХК гэж тохирсон тул тус компани төлөх үндэслэлгүй гэх тайлбар болон гомдол үндэслэлгүй. Хэрэгт авагдсан баримтаар 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хариуцагч байгууллагын эрх бүхий этгээдүүд оролцож гэрээ байгуулагдсан, гэрээний дагуу талууд тооцоо нийлсэн акт үйлдсэн зэргээс үзвэл “Нөүбль Ресурс Интернэйшнл Пти Лимитед” ХХК-ийг гуравдагч этгээдээр оролцуулаагүй гэх хариуцагчийн гомдлыг хүлээн авах боломжгүй.
Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШЗ2017/00646 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1” гэсний дараа “186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.6” гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 176 300 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД М.НАРАНЦЭЦЭГ
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ