Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2018/01408

 

Т.Тийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 131/ШШ2018/00342 дугаар  шийдвэр

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 213/МА2018/00019 дүгээр магадлалтай

Т.Тийн нэхэмжлэлтэй

Г.Ад холбогдох

Худалдах-худалдан авах гэрээний үүрэг 14 805 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Х.Мөнхбаатарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал, хариуцагч Г.А, хариуцагчийн өмгөөлөгч Б.Билгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Баянхонгор аймгийн 1 дүгээр багт байрлах Есөн-Эрдэнэ зах дээр хүнсний худалдаа эрхэлдэг. 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Г.А нь хүнсний бүтээгдэхүүн, жимс зэрэг 9.870.000 төгрөгийн үнэ бүхий барааг зээлээр худалдан авч борлуулахаар тохиролцож авсан. Түүнээс хойш тохиролцсон хугацаанд мөнгөө төлөөгүй учир хугацаа тохиролцон 2015 оны 10 дугаар сарын 31-ний дотор төлж барагдуулна гэсэн хэлцэл хийсэн боловч одоог хүртэл төлбөрөө төлөөгүй ба бараа зээлээр авсан тухай хэлцэл бичгээр хийсэн. Үндсэн зээлийн алдагдал бүтэн жилээр бодоход 18.012.750 төгрөг болж байгаа ба үүнийг хуулинд нийцүүлэн, үндсэн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байхаар тооцон 4.935.000 төгрөг болж байна. Иймд Г.Ас үндсэн зээл 9.870.000 төгрөг, алданги 4.935.000 төгрөг, нийт 14.805.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.А шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь нэхэмжлэгч Т.Таас 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 9.870.000 төгрөгийн бараа авч 2014 оны 10 дугаар сарын 31-ний дотор төлж барагдуулна гэж 2014 оны 11 сарын 20-ны өдөр төлбөр барагдуулах тухай хэлцэл дээр гарын үсэг зурж тохиролцсон зүйл байхгүй. Нэхэмжлэгч Т.Таас нэг өдөр ийм их хэмжээний жимс жимсгэнэ төмс хүнсний ногоо аваад манай дэлгүүр нь хадгалах агуулах зоорь сав байхгүй. Ийм төрлийн барааг удаан хадгалах нөхцөл байхгүй учраас өдөр өдөрт нь бага багаар авч зардаг. Тухайн үед миний бие нь Т.Таас биш УБ хотоос 2014 оны 11 дүгээр сарын 03-наас 11 дүгээр сарын 26-ны хооронд бүх бараа материалаа татан авалт хийсэн байсан. Төлбөр барагдуулах тухай хэлцэл дээр Т.Ттай бараа авч барагдуулах, гэрээ хэлцэл хийж гарын үсэг зураагүй гэжээ.

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 131/ШШ2018/00342 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 14.805.000 төгрөгийг Г.Ас гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Т.Тийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Т.Тийн төлсөн 231.975 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 213/МА2018/00019 дүгээр магадлалаар: Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 131/ШШ2018/00342 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын :

“...Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан худалдах худалдан авах гэрээний үүрэг 14.805.000 төгрөгийг Г.Ас гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Т.Тийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг

“...Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Ас худалдах худалдан авах гэрээний үүрэг 14.805.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Тт олгосугай...” гэж,

2 дугаар заалтын:

“...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Т.Тийн төлсөн 231.975 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.” гэсний дараа

“...хариуцагч Г.Ас улсын тэмдэгтийн хураамжинд 231.975 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Тт олгосугай...” гэсэн нэмэлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар Т.Таас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 231.975 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулж, Т.Тт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 213/МА2018/00019 дүгээр магадлалаар хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байх тул магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч Т.Таас шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт болох төлбөр барагдуулах тухай хэлцэл нь 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 9 870 000 төгрөгөнд дүйцэх жимс, жимсгэнэ, хүнсний ногоог Г.Ад зээлдүүлсэн гэх утга бүхий баримт байдаг бөгөөд нэхэмжлэгч Т.Т нь анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Би Г.А гуайд 2014.11.10-ны өдөр жимс, жимсгэнэ, хүнсний ногоо өгөөгүй, миний нэхэмжилж буй мөнгө 2011-2014 оны барааны үлдэгдэл юм” гэж хэлсэн. Хуульд заасны дагуу уг гэрээ, хэлцлийн ерөнхий агуулга, үгийн шууд утгыг анхаарч үзвэл дээрх төлбөр барагдуулах тухай хэлцэлд зохигчид урьд өмнө нь жимс, жимсгэнэ, хүнсний ногоо өгч, авч байсан болон өр төлбөртэй зүйл байгаагүй байсан нь харагдаж байх ба тус аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 75 дугаар зүйлийн 75.2.1, 75.2.3, 198 дугаар зүйлийн 198.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгүүд болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан хэсгүүдийг тус тус зөрчсөн байна гэж үзэж байна.

Давж заалдах шатны шүүхээс үнэлсэн нотлох баримт болох шинжээчийн дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д заасан үндэслэлд хамаарах баримт болсон. Учир нь иргэний хэрэг үүсгэж, хуульд заасны дагуу Г.А нь хариуцагчаар татагдсан үеэс эхлэн Х.Мөнхбаатар намайг уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч биш болсон байх үед Г.Ас харьцуулах шинжилгээнд зориулж нотлох баримтуудыг гаргуулан авсны үндсэн дээр шинжээчийн дүгнэлт гарсан нь нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар журам зөрчсөн тул нотлох баримтын чадвараа алдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.

Хариуцагч Г.А нь 9 870 000 төгрөгт дүйцэх олон тонн, овор ихтэй, түргэн муудах жимс, жимсгэнэ, хүнсний ногоог нэхэмжлэгч Т.Таас аваагүй, өр төлбөр байхгүй талаараа тайлбар гаргаж, энэ талаарх баримтанд шүүхэд хүсэлт гаргасны дагуу үзлэг хийлгэж, гэрч асуулгасаар байхад энэ тухайгаа нотолж чадахгүй байна гэж дүгнэсэн нь шүүх хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан ба хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 213/МА2018/00019 дүгээр магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 131/ШШ2018/00342 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Т.Т нь Г.Ад холбогдуулан зээлээр авсан барааны үнийн төлбөр 9 870 000 төгрөгийг гэрээгээр тохирсон хугацаандаа төлөөгүйн алданги 4 935 000 төгрөг, нийт 14 805 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар зохигчид 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Төлбөр барагдуулах тухай хэлцэл байгуулсан бөгөөд тус хэлцэлд “...жимс, жимсгэнэ, ногоо, хүнсний барааг зээлээр харилцан тохиролцож авсан.  Сар болгон төлбөрийг хувааж, 2015 оны 10 дугаар сарын 31-ний дотор 9 870 000 төгрөгийг Г.А нь Т.Тт төлж дуусгахаар тохиролцов...” гээд зохигчид гарын үсгээ зурсан байна. хариуцагч дээрх хэлцлийг байгуулаагүй гэж маргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийгдсэн шинжээчийн дүгнэлтээр тус хэлцэлд зурагдсан гарын үсэг Г.Агийн бичвэрийн загвартай тохирсон нь тогтоогдсон үйл баримт тогтоогджээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх шийдвэрийг өөрчилж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх зохигчдын  худалдах-худалдан авах гэрээний эрх зүйн харилцаанаас үүссэн маргааны үйл баримтыг үндэслэл бүхий тодорхойлж, хариуцагч Г.А нь нэхэмжлэгчид зээлээр авсан барааны төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн нь баримтаар тогтоогдсон талаар хэрэгт авагдсан баримтад үндэслэн дүгнэлт хийжээ.

Харин алдангийг нэхэмжилсэн шаардлагыг шийдвэрлэхдээ нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчиж, хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй алдаа гаргасан байна. 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6.-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж тодорхойлжээ.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээгээр тохирсон хугацаанд төлбөрөө төлөөгүй үндэслэлээр төлөх ёстой үнийн дүнд алданги тооцож нэхэмжилсэн байна.

Зохигчдын хооронд байгуулсан Төлбөр барагдуулах тухай хэлцэлд төлбөр төлөх хугацааг “2015 оны 10 дугаар сарын 31-ний өдөр” гэж тохиролцсон байх боловч тус хугацааг бичсэн огноо засвартай, тодруулж, давхардуулан бичигдсэн, эргэлзээ бүхий байх тул хариуцагчийн үүрэг гүйцэтгэх хугацааг “2015 оны 10 дугаар сарын 31-ний өдөр” гэж тодорхойлох боломжгүй. 

Үүрэг гүйцэтгэх хугацаа тодорхойгүйгээс төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн гэж үзэн алданги тооцох боломжгүй тул алдангид нэхэмжилсэн 4 935 000 төгрөгийг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

Дээрх үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулав.

Харин хариуцагч Г.А хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан оролцож байхад хэргийн оролцогч биш этгээдээс харьцуулах шинжилгээнд зориулж нотлох баримт гаргуулж авсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хууль зүйн үндэслэлээ заагаагүй тул шинжээчийн дүгнэлт нотлох баримтын шаардлага хангахгүй гэх гомдол үндэслэлгүй юм.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 213/МА2018/00019 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...243.1.-д” гэснийг “...243.1., 232 дугаар зүйлийн 232.6.-д” гэж, “...14 805 000 төгрөгийг” гэснийг “...9 870 000 төгрөгийг...” гэж, “...олгосугай.” гэснийг “...олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 935 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, “...хариуцагч Г.Ас улсын тэмдэгтийн хураамжид 231 975 төгрөгийг...” гэснийг “...хариуцагч Г.Ас улсын тэмдэгтийн хураамжид 172 870 төгрөгийг...” гэж тус тус өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., 59 дүгээр зүйлийн 59.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 231 975 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                       Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                 Х.ЭРДЭНЭСУВД