Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 33

 

 

 

 

 

 

 

 

Г.Сандаг, Д.Борхүү нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

         Даргалагч,

                                    Ерөнхий шүүгч                   Б.Батзориг

                                    Шүүгчид                             Б.Манлайбаатар                                       

                                                                            Д.Буянжаргал

 

                               Оролцогчид

                                  Прокурор                            Д.Нямдэлэг

                                    Шүүгдэгч                               Г.Сандаг

                                    Шүүгдэгч Д.Борхүүгийн өмгөөлөгч  Р.Атарцэцэг

Шүүгдэгч Г.Сандагийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар

                                    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сувд нарыг оролцуулж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 110 дугаартай “Хэргийг Прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Сэлэнгэ аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт Боржигон овогт Гомбын Сандаг, Мөнхширээт овогт Дамдинсүрэнгийн Борхүү нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1731000000121 дугаартай, 175/2018/0049/Э индекстэй, 1 хавтас хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Увс аймгийн Тэс суманд 1984 оны 09 дүгээр сарын 19-нд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4 эхнэр 2 хүүхдийн хамт Дархан-уул аймгийн Дархан сумын 7 баг зурагтын 2-19 тоотод оршин суудаг, Боржигон овогт Гомбын Сандаг /Регистрийн дугаар: ОО84091996/

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн Хужирт суманд 1963 оны 07 дугаар сарын 21-нд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2 эхнэрийн хамт Сэлэнгэ аймгийн Түшиг сумын цайт 2 дугаар багт оршин суудаг, Мөнхширээт овогт Дамдинсүрэнгийн Борхүү /Регистрийн дугаар: ИР63072114/

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Г.Сандаг, Д.Борхүү нар нь бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Ар нуга гэх газарт өвөлжиж байсан Б.Гантулгын гаднаас түүний маллаж байсан С.Баатарын өмчлөлийн 1 тооны үхрийг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч С.Баатарт 650.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх Г.Сандаг, Д.Борхүү нарт холбогдох эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцээд 110 дугаартай “Хэргийг Прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Гомбын Сандаг, Мөнхширээт овогт Дамдинсүрэнгийн Борхүү нарт холбогдох 1731000000121 дугаартай хэргийн Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт буцааж, яллагдагч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.

 

Прокурор Д.Нямдэлэг давж заалдах шатны шүүхэд гаргасан №04 дугаартай прокурорын эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:  ...хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь үндэслэлгүй байна. Үүнд:

1. Прокуророос Эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэхдээ гэрч Б.Гантулга, П.Лхагважаргал нарыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасан бөгөөд дээрх гэрчүүдийг шүүх хуралдаанд оролцуулаагүй, Д.Борхүү, Б.Гантулга нарыг нүүрэлдүүлэн мэдүүлэг авахаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах үндэслэлгүй дээрх гэрчүүдийн мэдүүлгийг шүүх хуралдаан дээр авах боломжгой, шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.14 дүгээр зүйлд зааснаар гэрчийн мэдүүлгийг сонсох, мөн хуулийн 35.16 дугаар зүйлд зааснаар гэрчийн мэдүүлэг, баримттай танилцах ажиллагааг хийж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжтой байна.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэж заасан байх ба Г.Сандаг, Д.Борхүү нарт холбогдох хэргийг яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэх үндэслэлтэй байна. Мөн Б.Гантулга, Д.Борхүү нарын худалд мэдүүлэг өгсөн, гэрчид хууль бусаар нөлөөлөх гэмт хэргийн шинж байгаа эсэхийг Г.Сандаг, Д.Борхүү нарт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсний дараа шалгаж шийдвэрлэх боломжгой юм.

3. Хэрэгт авагдсан эд зүйлийн үнэлгээгээр тухайн 1 тооны үхэр 650.000 төгрөгөөр үнэлэгдсэн байх ба яллагдагч Г.Сандагаас хохирогч С.Баатарт 2.000.000 төгрөгийг хохиролд өгсөн байх ба Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно гэж заасны дагуу шүүх хохирлын хэмжээг тогтоох боломжгой байсан байна. Үүнд ямар учраас 2 сая төгрөг өгсөн талаар дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй, дээрх ажиллагааг явуулснаар хэргийг зүйчлэл, гэм буруугийн асуудалд өөрчлөлт орж, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд сөрөгөөр нөлөөлөхөөргүй байна. Иймд Г.Сандаг, Д.Борхүү нарт холбогдох Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 110 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар Прокурорын эсэргүүцэл бичив. Давж заалдах шатны шүүх хуралд эсэргүүцлээ дэмжиж оролцож байна гэв.  

 

Шүүгдэгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гантулга нь нэг үхэр зарна гэж намайг дуудсан. Надад хулгай хийх сэдэл санаа байгаагүй гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийн яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг эргэлзээгүй тогтооно гэж заасан байна. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад эргэлзээтэй байдал тогтоогдоод байна. Энэ эргэлзээтэй нөхцөл байдлыг шалгаж тогтоогоогүй байхад прокурор анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг эсэргүүцэж эсэргүүцэл бичиж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн хохирогч С.Баатарын шүдлэн үхрийг үнэлгээний комисс 650.000 төгрөгөөр үнэлсэн байна. Г.Сандаг нь шүдлэн үхрийг ачиж хөдлөөд удалгүй баригдсан байдаг. Хохирлыг махаар нь буцааж төлсөн байтал хохирогч С.Баатарт 2.000.000 төгрөгийг төлсөн байдаг. Ямар учраас хохирогч С.Баатарт мөнгө өгсөн талаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад дурдаагүй байсан. Иймээс анхан шатны шүүхийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 110 дугаартай анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээлгэх саналтай байна. Хавтаст хэргийн 64 дүгээр хуудсанд Гантулга нь “Г.Сандаг гэх хүнд үхэр зарах гэсэн юм, та манай эхнэрт хэлэлгүйгээр Сандагт нэг шүдлэн үхэр зааж өгөөд явуулчихаарай”, ямар учраас Г.Сандаг гэх хүнд Борхүү гэх малчнаар дамжуулж үхэр ачуулсан юм бэ гэхэд “Надад мөнгөний хэрэг байсан, өөрийн хүүхэддээ хувцас авч өгье гэж бодоод энэ үхрийг Борхүү ахаар дамжуулан Сандагт өгч явуулахаар ярьсан байсан” гэх мэдүүлэгт зөрүү гарч байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.4 дүгээр зүйлд зааснаар мөрдөгч яллагдагчаас бусад хүний мэдүүлэгт ноцтой зөрөө байвал хоёр хүний хооронд нүүрэлдүүлж мэдүүлэг авч болно гэж заасны дагуу нүүрэлдүүлж мэдүүлэг авах нь зүйтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн захирамжийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Прокурорын эсэргүүцлийг үндэслэн Г.Сандаг, Д.Борхүү нарт холбогдох эрүүгийн хэргийн материалыг хянан үзэхэд:

Анхан шатны шүүх шүүхийн урьдчилан хэлэлцүүлгийн шатны шүүх хуралдаанаар шүүгдэгч нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэж шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан хүсэлтийн дагуу шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэн хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлтэй байх тул хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Үүнд: Яллагдагч Д.Борхүү болон гэрч Б.Гантулга нарын хавтаст хэрэгт авагдсан удаа дараагийн мэдүүлгүүд нь хоорондоо эрс зөрүүтэй, тэдний мэдүүлгийн зөрүүг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.4 дүгээр зүйлд заасны дагуу нүүрэлдүүлж мэдүүлэг аван арилгах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой, прокурорын эсэргүүцэлд дурьдсанчлан шүүх хурал дээр мэдүүлэг авч мэдүүлгийн зөрүүг арилгах боломжгүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн дан ганц дээр дурьдсан яллагдагч, гэрчийн мэдүүлэг бус хэрэгт авагдсан бусад гэрч нарын мэдүүлэгт ч үйл баримтын талаар зөрүүтэй мэдүүлсэн байгааг анхаарах шаардлагатай бөгөөд гэрч нь худал мэдүүлэг өгсөн нь гэмт хэргийн шинжтэй бол Эрүүгийн хуулийн зохих зүйл ангид заасны дагуу зүйлчилж ирүүлэх нь зүйтэй.

 

Харин хохирогч ямар шалтгааны улмаас яллагдагч нараас хохиролд 2 сая төгрөг авсаныг тогтоох шаардлагагүй бөгөөд энэ талаар бичсэн эсэргүүцэл үндэслэлтэй байна.

 

Иймд хэргийг прокурорт буцаасан шүүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.9 дүгээр зүйлийн 1.1, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ  нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 110 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хэргийг прокурорт очтол яллагдагч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр  оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

                                       ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

                                        ШҮҮГЧИД                        Б.МАНЛАЙБААТАР

                                                                                         Д.БУЯНЖАРГАЛ