| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Өлзийжаргал |
| Хэргийн индекс | 128/2017/1025/З |
| Дугаар | 354 |
| Огноо | 2018-06-06 |
| Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 354
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Өлзийжаргал даргалж, шүүгч С.Отгонтуяа, шүүгч М.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: С.Г, Б.Б, Т.Н, С.Ц, П.М, С.М, Г.Н, Ж.Э, Г.Н, Л.М, М.С, Б.Б, Ч.Н, Л.С, С.У, Ц.Б, Н.О, Ш.Б, С.Х, З.А, М.О, Э.А, Б.Б, М.Н, Ц.Г, Ц.Э, М.Х, Б.Б, Ж.Э, А.Д, С.Ч, Н.Б, Ш.Б, Н.Н, М.Э, Ж.Г, Д.П, Д.Ц, Г.Б, Ц.М, Ц.Б, Р.Б, Б.А, Л.О, Б.Т, Д.О, С.Д, Ц.Э, Д.Э, Ш.Б, Г.Б, Г.О, Д.О, П.Б, Д.А, Б.О, Д.С, Х.Н, Ж.О, Б.Х, Н.О, Н.Б, Ү.Э, С.Я, Х.М, Б.Д, Ч.Ц, С.О, Л.Б, С.Э нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: НИТХТ-д
Нэхэмжлэлийн шаардлага: “Хууль зүй, дотоод хэргийн сайдын дүгнэлтийг үндэслэн НИТХТ-ийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 61 дүгээр тогтоол, хавсралтаар баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулахад дагаж мөрдөх журам”-ыг хүчингүй болгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгохыг Нийслэлийн иргэдийнТөлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгах”
Хариуцагч: УХЕМБЗААД
Нэхэмжлэлийн шаардлага: УБХЕМ-ийн 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 61 дүгээр тогтоол, түүний журмыг дагаж мөрдүүлэх тухай амаар гаргасан захирамжилсан шийдвэрийг хүчингүй болгуулах” захиргааны хэргийг
хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэлт, иргэдийн төлөөлөгч Л.О, нэхэмжлэгч Ц.Э, Э.А, нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б, М.Э, Б.Б, Д.А, П.Б, Ж.О, С.Э, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.И, хариуцагч НИТХТ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н, хариуцагч УХЕМБЗААД –ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б, Б.Б, М.Э, Д.А, П.Б, С.Э, өмгөөлөгч Ц.М, Д.И нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ТҮЦ эрхлэгч иргэд бидний Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг НИТХ-ын тэргүүлэгчдийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 61 дүгээр тогтоол, түүний хавсралтаар баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулахад дагаж мөрдөх журам” дараах байдлаар зөрчиж байна.
Үүнд Түргэн үйлчилгээний цэг эрхлэгчид бид амьжиргааны гол эх үүсвэр болсон хувийн жижиг бизнесээс олсон орлогоор өөрсдийн амьдрал ахуйгаа залгуулдаг, гэр бүл, үр хүүхдийнхээ сургууль, цэцэрлэгийн төлбөр төлдөг гэх мэтээр амьдралын наад захын зардлаа санхүүжүүлдэг. Бид олон жилийн турш ТҮЦ ажиллуулсаар ирсэн бөгөөд Нийслэлээс сануулж буй ажлыг дэмжин зээл авч ТҮЦ-үүдийг 2014 онд баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам”-ын дагуу өөрсдийн боломж бололцоогоор шинэчилсэн загварын ТҮЦ захиалан бариулж холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмыг баримтлан үйл ажиллагаа явуулж ирсэн. Гэвч төрийн байгууллагуудаас дарамт шахалт үзүүлэн бидэнд Үндсэн хуулиар олгогдсон аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад НИТХТ-ийн 2017 оны 04 сарын 18-ны өдрийн 61 дүгээр тогтоолоор шинэ журам баталсан нь шүүхийг үл хүндэтгэсэн, ТҮЦ ажиллуулж байгаа иргэдийн болон хэрэглэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн, хэрэглэгчдийн эрх хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн, төрийн байгууллагын шийдвэр үйл ажиллагааны залгамж шинжийг алдагдуулсан, одоо ТҮЦ ажиллуулж байгаа иргэдийг захиргааны шийдвэр, үйл ажиллагаагаараа залхаах, өр зээлд оруулах замаар аж ахуйн үйл ажиллагааг зогсоох гэсэн хууль бус шийдвэр гэж үзэж байна.
Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний чанар, соёлыг сайжруулах, цахим картын хэрэглээнд бүрэн шилжүүлэх, үйлчилгээг шинэ түвшинд гаргах зорилгоор 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хотын нийтийн тээврийн их, дунд багтаамжийн автобус, троллейбусны үйлчилгээнд зөвхөн цахим төлбөрийн хэрэгслээр зорчихоор болсон. Өөрөөр хэлбэл иргэд нийтийн тээврээр зорчихдоо бэлэн мөнгөөр бус зөвхөн картаар төлбөрөө төлж зорчихоор болсон. Нэхмжлэгч нарын ТҮЦ-үүд нь Улаанбаатар смарт карт ХХК-тай карт борлуулах, цэнэглэх үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ний үндсэн дээр Umoney цахим картыг төлбөртэйгөөр цэнэглэх үүргийг давхар гүйцэтгэдэг. Иймээс бидний энэ төрийн үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг явуулах эрхийг хасаж, иргэдийг хохироож байна.
НИТХТ-ийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 61 дүгээр тогтоол, хавсралтаар баталсан журам нь хотын нутаг дэвсгэрт ТҮЦ байрлуулан үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон Тухайлбал: Уг журмаар ТҮЦ-ний талбайн хэмжээг 10 метр квадрат хүртэл болгож багасгасан, ажиллах цагийг багасгасан. Аж ахуйн нэгж байгууллагын орц гарцаас 50 метрийн зайд байхаар заасан нь амьдралд нийцээгүй. Журмаар, ТҮЦ байршуулахыг хориглосон цэгүүдийг тогтоосон нь аливаа хотын стандарт, жишигт харшилсан, нийтийн тээврийн зорчигчдод үзүүлэх үйлчилгээг үгүй болгосон, автобусны буудлаас 20м зайд гэсэн бөгөөд ийм зайд ТҮЦ байрлуулах талбай бараг байдаггүй тул биднийг нүүлгэх, үйл ажиллагааг зогсоох аюул нүүрлэж байна.
Нийслэлийн хэмжээнд 1500 гаруй ТҮЦ үйл ажиллагаа явуулж байна. Гэтэл зөвшөөрөлтэй, олон жил үйл ажиллагаа явуулсан ТҮЦ эрхлэгч бидний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн энэ НИТХТ-ийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 61 дүгээр тогтоол, түүний хавсралтаар баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт ТҮЦ ажиллуулахад дагаж мөрдөх журам” хэрэгжсэнээр 1000 гаруй ТҮЦ хориглосон байршилд үйл ажиллагаа эрхлэх боломжгүй болох юм. Энэ талаар УБХЕМТ.Г нь дээрх журмын дагуу нийслэлийн хэмжээнд 500 ТҮЦ ажиллуулах байршлын талаар дүүргүүдээс санал авч, тэдгээр байршлуудаа фото зургаар баталгаажуулан хүчин төгөлдөр болоогүй гэх 61 дүгээр тогтоолыг хууль бусаар хэрэгжүүлж байна.
Энэ журмаар ТҮЦ-ээр худалдах хүнсний барааны жагсаалт, тоог УБХЕМ батлахаар заасан нь хувиараа бизнес эрхлэгч бидэнд хэтэрхий хүндрэл учруулсан, өнөө үеийн чөлөөт өрсөлдөөнийг хязгаарласан, бизнес эрхлэгч бидний хууль ёсны эрх, ашиг сонирхолд халдсан гэж үзэх үндэслэлтэй байна.
2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр УБХЕМ Т.Г нь НИТХТ-ийн 2017.04.18-ний өдрийн 61 тогтоол, түүний хавсралтаар баталсан журмыг хэрэгжүүлэхийг амаар захирамжилсан захиргааны акт гаргах замаар дүүргүүдэд чиглэл өгөн хэрэгжүүлж байгаа явдал нь хууль бус байх бөгөөд нэхэмжлэгч бидний хууль ёсны эрх, ашиг сонирхолыг ноцтой зөрчсөөр байна. Түүний ам шийдвэрийн дагуу энэ шинэ журамд заасан буруу стандарттай шинэ ТҮЦ олноор бий болж байна.
2015 оны Дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлүүд, дүүргүүдийн Газрын албатай тус тус хамтран өнгө үзэмж сайжруулах зорилгоор ТҮЦ-ийг буулган, засан сайжруулах шаардлагыг хангаж стандартын дагуу үйлдвэрлэгдсэн ТҮЦ ажиллуулахыг шаардсан бөгөөд нэхэмжлэгч нар хөрөнгө хүчээ шавхан, банкнаас бүгд 8-10 сая төгрөгний зээл авч байж шинээр худалдан авсан. Ингээд зээлээ эргэн төлж дуусаагүй байхад ажлын байргүй, зээлээ эргэн төлөх эх үүсвэргүй болох нөхцөл байдал үүсээд байна.
Төрийн байгууллагын олон шат дамжлагатай судалгааг бидний оролцоог хангаж санал асуулга авалгүйгээр үндэслэл муутай гаргасан шийдвэрээс болж иргэд бид ажлын байргүй, тогтмол орлогогүй, цаашлаад орлогын эх үүсвэргүй, авсан зээлээ төлөх боломжгүй, үр хүүхдээ сургах бололцоогүй, амьжиргааны наад захын орлогын эх үүсвэргүй болох эрдэл үүсээд байна. Иймд захиргааны байгууллага бидний оролцоогүйгээр, саналыг харгалзалгүйгээр, ТҮЦ эрхлэгчдэд хэтэрхий хүндрэл учруулсан бодит нөхцөлд нийцээгүй тогтоол, журам гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн зарчмыг баримтлаагүй байна. Захиргааны байгууллага бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зарчмыг баримтлах ёстой байхад эдгээр зарчмыг баримтлаагүйд гомдолтой байна.
Хэдийгээр НИТХТ-ийн 61 дүгээр тогтоол, уг тогтоолоор баталсан журам нь эрх зүйн үйлчлэлгүй, захиргааны хэм хэмжээний актын шинжийг агуулаагүй гэж шүүхээс үзэж байгаа хэдий ч түүнийг дагаж мөрдөхийг амаар шаардан ТҮЦ-ийг ачиж эхлээд байна.
УБХЕМ Т.Г 2017.04.21-ний өдөр Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба болох Хангарьд ордны 6 давхарт хурлын зааланд 6 дүүргүүдийн худалдаа үйлдвэр үйлчилгээний хэлтсийн дарга, мэргэжилтнүүдийн төлөөллүүдийг оролцуулж хурал хийсэн бөгөөд уг хурлаар НИТХТ-ийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 61 дүгээр тогтоол, түүний хавсралтаар баталсан журмыг тайлбарлан, түүнийг дагаж мөрдүүлэх, хэрэгжүүлэх талаар чиглэл өгөхтэй холбоотой асуудал хэлэлцэж, амаар захирамжилсан шийдвэр гаргасан.
НИТХТ-ийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 61 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан журмыг Монгол улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд хүчингүй болгох нь зүйтэй гэж 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 1/1802 дугаар дүгнэлтээр хариу өгч бүртгэхээс татгалзсан. Уг дүгнэлтэнд тус журмыг Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д нийцээгүй, 60 дугаар зүйлийн 60.2-т заасан шаардлагыг хангаагүй, 60.1.6-д заасныг зөрчсөн, 60.1.8-д заасантай нийцэхгүй байна гэж дүгнэсэн байдаг. Хууль зүйн сайдын дүгнэлт үндэслэлгүй гэж үзэж байгаа бол хариуцагч гомдлоо гаргах ёстой байсан. Одоо дүгнэлт хүчинтэй.
Үүнээс гадна түргэн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд чирэгдэл учруулсан зохицуулалтыг тусгасан байна гэсэн үндэслэлээр хүлээж аваагүй. Захиргааны ерөнхий хуулийн 64.3, 65.1-д заасны дагуу Хууль зүй асуудал эрхэлсэн сайд бүртгэхээр заасан боловч дээр дурдсан үндэслэлээр бүртгэхээс татгалзсан. Иймээс тус тогтоол журам нь хууль зүйн хүчин төгөлдөр бус, хэрэгжих боломжгүй болох нь харагдаж байгаа боловч бодит байдал дээр УБХЕМ Н.Г болон НИТХТ-д хүчээр хэрэгжүүлж байгаа нотлох баримтууд хэрэгт авагдсан. 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Хотын захирагчийн албаны Хангарди ордны 6 дугаар давхрын хурлын зааланд Нийслэлийн 6 дүүргийн Худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, Нийслэлийн үйлдвэр үйлчилгээний хэлтсийн мэргэжилтнүүд, ТҮЦ-ийн эрхлэгчдийг байлцуулан хурал хийсэн. Тус хурлаар 61 дүгээр тогтоолыг хэрэгжүүлж ажиллана. Та нар уг шаардлагыг биелүүлэх ёстой гэж амаар захирамжилсан байдаг. Хурлын үеэр хийгдсэн тэмдэглэл болон бичлэгийг шүүхийн журмаар хэргийн материалд авчруулахыг хүссэн боловч хариуцсан ажилтан нь ажлаасаа гарсан гэх шалтгаанаар хурлын тэмдэглэл, бичлэгийг олж авч чадаагүй. Хариуцагчаас захирамжилсан акт гаргаагүй, нэхэмжлэгч тал буруу ойлголттой байна гэсэн талаар тайлбарыг шүүхэд ирүүлсэн. Нэхэмжлэгч 5 иргэний ТҮЦ-г ачиж журамласан. Шүүхээс захирамж гаргасан байхад ТҮЦ ачсан, ТҮЦ-ээ авъя гэтэл зардлыг та нар төл мөн энэ байршилдаа эргүүлэн ТҮЦ-ээ тавихгүй гэсэн баталгааг бичгээр гаргаж өг гэж, хууль бус шаардлага тавьдаг. Хууль зүй, дотоод хэргийн яамнаас бүртгэхээс татгалзсан. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7-д тус тус зааснаар амаар гаргасан шийдвэр нь илт хууль бус байна. Иймд илт хууль бус захиргааны актыг хүчингүй болгуулах шаардлагыг тавьж байна. 61 дүгээр тогтоолыг хүчингүй болгохгүй байгаа Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, мөн УБХЕМ Т.Г-ийн амаар гаргасан захирамжилсан актыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн гэжээ.
Хариуцагч НИТХТ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн З.А нарын НИТХТ-д Хууль зүй, дотоод хэргийн сайдын дүгнэлтийг үндэслэн НИТХТ-ийн 2017 оны 61 дүгээр тогтоолтой холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн жаран хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт нутгийн өөрөө удирдах байгууллагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-т “...тухайн хурал өөрөө өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэж зохицуулсан.
Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага нь өөрийн нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие даан шийдвэрлэх хийгээд энэхүү эрх нь тухай байгууллагаас өөрийн бүрэн эрхийн хүрээнд хамаарах асуудлыг шийдвэрлээд батлан гаргасан аливаа шийдвэр, тогтоолыг бусад байгууллага албан тушаалтан шууд хүчингүй болгох боломжоос хамгаалагдсан байх ёстой. Холбогдох хууль тогтоомжоор зохицуулаагүй Нийслэл Улаанбаатар хотод тулгамдаж буй олон асуудлыг хуулинд тухайлан заагаагүй тохиолдолд Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу өөрийн бүрэн эрхийн хүрээнд “нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах" журмыг батлан гаргасан.
Монгол Улсын Үндсэн хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-т “Хурлаас гаргасан тогтоол, бусад шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газар, тухайн асуудлыг харьяалах дээд шатны байгууллагаас гаргасан шийдвэрт нийцээгүй бол түүнийг тухайн Хурал өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэж зохицуулсан байдаг. Энэ хуулийн 25 дугаар зүйлийн 25.4, 25.5-д заасныг 2009 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 01 тоот тогтоолоор шийдвэрлэсэн. Энэ тогтоолд дээд шатны байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллагын шийдвэрийг хүчингүй болгон дахин шийдвэрлэх нь Үндсэн хуульд нийцэхгүй байна гэж үзэн эсхүл дээд шатны гэсэн хэсгийг хасаж, шийдвэрлэсэн байдаг. Мөн Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага нь өөрийн нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие даан шийдвэрлэнэ гэж заасан нь уг эрхийг тухайн байгууллагаас өөрийн бүрэн эрхийн хүрээнд хамаарах асуудлыг шийдвэрлэн батлан гаргасан аливаа шийдвэр тогтоолыг бусад байгууллага, албан тушаалтан нь хүчингүй болгохоос хамгаалж өгсөн. Хууль тогтоомжоор Улаанбаатар хотод нийгэмд тулгамдаж буй асуудлууд нь тухайлан ТҮЦ-ийн асуудлыг зохицуулаагүй байдаг. Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т заасны дагуу өөрийн бүрэн эрхийн хүрээнд ТҮЦ ажиллуулах журмыг батлан гаргасан.
Захиргааны ерөнхий хуулийн заалт Үндсэн хуультай зөрчилдөж буй асуудлаар Үндсэн хуулийн цэцийн гишүүдээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан. 61 дүгээр тогтоолыг хүчингүй болгохдоо гол нь биш, үндсэн хуультай зөрчилдөж байгааг шүүх харж үзээсэй гэж хүсэж байна. Үндсэн хуульд зааснаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бол Үндсэн хуулийн байгууллага. Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны байгууллага гэдэгт хамаарахгүй.
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлыг гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагатай адилтган үзэж, үгүйсгэсэн дүгнэлт ирүүлж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Хариуцагч УХЗААД Г.Г, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З.А нарын нэхэмжлэлтэй, УБХЕМ-ийн НИТХТ-ийн 2017 оны 61 дүгээр тогтоолоор батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журмыг захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж хүчин төгөлдөр болохоос өмнө дагаж мөрдүүлэхээр амаар гаргасан хууль бус шийдвэрийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлд дараахь тайларыг гаргаж байна.
УБХЕМ нь Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/28 дугаар захирамжаар батлагдсан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дүрмийн 2 дугаар хэсгийн 2.9.7-д төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааны арга хэлбэрийг боловсронгуй болгох ажлыг зохион байгуулах, 3 дугаар 3.1.6-д Нийслэлийн нутаг дэвсгэрт хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн болон хүнсний өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээ, ахуйн үйлчилгээний салбарыг хөгжүүлэх бодлого, хөтөлбөр боловсруулах, хэрэгжилтийг хангах биелэлтэд хяналт тавих 3.1.15-д Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, хуулийн этгээдтэй эрхлэх ажлын хүрээнд хамтран ажиллах, орон нутаг, ард иргэдийн эрх ашигтай холбоотой асуудлаар хууль тогтоомжид заасны дагуу үүрэг, чиглэл өгч, биелэлтийг хангуулах, хяналт тавьж ажиллах чиг үүргийнхээ дагуу Нийслэлийн удирдлагаас батлагдан гарч буй шийдвэрийг иргэд, оршин суугчдад танилцуулах, урьдчилан сэргийлэх зорилгоор Түргэн үйлчилгээний цэг эрхлэгчдийн төлөөллийг оролцуулан 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр уулзалт зохион байгуулсан.
Дээрх уулзалтаар НИТХТ-ийн 2017 оны 61 дүгээр тогтоолоор батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журмын агуулга хориглосон цаг байршил, хотын ерөнхий төлөвлөгөөний талаар танилцуулж мэдээлэл өгсөнийг амаар гаргасан захирамжилсан шийдвэр гэж нэхэмжлэгч тал ойлгосон байгааг удаа дараа тайлбарлаж мэдэгдэж байсан.
УБХЕМ Захирагчийн ажлын албаны даргын үндсэн чиг үүрэг нь Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6.2-т зааснаар хотын аж ахуйг биечлэн зохион байгуулах, мэргэжлийн албыг хариуцан удирдах юм. Хотын аж ахуй гэдэгт худалдаа үйлчилгээ байгууллага хамаардаг бөгөөд ТҮЦ-ийн асуудлыг биечлэн зохион байгуулдаг эрх бүхий албан тушаалтан гэдэг нь 6.2-т зааснаар харагдана. Дээр дурдсан чиг үүргээ хэрэгжүүлэхийн дагуу ТҮЦ ажилуулах 56 дугаар тогтоолыг хүчингүй болгон, шинэчилэн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр батлуулсан. Үүний дараа 04 дүгээр сарын 21-ний өдөр ТҮЦ эзэмшигчдийн төлөөлөл, холбогдох албан тушаалтан байлгуулан 61 дүгээр тогтоолын агуулга, зохицуулах харилцаа, хориглосон болон ТҮЦ байршуулахгүй цэгүүдийг тусгасан журмыг танилцуулсан. Мөн хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан тохижилт хийгдэх газруудын талаар мэдээлэл өгсөн. Ерөнхий менежер 61 дүгээр тогтоолыг мөрд гэсэн захирамжилсан шийдвэр гаргаагүй байхад шийдвэрийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага нь хийдэлтэй байна. Хэрэв шүүхээс Ерөнхий менежер уг шийдвэрийг гаргасан байна гэж үзвэл хотын ерөнхий төлөвлөгөө батлагдан хотын хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу жишиг гудамжуудаа байгуулж байгаа тохиолдолд нэхэмжлэгч нарын ямар эрх ашиг сэргэх вэ? гэдэг нь ойлгомжгүй байна. Одоогоор Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, зүүн 4 замын уулзвараас Сансрын аюулгүй тойрог хүртэл гудамжуудыг энэ онд жишиг гудамж болгохоор төлөвлөгөө гарган, иж бүрэн тохижилт хийж байна. Миний мэдэхээр ТҮЦ-ний 3 холбоо байдаг. Эдгээр нь хоорондоо байнга маргаж байдаг. Бид бүх холбоотой хамтарч ажиллаж байгаа. ТҮЦ-ний байршил маш замбараагүй байгаа талаар нэхэмжлэгч талаас тайлбарлаж байна. ТҮЦ-үүдийг 61 дүгээр тогтоол 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр батлагдсан тухайн үед шууд албадан нүүлгээгүй. УБХЕМ чиг үүргийнхээ дагуу мэдээлэл өгч, уулзалт хийж танилцуулж байсан. Цаашдаа Энхтайваны өргөн чөлөө, хотын төв замаар ТҮЦ байршуулахгүй гэсэн бодлогынхоо талаар танилцуулж мэдээлсэн дагуу хууль бус шийдвэр гаргасан хэмээн буруутгагдаж байгааг бид хүлээн зөвшөөрөх боломжгүй, нэхэмжлэгчийн ямар эрх ашиг сэргэх нь маш ойлгомжгүй тодорхой бус байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ” гэжээ.
Шүүх нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэг. “Хууль зүй, дотоод хэргийн сайдын дүгнэлтийг үндэслэн НИТХТ-ийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 61 дүгээр тогтоол, хавсралтаар баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулахад дагаж мөрдөх журам”-ыг хүчингүй болгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгохыг НИТХТ-д даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
НИТХТ-ийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 61 дүгээр тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7, 25 дугаар зүйлийн 25.1, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2 дахь заалтыг үндэслэн Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулахад дагаж мөрдөх журмыг хавсралтаар баталж, тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид үүрэг болгож, энэ тогтоол гарсантай холбогдуулан 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 56 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцжээ .
Захиргааны ерөнхий хуулийн Зургаадугаар бүлэгт захиргааны хэм хэмжээний актад тавигдах шаардлага, төслийг бэлтгэх, төсөлд санал авах, захиргааны хэм хэмжээний актыг баталж, хүргүүлэх, бүртгэх, хүчин төгөлдөр болох нөхцөл, нэмэлт, өөрчлөлт оруулах болон хүчингүй болсныг бүртгэх, тусгай зохицуулалт гэсэн захиргааны хэм хэмжээний акттай холбоотой хуулийн зохицуулалтыг тусгасан байна.
Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт захиргааны хэм хэмжээний актыг хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллага батална гэж заажээ.
Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1. Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг дараах нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага гэж ойлгоно. 5.1.5. нутгийн өөрөө удирдах байгууллага ... гэж зааснаас үзвэл НИТХ болон түүний Тэргүүлэгчид нь захиргааны байгууллага байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс НИТХ бол Үндсэн хуульд заасан байгууллага тул захиргааны хэргийн шүүх гаргасан шийдвэрийг хянахгүй гэсэн тайлбар үндэслэлгүй байна.
Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.3, 64.4 дэх хэсэгт заасны дагуу НИТХТ-ээс 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 61 дүгээр тогтоолоор баталсан Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулахад дагаж мөрдөх журмыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхээр Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлжээ .
Дээрх журмыг Хууль зүй, дотоод хэргийн яам Захиргааны ерөнхий хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хянаад, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.3.2 дахь хэсэгт “захиргааны хэм хэмжээний акт бүхэлдээ, эсхүл түүний аль нэг заалт энэ хуулийн 60, 61, 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд уг зөрчлийг арилгуулах тухай тодорхой үндэслэл, тайлбар бүхий дүгнэлт гаргаж, албан бичгээр хүргүүлэх” гэж заасны дагуу гаргасан Монгол улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 1-1/1802 дугаар дүгнэлтэд :
НИТХТ-ийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн “Журам батлах тухай” 61 дүгээр тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн дагуу хянан үзээд дараахь дүгнэлтийг хүргүүлж байна.
1. “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулахад дагаж мөрдөх журам”-ыг батлах эрхийг хуулиар НИТХТ-д олгоогүй байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д “Захиргааны хэм хэмжээний актыг хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллага батална” гэж заасантай нийцэхгүй байна.
2. Журмын 2.3-д “ТҮЦ-д худалдаа үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг дүүргийн Засаг даргын дэргэдэх “Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөл”-өөс олгохоор заажээ. Тус зөвлөлд худалдаа үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох эрх хэмжээ холбогдох хуулиар олгогдоогүй байна. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-д заасан “тусгайлан эрх олгосон тухайн хуулийн агуулга, зорилго, хүрээнд нийцсэн байх” гэсэн шаардлагыг хангахгүй байна. Мөн журмын 2.4, 2.5, 2.7, 3.8 дахь зэрэг заалтуудаар ТҮЦ-ийн үйл ажиллагаа эрхлэгчдэд хэтэрхий чирэгдэл учруулсан зохицуулалтуудыг тусгасан байна.
3. Журмын 5-д Түргэн үйлчилгээний цэгт эрхлэхийг хориглох үйл ажиллагааг зохицуулсан нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.6-д “хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалт тогтоохгүй байх” гэж заасныг зөрчсөн, мөн журмын 5.1.4-д заасан “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглох” асуудлыг Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулиар зохицуулсан байгаа бөгөөд энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.8-д “бусад хуулийн заалтыг давхардуулан заалгүйгээр шаардлагатай тохиолдолд эшлэл хийгдсэн байх” гэсэн шаардлагад нийцэхгүй байна. Түүнчлэн журмын 6-д заасан хариуцлагын асуудлыг зөвхөн хуулиар зохицуулдгийг анхаарах. Иймд НИТХТ-ийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн “Журам батлах тухай” 61 дүгээр тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Захиргааны ерөнхий хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар эрх зүйн зөрчлийг арилгасан, зохих нэмэлт өөрчлөлт оруулсан журмыг дахин хүргүүлээгүй гэж тайлбарлаж байгаа бөгөөд, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.6 дахь хэсэгт “Хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллага энэ хуулийн 66.3.2-т заасан дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ажлын 10 өдрийн дотор албан бичгээр хариу мэдэгдэнэ.” гэж заасны дагуу хариу хүргүүлээгүй болох нь Хууль зүй, дотоод хэргийн яамны 2018 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 3-2/11 тоот албан бичгээр тогтоогдож байна .
Ийнхүү эрх зүйн зөрчлийг арилгаагүй, журмандаа нэмэлт өөрчлөлт оруулаагүй, хариу албан бичиг хүргүүлээгүй үндэслэлээ хариуцагч Монгол улсын Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно”, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4. “Хурлаас гаргасан тогтоол, бусад шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газар, тухайн асуудлыг харьяалах дээд шатны байгууллагаас гаргасан шийдвэрт нийцээгүй бол түүнийг тухайн Хурал өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэж заасныг Хууль зүй, дотоод хэргийн яам зөрчиж, НИТХ-ыг гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагатай адилтган үзэж, үгүйсгэсэн дүгнэлт ирүүлж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж тайлбарлаж байна.
Захиргааны ерөнхий хуулийн 66 дугаар зүйлийн 66.7 дахь хэсэгт “Энэ хуулийн 66.6-д заасны дагуу ирүүлсэн мэдэгдлийг хүлээж авах үндэслэлгүй гэж үзвэл хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн дүгнэлт гарган Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр ажлын 10 өдөрт багтаан хүргүүлнэ.”, 66.8 дахь хэсэгт “Засгийн газар энэ хуулийн 66.7-д заасны дагуу ирүүлсэн дүгнэлтийг хуралдаанаараа хэлэлцэж уг дүгнэлтийг үндэслэн захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгох эсэхийг шийдвэрлэнэ.” гэж зааснаас үзвэл Засгийн газрын харьяа захиргааны байгууллагаас гаргасан хэм хэмжээний актын талаар гарсан дүгнэлтийг тухайн захиргааны байгууллага хүлээн зөвшөөрөхгүй талаар хариу албан бичиг ирүүлбэл Хууль зүй, дотоод хэргийн сайд дүгнэлт гарган Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, хүчингүй болгох эсэх асуудлыг шийдвэрлэдэг.
Харин нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагаас баталсан захиргааны хэм хэмжээний акт нь Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлагыг хангахгүй байгаа тохиолдолд зөрчлийг арилгуулахаар дүгнэлт гаргаж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэхгүй татгалздаг хуулийн зохицуулттай байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс манай байгууллагын эрх хэмжээнд Хууль зүй, дотоод хэргийн яам халдсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.
Тодруулбал хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт дурдсан Монгол улсын Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно” гэсэн заалт нь баг, хорооны иргэдийн Нийтийн хурал болон сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага болох Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь шийдвэрлэж болохгүй гэсэн заалт бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн яамны Захиргааны ерөнхий хуульд заасан өөрийн бүрэн эрхийг хэрэгжүүлж дүгнэлт гаргасаныг Үндсэн хуульд заасан нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрх хэмжээнд халдсан гэж үзэх үндэслэлгүй юм.
Түүнчлэн Үндсэн хуулийн дээрх заалт нь хуулиар олгосон эрхийг нь өмнөөс нь хэрэгжүүлж болохгүй талаар зохицуулалт болохоос биш эрхээ хэрэгжүүлэн баталсан журам нь Захиргааны ерөнхий хуульд нийцсэн эсэхийг хянах, бүртгэхээс татгалзахад хамааралгүй ажээ.
Дүгнэлтээр Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулахад дагаж мөрдөх журмыг Хууль зүй, дотоод хэргийн яам хүчингүй болгоогүй, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4. “Хурлаас гаргасан тогтоол, бусад шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газар, тухайн асуудлыг харьяалах дээд шатны байгууллагаас гаргасан шийдвэрт нийцээгүй бол түүнийг тухайн Хурал өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэж заасан заалтыг зөрчөөгүй, харин хууль тогтоомж зөрчсөн журмаа хүчингүй болгохыг мэдэгдэж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгээгүй байгааг дахин дурдах нь зүйтэй.
Мөн хариуцагч захиргааны байгууллагаас уг дүгнэлтийг эс зөвшөөрч дээд шатны байгууллага болон шүүхэд нэхэмжлэл гаргаагүй байх бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайдын дүгнэлт одоо хүчин төгөлдөр байна.
Иймд дээрх дүгнэлтийг үндэслэн НИТХТ-ийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 61 дүгээр тогтоол, хавсралтаар баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулахад дагаж мөрдөх журам”-ыг хүчингүй болгохгүй байгаа эс үйлдэхүй нь нэхэмжлэгч нарын ажил, хөдөлмөр эрхлэх, өмч хөрөнгөө эзэмшиж, ашиглах эрхийг зөрчсөн хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгохыг НИТХТ-д даалгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Хоёр. УБХЕМ-ийн 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 61 дүгээр тогтоол, түүний журмыг дагаж мөрдүүлэх тухай амаар гаргасан захирамжилсан шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч З.А нарын нэр бүхий 70 иргэнээс зарим иргэд З.Э нарын 42 иргэний нэхэмжлэлтэй өөр хэрэгт гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг энэ хэрэгт нэгтгэх хүсэлт гаргасны дагуу нэгтгэж, үлдэх нэхэмжлэгч нар дээрх шаардлагыг өмнөх шүүх хуралдаанд нэмэгдүүлэн гаргасан болно.
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1. Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно гэж заажээ.
Хэрэгт авагдсан үзлэгийн тэмдэглэл болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбараас үзвэл УБХЕМ 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр ТҮЦ эзэмшигчдийн төлөөлөл, холбогдох албан тушаалтнуудыг байлцуулан 61 дүгээр тогтоолын агуулга, зохицуулах харилцаа, ТҮЦ байршуулахгүй цэгүүдийн байршил зэрэг журмын талаар танилцуулсан байх бөгөөд түүний иргэдтэй уулзаж хэлсэн үг нь захиргааны акт биш байна.
Тодруулбал, амаар гаргасан захиргааны акт нь өмнө нь уг асуудлаар гарсан захиргааны байгууллагын шийдвэр байхгүй байхад өөрөө шинээр иргэн, хуулийн этгээдэд чиглэсэн захирамжилсан шийдвэр гаргахыг ойлгохоос биш, нэгэнт НИТХ-ын Тэргүүлэгчдээс баталсан журмыг танилцуулсаныг захиргааны актыг амаар гаргасан гэж үзэх үндэслэлгүй юм.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсгийн 54.1.1 “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэсэн үндэслэлээр УБХЕМ-ийн 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 61 дүгээр тогтоол, түүний журмыг дагаж мөрдүүлэх тухай амаар гаргасан захирамжилсан шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Харин нэхэмжлэгч зарим иргэд УБХЕМ-ийн 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн амаар гаргасан гэх захиргааны актын үндэслэлээ 2018 оны 5 сарын 5-ны өдөр биечлэн очиж ТҮЦ-нүүдийг ачих шийдвэр гаргасан гэж өөр нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэл болгож байгаа нь ойлгомжгүй байна.
Учир нь УБХЕМ-ээс 2018 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 01/907 тоот албан бичгээр нэр бүхий иргэдэд мэдэгдэл хүргүүлжээ. Мэдэгдэлд: Баянзүрх дүүргийн 1, 3, 4, 7 дугаар хороо, Их тойруугийн гудамж, Зүүн 4 замын уулзвараас Сансрын аюулгүйн тойрог хүртэл гудамжийг иж бүрэн тохижуулах ажлыг 2017 оны намар эхлүүлж, тус гудамжны баруун талын тохижилт ногоон байгууламжийн ажлыг хийж гүйцэтгэсэн. 2018 оны хаврын тохижилтын ажлын хүрээнд тус гудамжны зүүн талд авто зогсоол, явган зам, ногоон байгууламжийн ажлыг эхлүүлж, цахилгааны кабель шилжүүлэх, хөрс хуулах, хөрс нягтаршуулах ажлыг хийж эхэлсэнтэй холбогдуулан ажлын трассд орсон түргэн үйлчилгээний цэгийн байгууламжаа 2018 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн дотор нүүлгэн шилжүүлж, газар чөлөөлж, тохижилтын ажил хэвийн явагдах нөхцөлийг бүрдүүлж ажиллана уу. Дурдсан хугацаанд газар чөлөөлөх ажлыг зохион байгуулаагүй тохиолдолд Газрын тухай хуулийн 57.4-т заасны дагуу арга хэмжээ авахыг үүгээр мэдэгдэж байна гэжээ .
Өөрөөр хэлбэл УБХЕМ-ийн 2017 оны 4 дүгээр сарын 21 гэж тодорхой цаг хугацаа заасан өдрийн талаарх үйл баримтыг маргаж байхад түүнээс хойш 1 жилийн дараа гаргасан өөр үндэслэл бүхий УБХЕМ-ийн үйл ажиллагаа буюу нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй асуудалд шүүх дүгнэлт өгөх боломжгүй байна.
Иймд эрх нь зөрчигдсөн гэж үзэж байгаа иргэдээс УБХЕМ-ийн дээрх мэдэгдлийн талаар маргаж, нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.3, 65 дугаар зүйлийн 65.2, 66 дугаар зүйлийн 66.3, 66.3.2, 66.6, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан иргэн З.А нарын 70 иргэний нэхэмжлэлийн энэ шаардлагыг бүхэлд нь хангаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын дүгнэлтийг үндэслэн НИТХТ-ийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 61 дүгээр тогтоол, хавсралтаар баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулахад дагаж мөрдөх журам”-ыг хүчингүй болгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгохыг НИТХТ-д даалгасугай.
2. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсгийн 54.1.1 дэх заалтад заасныг баримтлан З.Алтан нарын 70 иргэнээс гаргасан “УБХЕМ-ийн 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 61 дүгээр тогтоол, түүний журмыг дагаж мөрдүүлэх тухай амаар гаргасан захирамжилсан шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт зааснаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон улсын төсвөөс тус тус 35100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ
ШҮҮГЧ С.ОТГОНТУЯА
ШҮҮГЧ М.ЦЭЦЭГМАА