Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 128/2022/0363/З |
Дугаар | 221/МА2022/0718 |
Огноо | 2022-11-14 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 221/МА2022/0718
М ТӨХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн
Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г
Нэхэмжлэлийн шаардлага: М ТӨХК-иас Том татвар төлөгчийн газар, нэмэгдсэн өртгийн албан татварын баталгаажуулалтын хэлтсийн татварын байцаагч Б.Б, Ц.М нарт холбогдуулан “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.6 дахь заалтад зааснаар татварын улсын байцаагч Б.Б, Ц.М нарын 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн НА-21210000023 дугаартай нөхөн ногдуулалтын актаар М ТӨХК-д ногдуулсан төлбөрийн хэмжээг 6,518,974,693.08 төгрөгөөр багасгуулах,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 631 дүгээр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, Л.Г
Хариуцагч Ц.М
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна
Хэргийн индекс: 128/2022/0363/З
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Нэхэмжлэгч М ТӨХК-иас Том татвар төлөгчийн газар, нэмэгдсэн өртгийн албан татварын баталгаажуулалтын хэлтсийн татварын байцаагч Б.Б, Ц.М нарт холбогдуулан “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.6 дахь заалтад зааснаар татварын улсын байцаагч Б.Б, Ц.М нарын 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн НА-21210000023 дугаартай нөхөн ногдуулалтын актаар М ТӨХК-д ногдуулсан төлбөрийн хэмжээг 6,518,974,693.08 төгрөгөөр багасгуулах”-аар маргаж байна.
2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 0631 дугаар шийдвэрээр:
2.1.“Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 2 дугаар зүйлийн 2.2, 7 дугаар зүйлийн 7.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 3 дугаар зүйлийн 3.1, 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэг, 7.2.5 дахь заалт, 8 дугаар зүйлийн 8.2, 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэг, 13.1.6 дахь заалт, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэг, 16.1.2 дахь заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ”М” ТӨХК-иас гаргасан “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.6 дахь заалтад зааснаар татварын улсын байцаагч Б.Б, Ц.М нарын 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн НА-21210000023 дугаартай нөхөн ногдуулалтын актаар М ТӨХК-д ногдуулсан төлбөрийн хэмжээг 6,518,974,693.08 төгрөгөөр багасгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганчимэг дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1.Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ ҮНДЭСЛЭХ хэсгийн 2.10; 2.11-т “.... а/ М ТӨХК нь иргэний агаарын хөлгийг Монгол Улсын гаалийн хилээр нэвтрүүлэхдээ гаалийн бүрдүүлэлтийн 403 дугаартай горим хэрэглэж Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.6 дах заалтаар нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдсөн үйл баримт тогтоогдож байх боловч агаарын хөлгийн түрээсийн төлбөр шилжүүлэх үйл ажиллагаанд мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.6 дах заалт хамаарахгүй тэр агуулгаараа түрээсийн төлбөр шилжүүлэхдээ гаалийн бүрдүүлэлт хийлгээгүй тул М ТӨХК нь мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2 дах заалтаар түрээсийн төлбөрийн үнийн дүнгээс нэмэгдсэн өртгийн албан татварыг суутган авч, тайлагнах үүрэгтэй хэмээн дүгнэлт хийхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа зөрчил гаргаж хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Учир нь :
М ТӨХК нь Олон улсын иргэний агаарын зорчигч ачаа тээврийн үйл ажиллагаа явуулахдаа агаарын хөлгийн өмчлөгч болох гадаад улсын хуулийн этгээдтэй /оршин суугч бус этгээд / түрээсийн гэрээ байгуулж ажилладаг. Агаарын хөлгийн түрээсийн гэрээний гол зүйл нь “агаарын хөлөг” байх бөгөөд эдгээр гэрээнд уг нэр томъёог “тухайн нэр бүхий үйлдвэрлэгчийн, тодорхой модель, серийн дугаар бүхий агаарын хөлөг өөрөө, түүний хөдөлгүүр, мөн сэлбэг, эд анги, агаарын хөлгийн бичиг баримтыг хамтад нь ойлгох”- оор заасан байдаг.
Түрээсийн гэрээ байгуулагдсанаар агаарын хөлөг 1944 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Олон улсын Иргэний нисэхийн тухай Конвенци болон Монгол Улсын Иргэний нисэхийн дүрэм 47-ийн дагуу Монгол Улсын бүртгэлд бүртгэгддэг бөгөөд Монгол Улсын гаалийн хилээр нэвтрэн М ТӨХК-ийн эзэмшил ашиглалтад түр хугацаагаар шилжин ирдэг.
Гэтэл анхан шатны шүүх агаарын хөлөг түрээсийн гэрээний үндсэн дээр түр хугацаагаар гаалийн хилээр нэвтрэн орж ирж буй нэг цогц үйл баримтыг:
-агаарын хөлөг гаалийн хилээр суурь үнэлгээгээрээ нэвтрэх эхний удаагийн үйл ажиллагаа
-агаарын хөлгийг гаалийн хилээр нэвтрүүлэхийн өмнө шилжүүлж буй 3 сарын түрээсийн төлбөртэй тэнцэх урьдчилгаа, Монгол Улсад бүртгэлтэй байх түр хугацаанд агаарын хөлгийн өмчлөгчид сар бүр шилжүүлэх түрээсийн төлбөрийг салангид утгаар тодорхойлж байгаа нь үндэслэлгүй.
М ТӨХК-ийн хувьд Монгол Улсын гаалийн байгууллагын зөвшөөрлөөр Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.9 дахь заалт, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2015/ 13 дугаар зүйлийн 13.1.6 дахь заалтад үндэслэн агаарын хөлгийн суурь үнэлгээнээс тооцогдох гаалийн (5%) болон нэмэгдсэн өртгийн албан татвараас (10%) чөлөөлөгддөг. Нарийвчилбал Монгол Улсын гаалийн байгууллага М ТӨХК-ийн эзэмшилд түрээсийн гэрээний дагуу бүртгэгдэж байгаа агаарын хөлгийн суурь үнэлгээг дунджаар 45,052,854,00.00-179,475,066,835.24 төгрөгөөр үнэлж НӨАТ-ийн хэмжээг 4,505,285,400.00-17,947,506,686.62 төгрөгөөр тооцож чөлөөлөн гаалийн хилээр нэвтрүүлж ирсэн. Цаад утгаар нь авч үзвэл агаарын хөлөг нь өмчлөгчөөс эзэмшигчид түрээсийн гэрээний хугацаанд түр шилжихдээ суурь үнэлгээгээрээ албан татвараас чөлөөлөгдөж байхад агаарын хөлгийн өмчлөгчид төлж байгаа сарын түрээсийн төлбөрт (онгоцны төрлөөсөө хамаарч сарын түрээсийн төлбөр ойролцоогоор 160,000-400,000 ам доллар) албан татвар ноогдуулж байгаа нь логик үндэслэлгүй байна.
3.2. Олон улсын гэрээний тухайд анхан шатны шүүх Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнүүд нь олон улсын агаарын зорчигч ачаа тээврийн үйлчилгээг агаарын хөлгөөр гүйцэтгэх үйл ажиллагаа, түүнийг зохицуулсан дотоодын хууль тогтоомж тодруулбал “Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал”-тай дотоодын хууль тогтоомж харилцан хамаарал, уялдаа холбоо, дүйцлийг харьцуулан үзэхийн оронд олон улсын гэрээ нь маргаан бүхий харилцаанд хамаарахгүй, Дэлхийн худалдааны байгууллагын “Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр” нь гагцхүү иргэний агаарын хөлгийг худалдах худалдан авах, үйлдвэрлэл, сэргээн босголт, өөрчлөлт хувиргах үйл ажиллагааны хүрээнд хамаарна.....” хэмээн олон улсын гэрээний агуулга зорилгоос зөрүүтэй байдлаар тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байгаа болно. Учир нь:
НҮБ-ийн төрөлжсөн байгууллага болох ИКАО-ийн Зөвлөлөөс 1993 оны 12 дугаар сарын 14-ний өдөр баталсан “Олон улсын Агаарын тээврийн салбарын татварын талаар ИКАО-ийн баримтлах бодлого” 8632 Тогтоолын III бүлэг болон IV бүлэгт “гишүүн орнууд олон улсын агаарын тээвэртэй холбоотой үйл ажиллагаанаас олсон орлого, зардал болон олон улсын агаарын тээвэрт ашиглаж буй агаарын хөлөгтэй холбоотой аливаа татвар үүний дотор орлогын, үйл ажиллагааны болон нэмэгдсэн өртөг гэх мэт татвар ногдуулах замаар улсын төсөв бүрдүүлэхээс зайлсхийх”-ийг хэлэлцэн тохирогч улсуудад үүрэг болгосон байдаг.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйл 12.1.2-д “Монгол Улсын Олон улсын гэрээнд заасны дагуу Монгол Улсаас гадаад улсад, гадаад улсаас Монгол Улс хүртэл, түүнчлэн гадаад улсаас Монгол Улсын хилээр дамжуулан бусад улсад гаргасан олон улсын зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээнд албан татварын тэг /“0”/ хувь хэрэглэх хуулийн зохицуулалт үйлчилдэг. Олон улсын зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээг агаарын хөлөггүйгээр төсөөлөх боломжгүй. Монгол Улс агаарын хөлгийг худалдаж авах санхүү, эдийн засгийн бололцоо байсан бол үндэсний агаарын тээвэрлэгч нь агаарын хөлгийг түрээслэхээс илүү өөрийн өмчлөлд худалдан авч үйл ажиллагаандаа ашиглах нь илүү үр ашигтай байх байсан.
Нэхэмжлэгчийн хувьд дотооддоо нэмүү өртөг шингээн, олон улсын агаарын тээврийн холбогдох дүрэм журмын дагуу нисэх баг бүрэлдэхүүн, нислэгт тэнцэх чадварын техник үйлчилгээг өөрийн дотоод боловсон хүчин, нөөц бололцоогоо ашиглан гүйцэтгэж, агаарын хөлгийн иж бүрэн даатгалыг Монгол Улсад бүртгэлтэй даатгалын компаниудыг оролцуулан Олон улсын зах зээл дээр даатгуулах ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа нь эцсийн дүндээ Монгол Улсад эдийн засгийн ач холбогдолтой. Учир нь Нойтон түрээсийн хувьд дээрх бүх үйл ажиллагааг түрээслэгч компани хариуцдаг учраас Түрээсийн төлбөр онгоцны төрлөөсөө хамаарч хуурай түрээснээс даруй 3-4 дахин их төлбөр шаарддаг байдаг бөгөөд энэ бүх мөнгөн урсгал гадаад руу чиглэж байгаа нь эргээд нэхэмжлэгчид эдийн засгийн алдагдалтай гэхээсээ илүүтэй Монгол Улсын хувьд үр ашиггүй. Иймд анхан шатны шүүх Монгол Улсын Сангийн сайд, Үндэсний статистикийн хорооны даргын хамтарсан тушаалаар батлагдсан “Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал”-ын 5110 -д агаарын тээврийн тоног төхөөрөмжийг нисэх багтай нь түрээсэлсэн тохиолдолд НӨАТ-аас чөлөөлөгдөхөөр зохицуулсан тул М ТӨХК нь хуурай түрээсийн үйл ажиллагаа энэ зохицуулалтад орохгүй хэмээн дүгнэлт хийсэн нь хуулийг дордуулан хэрэглэж байгаа явдал гэж үзэж байгаа юм.
3.3. Анхан шатны шүүх Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтаар улсын тэмдэгтийн хураамж төлөх ёстой хэмээн нэхэмжлэлийг буцаан, хүлээн авахаас татгалзсан үндэслэл нь “Шүүхийн өмнө эрх тэгш байх, хуулийн этгээдийг өмчийн хэлбэр, эрх хэмжээгээр нь ялгаварлахгүй байх зарчимд нийцэхгүй байна. Иймд манай компанийн нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэж өгнө үү ...” хэмээн захирамж гаргасан шүүгчид өөрт нь хандан хүсэлт гаргасан боловч 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн “Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүйн улмаас нэхэмжлэлийг буцаах тухай” 1583 дугаар шүүгчийн Захирамж гаргаж хүсэлтийг хүлээж аваагүй.
Маргаан бүхий тохиолдол нь татвар ноогдуулсан татварын улсын байцаагч нарын гаргасан шийдвэр буюу Захиргааны актын хууль зүйн үндэслэл, санхүү нягтлан бодох бүртгэлийн тооцооллыг нэхэмжлэгч эс зөвшөөрч, зөрчигдсөн эрх ашгаа сэргээлгэхээр Захиргааны шүүхэд хандан гаргаж байгаа гомдол байхад Захиргааны хэргийн анхан шатны шүүх иргэн, хуулийн этгээд хоорондын эдийн болон эдийн бус харилцаанаас үүдэн гарсан эд хөрөнгийн чанартай үнэлж болох нэхэмжлэлд хамааруулан нэхэмжлэгчээс 32,752,824 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлүүлсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн.
3.4.Татварын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1,3,4,5 дах хэсгийг хэрэглэж торгууль, алданги тооцсон нь үндэслэлгүй. Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж хохирлын хэмжээнд тохирсон байна”, 3.1 дүгээр зүйлийн 1-д “шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино” гэж тус тус заасан. М ТӨХК-ийн хувьд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөөгүй зөрчилд гэм буруугүй. Учир нь Үндэсний агаарын тээвэрлэгч “М” нь олон улсын чиглэлд зорчигч тээврийн үйл ажиллагааг эхэлсэн үеэсээ л иргэний нисэхийн агаарын хөлгийн Өмчлөгч компаниудтай байгуулсан түрээсийн гэрээний дагуу Иргэний нисэхийн тухай конвенц болон Иргэний нисэхийн багц дүрмийн 47 дугаар зүйлд заасныг баримтлан Үндэсний болон Улсын бүртгэлд бүртгүүлж агаарын хөлгийг эзэмшиж ирсэн. Энэ бүх хугацаанд “М” нь Том татвар төлөгчийн хувьд Татварын ерөнхий газрын холбогдох алба хэлтэст Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг тайлант хугацаа бүрт хүргүүлж Захиргааны байгууллага манай компани хоёр хамтран Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн баталгаажуулсан актыг жил, хагас жил тус бүрээр үйлдэж ирсэн. Тухайлбал 2018 он хүртэлх хугацааны Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан актаар “Оршин суугч бус этгээдийн оршин суугч этгээдэд борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд үнийн дүнгээс НӨАТ суутгаагүй” зөрчил илэрч, нөхөн татвар оногдуулж байгаагүй. Тухайлбал 2015-2018 оны хооронд 6 удаагийн тулган баталгаажуулалт хийгдэх үед маргаан бүхий зөрчил тогтоогдож байгаагүй” гэжээ.
ХЯНАВАЛ
1. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэстэй зөв дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн зөв байх боловч тэмдэгтийн хураамжийг “төлбөр багасгуулах нэхэмжлэл гаргасан” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн үнийн дүнгээс тооцож гаргуулсан нь буруу байх тул шийдвэрт тэмдэгтийн хураамжийн хувь хэмжээг багасгасан өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.
2. Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцааг нар нь Татварын хяналт шалгалтын багийн ахлагчийн олгосон 2120802121 тоот томилолтын дагуу М ТӨХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн НА-21210000023 дугаар нөхөн төлбөр ногдуулалтын актаар 4.935.245625.92 төгрөгийн нөхөн татвар, 981697.327.98 төгрөгийн торгууль, 609.634.040.68 төгрөгийн алданги, нийт 6.526.576.994.58 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосон байна.
3. Нэхэмжлэгчээс тус актын 4 дэх зөрчил буюу 2019 онд Зорчигч тээврийн агаарын хөлөг түрээслэхэд зориулж 5.100.000.00 ам.доллар буюу 13.576.663.250.00 төгрөгийг “A” компанид, 4,012,437.00 ам.доллар буюу 10.625.379.421.25 төгрөгийг “CIT” компанид, 2.310.000.00 ам.доллар буюу 6.159.709.325.00 төгрөгийг “F” Ltd компанид, 2.944.800.00 ам.доллар буюу 7.837.001.148.00 төгрөгийг “M Ltd” компанид, 2.300.000.00 ам.доллар буюу 6.106.516.100.00 төгрөгийг “S Limited компанид, 1.855.000.00 ам.доллар буюу 4.971.164.000.00 төгрөгийг .W ” компанид нийт 18.522.237.00 ам доллар буюу 49.276.433.244.25 төгрөгийн түрээсийн төлбөр буюу оршин суугч бус иргэн, хуулийн этгээдээс худалдан авсан ажил үйлчилгээний үнийн дүн гэж үзэж, уг үнийн дүнгээс нэмэгдсэн өртгийн албан татвар суутган тооцоогүй, тайлагнаагүй зөрчил гаргасан гэж үзсэнийг эс зөвшөөрч актаар ногдуулсан төлбөрийг багасгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж үндэслэлээ “... агаарын хөлөг нь өмчлөгчөөс эзэмшигчид түрээсийн гэрээний хугацаанд түр шилжихдээ суурь үнэлгээгээрээ албан татвараар чөлөөлөгдөж байхад агаарын хөлгийн өмчлөгчид төлж байгаа сарын түрээсийн төлбөрт ... албан татвар ногдуулж байгаа нь логик үндэслэлгүй. ... Монгол Улсын Сангийн сайд, Үндэсний статистикийн хорооны даргын хамтарсан тушаалаар батлагдсан “Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал”-ын 5110-д агаарын тээврийн тоног төхөөрөмжийг нисэх багтай нь түрээсэлсэн тохиолдолд НӨАТ-аас чөлөөлөгдөхөөр зохицуулсан тул М ТӨХК нь хуурай түрээсийн үйл ажиллагаа энэ зохицуулалтад орохгүй хэмээн дүгнэлт хийсэн нь хуулийн нөхцөл дордуулан хэрэглэсэн ...” гэж тайлбарлажээ.
3.1. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн уг маргаанд хэрэглэх үндэслэлтэй гэж тайлбарлан маргаж буй олон улсын эрх зүйн хэм хэмжээг хэрэглэх үндэслэлгүй талаар буюу өөрөөр хэлбэл, Монгол Улсын 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр нэгдэн орсон, 1979 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Швейцарын Холбооны Улсын Женев хотод байгуулагдсан Дэлхийн худалдааны байгууллагын “Иргэний агаарын хөлөг худалдах хэлэлцээр”, Монгол Улсын 1989 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр нэгдэн орсон, 1947 оны Олон Улсын иргэний нисэхийн тухай Чикаго конвенцын хүрээнд үүсгэн байгуулагдсан Иргэний нисэхийн Олон улсын байгууллага /ИКАО/-ын бодлогыг хэрэглэх үндэслэлгүй талаар зөв дүгнэсэн байна.
3.2. Дэлхийн Худалдааны байгууллагын “Иргэний агаарын хөлөг худалдах хэлэлцээр”-ийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “Энэхүү хэлэлцээр нь a) иргэний агаарын бүх хөлөг, b) иргэний агаарын бүх хөлгийн үйлдвэрлэл, түүхий эд анги, бүрэлдэхүүн хэсэг, c) иргэний агаарын хөлгийн бусад бүх эд анги, бүрэлдэхүүн хэсэг дэд угсралтын хэсэг, d) газар дээрх нислэгийн бүх дадлагажуур болон түүний эд анги, бүрэлдэхүүн хэсэг. Иргэний агаарын хөлгийн үйлдвэрлэл, засвар үйлчилгээ, сэргээн босголт, өөрчлөлт, эсхүл хувиргалтад үндсэн эсхүл орлуулагч төхөөрөмжөөр алинаар нь ашиглагдаж буйгаас үл хамаарна” гэж зааснаас үзвэл агаарын тээврийн түрээсийн төлбөр тэр дундаа уг төлбөрт хамаарал бүхий нэмэгдсэн өртгийн албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх, суутгах үүргээс чөлөөлөхөд хэрэглэх үндэслэлгүй, энэ талаарх харилцаанд хэрэглэх үндэслэлгүй байх тул уг маргаанд тус олон улсын эрх зүйн хэм хэмжээ хэрэглэгдэхгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзлээ.
3.3 Мөн Монгол Улс 1989 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Олон Улсын Иргэний нисэхийн тухай /Чикаго конвенц/ 1947 оны конвенцид нэгдэж орсон байх бөгөөд уг конвенцы хүрээнд үүсгэн байгуулагдсан Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ИКАО/-ын гишүүн болсон байна.
3.4. ИКАО-ийн Зөвлөлийн 1993 оны 12 дугаар сарын 14-ний өдөр баталсан “Олон улсын Агаарын тээврийн салбарын талаарх ИКАО-ын баримтлах бодлого” гэх 8632 дугаар Тогтоолын 3 болон 4 дүгээр бүлгийн холбогдох зохицуулалтуудад[1] түрээсийн төлбөрт хамаарах нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх, түүнийг суутган татварт төлөх үүргээс чөлөөлөх тухай зохицуулалт тусгагдаагүй, харин агаарын хөлөг болон олон улсын агаарын тээврийн үйл ажиллагаатай холбоотой орлогын мөн хөрөнгийн бусад ижил төрлийн татварыг ногдуулахгүй байх тухай зохицуулалт агуулагдсан байх тул уг маргаанд тус бодлогын зохицуулалтууд мөн хэрэглэгдэх үндэслэлгүй, энэ талаарх шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.
3.5. Татварын ерөнхий хуулийн /2019 оны шинэчилсэн найруулга/ 7 дугаар зүйлийн 7.3-т “Тодорхой төрлийн татварын харилцааг энэ хууль болон тухайн төрлийн татварын хуулиар зохицуулна” гэж, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2015 оны/ 3 дугаар зүйлийн 3.1-т “Хувь хүн, хуулийн этгээдийн Монгол Улсад импортоор оруулсан, эсхүл Монгол Улсаас экспортод гаргасан болон Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулахад энэ хууль үйлчилнэ” гэж заажээ.
3.6. Хариуцагч нар НА-21210000023 дугаар нөхөн ногдуулалтын актаар нэхэмжлэгч М ТӨХК-ийн 2019 оны нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалтыг хийж, 4 төрлийн зөрчилд хариуцлага ногдуулсан байх боловч нэхэмжлэгч 4 дэх хэсэгт “Зорчигч тээврийн хөлөг түрээсийн төлбөрийг оршин суугч бус этгээдэд шилжүүлэхдээ нэмэгдсэн өртгийн албан татвар суутган тайлагнаагүй зөрчил гаргасан” гэж үзэж уг зөрчилд оршин суугч бус этгээдээс гаалийн бүрдүүлэлт хийлгээгүй бараа, ажил үйлчилгээг худалдан авахдаа үнийн дүнгээс татвар суутгах авч төсөвт төлөх талаар заасан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.5-д заасныг зөрчсөн гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй байна.
3.7. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна:”, 7.2-т “Доор дурдсан үйл ажиллагааг 7.1-д нэгэн адил хамааруулна:”, 7.2.5-д “оршин суугч бус этгээдийн оршин суугч этгээдэд борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ”, 16.1-т “Албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг доор дурдсан журмаар дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана:”, 16.1.2-т “оршин суугч бус этгээдээс энэ хуулийн 7.2.5-д заасан гаалийн бүрдүүлэлт хийлгээгүй бараа, ажил, үйлчилгээг худалдан авахдаа үнийн дүнгээс албан татварыг суутган авч төсөвт төлнө” гэж тус тус хуульчилжээ.
3.8. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу нэхэмжлэгч М ТӨХК нь оршин суугч бус хуулийн этгээдээс худалдан авсан ажил үйлчилгээний үнийн дүн болох 2019 онд зорчигч тээврийн агаарын хөлөг түрээслэхэд зориулж төлсөн нийт 18.522.237.00 ам доллар буюу 49.276.433.244.25 төгрөгийн үнийн дүнгээс нэмэгдсэн өртгийн албан татвар суутган тайлагнах үүрэгтэй байсан байх бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй гэж үзсэн хариуцагчийн шийдвэр үндэслэл бүхий байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт, шийдлийг буруу гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.
3.9. Түүнчлэн анхан шатны шүүх М ТӨХК “нисэх баггүй түрээс” буюу Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 160 дугаар тушаалын 16 дугаар хавсралтаар баталсан “Иргэний нисэхийн дүрэм 131”-ийн 131.5. (a).2-т заасан хуурай түрээс ашигласан байх тул Монгол Улсын Сангийн сайд, Үндэсний статистикийн хорооны даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 319, А/160 дугаар хамтарсан тушаалаар баталсан Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал”-ын 5110 “Агаарын зорчигч тээвэр” гэх хэсэгт зорчигч тээвэрлэх зорилгоор агаарын тээврийн тоног төхөөрөмжийг нисэх багтай нь түрээслэх үйл ажиллагаа гэж заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх үндэслэлгүй гэж дүгнэхдээ холбогдох дүрэм, журмын зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
3.10. Мөн хариуцагчаас М ТӨХК-ийн “нисэх баггүй онгоц түрээсэлсний төлбөрийг оршин суугч бус этгээдэд шилжүүлэхдээ нэмэгдсэн өртгийн албан татвар суутган тооцож тайлагнаагүй”-г зөрчил гэж үзсэн байх тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т “Дараах барааг албан татвараас чөлөөлнө:”, 13.1.6-д “иргэний агаарын хөлөг, хөдөлгүүр болон газар дээрх дадлагажуур, тэдгээрийн эд анги, бүрэлдэхүүн хэсэг, дэд угсралтын хэсэг, сэлбэг, тоног төхөөрөмж, холбогдох хэрэгсэл” гэж заасны дагуу Монгол Улсын гаалийн хилээр хуулийн уг заалтад заасан нэр төрөл бүхий эд анги сэлбэг хэрэгслүүдийг нэвтрүүлэн оруулж ирүүлсэн тохиолдолд нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх үндэслэлтэй, энэ зохицуулалтын дагуу М ТӨХК нь иргэний агаарын хөлгийг Монгол Улсын гаалийн хилээр нэвтрүүлэхэд гаалийн бүрдүүлэлтийн 403 дугаар горимын дагуу нэвтрүүлж, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдсөн нь тогтоогдсон, харин нэгэнт орж ирсэн агаарын хөлгийн түрээсийн төлбөрийг оршин суугч бус этгээдэд шилжүүлэхдээ нэмэгдсэн өртгийн албан татвар суутган тооцох үндэслэлтэй талаар анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
3.11. Иймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... анхан шатны шүүх ... хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн алдаа гаргасан ... агаарын хөлгийн түрээсийн гэрээний гол зүйл нь “агаарын хөлөг” бөгөөд ... эд анги бичиг баримтыг хамтад нь ойлгохоор заасан ... түрээсийн гэрээ байгуулагдсанаар агаарын хөлөг ... олон улсын Иргэний нисэхийн конвенц болон Монгол Улсын Иргэний нисэхийн дүрмийн дагуу Монгол Улсын бүртгэлд бүртгэгддэг ... анхан шатны шүүх агаарын хөлөг түрээсийн гэрээний үндсэн дээр түр хугацаагаар гаалийн хилээр нэвтрэн орж буй нэг цогц үйл баримтыг ... салангид утгаар тодорхойлж байгаа нь үндэслэлгүй ... цаад утгаар нь үзвэл агаарын хөлөг өмчлөгчөөс эзэмшигчид түрээсийн гэрээний хугацаанд түр шилжихдээ суурь үнэлгээгээрээ албан татвараас чөлөөлөгдөж байхад өмчлөгчид нь төлж байгаа түрээсийн төлбөрт татвар ногдуулж байгаа нь үндэслэлгүй ... шүүх Сангийн сайд, Үндэсний статистикийн хорооны даргын хамтарсан тушаалаар батлагдсан ... 5110-д ... нисэх багтай нь түрээсэлсэн тохиолдолд НӨАТ-аас чөлөөлөгдөхөөр зохицуулсан ... М ТӨХК-ийн хуурай түрээсийн үйл ажиллагаа энэ зохицуулалтад орохгүй гэж дүгнэсэн нь хуулийг нөхцөл дордуулж хэрэглэсэн гэж үзнэ ...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
3.12. Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... маргаан бүхий тохиолдол нь ... захиргааны актын хууль зүйн үндэслэл, тооцооллыг эс зөвшөөрч, зөрчигдсөн эрх ашгаа сэргээлгэхээр шүүхэд хандаж гаргасан гомдол байхад анхан шатны шүүх иргэн хуулийн этгээд хоорондын эдийн болон эдийн бус харилцаанаас үүдэн гарсан эд хөрөнгийн чанартай үнэлж болох нэхэмжлэлд хамааруулан ... тэмдэгтийн хураамж төлүүлсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн ...” гэх давж заалдах гомдол үндэслэлтэй байна.
3.13. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т “Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдуулж төлөх улсын тэмдэгтийн хураамжийн хувь хэмжээг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиар зохицуулна” гэж заасан боловч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “Эрх зүйн маргааныг хянан шийдвэрлүүлэхээр өргөдөл, гомдол, нэхэмжлэл шүүхэд гаргах болон шүүхээс баримт бичиг олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:”, 7.1.1-т “эд хөрөнгийн чанартай үнэлж болох нэхэмжлэлд нэхэмжлэлийн үнийн дүнгээс хамаарч тэмдэгтийн хураамж нь дараах хэмжээтэй байх” гэж заасныг захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус шийдвэрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн тухайд хамаатуулан хэрэглэх үндэслэлгүй буюу захиргааны албан тушаалтан болох татварын улсын байцаагч нарын актаар тогтоосон төлбөрийг багасгуулах талаар гаргасан нэхэмжлэлийг “эд хөрөнгийн чанартай үнэлж болох үнийн дүн бүхий нэхэмжлэл” гэж үзэх, улмаар үнийн дүнгээс нь хувь хэмжээ тогтоож тэмдэгтийн хураамж төлүүлэх хууль зүйн үндэслэлгүй байх тул шийдвэрийн энэ хэсгийг зөвтгөж өөрчлөхөөр шийдвэрлэв.
3.14. Иймд шүүх бүрэлдэхүүн дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 631 дүгээр шийдвэрийн 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн “32.752.824 төгрөгөөс 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 32.682.624 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгосугай” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус заасныг нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
.
[1] 1-р хх-ийн 43-44