| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнамжилийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 185/2021/027/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/27 |
| Огноо | 2021-01-12 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.2., 27.10.2.3., |
| Улсын яллагч | С.Оюунжаргал |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 2021/ШЦТ/27
2021 01 12 2021/ШЦТ/27
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Чулуунчимэг,
улсын яллагч С.Оюунжаргал,
хохирогч Б.У,
шүүгдэгч Г.А /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-д заасан гэмт хэрэгт холбогдуулан Эрхий мэргэн овогт Г.А д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2003 00000 0410 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1996 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Тариалан суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Жамсран уулын өвөр 6-2217 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай. Э овгийн Г.А,
Яллах дүгнэлтэд холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.А нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 0.90 хувийн согтолттой үедээ 2020 оны 10 дугаар сарын 13-ны шөнийн 02 цаг 50 минутын үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр Хайлаастын уулзвараас Дарь-Эх чиглэлийн шинэ замд “Тайгын булаг авто” ХХК-ний эзэмшлийн “Тоёота Приус” маркийн 58-40 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а-д заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, согтууруулах ундаа, хэрэглэсэн, үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;” гэсэн, мөн дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна", 12.4-д “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, ...-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчиж хурд хэтрүүлэн, аюул саад тулгарсан тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүйгээс Баянзүрх дүүргийн 21 хорооны нутаг дэвсгэр Сэлбийн 26 дугаар гудамжны 595 дугаартай хашаа, байшингийн суурь бетоныг мөргөж, зорчигч уганбаярын эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Г.А мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйлгүй...” гэв.
Шүүх хуралдаанд хохирогч уганбаяр мэдүүлэхдээ: Гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв.
Хохирогч Г.У-ын “...2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр манай найз Энгүүнээ гэрт ирэхээр нь 3 лааз 2.5 литрийн савлагаатай пиво уучихаад Энгүүнээг гэрт нь хүргэж өгөхөөр А бид 3 гарсан. Тэгээд хашаанд байсан ээжийн машиныг А жолоодсон. Тэгээд Энгүүнээг гэрт нь хүргэж өгчихөөд 7 долоон буудлын тэнд А-ийн найзуудтай уулзахаар явж байсан боловч найзууд нь утсаа авахгүй байсан болохоор буцаад харих гээд явж байсан. Тэгтэл 17-н уулзвараас зүүн тийш Дарь-Эх чиглэлийн замаар явж байгаад баруун тийшээ гэнэт дарж машинаа шарвуулан хашлага давж, замаас гарч айлын хашаа мөргөж ороод хашаанд нь байсан бетон чулууг мөргөж зогссон. Би хамгаалах бүс зүүгээгүй байсан болохоор гэмтэл авч түргэний машинаар гэмтэл рүү хүргэгдсэн. 3 хавирга нь хугарсан, уушгинд хий хурсан байна гээд цээж хэвлийн тасагт 7 хоног хэвтэн эмчлүүлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/
Иргэний хариуцагч М.Б-н: “...Би 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Шарга морьтын зуслангийн тийшээ самранд явахдаа өөрийн машинаа охиныхоо найз залуу болох Аийн хашаанд үлдээгээд явсан. Гэтэл 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр А машин барьж хажууд нь миний охин Ууганбаяр суугаад явж байгаад осол гаргаж айлын хашаа мөргөсөн гэдгийг надад утсаар хэлсэн. Би А-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй гэж бодоод машинаа үлдээгээд ойр зуур ус авахдаа унаж хэрэглэж бай гэх зөвшөөрчихсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/
Иргэний нэхэмжлэгч Н.М-н: “...манай өвгөнд манай хашааны баруун талд байдаг хүн утсаар залгаж хэлээд өвгөн очиж үзэхэд гражийн булан нурчихсан, хашаа 2 орчим метр газар эвдэрсэн байсан. Жолооч нь А гэдэг залуу манай өвгөнтэй утсаар холбогдоод хашаа, гражийг янзалж өгнө гээд бид нар хоорондоо тохиролцоод хашаа болон гражийг янзалж өгсөн байгаа. Одоо ямар нэгэн нэхэмжлэх гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг/хх-ийн 30 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 12137 дугаартай шинжээчийн:
1. Б.У-т өвчүү, баруун талын 7, 8, 9-р хавирганы хугарал, уушгины авчилт хуралт тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих дарах үед үүснэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.11-д зааснаар амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” гэх дүгнэлт /хх-ийн 55-56/,
Мөрдөгчийн 195 дугаартай магадалгаанд:
1. Toyata Prius маркийн 58-40 УАМ улсын дугаартай автомашиныг жолоодон явсан Г.А нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн “3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, “3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хөдөлгөөний аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” “12.4. Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурийн газрын гадна цагт 80 км, туу замд 100-км-ээс хэтрүүлэхийг хориглоно.” Гэсэн заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.
2. Зорчигч хохирогч У-г “6.1. Тээврийн хэрэгслээр зорчигч дараах үүргийг хүлээнэ: а/ хамгаалах бүсээр тоноглосон суудалд зорчихдоо хамгаалах бүс хэрэглэх” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна. ...” гэх /хх 59-60/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.А нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 0.90 хувийн согтолттой үедээ 2020 оны 10 дугаар сарын 13-ны шөнийн 02 цаг 50 минутын үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр Хайлаастын уулзвараас Дарь-Эх чиглэлийн шинэ замд “Тайгын булаг авто” ХХК-ний эзэмшлийн “Тоёота Приус” маркийн 58-40 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а-д заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, согтууруулах ундаа, хэрэглэсэн, үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;” гэсэн, мөн дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна", 12.4-д “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, ...-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчиж хурд хэтрүүлэн, аюул саад тулгарсан тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүйгээс Баянзүрх дүүргийн 21 хорооны нутаг дэвсгэр Сэлбийн 26 дугаар гудамжны 595 дугаартай хашаа, байшингийн суурь бетоныг мөргөж, зорчигч уганбаярын эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.А-ийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч уганбаярын мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч уганбаярын “...А 17-н уулзвараас зүүн тийш Дарь-Эх чиглэлийн замаар явж байгаад баруун тийшээ гэнэт дарж машинаа шарвуулан хашлага давж, замаас гарч айлын хашаа мөргөж ороод хашаанд нь байсан бетон чулууг мөргөж зогссон...” гэх мэдүүлэг, иргэний хариуцагч М.Б-н: “...Би самарт явахдаа машинаа охиныхоо найз залуу А-ийн хашаанд үлдээгээд явсан. Гэтэл 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр А машин бариад охин минь хажууд нь сууж яваад осол гаргаж айлын хашаа мөргөсөн гэдгийг утсаар мэдсэн. Би А-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй гэж бодсон....” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Н.М-н: “...манай хашааны баруун талд байдаг хүн утсаар залгаж осол болсон талаар хэлсэн. Тэгээд өвгөн очиж үзэхэд гражийн булан нурчихсан, хашаа 2 орчим метр газар эвдэрсэн байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 12137 дугаартай шинжээчийн дүгнэлт, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөгчийн 195 дугаартай магадалгаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Г.А-ийг гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх боловч жолооч Г.А нь уг гэмт хэргийг үйлдэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болон тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зэргээс үзэхэд тухайн гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.А нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч уганбаяр гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлж байх тул Г.Аийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн, хохирогч нь хүнд гэмтэл учирсантай холбоотой цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээн шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Г.А-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч уганбаярын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Шүүгдэгч Г.А-ийн үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ба болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж шүүхээс Эрүүгийн хуулийн Ерөнхийн ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн 1.1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 , 2.2, 2.3-т заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, шүүхээс тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1.5.6.8, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрхий мэргэн овогт Г.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтад заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар Эрхий мэргэн овогт Г.А-ийг хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Г.А-ийг шүүхээс тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ад шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5.6 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.А нь үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд гэмт хэрэг үйлдсэн бол уг албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
6. Шүүгдэгч Г.А нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дахь хэсэгт тус тус зааснаар хохирогч уганбаяр нь өөрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсантай холбоотой цаашид гарах эмчилгээний зардлаа шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДАРЬСҮРЭН