| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнамжилийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 185/2021/065/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/65 |
| Огноо | 2021-01-22 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., 27.10.2.3., |
| Улсын яллагч | Ч.Батбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 2021/ШЦТ/65
2021 01 22 2021/ШЦТ/65
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Чулуунчимэг,
улсын яллагч Ч.Батбаатар,
шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Нийслэлийн тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Б.Тт холбогдох эрүүгийн 2003 00000 0437 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эх, эгч, эгчийн хүүхдүүдийн хамт, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 44 дүгээр гудамж, 580 тоотод оршин суудаг,
Урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 357 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ялаар,
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 291 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил, 6 сарын хорих ялаар,
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 399 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил, 6 сарын хорих ялаар,
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 621 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил, 10 сарын хорих ялаар,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 109 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил, 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлсэн хэрэг хариуцах чадвартай, Б овгийн Б.Т,
Холбогдсон хэргийн талаар: / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.Т нь 2020 оны 10 дугаар сарын 26-ны шөнө 23 цаг, 35 минутын үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Арслантай гүүрний баруун талын гарцан дээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ “Тоёота пассо” маркийн 40-85 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Х, Г.Д нарыг мөргөж Б.Х-ы эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Т мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.
Эрүүгийн 2003 00000 0437 дугаартай хэргээс
Дуудлагын лавлагааны хуудас /хх -ийн 5 дугаар хуудас/,
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 5-17 дугаар хуудас /,
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх -ийн 18 дугаар хуудас /,
Хохирогч Б.Х-ийн: “Тухайн өдөр найз залуу Д-ын хамтаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Арслантай гүүрний зүүн талын явган хүний гарцаар гарсан. Би Д-ын баруун гар талд нь ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлд алхаж явсан. Тэгээд цаашаа юу болсоныг санахгүй байна. Эмчилгээний зардал одоогоор 800.000 төгрөг болсон. Одоо гарсан зардал цаашид гарах зардлыг нэхэмжилнэ..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/,
Гэрч Г.Д-ын: “Би 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр найз охин Х--ы хамт Арслантай гүүрний баруун талын явган хүний гарцаар ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглээд би Х-ы баруун талд алхаж яваад баруунаас зүүн чиглэлд явах 1 дүгээр эгнээнд бараг гарах гэж байтал гэнэт баруун гар талаас шар өнгийн тод гэрэл гарч ирээд миний баруун гар тал руу мөргөсөн. Хааг мөргүүлэхэд хаана явж байсныг нь санахгүй байна. Нэг мэдсэн зам дээр хэвтэж байсан тэгээд ухаан ороод орчин тойрноо харсан чинь цэнхэр өнгийн машин харагдсан... Хаа яг миний урд зам дээр доошоо хараад хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 54 дүгээр хуудас/,
Цагдаагийн Ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгогдоогүй” гэсэн албан бичиг /хх-ийн 79 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 12515 дугаартай шинжээчийн:
1. Б.Х-ийн биед аарцгийн баруун ацетабулын урд багана, баруун зүүн умдаг яс, ууц ясны 1, 2, 3-р, нугалмын далд хугарал, тархины аалзан хальсны доорх голомтлог цус харвалт, дээд доод мөч, умдагт цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.
3. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.6.1-т зааснаар хөдөлмөрийн ерөнхий чадварыг их хэмжээгээр алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 91-93 дугаар хуудас/,
Мөрдөгчийн 210 дугаартай магадлагаанд:
1. Т.Пассо маркийн 40-85 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Т нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-т заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй ...тээврийн хэрэгсэл жолоодох”, 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.
2. Явган зорчигч Б.Х нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
3. Явган зорчигч Г.Д нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
4. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг, тэмдэглэгээ, техникийн байдал болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна...” гэх магадлагаа /хх-ийн 99 дүгээр хуудас/ болон бусад бичгийн нотлох баримтууд болно зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Т нь 2020 оны 10 дугаар сарын 26-ны шөнө 23 цаг, 35 минутын үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Арслантай гүүрний баруун талын гарцан дээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ “Тоёота пассо” маркийн 40-85 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Х, Г.Д нарыг мөргөж Б.Х-ы эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх боловч жолооч Б.Т нь уг гэмт хэргийг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа тээврийн хэрэгсэл жолоодож, явган зорчигчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан зэргээс үзэхэд тухайн гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Хоёр: Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч Б.Х-аа нь эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотойгоор нийт 6.140.043 төгрөг нэхэмжилсэн ба хэрэгт авагдсан баримтуудыг судалж үзээд эм тариа худалдаж авсан, эмчилгээ хийлгэхэд зарцуулсан 2.296.188 төгрөгийг төгрөгийг шүүгдэгч Б.Тээс гаргуулан хохирогч Б.Хаад олгон, хохирогчийн нэхэмжлэлээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигт хамаарахгүй хоол хүнс, тамхи зэргийг худалдан авсан 1.371.098 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон, ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилсэн / 2.400.000 / нэхэмжлэл болон цаашид гарах эмчилгээтэй холбоотой гарсан зардлаа шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь хохирогч Б.Х-ийн эмчилгээний зардалд гаргуулахаар шийдвэрлэсэн мөнгийг мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд бүрэн төлж барагдуулсан тул бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Гурав: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Б.Т-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Б.Х-аагийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Т-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Шүүгдэгч Б.Т-ийн үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ба болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, хохирол нөхөн төлсөн зэргийг харгалзан шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, шүүхээс тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан “ Оршин суух газар ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт “ тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ” нэмэгдэл ялыг заавал хэрэглэхээр хуульчлан тогтоосон байх тул шүүгдэгч Б.Т-т 1 / нэг / жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1.5.6.8, 36.2 дугаар зүйлийн 1.2.3.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад тус тус зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Т-т хорих ял оногдуулахгүйгээр 2 / хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.Т-т шүүхээс тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар Шүүгдэгч Б.Т-т шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-т үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд гэмт хэрэг үйлдсэн бол уг албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
6. Шүүгдэгч Б.Т нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч Б.Х-ы нэхэмжлэлээс 1.371.098 / нэг сая гурван зуун далан нэгэн мянга ерэн найм / төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон, үлдэх хэсгийн хэлэлцэхгүй орхин, хохирогч нь өөрийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсантай холбоотой цаашид гарах гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДАРЬСҮРЭН