| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнамжилийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 185/2021/004/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/04 |
| Огноо | 2021-12-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Түвшинбаяр |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 2021/ШЦТ/04
2020 12 28 2021/ШЦТ/04
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн “В” танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг
Улсын яллагч: Г.Түвшинбаяр,
Шүүгдэгч: Ж.О, түүний өмгөөлөгч Б.Хурэлтулга нарыг оролцуулан Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Ж.О-д холбогдох эрүүгийн 2009000001364 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол улсын иргэн, 1987 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Корпорэйт конвеншн центр ХХК-нд тогооч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Хангай хотхоны 514 дүгээр байрны 116 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Т овогт Ж.О
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Ж.О нь 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 21 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Хангай хотхоны 514 дүгээр байрны лифтэнд “..шүлсээ хаялаа гэж шаардлага тавьсан..” иргэн Б.А-тай маргалдан зодож, эрүүл мэндэд нь зүүн сарвууны дунд хуруунд зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ж.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би тухайн өдөр хөдөө ажиллаж байгаад ирсэн. Би гэрээсээ орой зайрмаг авах гээд дэлгүүр гарсан. Тэр хүүхнийг мөрлөчихсөн, тэгээд уучлалт гуйсан. Гэмтэл учруулсандаа гэмшиж байна...” гэв.
Хохирогч Б.А-ын “..Хангай хотхоны 514 дүгээр байрны орц руу орох үед үл таних залуу түрүүлж ороод орцон дотор шүлсээ хаясан. Би тэгэхээр нь ямар заваан юм бэ гэж амандаа хэлсэн. Би лифтэнд нөгөө залуугийн хамт суусан. Тэр залуу 7 давхрын товчийг дарсан, намайг 11 дүгээр давхрын товчийг дархад нөгөө залуу над руу тулж хараад байхаар нь би тэр тэр залууг арагш нь түлхсэн. Тэгэхэд нөгөө залуу чи яасан овоо хүүхэн бэ гээд миний зүүн талын чихний орчим цохисон. Хэд хэдэн удаа толгой руу цохисон. .. 7 давхарт лифт онгойход туслаарай гэж орилоод нөгөө залууг барьж авсан. Тэр үед 7 давхрын 3 айлын хүмүүс хаалгаа онгойлгож гарч ирэхэд нөгөө залуу зугтаад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 45- 48 дугаар хуудас/
Гэрч Н.Даваасүрэнгийн “...22 цагийн орчим коридорт эмэгтэй хүн авраарай гэж орилсон. .. хаалга онгойлгоод хартал 1 эмэгтэй зогсож байсан. Лифтен дотор хамт явж байсан согтуу хүн цохисон ..тэгээд 7 давхарт зогсохоор нь зугтаж гарч ирсэн. Нөгөө хүн хойноос нь дагаад буугаад ирэхээр нь авраарай гээд орилтол нөгөө хүн шатаар доошоо буугаад зугтаасан гэж хэлсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 51-82 дугаар хуудас/
Гэрч Н.Уранзаяагийн “...эмэгтэй хүн туслаарай гэж орилохоор нь гараад хартал 1 эмэгтэй сандарсан байдалтай байж байсан. Барьж явсан зүйл нь газар унасан байсан. Лифт нь дээшээ явсан байсан..” гэх мэдүүлэг / хх-ийн 53-54 дүгээр хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 11416 дугаартай шинжээчийн дүгнэлт:
1. Б.А-ын биед зүүн сарвууны дунд хуруунд зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтлүүдээс тархины доргилт, баруун чамархай, баруун нүдний доод зовхи, хацрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруулын цус хуралт, шарх нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ дүгнэлт /хх-ийн 19-20 дугаар хуудас/
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ж.О нь 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 21 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Хангай хотхоны 514 дүгээр байрны лифтэнд “..шүлсээ хаялаа гэж шаардлага тавьсан..” иргэн Б.А-тай маргалдан зодож, эрүүл мэндэд нь зүүн сарвууны дунд хуруунд зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч Ж.О-гийн шүүхийн шатанд өөрийн үйлдлийг хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, хохирогч Б.А--ын “..Хангай хотхоны 514 дүгээр байрны орц руу орох үед үл таних залуу түрүүлж ороод орцон дотор шүлсээ хаясан. Би тэгэхээр нь ямар заваан юм бэ гэж амандаа хэлсэн. Би лифтэнд нөгөө залуугийн хамт суусан. Тэр залуу 7 давхрын товчийг дарсан, намайг 11 дүгээр давхрын товчийг дархад нөгөө залуу над руу тулж хараад байхаар нь би тэр тэр залууг арагш нь түлхсэн. Тэгэхэд нөгөө залуу чи яасан овоо хүүхэн бэ гээд миний зүүн талын чихний орчим цохисон...” гэх мэдүүлэг , гэрч Н.Даваасүрэнгийн “...22 цагийн орчим коридорт нэг эмэгтэй хүн авраарай гэж орилохоор нь гараад хартал 1 эмэгтэй зогсож байсан. Юу болсон талаар асуутал лифтен дотор хамт явж байсан согтуу хүн цохисон гэж хэлсэн ...." гэх мэдүүлэг, гэрч Н.Уранзаяагийн “...эмэгтэй хүн туслаарай гэж орилохоор нь гараад хартал 1 эмэгтэй сандарсан байдалтай байж байсан. Барьж явсан зүйл нь газар унасан байсан. лифт нь дээшээ явсан байсан..” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 11416 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ж.О-гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул Ж.Ог хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Ж.Ог бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас-аар тогтоогдсон тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд хамааруулсан ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд Ж.О-д хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Ж.О нь ХАКМС ХХК-д тогоочоор ажилладаг болох нь хэрэгт авагдсан Ажлын байрны тодорхойлолт-оор тогтоогдсон ба тухайн байгууллага нь Монгол улсад COVID-19 вирус илэрсэн цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан үйл ажиллагаа нь түр хугацаанд зогссон талаар мэдүүлж байх тул шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйлд тус тус зааснаар шүүгдэгч Ж. О-гаас хохирогч Б.А-ын эмчилгээний төлбөрт нэхэмжилсэн 100.000 / нэг зуун мянган / төгрөгийг гаргуулж хохирогчид олгон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг Си диг хэрэгт хавсаргаж үлдээхээр шийдвэрлэлээ.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.О нь цагдан хоригдсон хоноггүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж хоорондоо зүй зохистой харьцах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Тайчууд овогт Ж.О-г Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1.3, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ог 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 700.000 / долоон зуун мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.О нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 / тав / сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.О нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.О-гаас 100.000 / нэг зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогч Б.А-д олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7. Шүүгдэгч Ж.О нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДАРЬСҮРЭН