Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/03

 

 

 

 

 

 

 

 

  2020        12           28                                      2021/ШЦТ/03

 

 

                               

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн “В” танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар 

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:  Ц.Чулуунчимэг

Улсын яллагч: Г.Түвшинбаяр,

Шүүгдэгч Э.У (өөрөө өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Э.У-т холбогдох эрүүгийн 2009 00000 1415 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1996 оны 12 дугаар сарын 31-ны өдөр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, эрэгтэй, 24 настай, дээд боловсролтой, график дизайнер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эмээгийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, 7-5 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Б овогт Э.У

 

Холбогдсон  хэргийн талаар: / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Э.У нь 2020 оны 10 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө 03 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Холливуд баарны гадна иргэн Э.С-тай “...найз охин өдөж хоргоолоо...” гэх шалтгаанаар маргалдан зодож, эрүүл мэндэд нь зүүн сарвууны дунд хуруунд зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Э.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Э.С худал мэдүүлэг өгсөн байна. Эхлээд миний биед гар хүрсэн учраас хариу үйлдэл үзүүлсэн...” гэв.

Хохирогч Э.С-ын “...2020 оны 10 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө 03 цагийн орчим найз Гэрэлт-Одын хамт Холливуд баарны гадна найз Батжавхланг хүлээж байхдаа “... нэг эмэгтэйгээс цаг хэд болж байна” гэж асуусан. Тэгтэл хажуу талаас нь найз залуу нь гэмээр нэг залуу гарч ирээд “... чи манай найз охиноос цаг асуудаг хэн бэ...” гээд уурлаад байсан. Тэгээд бид 2 хоорондоо муудалцаж намайг зодсон. Миний биед учирсан гэмтлүүдийг Э.У гэх залуу цохиж, өшиглөж учруулсан гэх мэдүүлэг /хх-ийн 4 дүгээр хуудас/,

Гэрч О.Үүрийнтуяагийн “...Баарнаас гараад такси барих гээд явж байтал үл таних шар үстэй залуу миний хувцаснаас зулгаагаад татаж чангаагаад байсан. Тэгтэл манай найз залуу Э.У уурлаад тэр залуутай муудалцсан. Тэр үед би Сарантуяагийн хамт такси бариад яваад өгсөн. Тэгээд Уыг авчхаад  буцаад иртэл шар үстэй залуу “...би найзыгаа дуудна...” гээд баар руу орсон гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,

Гэрч Ө.Анхбатын “...Тухайн шөнө Холливууд баарнаас ах Цэлмэгийг аваад таксинд суух гээд явж байтал нэг залуу “...би ардын эрхэд том шүү...” гээд орилоод байхаар нь хартал миний танил У ахыг өшиглөж байсан.  У ах зөрүүлээд цохиод байх шиг байсан. Тэгэхээр нь би гүйж очоод тэр залууг түлхээд салгасан. Тэр 2 хэн хэндээ бууж өгөхгүй л байх шиг байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн шинжээчийн 11669 дугаартай дүгнэлт:

1. Э.С-ын биед баруун хацрын язарсан шарх,  зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хацар, хамар, баруун сарвууны зулгаралт, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн мохоо зүйлийн олон удаагийн цохиж, үрэх үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ /хх-ийн 12-13 дугаар хуудас/

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Э.У нь 2020 оны 10 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө 03 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Холливуд баарны гадна иргэн Э.Стай “...найз охин өдөж хоргоолоо...” гэх шалтгаанаар маргалдан зодож, эрүүл мэндэд нь зүүн сарвууны дунд хуруунд зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч Э.У шүүхийн шатанд өөрийн үйлдлийг хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг,  Хохирогч Э.Сын “...2020 оны 10 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө 03 цагийн орчим найз Гэрэлт-Одын хамт Холливуд баарны гадна найз Батжавхланг хүлээж байхдаа “...нэг эмэгтэйгээс цаг хэд болж байна...” гэж асуутал Тэгтэл хажуу талаас найз залуу нь уурлаж намайг зодсон. Миний биед учирсан гэмтлүүдийг Э.У цохиж, өшиглөж учруулсан гэх мэдүүлэг, гэрч О.Үүрийнтуяагийн “...Баарнаас гараад такси барих гээд явж байтал үл таних шар үстэй залуу миний хувцаснаас зулгаагаад татаж чангаагаад байсан. Тэгтэл манай найз залуу Э.У уурлаад тэр залуутай муудалцсан...” гэх мэдүүлэг, гэрч Ө.Анхбатын “...Холливуд баарнаас ах Цэлмэгийг аваад таксинд суух гээд явж байтал нэг залуу “...би ардын эрхэд том шүү...” гээд орилоод байхаар нь эргээд хартал миний танил У ахыг нэг залуу өшиглөж байсан...” гэх мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн шинжээчийн 11669 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан ба шүүгдэгч Э. У нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажсан Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж шүүх дүгнэлээ. 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Э.У-ыг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.         

 

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” - аар тогтоогдсон тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэн үзэх үндэслэлд хамааруулж харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Иймд Э.У-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Э.У нь хувиараа график, дизайнерын ажил эрхэлдэг бөгөөд Монгол улсад COVID-19 вирус илэрсэн цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан үйл ажиллагаа явуулах боломжгүй байгаа талаар мэдүүлж байх тул шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн  төлүүлэх нь зүйтэй байна.    

 

Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйлд тус тус зааснаар шүүгдэгч Э.Уаас хохирогч Э.Сын эмчилгээний зардалд нэхэмжилсэн нэхэмжлэлээс дүрс оношилгоо хийлгэсэн 130.000 төгрөг, эм тариа худалдан авсан 44350 төгрөг нийт 174350 / нэг зуун далан дөрвөн мянга гурван зуун тавин / төгрөгийг гаргуулж хохирогчид олгон, хохирогчийн нэхэмжлэлээс шатахуун худалдан авсан 80.000 төгрөгт холбогдох хэсгийг хэлэлцэхгүй орхин нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх зардалгүй болохыг тус тус дурдаж, дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж хоорондоо зүй зохистой харьцах, бие биеэ ойлгож хүндэтгэлтэй хандах зан харилцааны түвшин дутагдсан зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1 дүгээр зүйлийн 1. 5. 6.  8,  36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                                                                                                                                ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржигин овогт Э.У-ыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1.3, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У-ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 800.000 / найман зуун мянга / төгрөгөөр торгох ял оногдуулж  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа / сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505  дугаар зүйлд заасныг тус тус баримтлан шүүгдэгч Э.Уаас 174350 / нэг зуун далан дөрвөн мянга гурван зуун тавь / төгрөг гаргуулж  хохирогч Э.С-т олгож, хохирогчийн нэхэмжлэлээс 80.000 / наян мянга / төгрөгт холбогдох хэсгийг хэлэлцэхгүй орхин шаардлага хангасан нотлох баримт бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

6. Шүүгдэгч Э.У нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.У урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.ДАРЬСҮРЭН