Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 32

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн би

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 5 дугаар гудамж 29 тоотод оршин суух, Сайн-Оюут Гонгорын Эрдэнэбаярын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Тонхил сумын 5 дугаар баг, Алтайн-Оргилд оршин суух бүртгэлтэй, одоо Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Сутай хороо 2-10 тоотод түр оршин суух, Ончуул Цэрэнпилийн Зоригтод холбогдох

Машины үнийн үлдэгдэл 4.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Эрдэнэбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Г.Эрдэнэбаяр нь Баянхайрхан багт ээж, эмээгийн хамт амьдардаг, оюутан. Иргэн Ц.Зоригт нь 2015 оны 3 дугаар сарын дундуур миний 16 хүний суудалтай 9827УНП улсын дугаартай урт Истана маркийн машиныг надтай уулзаж авах талаар ярьсан. Тэрнээс хойш хэд хоногийн дараа буюу 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдөр манайд ирээд миний машиныг 5.500.000 төгрөгөөр худалдан авахаар бид хоёр харилцан тохиролцсон. Би машиныхаа 6 дугуйг хөлдчих байх гээд өвөл аваад далд хийчихсэн байсан бөгөөд гаргаж тавьж өгч асааж өгсөн. Миний машин эвдрэл хэмхрэлгүй сайн машин байсан. Машины үнэ болох 5.500.000 төгрөгийг 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдөр өгнө гээд машиныг маань аваад явсан. 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Ц.Зоригтийнд очиж мөнгөө авах гэтэл мөнгө алга 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр өгье гэж хэлээд би явсан. Мөн л 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр би Ц.Зоригтийнд очиход бас л мөнгөгүй гэх шалтгаа хэлж хойшлуулсаар 2016 оны 04 дүгээр сарын сүүлээр Ц.Зоригт унаж эдэлсэн 6000 км явсан нэг хятад Мустанг 150 гэдэг мотоциклийг 1.400.000 төгрөгөөр үнэлж үлдсэнийг нь 2016 оны 09 дүгээр сард өгье гээд явсан. 2016 оны 09 дүгээр сард гэрт нь очиход гэрийнхэн нь байхгүй хөдөө явсан гэх шалтгаанаар 2016 оны 10 сар хүртэл явсан. 2016 оны 10 дугаар сарын эхээр Ц.Зоригт хөдөөнөөс ирлээ гэж дуулаад уулзахад мөн л удахгүй өгнө гэж явсаар өдий хүрлээ. Би өөрийн машин, эд хөрөнгөөрөө хохироод байгаа учраас арга буюу шүүхэд нэхэмжлэл гаргалаа. Иймд дор дурдсан нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: Миний машины үлдэгдэл мөнгө болох 4.000.000 төгрөгийг Ц.Зоригтоос гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.Зоригт шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Ц.Зоригт нь сутай хороо багт аав, ээж, 2 дүүгийн хамт амьдардаг. Иргэн Г.Эрдэнэбаяраас 2015 оны 03 дугаар сарын дундуур 16 хүний суудалтай 98-27УНП дугаартай урт истана машин авах талаар ярьсан. Хэд хоногийн дараа буюу 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдөр авахаар болж, 5.500.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон нь үнэн. Ингээд машиныг худалдан аваад хоёроос гурван удаа Хөхморьт явсан боловч заавал эвдрэл гарч хойно урдаас хүн явуулж, чирч гулдарч ирж байсан. Мустанг 150 мотоциклийг 1.400.000 төгрөгөөр үнэлж өгөөд үлдсэнийг удаалгүй өгөх гэсэн боловч боломж бололцоо болоогүй. Энэ намар хэд хэдэн удаа утас болон амаар цагдаа нартай очиж гэр орныг чинь авч орон гэргүй болгож, амаар чинь шороо үмхүүлж яахыг чинь харуулна гэж дарамталж байсан. 10 дугаар сарын эхээр гэрийг чинь авна гэж ах болон хамаатан садангуудтайгаа ирсэн. Ачаасагтайгаа бол 5.500.000 гэж тохиролцсон ба ачаасагаа буцааж авсан. Иймд миний өгөх мөнгөн төлбөр болох 5.500.000 төгрөгөөс, мотоцикль 1.400.000, ачаасагаа буцаасан 500.000 төгрөг үлдэгдэл болох 3.500.000 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр гэхэд дуусгавар болгон өгнө гэжээ.

Нэхэмжлэгч Г.Эрдэнэбаяр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ц.Зоригттой холбогдуулан 4.000.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд Ц.Зоригт нь 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр төлж барагдуулна гэсэн тул би хүлээн зөвшөөрч байна мөн 3.500.000 төгрөг авахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

                                                   ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Эрдэнэбаяр нь хариуцагч Ц.Зоригтод холбогдуулан машины үнийн үлдэгдэл 4.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

Хариуцагч Ц.Зоригт нь машины үнийн үлдэгдэл 4.000.000 төгрөгнөөс ачаасагийг буцааж авсан тул 500.000 төгрөг өгөхгүй, 3.500.000 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 20-ны дотор төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгч Г.Эрдэнэбаяр  хүлээн зөвшөөрч, 500.000 төгрөгнөөсөө татгалзаж 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлөхийг хүлээн зөвшөөрч эвлэрсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар зохигчид нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрэх эрхтэй бөгөөд зохигчдын эвлэрэл нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул  шүүх эвлэрлийг батлах нь зүйтэй байна.

Зохигчид эвлэрэхдээ улсын тэмдэгтийн хураамжийг хэрхэн хуваарилах талаараа дурдаагүй байх тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 78.950 төгрөгийн тал хувь буюу 39.475 төгрөгийг улсын орлогоос, 39.475 төгрөгийг хариуцагч Ц.Зоригтоос тус тус гаргуулан нэхэмжлэгч Г.Эрдэнэбаярт олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 5 дугаар гудамж 29 тоотод оршин суух, Сайн-Оюут Гонгорын Эрдэнэбаярын нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Тонхил сумын 5 дугаар баг, Алтайн-Оргилд оршин суух бүртгэлтэй, одоо Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Сутай хороо 2-10 тоотод түр оршин суух, Ончуул Цэрэнпилийн Зоригтод холбогдох машины үнийн үлдэгдэл 4.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Г.Эрдэнэбаяр нь нэхэмжилсэн 4.000.000 төгрөгнөөс 500.000 төгрөгийг татгалзаж, хариуцагч Ц.Зоригт нь машины үнийн үлдэгдэл 3.500.000 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр төлөхөөр  зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 78.950 төгрөгийн тал хувь буюу 39.475 төгрөгийг улсын орлогоос, 39.475 төгрөгийг хариуцагч Ц.Зоригтоос тус тус гаргуулан нэхэмжлэгч Г.Эрдэнэбаярт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргахгүйг дурдсугай.

 

 

                    

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ц.ҮЙТҮМЭН