Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/09

 

 

 

 

 

 

 

 

2021         01            04                                    2021/ШЦТ/09

 

 

                               

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн “В” танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:  Ц.Чулуунчимэг

Улсын яллагч: Н.Түвшинбаяр,

Шүүгдэгч А.Б (өөрөө өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М овогт А.Б-д холбогдох эрүүгийн 2009 00000 1473 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол улсын иргэн, яс үндэс халх, 1999 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, Бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, Вьетнам авто засварт ажилтай, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, барилгачдын 4-94 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, М овогт А.Б,

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч А.Б нь 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.Атай хэрүүл маргаан үүсгэн үл ойлголцож, улмаар түүнийг газарт унасан байх үед нүүрэн тус газарт нь хөлөөрөө өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч А.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн үед би найзуудтайгаар Миттинг гээд бааранд орсон. Манай найзын төрсөн өдөр болж байсан. Би нойл ороод буцаад орох гэж байтал А гэх ах намайг мөрлөсөн. Тэгээд уучлаарай гээд явсан. Хэсэг байж байгаад гартал манай Батчулуун гэх найзтай муудалцаж байсан. Тэгэхээр би нүүр рүү нь өшиглөсөн, манай найз намайг салгаж таксинд суулгаж өгсөн... гэв.

Хохирогч Н.А-гийн “...Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны  нутаг дэвсгэрт Меетинг бааранд орж үйлчлүүлсэн. Тухайн бааранд үйлчлүүлж байхдаа 6-7 залуучуудтай жоохон ам зөрсөн. Ингээд 03 цагт баарнаас гарах үед нөгөө залуучууд Лхагваа бид хоёрыг дагаад яваад байсан. Тэр дундаас нэг залуу нь надад хандаж хоёулаа нэгийн эсрэг нэг барилдчихъя гээд байхаар нь үгүй  гээд талбайн автобусны буудал дээрээс таксинд суух гэтэл нөгөө залуу намайг татаж газарт унагаасан. Намайг газарт унасан байхад нэг залуу нь ирээд миний нүүр хэсэгт 2-3 удаа өшиглөсөн. Надтай уулзаж надаас уучлалт гуйсан залуучууд Меетинг бааранд үйлчлүүлж байсан залуучууд мөн байсан. Намайг газарт унагаасан залуу өөрийгөө Батчулуун, өшиглөсөн залуу нь А.Б гэж танилцуулсан. А.Б миний эмчилгээний зардалд 585.000 төгрөг өгч уучлалт гуйсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/

Гэрч М.Билгүундалайгийн “...Би crown маркийн машинтай хүмүүстэй маргалдаж байгаад машинаас нь буутал А-г газарт унагаачихсан хажууд нь Батчулуун зогсож байсан. Тэгтэл манай найз Баагий хажуугаас нь очоод А-гийн нүүр хэсэгт хөлөөрөө 2-3 удаа дэвссэн. Тэгэхээр нь та нар яагаад зодоон хийж байгаа юм бэ? гээд бүгдийг нь чирч машиндаа суулгаад явсан. Юу болсон талаар асуутал Батчулууныг өмөөрөөд өшиглөсөн гэж хэлсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/

 Гэрч Н.Батчулууны “...Тэнд байсан хүмүүс А та хоёр нэг нэгээрээ зодолдчих гээд байсан. Тэгэхээр нь би дээгүүр хувцсаа тайлаад Атай нэг нэгээрээ барилдахаар болсон. А ч гэсэн дээгүүр хувцсаа аль эрт тайлчихсан байсан. Би урд өмнө нь бөхөөр хичээллэж байсан болохоор Аг татаад унагаагаад өөрөө дээр нь унасан. Тэгтэл хажуугаас Б нь А-гийн нүүр лүү нь хөлөөрөө өшиглөсөн. Агийн нүүр нь нил цус болоод гараараа нүүрээ дараад болъё оо гэхээр нь би А-г босгоод өөрөө машинд суугаад явсан. Би А-г зодож цохиогүй. А надад ахархаад намайг дээрэлхээд цохиод байхаар нь би А-г газарт унагаасан. Өөрөөр гар хүрсэн зүйл байхгүй. Намайг зодож цохиогүй гэдгийг А болон манай найз нар мэдэж байгаа..." гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 12083 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1. Н.А-гийн биед тархи доргилт, дух баруун зовхи, хацар хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хөмсөгт шарх, зовхинд шарх, зовхинд зулгаралт, хүзүү, цээж, зүүн шилбэнд цус хурал, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ...” /хх-ийн 7-8 дугаар хуудас/

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч А.Б нь 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.А-тай хэрүүл маргаан үүсгэн үл ойлголцож, улмаар түүнийг газарт унасан байх үед нүүрэн тус газарт нь хөлөөрөө өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч А.Б-ийн шүүхийн шатанд өөрийн үйлдлийг хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, хохирогч Н.А-гийн “...2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө Меетинг барнаас 03 цагт гарах үед бааранд байсан хэдэн залуучууд Лхагваа бид хоёрыг дагаад яваад байсан. Тэр дундаас нэг залуу нь надад хандаж хоёулаа нэгийн эсрэг нэг барилдчихъя гээд байхаар нь үгүй  гээд талбайн автобусны буудал дээрээс таксинд суух гэтэл нөгөө залуу намайг татаж газарт унагаасан. Намайг газарт унасан байхад нэг залуу нь ирээд миний нүүр хэсэгт 2-3 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг

гэрч М.Билгүундалайгийн “...Манай найз Б нь  А-г газарт унасан байхад нь нүүр хэсэгт нь хөлөөрөө 2-3 удаа дэвссэн. Тэгээд бүгдийг нь чирч машиндаа суулгаад явсан. Юу болсон талаар асуутал Батчулууныг өмөөрөөд өшиглөсөн гэж хэлсэн..." гэх мэдүүлэг

 гэрч Н.Батчулууны “...Тэнд байсан хүмүүс А бид хоёрыг нэг нэгээрээ үзчих гээд байхаар нь хувцсаа тайлаад А-тай барилдахаар болсон. Би өмнө нь бөхөөр хичээллэж байсан болохоор А-г татаж унагаагаад өөрөө дээр нь унасан. Тэгтэл хажуунаас Б нь А-гийн нүүр лүү нь хөлөөрөө өшиглөсөн. А-гийн нүүр нь нил цус болоод гараараа нүүрээ дараад болъё оо гэхээр нь би А-г босгоод өөрөө машинд суугаад явсан..." гэх мэдүүлэг

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 12083 дугаартай шинжээчийн дүгнэлт  зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж гэж шүүх дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч А.Б нь хохирогч Н.А-г газар унаган нүүр рүү нь 2-3 удаа өшиглөж,  эрүүл мэндэд нь  хөнгөн хохирол учруулсан талаар гэрч хохирогч нарын зөрүүгүй өгсөн мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар эргэлзээгүй нотлогдон тогтоогдсон бөгөөд дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж, Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасантай нийцэж байх тул А.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч А.Б-г бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.         

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас-аар тогтоогдсон, хохирогч Н.А-гийн эмчилгээний төлбөрт 580.000 / таван зуун наян мянга / төгрөг төлсөн зэрэг нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэн үзэх үндэслэлд хамааруулж харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна.

 Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан эсэхийг хянаж үзээд прокурорын саналыг хүлээн авч  шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж үзээд шүүгдэгч А.Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 / гурав / сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.  

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч А.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, хохирогч Н.А нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй  байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй  гэж үзэх үндэслэлтэй байна.

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,  36.1 дүгээр зүйлийн 1. 5. 6.  8,  36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                                                                                                                                ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч М овогт А.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1.3, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 / дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Шүүгдэгч А.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Д.ДАРЬСҮРЭН