Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/22

 

 

 

 

 2021         01         11                                   2021/ШЦТ/22   

 

 

                                 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

           Улсын яллагч: П.Бямбасүрэн,

            Нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг,

            Хохирогч: М.А,

         Шүүгдэгч: З.Т, түүний өмгөөлөгч Д.Алтанцэцэг нарыг оролцуулан  Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт З.Тд холбогдох эрүүгийн 2009 00000 1363 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 Монгол Улсын иргэн, 1982 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин, сантехникийн слесарь мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамтаар Сүхбаатар дүүргийн .. дугаар хороо, Рашааны .. дүгээр гудамж, ... тоотод оршин суудаг, ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, С овгийн З.Т

   Холбогдсон хэргийн талаар /2020 оны .. дүгээр сарын 17-ны өдрийн 963 дугаартай Яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

   Шүүгдэгч З.Т нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 16 цагийн үед Сүхбаатар дүүргийн .. дугаар хороо, Рашааны .. дүгээр гудамж ... тоотод гэртээ байхдаа “хэнтэй явсан юм бэ” гэх хардах шалтгаанаар гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр М.А-ын нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд халдаж зодсон, энэ үйлдлээс өмнө буюу З.Т нь Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ЗШ/329 дугаартай шийтгэврээр “согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр М.А-ыг шөнө унтуулж амраахгүй байнга агсан согтуу тавьж, айлган сүрдүүлсэн" зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар баривчлах шийтгэл,

    Мөн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 2020/ЗШ/763 дугаартай шийтгэврээр "... өөрийн хүү Т.Ө, Т.Т, Т.З нарыг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар баривчлах шийтгэл,

    Мөн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ЗШ/914 дугаартай шийтгэврээр “... гэртээ эхнэртэйгээ маргалдаж үснээс нь зулгааж цохиж, зодсон” зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар 10 цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулж, 10 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл,                                                                        

   Мөн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2020/ЗШ/1041 дугаартай шийтгэврээр "... гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр М.А-тай маргалдаж, үснээс нь зулгааж, толгой нүүр хэсэгт нь гараараа цохиж, зодсон” зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т зааснаар 15 хоногийн хугацаагаар нийт 4 удаа баривчлах шийтгэвэр эдэлсэн З.Т нь Сүхбаатар дүүргийн .. дугаар хороо, Рашааны .. дүгээр гудамж ... тоотод гэртээ байнга архидан согтуурсан үедээ чанга дуугаар орилох, загнах, уурлах, зэргээр гэр бүлийн амгалан тайван байдал алдагдуулдаг гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс болох эхнэр М.А болон насанд хүрээгүй Т.З /эрэгтэй, 5 настай/, А.Т, эрэгтэй 10 настай, А.Ө эрэгтэй, 14 настай нарын эрүүл мэндэд халдан зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхдүүдийн эсрэг үйлдсэнээр хүндрүүлэн зүйлчлэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэнээр эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татагдан шалгагдаж байхдаа буюу 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр мөн гэртээ эхнэр М.А-д агсам согтуу тавин дагавар хүү А.Ө /эрэгтэй, 13 настай/-ийг “5 минутын дотор тамхи олоод ир, ...алчихна шүү" хэмээн хүсэл зоригийнхон эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

   Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад        

 ТОДОРХОЙЛОХ нь: 

           Шүүгдэгч З.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Эхнэртэйгээ хардалтын улмаас маргаан үүсгэж байсан. Найз нөхөд ирэхээр л хааяа архи уудаг. Ийм үед эхнэртэйгээ маргалдаж алгадаж байсан. Түүнээс хүнд хэлбэрээр зодож байгаагүй. Хүү Ө маань нь ээжийнхээ үгэнд орохгүй гадуур РС-нд хоносон байхаар нь нэг удаа гар хүрч байсан...” гэв.

           Хохирогч М.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Ах маань бидний амьдралд оролцдог. Бэр маань манай нөхөрт дургүй. Би түргэн ааштай, миний аашнаас л болдог байх, манай хүүхдүүд сахилгагүй, хүний үгэнд ордоггүй нь үнэн. Бид хоёр хааяа нэг маргалдах, хардах асуудал байдаг. Нөхрийгөө архины эмчилгээнд явуулаад засарчих байх гэж боддог. Сүүлийн үед манай ах, дүү нар цагдаад дуудлага их өгдөг болсон. Миний хувьд эрүүгийн хэрэг үүснэ гэж бодоогүй. Нөхрийгөө ял аваад явчихвал бидний амьдрал хэцүүднэ...” Гэв

            Эрүүгийн 200900001363 тоот хэргээс:

            Хохирогч М.А-ын "... 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн .. дугаар хороо, Рашааны .. дүгээр гудамжны ... тоотод найз Хатанбаатар эхнэрийнхээ хамт ирээд 750 грамм “Хараа” нэртэй архи хоёр ширхгийг хувааж уучхаад Хатанбаатар эхнэртэйгээ хоёулаа яваад өгсөн. Нөхөр Т намайг хардаад “Чи хэнтэй явсан юм бэ” гэхээр нь “юу байдаг юм, солиороод бай” гэсэн чинь цохиод авсан. Миний хамар руу баруун гараараа алгадаад хамраас цус гарсан. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, хамрын мөгөөрс өвдөж байна. Өмнө нь 2020 оны 1, 7 дугаар сард нэг удаа, 8 дугаар сард 2 удаа зодож цохисны улмаас баривчилгаанд явж байсан. З.Ттай гэрлэлтийн баталгаа байхгүй, дундаасаа хоёр хүүхэдтэй, хамт амьдраад 10 жил болж байна. 2020 оны 10 дугаар сарын 19-ны оройн 18 цагийн үед З.Т нь согтуу манай хүүхэд А.Ө руу 5 минутын дотор тамхи олж ир гээд агсам тавиад байхаар нь цагдаа дуудсан. Өнөөдөр зодож цохиогүй. Өмнө нь зодсон асуудал дээр эрүү үүсгээд шалгагдаад явж байгаа. Ер нь ойр ойрхон агсам тавьдаг. Нүд ам хөхөртөл зодож байсан. Цагдаа дуудаж байсан боловч, гомдлоосоо татгалздаг байсан. Одоо санал гомдол гэх зүйл байхгүй. Хуульд заасан арга хэмжээг авч өгнө үү... ” гэх мэдүүлэг, /хх-ийн 18, 24-25, 41-42, 45-46 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй хохирогч А.Ө "... 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр би дүүгээ аваад найзындаа оччихсон байсан болохоор тэр талаар сайн мэдэхгүй байна. Би гэртээ ирэхэд аав З.Т ээж М.А хоёр согтуу Тэмүүжин ах, өвөө Мөнхсайхан хоёр ирчихсэн байсан. Цагдаа ирээд аавыг аваад явсан. 6 дугаар сард болон 9 дүгээр сард намайг зодож аав баривчилгаанд явсан. Манай дүү нарыг 6 дугаар сард зодсон. Аав архи уухаараа дүү нар хальт орилолдохоор нь л уурлаад зоддог. Нэг уухаараа 4-5 өдөр дараалаад уучихдаг. Аав уусан үедээ агсардаг, гэнэт орилдог, уухаараа агсам тавьдаг, их түргэн ууртай...” гэх мэдүүлэг / хх-ийн 18, 24-25, 41-42, 45-46 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй хохирогч А.Т-н “... Би 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр найзуудтайгаа гадаа тоглож байсан. Аав эрүүл байхдаа хааяа хичээл хийсэнгүй, үгэнд орсонгүй гэж зоддог. Аав хааяа архи уудаг. Ойрдоо бас ууж байгаа. Согтуу байхдаа ямар зан гаргадаг гэдгийг би мэдэхгүй. Зун согтуу байхдаа нэг удаа зодсон. Аав согтуу байх үедээ ээж, аав хоёр хэрэлддэг гэхдээ тийм аймаар зодолддоггүй. Аав архи ууж эрүүлжүүлэхэд ордог бас ээжтэй маргалдаад баривчилгаанд явдаг. Аав нэг удаа ээжийг байхгүй байхад согтуу байхдаа зодсон, тэгээд ээж цагдаад өгсөн...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 56-57 дүгээр хуудас/

 

Гэрч Б.Эийн “... Би М.А-ын ах н.Б ын эхнэр бөгөөд бэр эгч нь юм. 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр болсон асуудлыг тодорхой сайн мэдэхгүй байна. Гэхдээ З.Т нь архи согтууруулах ундаа хэрэглэж, агсам согтуу тавьдаг, танхайрдаг асуудал байгаа. Энэ хоёр хүнтэй нэг хашаанд амьдраад 2 жил гаран болж байна. З.Т нь архи согтууруулах ундаа тогтмол хэрэглэдэг. Архины хамааралтай, архи уусан үедээ эхнэр хүүхдэдээ гар хүрч зоддог, хүүхдүүддээ гар хүрч орилж чарлаж агсамнаж өндөр дуугаар харьцдаг. Өөрийн гаргадаг үйлдлээс болж олон удаа баривчилгаанд явсан. М.А ч гэсэн архи уудаг. Энэ 4 хүүхэд л хэцүү байх шиг байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 66 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Шүүгдэгч З.Т нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 16 цагийн үед Сүхбаатар дүүргийн .. дугаар хороо, Рашааны .. дүгээр гудамж ... тоотод гэртээ байхдаа “хэнтэй явсан юм бэ” гэх хардах шалтгаанаар гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр М.А-ын нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд халдаж зодсон, энэ үйлдлээс өмнө буюу З.Т нь Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ЗШ/329 дугаартай шийтгэврээр “согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр М.А-ыг шөнө унтуулж амраахгүй байнга агсан согтуу тавьж, айлган сүрдүүлсэн" зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар баривчлах шийтгэл, мөн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 2020/ЗШ/763 дугаартай шийтгэврээр "... өөрийн хүү Т.Ө, Т.Т, З нарыг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар баривчлах шийтгэл, мөн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ЗШ/914 дугаартай шийтгэврээр “... гэртээ эхнэртэйгээ маргалдаж үснээс нь зулгааж цохиж, зодсон” зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар 10 цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулж, 10 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл, мөн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2020/ЗШ/1041 дугаартай шийтгэврээр "... гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр М.А-тай маргалдаж, үснээс нь зулгааж, толгой нүүр хэсэгт нь гараараа цохиж, зодсон” зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т зааснаар 15 хоногийн хугацаагаар нийт 4 удаа баривчлах шийтгэвэр эдэлсэн З.Т нь Сүхбаатар дүүргийн .. дугаар хороо, Рашааны .. дүгээр гудамж ... тоотод гэртээ байнга архидан согтуурсан үедээ чанга дуугаар орилох, загнах, уурлах, зэргээр гэр бүлийн амгалан тайван байдал алдагдуулдаг гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс болох эхнэр М.А болон насанд хүрээгүй Т.З /эрэгтэй, 5 настай/, А.Т, эрэгтэй 10 настай, А.Ө эрэгтэй, 14 настай нарын эрүүл мэндэд халдан зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхдүүдийн эсрэг үйлдсэнээр хүндрүүлэн зүйлчлэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэнээр эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татагдан шалгагдаж байхдаа буюу 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр мөн гэртээ эхнэр М.А-д агсам согтуу тавин дагавар хүү А.Ө /эрэгтэй, 13 настай/-ийг “5 минутын дотор тамхи олоод ир, ...алчихна шүү" хэмээн хүсэл зоригийнхон эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь хохирогч М.А-ын "... 2020 оны 09 дүгээр сарын 24-ний нөхөр Т намайг хардаад “Чи хэнтэй явсан юм бэ” гэхээр нь “юу байдаг юм, солиороод бай” гэсэн чинь цохиод авсан. Миний хамар руу баруун гараараа алгадаад хамраас цус гарсан. Өмнө нь 2020 оны 1, 7 дугаар сард нэг удаа, 8 дугаар сард 2 удаа зодож цохисны улмаас баривчилгаанд явж байсан....” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч А.Ө "... Тухайн өдөр би дүүгээ аваад найзындаа оччихсон байсан болохоор тэр талаар сайн мэдэхгүй байна. Намайг гэртээ ирэхэд аав ээж хоёр согтуу байсан. 6 дугаар сард болон 9 дүгээр сард намайг зодож аав баривчилгаанд явсан. Манай дүү нарыг 6 дугаар сард зодсон. Аав архи уухаараа дүү нар хальт орилолдохоор нь л уурлаад зоддог. Нэг уухаараа 4-5 өдөр дараалаад уучихдаг. Аав уусан үедээ агсардаг, гэнэт орилдог, уухаараа агсам тавьдаг, их түргэн ууртай...” гэх мэдүүлэг”,  гэрч Б.Эийн “...2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр болсон асуудлыг тодорхой сайн мэдэхгүй байна. Гэхдээ З.Т нь архи согтууруулах ундаа хэрэглэж, агсам согтуу тавьдаг, танхайрдаг байсан. Архи уусан үедээ эхнэр хүүхдэдээ гар хүрч зоддог, хүүхдүүддээ гар хүрч орилж чарлаж агсамнаж өндөр дуугаар харьцдаг...” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан ба шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, гэр бүлийн ашиг сонирхолд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч З.Т нь гэр бүлийн тэгш бус харилцааг үүсгэх зорилгоор гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр М.А,  5  настай хүү Т.З, 10 настай хүү А.Т, 14 настай хүү А.Ө нарын бие, сэтгэл санааны эсрэг байнгын шинжтэй харгис, хэрцгий үг хэлж, үйлдэл хийн тэдгээрийн халдашгүй байх эрхийг зөрчжээ.

Шүүгдэгч З.Т нь Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт заасан зөрчил үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 239 тоот шийтгэврээр, 2020 оны 06 сарын 22-ны өдрийн 763 тоот шийтгэврээр, 2020 оны 07 сарын 29-ний өдрийн  914 тоот шийтгэврээр, 2020 оны 08 сарын 28-ны өдрийн 1041 тоот шийтгэврээр нийт 4 удаа шүүхээс зөрчлийн шийтгэл оногдуулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх  ба дахин 2020 оны 10 сарын 19-ний өдөр 14 настай хүү А.Ө-г 5 минутын дотор тамхи олж ир гэж агсам тавьж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байна.

Дээрх зөрчлүүд нь дангаараа гэмт хэргийн шинжийг хангахгүй бөгөөд байнга буюу 3 ба түүнээс дээш удаагийн үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжид хамааруулан ойлгох бөгөөд шүүгдэгч З.Т нь үйлдсэн зөрчилдөө Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл хүлээсэн нь Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн зүйлчлэл болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд нөлөөлөхгүй гэж шүүхээс үзсэн болно.

Иймд шүүгдэгч З.Т-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул шүүгдэгч З. Тыг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч З. Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн  2 дахь  хэсгийн 2.1-т заасан төрөл, хэмжээний дотор 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялаас чөлөөлж , албадлагын арга хэмжээ авах талаар саналаа гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй байна.

Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх журмыг зохицуулсан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан заалт нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалт тул хэрэглэх эсэх нь шүүхийн эрх мэдлийн асуудал юм. Шүүгдэгч З.Т-ын үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гэр бүлийн хүчирхийллээс цаашид гарч болох үр дагавраас сэргийлж, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн нийгмээс тусгаарлан шийтгэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч З.Т нь цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдах нь зүйтэй байна. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 5, 6, 8. 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4.  36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

     1. Шүүгдэгч С овогт З.Т-ыг Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүст байнга агсам тавьж догшин авирлаж уг гэмт хэргийг хүүхдийн хүний эсрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

      2. Шүүгдэгч З.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Т-ыг оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

       4. Шүүгдэгч З.Т нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй   болохыг тус тус дурдсугай.

        5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч З.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорьж түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

         6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч  дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

           7. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол З.Т-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д. ДАРЬСҮРЭН