Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2022/0702

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

         

Л т НҮТББ-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Т.Энхмаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ууганбаяр

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 03/4295 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, Л тНҮТББ-ын 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 2022/45 дугаар мэдэгдлийг хүлээн авахыг даалгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 674 дүгээр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн

Хэргийн индекс: 128/2022/0787/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Л тНҮТББ-аас нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 03/4295 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, Л тНҮТББ-ын 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 2022/45 дугаар мэдэгдлийг хүлээн авахыг даалгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 674 дүгээр шийдвэрээр: Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, 3 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч  Л т НҮТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 03/4295 дугаар албан бичгээр мэдэгдлийг бүртгэхээс татгалзсан нь хууль бус байсан болохыг тогтоож, Л тНҮТББ-ын 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 2022/45 дугаар мэдэгдлийг хүлээн авч шийдвэрлэхийг нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1-д Гудамж, талбайд жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдлийг сум, дүүргийн Засаг даргад өгч бүртгүүлнэ. Жагсаал, цуглаан хийхээр төлөвлөсөн гудамж, талбай нь хоёр буюу түүнээс дээш сум, дүүргийн хилийн цэст хамаарах газар нутгийг хамарч байгаа бол мэдэгдлийг аймаг, нийслэлийн Засаг даргад өгч бүртгүүлнэ” гэж, мөн зүйлийн 2-тЖагсаал, цуглаан хийх тухай мэдэгдэлд түүний зорилго, эхлэх, дуусах хугацаа, оролцогчдын баримжаа тоо, хэрэглэх техник хэрэгсэл, цуглах, жагсан явах гудамж, талбай зэргийг тодорхой заана гэж хуульчилсан байна.

3.2. Нэхэмжлэгч Л тНҮТББ жагсан явах гудамж, талбай зэргийг 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 2022/45 дугаар албан бичигт хавсаргасан бөгөөд энэхүү маршрут нь зөвхөн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хамаарч байгаа бөгөөд Жагсаал, цуглаан хийх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1-д зааснаар мэдэгдлийг Нийслэлийн Засаг дарга дээрх жагсаалыг бүртгэх боломжгүй юм.

3.3. Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3-д “Засаг дарга жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор түүнийг бүртгэсэн эсэхээ бичгээр мэдэгдэнэ” гэж заасны дагуу хариуцагчийн зүгээс хуульд заасан хугацаанд буюу нэхэмжлэгчээс ирүүлсэн мэдэгдлийг хүлээн авснаас хойш 2 хоногийн дараа 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 03/4295 дугаар албан бичгээр бүртгэх боломжгүй тухай хариуг өгсөн.

3.4. Анхан шатны шүүхээс Л тНҮТББ-ын 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 2022/45 дугаар мэдэгдлийг хүлээн авахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг бүхэлд хангаж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж, нотлох баримтыг тал бүрээс нь бодитой харьцуулан үзээгүй нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байгаа бөгөөд нэхэмжлэгч 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 03/4295 дугаар шийдвэрийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д зааснаар хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

3.5. Мөн нэхэмжлэгч Л тНҮТББ жагсан явах гудамж, талбай зэргийг 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 2022/45 дугаар албан бичгийг хүлээн авахыг даалгаж шийдвэрлэсэн бөгөөд хариуцагчийн зүгээс дээрх бичгийг хүлээн авч хуульд заасны дагуу хариу өгсөн байхад дахин хүлээн авахыг даалгаж шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 674 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

2.1. Нэхэмжлэгч Л тНҮТББ-аас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 03/4295 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, Л тНҮТББ-ын 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 2022/45 дугаар мэдэгдлийг хүлээн авахыг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

2.2. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Л тНҮТББ-аас “2022 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 11 цагаас 13 цаг 30 минут хүртэл Сүхбаатарын талбайн баруун урдаас Чингисийн өргөн чөлөөний зүүн талын явган хүний замаар Залуучуудын өргөн чөлөөний явган хүний зам руу орон Их сургуулийн гудамжны баруун талын явган хүний замаар үргэлжилж Энхтайваны өргөн чөлөөний явган хүний зам дагуу тойрог хэлбэрээр алхаж Сүхбаатарын талбайн зүүн урд дуусахаар тэгж эрхийн төлөө алхалт хийх”-ээр Нийслэлийн Засаг даргад 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр мэдэгдэл хүргүүлжээ.

2.3. Уг мэдэгдлийг хүлээн авч Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 06/4207 дугаар албан бичгээр “хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан сурагчид, эцэг эхчүүдэд хичээлийн хэрэгсэл, сурагчийн дүрэмт хувцсыг нэг дороос худалдан авах боломжийг бүрдүүлэх зорилготой үзэсгэлэн худалдааг 2022 оны 08 дугаар сарын 23-наас 30-ны өдрийн хооронд зохион байгуулна” гэх үндэслэлээр нэхэмжлэгч төрийн бус байгууллагын мэдэгдлийг бүртгэхээс татгалзсан байна.

2.4. Улмаар нэхэмжлэгчээс дээрх тэгш эрхийн төлөөх алхалтыг 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 11 цагаас 13 цаг 30 минутад өмнө дурдсан гудамж, талбайд хийхээр дахин 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 2022/45 дугаар мэдэгдлийг хүргүүлсэн байх боловч Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас маргаан бүхий 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 03/4295 дугаар албан бичгээр “...“Бүгд Найрамдах Солонгос Улсын аялал жуулчлалын өдрүүд” арга хэмжээг 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 04-ний өдрүүдэд Жанжин Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар бүртгэсэн” гэх үндэслэлээр дахин бүртгэхээс татгалзжээ.

2.5. Хэдийгээр Нийслэлийн Аялал жуулчлалын газрын 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 2/415 дугаар албан бичиг болон Нийслэлийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 02-01/4178 дугаар албан бичгүүдээр 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 04-ний өдрүүд “Солонгосын соёлын өдрүүд-2022” арга хэмжээг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар бүртгэсэн нь тогтоогдож байх боловч нэхэмжлэгч Л тНҮТББ-ын 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн мэдэгдлийг шууд бүртгэхээс татгалзсан нь үндэслэлгүй байна.

2.6. Учир нь Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3-д “Засаг дарга жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор түүнийг бүртгэсэн эсэхээ бичгээр мэдэгдэнэ”, мөн зүйлийн 4-д “Жагсаал цуглаан хийх мэдэгдлийг бүртгэх эсэх тухай асуудлыг шийдвэрлэхийн тулд нэмж тодруулах буюу зохицуулбал зохих асуудал гарвал Засаг дарга энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан хугацааны дотор зохион байгуулагчтай харилцан зохицуулах бөгөөд шаардлагатай тохиолдолд явах чиглэлийг өөрчлөх эрхтэй” 10 дугаар зүйлийн 1-т “Жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдэл хүлээн авсан Засаг дарга дор дурдсан үндэслэл байвал түүнийг хийхийг бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргаж, энэ хуулийн 9 дүгээр зүйлийн З дахь хэсэгт заасан хугацаанд жагсаал, цуглаан зохион байгуулагчид бичгээр мэдэгдэнэ:”, 1-ийн 1/-т “шүүхийн болон эрх бүхий бусад байгууллагын шийдвэрээр үйл ажиллагаа нь зогсоогдсон буюу татан буугдсан, эсхүл албан ёсны бүртгэлгүй улс төрийн нам, төрийн бус байгууллага жагсаал, цуглаан хийх мэдэгдэл гаргасан бол”, 2/ энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан газарт жагсаал, цуглаан хийхээр төлөвлөсөн бол”, 3/-т “энэ хуулийн 8 дугаар зүйлээр хориглосон жагсаал, цуглаан хийхээр төлөвлөсөн бол” гэж хуульчилжээ.

2.7. Иймд хуулиар “урьдчилан өөр арга хэмжээ төлөвлөсөн нь, эсхүл өөр бусад арга хэмжээ давхацсан нь жагсаал цуглаан хийх мэдэгдлийг бүртгэхээс шууд татгалзах үндэслэл болох талаар хуульд заагаагүй, нөгөө талаас хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь нэхэмжлэгч төрийн бус байгууллагын хүсэлтийг хүлээж аваад “жагсан явах чиглэл эсхүл хугацаа”-г өөрчлөх боломжтой эсэх зэрэг нэмж тодруулах асуудал гарсан тохиолдол тодруулж, зөвшилцөх боломжтой байхад  энэ талаар ямар нэгэн арга хэмжээ авалгүйгээр хуульд заагаагүй үндэслэлээр шууд  мэдэгдлийг бүртгэхээс татгалзсан нь дээрх хуулийн зохицуулалтуудад нийцэхгүй байна.

2.8. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлтийг хийж Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 03/4295 дугаар албан бичгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн хэдий ч Л тНҮТББ-ын 08 дугаар сарын 22-ны өдрийн 2022/45 дугаар мэдэгдлийг хүлээн авч шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэх нь цаг хугацааны хувьд боломжгүй байхад уг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн үндэслэлтэй болоогүй байна.

2.9. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой, эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээдийн хувьд эрх нь сэргэж боломжтой тохиолдолд тус шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж үзнэ. Гэтэл нэхэмжлэгч төрийн бус байгууллагын алхалт хийхээр төлөвлөсөн хугацаа нь аль  хэдийн өнгөрсөн, мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааны явцад Л тНҮТББ-аас дахин жагсаал цуглаан хийхээр товлоогүй талаар дурдаж буй энэ тохиолдолд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн ч шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй байна.

2.10. Иймд давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн зарим хэсэг болох “Л тНҮТББ-ын 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 2022/45 дугаар мэдэгдлийг хүлээн авахыг даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Харин нэхэмжлэгчээс нэхэмжлэлд дурдсан алхалт хийх мэдэгдлийг эрх бүхий этгээдэд дахин гаргаж шийдвэрлүүлэх эрх нь нээлттэйг дурдах нь зүйтэй байна.

2.11. Түүнчлэн хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн мэдэгдэл, түүнд хавсаргасан алхалт үргэлжлэх чиглэл тодорхойлсон зураг, давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд алхалт хийх зарим гудамж талбай нь Чингэлтэй болон Сүхбаатар дүүргийн хилийн цэст хамаарч байх тул Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т “ Гудамж, талбайд жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдлийг сум, дүүргийн Засаг даргад өгч бүртгүүлнэ. Жагсаал, цуглаан хийхээр төлөвлөсөн гудамж, талбай нь хоёр буюу түүнээс дээш сум, дүүргийн хилийн цэст хамаарах газар нутгийг хамарч байгаа бол мэдэгдлийг аймаг, нийслэлийн Засаг даргад өгч бүртгүүлнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн хүсэлтийг Нийслэлийн Засаг дарга бүртгэхээр байна. Иймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... маршрут нь зөвхөн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хамаарч байгаа тул Нийслэлийн Засаг дарга Л тНҮТББ-ын жагсаал хийх мэдэгдлийг бүртгэх боломжгүй” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй, нэхэмжлэгчийг шийдвэрлэх эрхгүй этгээдэд хандсан гэж буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 674 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 4, 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1,2,3 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Л тНҮТББ-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 03/4295 дугаар албан бичгийг хүчингүй болгож, Л тНҮТББ-аас гаргасан “2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 2022/45 дугаар мэдэгдлийг хүлээн авахыг Нийслэлийн Засаг даргад даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                         Т.ЭНХМАА

ШҮҮГЧ                                                         Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                         Н.ХОНИНХҮҮ