| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнамжилийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 185/2021/026/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/26 |
| Огноо | 2021-01-12 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.11.1., |
| Улсын яллагч | С.Оюунжаргал |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 2021/ШЦТ/26
2021 01 12 2021/ШЦТ/26
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б. Солонго,
улсын яллагч С.Оюунжаргал,
шүүгдэгч М.У /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан Л овогт М.У-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2003 00000 0427 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол*******н иргэн, Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1999 оны 05 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, ээж, 2 дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан-Овоо 39 дүгээр гудамжны 40 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Л овогт М.У
Холбогдсон хэргийн талаар: / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
М.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 1.27 хувийн согтолттой үедээ 2020 оны 10 дугаар сарын 18-ны шөнийн 05 цаг 40 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Хас” банкны төв байрны урд замд “Nissan Skyline” маркийн 40-50 УНП*******н дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол*******н замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчин аюул, осолтой байдал бий болгон зорчих хэсэг дээр эргэлдэх хөдөлгөөн хийж, зогсоох арга хэмжээ аваагүйгээс такси барихаар зогсож байсан явган зорчигч 20 настай С.Б-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт,
Мөн дээрх гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх хуралдаанд шүүгдэгч М.У мэдүүлэхдээ: Тэр өдөр би Ай лофт бааранд найзтайгаа орж архи согтууруулах ундаа хэрэглэсэн. Баар шөнийн 04:00 цагт хаагаад бид 2 баарнаас гарсан. Гараад дуудлагын жолооч дуудах гэсэн чинь мөнгөгүй байсан. Машинаа хажуу талын зогсоол дээр тавина гээд машиндаа суугаад ухарч байтал нэг хүн хаалга онгойлгоод суусан. “Та хэн бэ, энэ такси биш та буу” гэсэн чинь нөгөө талд бууна гэсэн. Тэр хүн буугаад эргэх хооронд хохирогчийг мөргөсөн байсан гэв.
Эрүүгийн 2003000000427 дугаартай хэргээс
- Дуудлагын лавлагааны хуудас /хх -ийн 4 дүгээр хуудас/,
- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 5-12 дугаар хуудас /,
- Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх -ийн 13 дугаар хуудас /,
- Илтгэх хуудас /хх -ийн 15 дугаар хуудас /,
Хохирогч С.Б-ын өгсөн: ...Би 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 02 цагийн орчимд найзуудтайгаа “Ай Лофт” бааранд орсон. Ингээд би найзуудтайгаа тавуулаа литрийн виски хувааж ууж, бүжиглэсэн. Тэгээд баар 3 цаг 50 минутын орчимд хаагаад би найзуудтайгаа гараад 4 цаг 10 минутын орчимд “Хас” банкны үүднээс салцгаагаад би зорчих хэсэг дээр такси барих гээд зогсож байхад төв зам дээр ногоон өнгийн спорт машин дрифт хийгээд эргэлдээд байсан. Тэр машин миний харалдаа 1 удаа эргэхдээ намайг баруун хойд хэсгээрээ мөргөөд би газар зам дээр унаад тэр машин цаашаа яваад өгсөн. Тэгээд хүмүүс цагдаа, түргэн дуудаж байх шиг байсан. Удалгүй түргэний эмч ирээд намайг аваад явсан. ...Жолооч залуу эмнэлэгт хэвтсэн төлбөр болон эм авсан төлбөрийг төлсөн. Эмнэлгээс гарахад эмч эм бичиж өгсөн ба тэдгээрийн мөнгийг жолоочоор авхуулмаар байна . ...” гэх мэдүүлгүүд /хх-ийн 23-24, 25-26 дугаар хуудас /,
Гэрч Н.Найдангийн өгсөн: “...Уг тээврийн хэрэгсэл миний нагац ах Тогоочийн Ариунболдын нэр дээр байдаг боловч миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм. Уг тээврийн хэрэгслийг М.У 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гэрт ирээд “2 өдөр ажил амжуулах гэсэн юм. Ах аа, машинаа өгөөч” гэж хэлэхээр нь би урьд өмнө нь зүгээр авч яваад буцааж өгөөд байсан болохоор итгээд “за” гэж хэлээд машинаа өгч явуулсан. Ингээд осол гарсны маргааш нь У надад “би машиныг жолоодож яваад осол гаргаад хүн мөргөчихлөө” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх -ийн 30-31 дүгээр хуудас /,
Гэрч Э.Батбаасангийн өгсөн: “...Би 2020 оны 10 дугаар сарын 17-18-ны өдрийн 8 цаг хүртэл Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт цагдаа-зохицуулагчийн үүрэг гүйцэтгэж байсан. Ингээд 04 цагийн орчимд жижүүрээс “баарны гадаа хүн мөргүүлсэн байна. Очиж шалгаарай” гэсэн дуудлагын дагуу би “Ай Лофт” баарны урд зам дээр ирэхэд 20 орчим насны эрэгтэй хүн зам дээр хэвтэж байсан. Тэгээд тэр хүнээс асуухад “намайг ногоон өнгийн машин дрифт хийж байгаад мөргөөд яваад өгсөн” гэж хэлэхээр нь би болсон зүйлийг жижүүрт хэлээд бүрэлдэхүүн дуудсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас /,
Гэрч Ч.Буянжаргалын өгсөн: “...Би 2020 оны 10 дугаар сарын 18-ны үүрийн 4 цагийн орчим “Ай Лофт” баарнаас найзуудтайгаа гараад төв зам дээр гартал тэнд нэг спорт ногоон өнгийн машин төв зам дээр дрифт хийгээд эргээд байсан. Тэгээд машин эргэж байхдаа замын хойд талд зогсож байсан 1 эрэгтэй хүнийг баруун хойд хэсгээрээ мөргөөд, цаашаа яваад боржур мөргөөд яваад өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас /,
Гэрч М.Мөнх-Ирээдүйн өгсөн: “...Би 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр найз Цогтсайхантай уулзаад 1 байранд хүний 3, 3 пиво уугаад юм яриад байж байгаад 18-нд шилжих шөнө 02 цагийн үед үеэл ах У дуудахаар нь гараад “Ай Лофт” баарны тэнд очиж уулзсан. Ингээд ахтай уулзахад “ах нь машинаараа хүн мөргөсөн юм шиг байна” гэж хэлээд намайг дагуулаад МУИС-н чиглэлтэй Төрийн ордон-ы зүүн талаар яваад МУИС-н байрны баруун талд зогсоолд байх ногоон өнгийн спорт машины хажууд бид 2 тамхи татаад, юм яриад зогсож байтал цагдаа нар ирээд манай ах Уийг суулгаад би хажууд нь байж байтал тэр цагдаа “чи ямар хамааралтай хүн бэ” гэж асуухаар нь би “дүү нь байгаа юм” гэж хэлэхэд бид хоёрыг цагдаа нар драйгер багажаар шалгаад цагдаагийн газар руу аваад явсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр хуудас /,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 12199 дугаартай шинжээчийн:
1. С.Б-ын биед зүүн умдаг ясны доод салааны хугарал, зовхинд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.
3. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” гэх дүгнэлт /хх-ийн 53-54 дүгээр хуудас /,
Мөрдөгчийн 201 дугаартай магадлагаанд “...Ниссан Скайлайн маркийн 40-50 УНП*******н дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Мөнх-Амгаланийн У нь Монгол*******н замын хөдөлгөөний дүрмийн 3.5 “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: б/ Осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт /иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт/, тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк,*******н дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, мөн дүрмийн г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага, ажилтанд яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах: мөн дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно: б/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэх, мөн дүрмийн 12. “Тээврийн хэрэгслийн хурд” 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.
2. Зорчигч С.Б нь Монгол*******н замын хөдөлгөөний дүрмийн 5.12 “Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно: б/ аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, зам хөндлөн гарч байхдаа алгуурлах, эргэж буцах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна. ...” гэх /хх-ийн 66-67 дугаар хуудас / зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 1.27 хувийн согтолттой үедээ 2020 оны 10 дугаар сарын 18-ны шөнийн 05 цаг 40 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Хас” банкны төв байрны урд замд “Nissan Skyline” маркийн 40-50 УНП*******н дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол*******н замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчин аюул, осолтой байдал бий болгон зорчих хэсэг дээр эргэлдэх хөдөлгөөн хийж, зогсоох арга хэмжээ аваагүйгээс такси барихаар зогсож байсан явган зорчигч 20 настай С.Быг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэргийг,
мөн дээрх гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Б, гэрч Ч.Буянжаргал, М.Мөнх-Ирээдүй, Э.Батбаасан нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 12199 дугаартай шинжээчийн дүгнэлт, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөгчийн 201 дугаартай магадалгаа зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч М.У-ийг гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх боловч жолооч М.У уг гэмт хэргийг үйлдэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болон зориулалтын бус талбайд тээврийн хэрэгслээр дрифт хийж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүрэгтээ хайнга хандсан зэргээс үзэхэд тухайн гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэл бүхий болжээ.
Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хувьд Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг санаатай орхиж зугтаасан үйлдэл нь хохирол хор уршиг учирсан байхыг шаардахгүй ба орхиж зугтааснаар төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.
Шүүгдэгч М.У нь явган зорчигчийг мөргөн гэмтэл учруулсныхаа дараа хөдөлгөөнөө цааш үргэлжлүүлэн хэргийн газрыг орхиж Монгол*******н Замын хөдөлгөөний дүрмийн 3.5 дугаар зүйлд заасан жолоочийн үүргээ хэрэгжүүлээгүй санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг шинжийг хангасан байна.
Хохирогч С.Б нь эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсантай холбоотойгоор 456.146 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч М.У нь мөрдөн байцаалтын шатанд 370.000 төгрөг, шүүхийн шатанд үлдэх төлбөрийг бүрэн төлж барагдуулсан талаар мэдүүлж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн, Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйлд тус тус зааснаар хохирогч С.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч М.У-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэгт холбогдсон хувийн байдал зэргээс гадна Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 2 төрлийн гэмт хэрэгт холбогдсон байдлыг харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ.” гэж хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж тус тус хуульчилсан байх тул шүүгдэгч М.Уийн холбогдсон гэмт хэргүүд нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч М.У-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Шүүгдэгч М.У-ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлж байгаа болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, хохирол нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, шүүхээс тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан “ Оршин суух газар ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах, Эрүүгийн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан Автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах гэмт хэрэгт нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан уг ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М.У-ийн үйлдсэн хэд хэдэн гэмт хэрэгт оногдуулсан дээрх ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.У нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй байна.
Шүүгдэгч М.У-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассантай холбогдуулан түүний В ангиллын 1275662 дугаартай жолоочийн үнэмлэхийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол*******н Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1.5.6.8, 36.2 дугаар зүйлийн 1.2.3.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Л овогт М.У-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах гэмт хэрэг үйлдсэн буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Уөд хорих ял оногдуулахгүйгээр 1 / нэг / жилийн хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М.У-ийн үйлдсэн хэд хэдэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсүгэй.
4. Шүүгдэгч Шүүгдэгч М.У-д шүүхээс тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар Шүүгдэгч М.У-д шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн ял оногдуулахыг анхааруулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.У-д үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд гэмт хэрэг үйлдсэн бол уг албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2.3-т тус тус зааснаар шүүгдэгч М.У-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 / хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авагдсан үеэс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.У-д оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.У-д оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
10. Шүүгдэгч М.У нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
11. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч С.Б нь өөрийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсантай холбоотой цаашид гарах гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
12. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч М.У-ийн В ангиллын 1275662 дугаартай жолоодох эрхийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Ч.Амаржаргалд даалгасугай.
13. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч,*******н яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
14. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол М.У-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДАРЬСҮРЭН