| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнамжилийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 185/2021/037/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/37 |
| Огноо | 2021-01-13 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | И.Мөнхцэцэг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 2021/ШЦТ/37
2021 01 13 2021/ШЦТ/37
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Улсын яллагч: И.Мөнхцэцэг,
Нарийн бичгийн дарга: Б.Номинзул
Шүүгдэгч: С.Б /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овгийн С.Б-т холбогдох эрүүгийн 2009 01236 0775 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1987 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, бүрэн дунд боловсролтой мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2 эхнэрийн хамт, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Чингэлтэй 19-р гудамж, 23 тоотод оршин суух хаягтай, урьд 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолтой Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, М овогт С.Б
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч С.Б нь 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Миами” зочид буудлын 304 тоот өрөөнөөс иргэн Б.Г-ын эзэмшлийн Хаан банкны 5688121845 тоот дансны дугаартай карт, самсунг эс 3 загварын 105000 төгрөгийн үнэ бүхий утсыг тус тус нууцаар, хууль бусаар авч улмаар тус картнаас Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах АТМ-с 700000 төгрөг бэлнээр авсан, 30000 төгрөгийг 5026342632 тоот дансанд шилжүүлэн авч хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт С.Б мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Хохирогч Б.Г-ын мэдүүлэг "... 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 18 цагийн үед Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Миами” зочид буудлын 304 тоот өрөөнд Ичинноров, Б, Гэрлээ нарын хамт орж юм ярьж согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн. Намайг шөнө унтаж байхад Гэрлээ босоод явчихсан. Маргааш өглөө нь би банк явж 1.400.000 төгрөг зээлчихээд буцаад буудалдаа ирсэн. Араас Ичинноров ирж бид дахиад согтууруулах ундааны зүйл хэрэглэж хамт хоноцгоосон. Маргааш нь буюу 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 11 цагийн үед буудлын ажилтан сэрээгээд өрөөгөө суллаж өг гэсэн. Тухайн үед би ганцаараа байсан бөгөөд миний Самсунг эс-3 загварын гар утас, банкны виза карт байхгүй байсан. Миний хаан банкны 5688121845 гэх данснаас Ичинноров Б 2 зөвшөөрөлгүй 700.000 төгрөг авсан байсан. Мөн буудлын мөнгө болох 30.000 төгрөгийг өгсөн байхад Ичинноров согтуу байгааг далимдуулж өөрийнхөө дансанд 30.000 төгрөгийг шилжүүлж авсан байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-16 дугаар хуудас/
Гэрч М.Гэрэлмаагийн “...Миами зочид буудалд очихүед Ганбаа “би банкнаас мөнгө авсан” гэж орж ирсэн. Тэгээд намайг ажилдаа явна, мөнгө олж ломбарднаас утсаа авна гэх үд Ганбаа надад 30.000 төгрөгийг өгсөн. Тэгээд ломбарднаас гар утсаа авчихаад нөгөө гурав дээр ирээд дахин уусан. Орой нь би Баатраатай муудалцаад байсан тул гэртээ харьсан. Ямар гар утас байсныг мэдэхгүй байна. Өдөр нь нэг утсаар эхнэртэйгээ яриад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/ Дамно хөрөнгийн үнэлгээний 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн "... тус үнэлэгдэж буй хөрөнгө нь 105.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх тайлан /хх- ийн 37-38 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх талуудын хүсэлтээр шинжлэн судалсан эдгээр баримтуудыг уг хэрэгт хамааралтай, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай бөгөөд нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдсон хэмээн үнэлж шүүгдэгчийн гэм буруугийн талаар дараах дүгнэлтийг хийсэн болно.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.Б нь 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Миами” зочид буудлын 304 тоот өрөөнөөс иргэн Б.Гын эзэмшлийн Хаан банкны 5688121845 тоот дансны дугаартай карт, самсунг эс 3 загварын 105000 төгрөгийн үнэ бүхий утсыг тус тус нууцаар, хууль бусаар авч улмаар тус картнаас Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах АТМ-с 700000 төгрөг бэлнээр авсан, 30000 төгрөгийг 5026342632 тоот дансанд шилжүүлэн авч хохирол учруулсан болох нь шүүгдэгч С.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Г-ын “...миний Самсунг эс-3 загварын гар утас, банкны виза карт байхгүй байсан. Миний хаан банкны 5688121845 гэх данснаас Ичинноров Б 2 зөвшөөрөлгүй 700.000 төгрөг авсан байсан. Мөн буудлын мөнгө болох 30.000 төгрөгийг өгсөн байхад Ичинноров согтуу байгааг далимдуулж өөрийнхөө дансанд 30.000 төгрөгийг шилжүүлж авсан байсан. гэх мэдүүлэг, “Дамно” ХХК-ий хөрөнгийн үнэлгээний тайлан, зэрэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч С.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч С.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч С.Б-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч өөрийн болгож захиран зарцуулсан санаатай үйлдэл нь Хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар эд хөрөнгөтэй болох гэсэн шунахай зорилгоос шалтгаалсан гэж үзэхээр байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх С.Б-ыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.Б нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос 300.000 төгрөгийг хохирогч Б.Г-ын 5688121845 дугаартай дансанд шилжүүлсэн баримтыг ирүүлсэн байх ба үлдэх 400.000 төгрөгийг 4 сарын хугацаанд нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэж, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С.Б-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна.
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан эсэхийг хянаж үзээд прокурорын саналыг хүлээн авч шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзээд шүүгдэгч С.Б-ын гэм хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас 19 хоног цагдан хоригдсон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдлаа.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.1 дүгээр зүйлийн 1, 5, 6, 8. 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4. 36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овгийн С.Б-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-т хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч С.Б-т шүүхээс тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан оршин суух газраа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан С.Бт нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь С.Б нь үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Б-аас 400.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Г-д олгосугай.
7. Шүүгдэгч С.Б нь энэ хэргийн улмаас 19 / арван ес/ хоног цагдан хоригдсон, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б-т авсан хувийн баталгаа гаргах, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДАРЬСҮРЭН
| 1ЭЛ 1эр, хүмс Иүүхийн еремхнв 2 дугаар сары» таар хамтарсан пэл |