| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнамжилийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 185/2021/047/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/47 |
| Огноо | 2021-01-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Түвшинбаяр |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 2021/ШЦТ/47
2021 01 19 2021/ШЦТ/47
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн “В” танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг
Улсын яллагч: Г.Түвшинбаяр,
Шүүгдэгч: А.Э (өөрөө өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Адьяагийн Эд холбогдох эрүүгийн 2009 00000 1445 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол улсын иргэн, 1987 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймаг Сүхбаатар суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, компьютер хэвлэлийн эх бэлтгэл мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Чингэлтэйн 24 дүгээр гудамж 630 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт А.Э
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч А.Э нь 2020 оны 10 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Транд рояал реженси” караоке баараар үйлчлүүлж байхдаа Б.О-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамрын ясны далд хугарал, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, баруун зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Б.О-гийн “...2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр эхнэрийнхээ төрсөн өдрийн ажлынх нь хамт олонтой нь “Гранд роял” караокед тэмдэглэсэн. Гэтэл манай эхнэрийн ажлын хүн Гантуяагийн нөхөр Бороо /А.Э/ гэх хүн эхнэртэйгээ маргалдаж агсам тавих явцдаа өрөөний хана цөмлөөд ширээний хөл хугалсан. Улмаар караокены хүмүүс 500.000 төгрөг нэхэмжилсэн. Тэгээд бид гарах болоод би тооцоо хийх гээд картаа уншуулаад зогсож байхад хажуу талд зогсож байсан А.Э шууд миний нүүр хэсэгт нэг удаа гараараа цохисон ба би хэсэг ухаан алдаж газар унасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7 дугаар хуудас/
Гэрч Э.Цолмонгийн “... Оюунтуяагийн төрсөн өдөрт А.Э 21 цагийн орчим ирсэн. Төрсөн өдөрт ирсэн хүмүүс бүгд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан 23 цагийн үед Э согтчихоод караокены өрөөнд хүн хүн рүү агсраад байсан. Би түрүүлээд харьсан. Маргааш нь Нарантуяагаас болсон хэргийн талаар сонссон...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 11936 дугаартай шинжээчийн дүгнэлт:
1. Б.О-гийн биед баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамрын ясны далд хугарал, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, баруун зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 13-14 дүгээр хуудас/
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч А.Э нь 2020 оны 10 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Транд рояал реженси” караоке баараар үйлчлүүлж байхдаа Б.О-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамрын ясны далд хугарал, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, баруун зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь: хохирогч Б.Огийн “...Намайг тооцоо хийх гээд картаа уншуулаад зогсож байхад хажуу талд зогсож байсан А.Э шууд миний нүүр хэсэгт нэг удаа гараараа цохисон ба би хэсэг ухаан алдаж газар унасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7 дугаар хуудас/ гэрч Э.Цолмонгийн “...Төрсөн өдөрт ирсэн хүмүүс бүгд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан 23 цагийн үед Э согтчихоод караокены өрөөнд хүн хүн рүү агсраад байсан. Би түрүүлээд харьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/ шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 11936 дугаартай шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас хх-ийн 27 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч А.Э-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул А.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч А.Э-ыг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” / хх-ийн 27 /-аар тогтоогдсон тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд хамааруулсан ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд А.Э-ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгч нь хувиараа тамга үйлдвэрлэх хөдөлмөр эрхэлдэг, цалин хөлс орлоготой талаар мэдүүлж байх тул шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.Э нь цагдан хоригдсон хоноггүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, хохирогч Б.О нь хохирол төлбөр нэхэмжилсэн баримтыг шүүхэд ирүүлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж хоорондоо зүй зохистой харьцах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б овогт А.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1.3, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 / долоон зуун мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурван / сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч А.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДАРЬСҮРЭН