Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 00412

 

 

Зохигчийн эвлэрэл, хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат, шүүгч Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 2 дугаар багт оршин суух, РЛ71092516 дугаар регистртэй, Бэрсүүд овогт Даваажавын Урантуяагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хөвсгөл аймгийн  Мөрөн сумын 3 дугаар багийн 4-33 тоотод оршин суух, РС64051210 дугаар регистртэй, Урианхан овогт Ганжуурын Ганхуягт холбогдох

Хашаа байшингийн үнэ 15.500.000 /арван таван сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай

Нэхэмжлэгч Д.Урантуяад холбогдох гэм хорын хохирол 5.000.000 /таван сая/ төгрөг гаргуулах тухай хариуцагч Г.Ганхуягийн сөрөг нэхэмжлэлтэй 155/2017/00220/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баянбилэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цогтбаяр нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баянбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Урантуяа нь 2014 оны 10 дугаар сард Мөрөн сумын иргэн Г.Ганхуягаас Мөрөн сумын 4 дүгээр багийн 28-12 тоотод байх 10*10 хэмжээтэй дүнзэн байшинтай 2 тал хашааг нийтдээ 23.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцон үнэд нь BONGO маркын ачааны автомашиныг 9.500.000 төгрөгөөр бодож, үлдсэнд нь бэлэн мөнгө өгөхөөр тохиролцсон байдаг. Ингээд түүний эхнэр Цэцгээгийн ХААН банкны 5890305353 тоот дансанд 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 8.000.000 төгрөг, мөн дахин 1.000.000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 4.000.000 төгрөгийг шилжүүлж, мөн бэлэн мөнгөөр 1.000.000 төгрөг, 1.500.000 төгрөг хоёр удаа өгч нийтдээ 15.500.000 төгрөгийг Г.Ганхуягт өгсөн байдаг. Д.Урантуяа 2014 оны 12 дугаар сарын 04-ний үед уг хашаа байшинд нүүж очоод 2015 оны 3 дугаар сарын 10 хүртэл амьдарч байгаад тухайн байшин нь орон сууцны зориулалтаар ашиглахад шаардлага хангахгүй, мөн үнэд нь өгөхөөр тохиролцсон BONGO маркын ачааны автомашиныг Г.Ганхуяг тохирсон ёсоор авахаа больсон учир наймаа буцахаар болж Г.Ганхуяг нь авсан мөнгөө Д.Урантуяад буцааж өгөхөөр тохиролцсон байдаг. Ингээд Д.Урантуяа нь мөнгөө авахаар удаа дараа шаардаж байгаа боловч Г.Ганхуяг нь тохиролцсон ёсоор мөнгөө өгөхгүй байгаа тул Г.Ганхуягаас 15.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Ганхуяг шүүхэд гаргасан тайлбартаа: Би Мөрөн сумын 4 дүгээр багийн 28-12 тоотод байрлах 10*10 хэмжээтэй дүнзэн байшинг 25.000.000 /хорин таван сая/ төгрөгөөр зарсан. Би бэлэн мөнгөөр зарахаар тохирсон. Машин тэрэг авна гэж тохиролцоогүй. Шаардлага хангахгүй хашаа байшин зараагүй, харин ч 30.000.000 төгрөгөөр авах байсныг нь өөрсдөө гуйсаар байж 25.000.000 төгрөг болгож авсан. Авснаасаа хойш худлаа ярьж үлдэгдэл мөнгөө өгөхгүй 2 жил болсон. Тэгээд нэг өдөр гэнэт түлхүүр өгөөд хашаа байшинг маань эзэнгүй хаяад явсан. Хашаа байшиндаа би засвар хийж урдны байдалд нь оруулах, түүнчлэн үлдэгдэл мөнгөө төлөөгүй, үндсэн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас банкны зээлийн барьцаанд тавигдсан гэрчилгээгээ авч чадалгүй уг зээлийг төлж ихээхэн эрсдэл хүлээж хохирсон. Иймд би сөрөг нэхэмжлэл гаргах бөгөөд уг нэхэмжлэлдээ надад учирсан гэм хор гэж үзэн нэхэмжлэл гаргах болно. Нийт 9.500.000 төгрөгийн гэм хор учирсан. Үүнийгээ нэхэмжилж тусгайлан гаргах бөгөөд харин маргалдахгүй харилцан тохиролцъё гэвэл би 10.000.000 төгрөгийг өгөхийг зөвшөөрч байна. Тухайн үед зарсан бол 30.000.000 төгрөгөөр бэлэн мөнгөөр зарж болох байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч Г.Ганхуяг шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие 2014 оны 10 сард Д.Урантуяатай харилцан тохиролцсоны үндсэн дээр Мөрөн сумын 4 дүгээр багийн 28-16 тоотод байрлах 10*10 хэмжээтэй хашаа байшин, 2 тал блокон хашааг 24.500.000 төгрөгөөр зарахаар тохиролцож наймаа хийсэн. Гэвч Д.Урантуяа нь үлдэгдэл мөнгөө өгөлгүй биднийг хохироон 2015 оны 10 дугаар сар хүртэл ашиглан эзэмшиж байснаа гэнэт наймаа буцлаа гэж хэлэн түлхүүр ирж орхиод явсан. Уг байшингаа очиж үзэх үед хашааг эвдэлсэн, цонх хагарсан, гоёлын шалан плита зэргийг хагалж эвдэлсэн байсан. Мөн дээврээс ус гоожсон, хана түмбийсэн байсан. Иймд эд зүйлийг маань эвдэлсэн гэм хорын хохиролд 4.000.000 төгрөг, уг байшинг маань эзэмшиж ашиглаж байсны түрээсийн төлбөр Хөвсгөл аймагт хашаа байшинг маань түрээсэлбэл 150.000 төгрөг байхаар байх боловч би 100.000 төгрөгөөр үнэлж 1.000.000 төгрөг, нийт 5.000.000 /таван сая/ төгрөг Урантуяагаас нэхэмжилж байна. Одоо хашаа байшинг маань 15.000.000 төгрөгөөр ч хүн авахааргүй болсон. Д.Урантуяатай харилцан тохиролцъё гэж удаа дараа гуйсан боловч огт бидэнтэй уулзахгүй зугатааж байна. Иймд Г.Ганхуяг би Д.Урантуяагаас ашигласан хугацааны зардал болон хашаа байшинг маань эвдэлсэн гэм хорын хохиролд нийт 5.000.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Урантуяа сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: 1. Хариуцагч Г.Ганхуяг нь надад Мөрөн сумын 4 дүгээр багийн 28-16 тоот хаягт байрлах хашаа байшинг худалдахдаа үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг үзүүлээгүй бөгөөд гэрчилгээний талаар таних мэдэх хүнээс сураг сонсоход банкны зээлийн барьцаанд байдаг байх гэж сонссон. Хашааны үнийн урьдчилгаа болох 15.500.000 төгрөгийг гэрээ хэлцэл хийлгүйгээр авсан юм. Би өөрөө банкны өр зээлэнд орж үлдэгдэл мөнгийг өгөхөд хүндрэлтэй байдал үүссэн зэргээс болоод уг хашаа байшинг худалдан авахаа болих тухай Г.Ганхуягт хэлж, түүний эхнэр Цэцгээтэй цуг байлцан хашаа байшинг 2015 оны 10 дугаар сард хүлээлгэн өгсөн. Тухайн үед Г.Ганхуяг нь Улаанбаатар хот руу явсан байсан тул эхнэр нь байшингаа хүлээн авч намайг эд хогшлоо ачаад явахад түлхүүрээ авч үлдсэн. Гэтэл сөрөг нэхэмжлэлдээ түлхүүрийг нь гэрт нь аваачиж өгсөн мэт худал мэдүүлсэнд гомдолтой байна. Намайг наймаа буцахаар болсныг Г.Ганхуяг болон түүний эхнэр нь мэдэж байсан. Мөн тэр ч бүү хэл Г.Ганхуяг нь хашаа байшинг хүлээн авснаас хойш бусдад түрээслэсэн ч юм уу, худалдсан ч юм уу ямар ч байсан өөр айл суулгасан байсан. Тэр байшинд нь суусан хүмүүс над руу утасдаж “танайх худалдаж авсан юм уу, яагаад больсон юм бэ, дулаахан уу” зэргээр асууж цалингийн зээлээр авдаг ч юм уу гэж хэлж байсан. Иймд сөрөг нэхэмжлэлд дурьдсан байшинд учирсан гэм хор нь намайг байшинг хүлээлгэж өгснөөс хойш үүссэн гэм хор гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагын гэм хорын 4.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2. Сөрөг нэхэмжлэлд дурьдсан наймаа хийснээс хойш 10 сарын хугацаанд түүний олох ёстой байсан орлого гэсэн 2.500.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Иймд 15.500.000 төгрөгөөс түүний олох ёстой байсан орлого болох 2.500.000 төгрөгийг хасаад эвлэрэн хэлэлцэхэд татгалзах зүйлгүй болно гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд 1981 онд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, өмгөөлөгч ажилтай, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 08-20 тоотод оршин суух, РУ81050812 дугаар регистртэй, Тайж нар овогт Ганбаатарын Баянбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь хашаа байшин худалдан авахаар урьдчилан өгсөн 15.500.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Үүнээс тус хашаа байшинд тодорхой хугацаанд амьдран суусан тул Г.Ганхуягийн олох ёстой байсан орлогод 2.500.000 төгрөгийг тооцож хасаад хариуцагчтай эвлэрч болно гэж нэхэмжлэгч Д.Урантуяа тайлбарсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа багасган нийт 13.000.000 төгрөгийн хэмжээнд хариуцагчтай эвлэрэхийг зөвшөөрч байна. Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаатай холбогдуулан санал хүсэлт байхгүй гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1981 онд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, өмгөөлөгч ажилтай, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 17-51 тоотод оршин суух, РЮ81092111  дугаар регистртэй, Шарнууд овогт Лхагваандоржийн Цогтбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 2.500.000 төгрөгийг хасаж, 13.000.000 сая төгрөгийн хэмжээнд эвлэрнэ гэснийг зөвшөөрч байна. Үндсэн нэхэмжлэлд холбогдуулан гаргасан “хашаа байшинг ашигласан хугацааны зардал болон гэм хорын хохиролд нийт 5.000.000 төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Урантуяа нь хариуцагч Г.Ганхуягт холбогдуулан хашаа байшингийн үнэ 15.500.000 /арван таван сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Ганхуяг нь нэхэмжлэгч Д.Урантуяад холбогдуулан гэм хорын хохирол нийт 5.000.000 /таван сая/ төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдаанд зохигч эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг гаргуулахаас татгалзан нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 13.000.000 /арван гурван сая/ төгрөг гаргуулахаар хариуцагч Г.Ганхуягтай эвлэрсэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цогтбаяр сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрэл болон хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 235.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 13.000.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжид төлөх 222.950 төгрөгийг гаруулан нэхэмжлэгчид олгох, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 94.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Урантуяагийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.Ганхуягт холбогдох хашаа байшингийн үнэ 15.500.000 /арван таван сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн зохигч 13.000.000 /арван гурван сая/ төгрөгийн хэмжээнд эвлэрснийг, нэхэмжлэгч Д.Урантуяад холбогдох гэм хорын хохирол нийт 5.000.000 /таван сая/ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан хариуцагчийн татгалзлыг тус тус баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235.450 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Ганхуягаас улсын тэмдэгтийн хураамж 222.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Урантуяад олгосугай.

 

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Б.ОТГОНБЯМБА

                       ШҮҮГЧ                           Л.ЭРДЭНЭБАТ

                       ШҮҮГЧ                             Б.МӨНХТУЯА