Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/135

 

 

 

 

 

  2021         02          26                                   2021/ШЦТ/135       

 

                                 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

           Улсын яллагч: Д.Даваадорж,

Нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг,

Шүүгдэгч: Ж.Б, Б.Ш, тэдгээрийн өмгөөлөгч Л.Мөнхтуяа нарыг оролцуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ж.Б, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б.Ш нарт холбогдох эрүүгийн 2009 00898 1297 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

           Шүүгдэгч нарын  биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1999 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эгч, ах нарын хамтаар Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголон 22 дугаар гудамжны 738 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн,

Урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 892 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, уг ялыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 07 дугаартай шүүгчийн захирамжаар 72 хоногийн хорих ял болгож байсан Б овогт Ж.Б

Монгол Улсын иргэн, 1996 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Монкон канстракшн" ХХК-д арматурчин ажил эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамтаар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Товчоо 7 дугаар гудамжны 76 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Боржигон овогт Б.Ш

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Б нь үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Света” гэх нэртэй эмийн санд байрлах гар утасны шилэн лангуунаас 3 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч Х.А-дэд 430.000 төгрөгийн хохирол,

2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Буян Налайх” гэх нэртэй худалдааны төвийн 2 дугаар давхарт байрлах гар утас худалдаалдаг лангуунаас иргэн Ө.О-гийн эзэмшлийн “Самсунг нөүт-5” загварын 2 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогчид 540.000 төгрөгийн хохирол,

2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Био комбинатад байрлах “Гэрэлт номин” гэх нэртэй хүнсний дэлгүүрийн лангуун дээрээс иргэн Б.М-ын эзэмшлийн “Самсунг А-8 плас” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогчид 1.008.000 төгрөгийн хохирол,

2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Лазер жем” гэх нэртэй интернет тоглоомын газар үйлчлүүлж байсан Ө.Тгийн эзэмшлийн “one plus” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогчид 880.000 төгрөгийн хохирол, 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 48 дугаар гудамжны 243 тоотод байрлах хүн байнга амьдрах орон байр буюу иргэн Г.Б-ий эзэмшлийн байшингийн цонхоор нэвтрэн орж, 43 инчийн “Тошиба” брэндийн лед зурагт, “Найке” /nike/ брэндийн “помсайте” гэх загварын пүүзэн гутал зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч Г.Б-д 598.140 төгрөгийн хохирол,

Мөн шүүгдэгч Б.Ш-тай бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнх” гэх нэртэй худалдааны төв дотор үйл ажиллагаа явуулдаг лангуунаас иргэн Ш.У-ын орлогын мөнгө болох бэлэн 600.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогчид 600.000 төгрөгийн хохирол /нийт 4.056.140 төгрөгийн хохирол тус тус учруулж хулгайлах гэмт хэргийн ганцаараа болон бусад бүлэглэн үйлдсэн,

 Шүүгдэгч Б.Ш нь яллагдагч Ж.Б-тэй бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнх” гэх нэртэй худалдааны төв дотор үйл ажиллагаа явуулдаг лангуунаас иргэн Ш.У-ын орлогын мөнгө болох бэлэн 600.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогчид 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад        

                                                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           Шүүгдэгч Ж.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Бүх үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.

            Шүүгдэгч Б.Ш шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ : “...2018 онд Б-тэй тааралдаад Уртжаргалын 600.000 төгрөгийг авсан гэх үйлдэл байгаа. Тухайн үед 600.000 төгрөг байсныг мэдэхгүй байна. Хохирлыг төлж барагдуулсан...” гэв.

            Эрүүгийн 2009 00898 1297 дугаартай хэргээс:

Хохирогч Х.А-гийн “...Би 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 15 цаг 06 минутын орчимд лангуун дээрээ байж байгаад “00”-ын өрөө ороод ойролцоогоор 2-3 орчим минутын дараа буцаж ирэхэд лангууны дотор талын шилэн хаалт нь нээгдсэн 3 ширхэг гар утас алга болчихсон байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 185-186 дугаар хуудас/,

“Дамно” ХХК-иас 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр гаргасан “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 430.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-ийн 207-208 дугаар хуудас/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, холбогдох гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 177-179 дугаар хуудас/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн “...“Света” гэх нэртэй дэлгүүрийн арын өрөөнд орж хяналтын камерын бичлэгээс 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн бичлэгийг ухрааж үзэхэд 16 цаг 06 минутад хар куртиктэй, цагаан цамцтай, цэнхэр өнгийн богино өмдтэй, хар өнгийн гуталтай 20 орчим насны залуу, цагаан майктай, хар богино өмдтэй, сандаал өмссөн ойролцоо насны хоёр залуу тус дэлгүүрт орж ирээд баруун гар талын лангуу бүхий өрөөнд орж хар куртиктэй, цагаан цамцтай, цэнхэр өнгийн богино өмдтэй, хар өнгийн гуталтай залуу нь лангуунаас гар утас аваад дэлгүүрээс яаран гарч байгаа бичлэг камерт бичигдсэн үлдсэн байна...” гэх тэмдэглэл /1хх-ийн 179-180 дугаар хуудас/,

Хохирогч Ө.О-гийн “...Миний бие “Буян Налайх” гэдэг худалдааны төвийн 2 дугаар давхарт байрлах 34 дүгээр лангуунд гар утас худалдаалдаг. 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 17 цаг 30 минутын үед миний бие 5 настай охины хамтаар лангуун дээрээ сууж байсан. Тэгээд охин маань хөнгөнөөр бие засах гэхээр нь 1 дүгээр давхарт байдаг “00”-ын өрөө рүү буугаад 5-10 минут болоод эргэж лангуун дээрээ ирсэн. Лангуун дээрээ ирээд нэг ахад “Нокиа” загварын гар утас худалдаад нөгөө лангуу руугаа хартал 2 ширхэг гар утас алга болсон байсан. Тэгээд шалгаж үзтэл 2 ширхэг “Самсунг нөүт-5” загварын гар утас байхгүй байсан. Тус төвийн хяналтын камерын бичлэгийг үзэж байхад энгэртээ зүүлттэй, духан дээрээ шилтэй, цагаан өнгийн ханцуйтай цамцтай залуу аваад гарч байгаа нь харагдсан...” гэх мэдүүлэг /3хх-ийн 153-154 дүгээр хуудас/,

Дамно” ХХК-иас 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр гаргасан “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 540.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /3хх-ийн 164-165 дугаар хуудас/,

Хохирогч Б.М-ын “...2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Био комбинатад байрлах “Гэрэлт номин” гэдэг хүнсний дэлгүүрт худалдагч хийж байхад 12 цагийн орчимд гаднаас 2 эрэгтэй хүүхэд орж ирсэн. Би үйлчлэгчээ зааланд үлдээгээд склад руу ороод буцаж ирээд гар утсаа алдсанаа мэдээгүй, сүүлд нь утсаа хайгаад олдохгүй болохоор нь камер шүүж үзээд бичлэг байхаар нь цагдаад хандсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 48 дугаар хуудас/,

            Хэргийн газар үзлэг хийсэн хийсэн тэмдэглэл, холбогдох гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 41-42 дугаар хуудас/,

Хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг СД болон тус бичлэгт үзлэг хийсэн “...Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, “Гэрэлт номин” гэх нэртэй хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгийг 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 11 цаг 30 минутаас эхлүүлэн шүүхэд 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 12 цаг 26 минут 35 секунтэд гаднаас саарал өнгийн даавуун цамц, саарал өнгийн пудволк, бараан өнгийн өмд, цагаан өнгийн гутал өмсөж, хар өнгийн паскыг саарал өнгийн цамцан дотроо зүүсэн, хар өнгийн нүдний шил дух хэсэгтээ зүүсэн 25-30 орчим настай эрэгтэй хүн орж ирэн дэлгүүр дотор явж байгаад лангууны араас “кола” ундаа авч байгаад 12 цаг 26 минут 54 секунтэд кассын лангууны хажуу тал руу сунаж ямар нэгэн зүйл авч 12 цаг 27 минут 05 секунтэд дэлгүүрээс гарч байв...” гэх тэмдэглэл /2хх-ийн 44-45 дугаар хуудас/,

“Дамно” ХХК-иас 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гаргасан “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1.008.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-ийн 57-58 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй хохирогч Ө.Т-ий “...Би 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 16 цагийн үед Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, “Лазер жем” гэх нэртэй тоглоомын газарт тоглож байсан юм. Тэр үед өөрийн өмсөж явсан сурагчийн хүрэмнийхээ дотор талын халаасанд өөрийн эзэмшлийн “one plus” загварын гар утсаа хийсэн байсан. Тэгээд тоглож дуусаад гарах үедээ хүрэмнийхээ халааснаас гар утсаа гаргаж ирж цаг харах гэхэд миний гар утас байхгүй байсан. Тэгээд тухайн газрын хяналтын камерыг шүүж үзэхэд нэг эрэгтэй хүн миний гар утсыг авч байгаа бичлэг байсан тул цагдаад хандсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 116-118 дугаар хуудас/,

           Хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг СД болон тус бичлэгт үзлэг хийсэн “...Ж.Б хохирогчийн хойно зогсож байгааг болон гар утсыг куртикнээс авч байгааг харуулав. Ж.Б өмднийхөө зүүн талын халаасанд гар утас хийж байгааг харуулав...” гэх тэмдэглэл /1хх-ийн 107-112 дугаар хуудас/,

“Дамно” ХХК-иас 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр гаргасан “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 880.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-ийн 129-132 дугаар хуудас/,

Хохирогч Г.Б-ий “...Би 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр эхнэр Алтанзулын хамтаар Өмнөговь аймаг руу яваад 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр гэртээ ирсэн. Тэгтэл манай гэрийн цонх хагарсан, хаалга хөшигдсөн байсан. Манай гэрээс 43 инчийн “Тошиба” загварын зурагт алдагдсан. Тэгээд Цагдаагийн байгууллагад хандсан юм. Мөн би алдсан гэх гутлаа дүүгээсээ авсан. Манай гэрийн зурагтыг дүү маань хулгайлж аваад явсан байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 34-36 дугаар хуудас/,

Хохирогч Г.Б-ий дахин өгсөн “...Би хулгайд алдсан зурагт болон пүүзэн гутлаа эхнэрийн дүү Бөөс мэдүүлэг өгч байх үед нь хүлээн авсан. ...Хөрөнгийн үнэлгээний тайланг хүлээн зөвшөөрч байна. Надад ямар нэгэн гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 37-38 дугаар хуудас/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.У-ын 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр өгсөн “...Би Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнх” гэх нэртэй худалдааны төв дотор лангуу түрээслэн “хиам, бууз, банш, гахай тахианы мах” зэргийг зардаг. Тэгтэл 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн оройны 17 цаг 30 минутын үед намайг “00” орох үед миний түрээсэлдэг лангуунаас тэр өдрийн орлог буюу 500.000-600.000 төгрөгийг маань 25-27 орчим насны 2 залуу хулгайлсан байсан. Би хяналтын камерын бичлэг шүүж үзэхэд лангуунаас мөнгө хулгайлсан залуу нь тухайн үед намайг “00” орох үед “00”-ын үүдэнд мөнгө тоолоод зогсож байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 121-122 дугаар хуудас/,

Хохирогч Ш.У-ын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр дахин өгсөн “...Тухайн үед миний хулгайд алдсан мөнгөний хэмжээ 600.000 төгрөг байсан юм. Надад орлого хөтөлсөн дэвтэр байхгүй, би бүгдийг нь устгасан. Яагаад гэвэл би жилийн өмнө лангуу түрээслэхээ больж өөр ажил хийх болсон тул орлого хөтөлсөн дэвтрээ хаясан. “Мөнх” төв нь өглөөний 10 цагаас 20 хүртэл ажилладаг. Тухайн үед Баянзүрх зах амардаг өдөр байсан тул манай өдрийн орлого бусад өдрүүдээс нэг дахин илүү байсан. Хулгайд орлогоо алдсан өдөр Баянзүрх зах амардаг өдөр байсан тул манай орлого сайн байсан юм. Баянзүрх зах ажиллаж байх үед өдрийн орлого маань 350.000 төгрөг байдаг. Надад гомдол, санал байхгүй, хохирлын 600.000 төгрөгийг маань төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /2хх-ийн 125-126, 3хх-ийн 206 дугаар хуудас/,

Гэрч Б.Нямсүрэнгийн “...Манай бага хүү болох Ө.Т өнөөдөр хичээлээ тараад ангийнхаа хүүхдүүдийн хамтаар Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лазер жем” гэх нэртэй тоглоомын газарт тоглож байгаад халааснаасаа гар утсаа алдсан. Алдсан гар утас нь “Опе р1из” гэх загварын гар утас байсан. ...Тус тоглоомын газар хяналтын камертай байсан бөгөөд камерт нэг залуу авч байгаа нь харагдсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 119-121 дүгээр хуудас/, шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон баримт  зэрэг нотлох  баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч нарын  гэм буруугийн талаар:

Нэг:  Шүүгдэгч Ж.Б нь:

1.1.  Б.Ш-тай бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнх” гэх нэртэй худалдааны төв дотор үйл ажиллагаа явуулдаг лангуунаас иргэн Ш.У-ын орлогын мөнгө болох бэлэн 600.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогчид 600.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.У-ын “...2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр өгсөн “...Тэгтэл 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн оройны 17 цаг 30 минутын үед намайг “00” орох үед миний түрээсэлдэг лангуунаас тэр өдрийн орлог буюу 500.000-600.000 төгрөгийг маань 25-27 орчим насны 2 залуу хулгайлсан байсан. Би хяналтын камерын бичлэг шүүж үзэхэд лангуунаас мөнгө хулгайлсан залуу нь тухайн үед намайг “00” орох үед “00”-ын үүдэнд мөнгө тоолоод зогсож байсан...” гэх мэдүүлэг,

Гэрч О.Батзоригийн “...Тэр өдөр нь хажуу талын Баянзүрх зах амардаг өдөр байсан тул орлого сайтай өдөр байсан. Манай эхнэр 600.000 гаруй төгрөг алдсан гэж хэлсэн. Эхнэр маань өглөө 09 цагаас 20 цагийн хооронд “Мөнх” худалдааны төвд ажилладаг байсан бөгөөд өдөрт дунджаар 300.000-400.000 төгрөгийн орлого олдог байсан. Хажуу талын Баянзүрх зах амарсан өдрөө 600.000-1.000.000 төгрөгийн орлого олдог байсан. Баярын өдрүүдэд үүнээс илүүг олдог байсан...” гэх мэдүүлэг

Хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг СД болон тус бичлэгт 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр дахин үзлэг хийсэн “...Ж.Б нь саарал өнгийн биеийн тамирын өмд, хар өнгийн хүрэм, дотуур нь цагаан өнгийн цамц өмсөж баруунаас гарч ирсэн хохирогчийн лангууны урдуур өнгөрөн хойш явав...хохирогч Т.У лангуугаа орхиж явав, ..яллагдагч Ж.Б хохирогчийн лангууны урдуур нааш, цааш ганцаараа явав, .... яллагдагч Ж.Б-ийн араас яллагдагч Б.Ш хар өнгийн өмд, хар өнгийн хүрэм өмссөн, хар өнгийн оосортой цүнх ардаа үүрсэн гарч ирээд хохирогчийн лангууны урдуур ар, араасаа явав....яллагдагч Ж.Б хохирогчийн лангууг өнгөрөн алга болж, яллагдагч Б.Ш буцаж эргэн хохирогчийн лангууны урдуур ганцаараа явж, тус лангууны урдаас харсан лангуун дээр ирж зогсов.... яллагдагч Б.Ш хохирогчийн лангууны урд байрлах лангуу руу баруун гараараа заах үед яллагдагч Ж.Б хохирогчийн лангууны ард хууль бусаар, нууцаар орж доошоо сууж доод лангуунаас нь эд зүйл аван лангуунаас гарч хойш, зүүн тийш явав...яллагдагч Б.Ш хохирогчийн урд талд байрлах лангуунаас ямар нэгэн эд зүйл авалгүй яллагдагч Ж.Бийн араас зүүн тийш явж бичлэг дуусав...” гэх тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар,

 1.2.  Ганцаараа 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Света” гэх нэртэй эмийн санд байрлах гар утасны шилэн лангуунаас 3 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч Х.А-дэд 430.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь: 

Хохирогч Х.А-гийн “...Би 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 15 цаг 06 минутын орчимд лангуун дээрээ байж байгаад “00”-ын өрөө ороод ойролцоогоор 2-3 орчим минутын дараа буцаж ирэхэд лангууны дотор талын шилэн хаалт нь нээгдсэн 3 ширхэг гар утас алга болчихсон байсан...” гэх мэдүүлэг,

Дамно” ХХК-иас 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр гаргасан “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 430.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, холбогдох гэрэл зургийн үзүүлэлтүүд,

Камерын бичлэгт үзлэг хийсэн “...“Света” гэх нэртэй дэлгүүрийн арын өрөөнд орж хяналтын камерын бичлэгээс ...хар куртиктэй, цагаан цамцтай, цэнхэр өнгийн богино өмдтэй, хар өнгийн гуталтай 20 орчим насны залуу, цагаан майктай, хар богино өмдтэй, сандаал өмссөн ойролцоо насны хоёр залуу тус дэлгүүрт орж ирээд баруун гар талын лангуу бүхий өрөөнд орж хар куртиктэй, цагаан цамцтай, цэнхэр өнгийн богино өмдтэй, хар өнгийн гуталтай залуу нь лангуунаас гар утас аваад дэлгүүрээс яаран гарч байгаа бичлэг камерт бичигдсэн үлдсэн байна...” гэх тэмдэглэл / зэрэг нотлох баримтуудаар,

1.3.  Ганцаараа 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Буян Налайх” гэх нэртэй худалдааны төвийн 2 дугаар давхарт байрлах гар утас худалдаалдаг лангуунаас иргэн Ө.Огийн эзэмшлийн “Самсунг нөүт-5” загварын 2 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогчид 540.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь: 

Хохирогч Ө.О-гийн “...Тэгээд охин маань хөнгөнөөр бие засах гэхээр нь 1 дүгээр давхарт байдаг “00”-ын өрөө рүү буугаад 5-10 минут болоод эргэж лангуун дээрээ ирсэн. Лангуун дээрээ ирээд нэг ахад “Нокиа” загварын гар утас худалдаад нөгөө лангуу руугаа хартал 2 ширхэг гар утас алга болсон байсан. Тэгээд шалгаж үзтэл 2 ширхэг “Самсунг нөүт-5” загварын гар утас байхгүй байсан. ...Тус төвийн хяналтын камерын бичлэгийг үзэж байхад энгэртээ зүүлттэй, духан дээрээ шилтэй, цагаан өнгийн ханцуйтай цамцтай залуу аваад гарч байгаа нь харагдсан...” гэх мэдүүлэг,

Дамно ХХК-иас 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр гаргасан “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 540.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудаар,

1.4.   Ганцаараа 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Био комбинатад байрлах “Гэрэлт номин” гэх нэртэй хүнсний дэлгүүрийн лангуун дээрээс иргэн Б.М-ын эзэмшлийн “Самсунг А-8 плас” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогчид 1.008.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

Хохирогч Б.М-ын “...Би үйлчлэгчээ зааланд үлдээгээд склад руу ороод буцаж ирээд гар утсаа алдсанаа мэдээгүй, сүүлд нь утсаа хайгаад олдохгүй болохоор нь камер шүүж үзээд бичлэг байхаар нь цагдаад хандсан...” гэх мэдүүлэг,

Хэргийн газар үзлэг хийсэн хийсэн тэмдэглэл, холбогдох гэрэл зургийн үзүүлэлтүүд,

Хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг СД болон тус бичлэгт үзлэг хийсэн “...гаднаас саарал өнгийн даавуун цамц, саарал өнгийн пудволк, бараан өнгийн өмд, цагаан өнгийн гутал өмсөж, хар өнгийн фаскыг саарал өнгийн цамцан дотроо зүүсэн, хар өнгийн нүдний шил дух хэсэгтээ зүүсэн 25-30 орчим настай эрэгтэй хүн орж ирэн дэлгүүр дотор явж байгаад лангууны араас “кола” ундаа авч байгаад ... кассын лангууны хажуу тал руу сунаж ямар нэгэн зүйл авч ... дэлгүүрээс гарч байв...” гэх тэмдэглэл,

Дамно” ХХК-иас 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гаргасан “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1.008.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудаар,

1.5.  2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Лазер жем” гэх нэртэй интернет тоглоомын газар үйлчлүүлж байсан Ө.Т-гийн эзэмшлийн “one plus” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогчид 880.000 төгрөгийн хохирол,

Насанд хүрээгүй хохирогч Ө.Т-гийн “...Тэр үед өөрийн өмсөж явсан сурагчийн хүрэмнийхээ дотор талын халаасанд өөрийн эзэмшлийн “Опе рlus” загварын гар утсаа хийсэн байсан. Тэгээд тоглож дуусаад гарах үедээ хүрэмнийхээ халааснаас гар утсаа гаргаж ирж цаг харах гэхэд миний гар утас байхгүй байсан. Тэгээд тухайн газрын хяналтын камерыг шүүж үзэхэд нэг эрэгтэй хүн миний гар утсыг авч байгаа бичлэг байсан тул цагдаад хандсан...” гэх мэдүүлэг,

Гэрч Б.Нямсүрэнгийн “...Манай бага хүү болох Ө.Т өнөөдөр хичээлээ тараад ангийнхаа хүүхдүүдийн хамтаар Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лазер жем” гэх нэртэй тоглоомын газарт тоглож байгаад халааснаасаа гар утсаа алдсан. Алдсан гар утас нь “Опе рlus” гэх загварын гар утас байсан. ...Тус тоглоомын газар хяналтын камертай байсан бөгөөд камерт нэг залуу авч байгаа нь харагдсан...” гэх мэдүүлэг,

Хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг СД болон тус бичлэгт үзлэг хийсэн “...Ж.Б хохирогчийн хойно зогсож байгааг болон гар утсыг куртикнээс авч байгааг харуулав. Ж.Б өмднийхөө зүүн талын халаасанд гар утас хийж байгааг харуулав...” гэх тэмдэглэл,

“Дамно” ХХК-иас 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр гаргасан “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 880.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудаар,

1.6.  2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 48 дугаар гудамжны 243 тоотод байрлах хүн байнга амьдрах орон байр буюу иргэн Г.Б-ий эзэмшлийн байшингийн цонхоор нэвтрэн орж, 43 инчийн “Тошиба” брэндийн лед зурагт, “Найке” /nike/ брэндийн “помсайте” гэх загварын пүүзэн гутал зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч Г.Б-д 598.140 төгрөгийн хохирол,

Хохирогч Г.Б-ий “...манай гэрийн цонх хагарсан, хаалга хөшигдсөн байсан. Манай гэрээс 43 инчийн “Тошиба” загварын зурагт алдагдсан. Тэгээд Цагдаагийн байгууллагад хандсан юм. ...Мөн би алдсан гэх гутлаа дүүгээсээ авсан. Манай гэрийн зурагтыг дүү маань хулгайлж аваад явсан байсан...” гэх мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч Г.Б “...Тус барьцаанд тавьсан зурагтыг хэд хоногийн дараа цагдаагаас залгаад “хулгайн зурагт байна, битгий зараарай, байлгаж байгаарай” гэж хэлсэн. Үүний дагуу заралгүй байж байхад хэзээ гэдийг нь санахгүй байна, манай ломбард дээр нэг эрэгтэй цагдаа ирээд гар утаснаасаа 43 инчийн “Тошиба” гэх зурагтыг манай ломбардад тавьсан хүний зургийг үзүүлээд мөн эсэхийг асуусан. Зургийг үзэхэд ломбардад зурагт барьцаанд тавьсан залуу мөн байсан. Тэгээд прокурорын зөвшөөрлөөр зурагтыг хураагаад аваад явсан. ...Надад үндсэн 200.000 төгрөг дээр хүүний 16.000 төгрөг, нийт 216.000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,

Гэрч Ц.Алтанзулын “...Манай нөхөр Батбилгүүн нь надад хандаж “танай дүү чинь манай зурагтыг хулгай хийсэн” гээд байсан болохоор нь би итгэж өгөхгүй байсан юм. Тэгээд цагдаа дээр очиж уулзахад 2 цагдаагийн хамтаар Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн ойролцоо байдаг ломбард руу очиж алдагдсан зурагтыг авч нөхөр бид хоёрт хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, холбогдох гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хураан авсан болон эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл,

“Дамно” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн СБ2-20-260 дугаартай Хөрөнгө үнэлгээний “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр 598.140 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх тайлан зэрэг нотлох баримтуудаар,

  Хоёр: Шүүгдэгч Б.Ш нь Ж.Б-тэй бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнх” гэх нэртэй худалдааны төв дотор үйл ажиллагаа явуулдаг лангуунаас иргэн Ш.Уын орлогын мөнгө болох бэлэн 600.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогчид 600.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь нотлогдон тогтоогдож байх бөгөөд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

  Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй  тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 Тодруулбал шүүгдэгч Ж.Б нь бусадтай бүлэглэж болон ганцаараа нийт 6 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдад 4.056.140 төгрөгийн хохирол учруулан “Хулгайлах” гэмт хэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан буюу  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 Шүүгдэгч Б.Ш бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцох үндэслэлтэй байна.

  2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн “Хулгайлах” гэмт хэрэгт “бүлэглэж” гэсэн шинж /гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж/ байхгүй тул дээрх нэр бүхий шүүгдэгч нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх заалтыг журамлав.

   Гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчөөс Сүхбаатар дүүргийн прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн дүгнэлт тайлбар гаргасан бөгөөд хэргийн зүйлчлэл, гэм буруугийн тал дээр маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Хоёр. Шүүгдэгч нарт хүлээлгэх  эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч нарт ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

“Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг  гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайлсан эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог төдийгүй, уг үйлдлийн гэм буруугийн хэлбэр нь санаатай хэлбэртэй байдаг онцлогтой.

 “Хулгайлах” гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар нь тухайн эд хөрөнгө өмчлөгчийн хөдлөх, үл хөдлөх хөрөнгөтэй байх, уг хөрөнгийг шударгаар олж авах, өмчлөх, өв залгамжлуулах үндсэн эрх, эрх чөлөөг зөрчсөн байдагт оршино.

 Иймд шүүгдэгч нарын “хулгайлах” гэмт хэрэгт оролцсон оролцоо, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн эсэх зэрэг эрүүгийн хариуцлагын “хөнгөрүүлэх” болон “хүндрүүлэх” нөхцөл байдал хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлагыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй байна.

Улсын яллагчаас: Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн холбогдох заалтыг журамлан шүүгдэгч Ж.Б-ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих, шүүгдэгч Б.Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, өмгөөлөгч Л.Мөнхтуяагаас: шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Ж.Б-ийг тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр, шүүгдэгч Б.Ш-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг журамлан ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авхуулахаар тус тус санал гаргажээ. 

Шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлбөр төлөгдсөн байдал, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан Ж.Б-ийг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт оногдуулах ялын төрөл хэмжээний дотор буюу 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Ш-ыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дахь хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар  хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,  шүүгдэгч Ж.Бт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

Шүүгдэгч Ж.Б-ийг 2020 оны 10 сарын 05-ны өдрөөс эхлэн яллагдагчаар цагдан хоригдсон байх тул  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар түүний  цагдан хоригдсон 144 / нэг зуун дөчин дөрөв/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг сидиг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдлаа.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын  нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилготой, зөв амьдрах, зан төлөвшил хэвшээгүй, нөгөө талаар хохирогчоос эд хөрөнгөө хамгаалах хараа хяналт сул зэрэг нөхцөл байдлууд шалтгаалсан гэж үзэхээр байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Нэг: Шүүгдэгч Ж.Б нь бүлэглэж болон ганцаараа нийт 6 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдад 4.056.140 / дөрвөн сая тавин зургаан мянга нэг зуун дөч/ төгрөгийн, шүүгдэгч Б.Ш нь бусадтай бүлэглэж 300.000 / гурван зуун мянга / төгрөгийн  хохирол учруулснаас хохирогч Г.Бий гэрээс хулгайлан авсан 43 инчийн Тошиба зурагтыг цагдаагийн байгууллагаас олж илрүүлэн эзэмшигчид буцаан олгосон, хохирогч Ш.Уын үйл ажиллагааны орлогын бэлэн мөнгө болох 600.000 төгрөгийг шүүгдэгч нар төлж барагдуулсан болох нь  хохирогч Ш.Уын “Б, Ш нараас хохирлоо барагдуулсан нь үнэн. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөхийг хүсье” гэх баримтаар тогтоогдож байх тул хохирогч  Г.Б, Ш.У нарт төлөх төлбөргүй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.Б-өөс 3.074.000 /гурван сая далан дөрвөн мянга  / төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Г.Б-д 216.000 / хоёр зуун арван зургаан мянга / төгрөг, хохирогч Ө.Т-д 880.000 /найман зуун наян мянга/ төгрөг, хохирогч Х.А-д 430.000 /дөрвөн зуун гучин мянга/ төгрөг, хохирогч Б.М-д 1.008.000 /нэг сая найман мянга/ төгрөг, хохирогч Ө.О-д 540.000 /таван зуун дөчин мянган/ төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэж, шүүгдэгч Б.Ш-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1. 5. 6. 8, 36.2 дугаар зүйлийн 1.2.3.4,  36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2  дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б овогт Ж.Б-ийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах  гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Боржигон овогт Б.Шыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ж.Бийг  2  /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3. 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д  зааснаар шүүгдэгч Б.Шт шүүхээс тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

          5. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн  бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш нь шүүхээс үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд гэмт хэрэг үйлдсэн бол албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

7. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бийн гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 144 /нэг зуун дөчин дөрөв/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.Б-өөс 3.074.000 /гурван сая далан дөрвөн мянга  / төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Г.Б-д  216.000 / хоёр зуун арван зургаан мянга / төгрөг, хохирогч Ө.Т-д 880.000 /найман зуун наян мянга/ төгрөг, хохирогч Х.А-д 430.000 /дөрвөн зуун гучин мянга/ төгрөг, хохирогч Б.М-д 1.008.000 /нэг сая найман мянга/ төгрөг, хохирогч Ө.О-д 540.000 /таван зуун дөчин мянга/ төгрөгийг тус тус олгож,

Шүүгдэгч Б.Ш нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.  

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 3 ширхэг сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч Б.Ш нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

11. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

          12. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Б.Ш-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.ДАРЬСҮРЭН