Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 00416

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд 1980 онд төрсөн, 37 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 4 дүгээр багт оршин суух, РВ80021209 дугаар регистртэй, Харнууд овогт Доржийн Баярсайханы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд 1989 онд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 1 дүгээр багт оршин суух, РП89101112 дугаар регистртэй, Бархас овогт Баасанжавын Отгонбаатарт холбогдох

Хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 155/2017/00056/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, нэхэмжлэгч Д.Баярсайхан, хариуцагч Б.Отгонбаатар нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Баярсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б.Отгонбаатартай 2009 онд танилцан үерхэж байгаад 2010 оны 7 дугаар сарын 21-ний өдөр охин Анужинг төрүүлсэн. Намайг жирэмсэн болсон талаар мэдэж байсан. Охин минь одоо 6 настай, 1 дүгээр ангид сурдаг. Бага насандаа зүгээр байж байгаад нэгдүгээр ангид ороод тархины өвчтэй болсон. Одоо байнга л эмнэлгээр явдаг. Мөн би элэгний хоргүй хавдартай гэсэн оноштой болсон. Хүүхдүүдийн хамт амьдардаг учир охин Анужингийн эцгээс дэмжлэг авахаас аргагүй байдалд хүрсэн. Б.Отгонбаатартай ярилцаад хүүхэд эмчилгээнд явсан учир 1.400.000 төгрөг авсан нь үнэн. Тухайн мөнгийг  хүүхдийн тэтгэлэгт оруулан тооцно гэснийг зөвшөөрч байна. Иймд охин Б.Анужингийн эцэг Б.Отгонбаатар мөн болохыг тогтоож, хуулинд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Отгонбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2009 онд танилцаж байсан боловч тийм дотно харилцаатай байгаагүй холбоо тасарсан бөгөөд хүүхэдтэй болсон гэж мэдээгүй. Надад өнгөрсөн хавар хүүхэдтэй болсон, 6 настай гэж хэлсэн. Бид тус тусдаа амьдралтай учраас шүүхийн байгууллагад хандалгүйгээр хүүхдийн тэтгэлгийг тохиролцоод мөнгө өгч байя гэж хэлсэн. Тэгээд би үхэр малаа зараад 2017 оны 01 сард 1.400.000 төгрөг өгч байсан. Сар бүр 100.000 төгрөг өгч байхаар болоод шүүхэд өгсөн нэхэмжлэлээ буцааж аваач гэсэн боловч аваагүй. Нэгэнт шинжээчийн дүгнэлт гарсан болохоор Б.Анужингийн эцэг мөн гэдгийг зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлэг төлнө. Харин өмнө нь өгсөн 1.400.000 төгрөгийг хуульд заасан хэмжээгээр нь бодож хүүхдийн тэтгэлэгт оруулан тооцно гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад                  

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Баярсайхан нь хариуцагч Б.Отгонбаатарт холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Д.Баярсайхан, хариуцагч Б.Отгонбаатар нар 2009 онд танилцан, тэдний дундаас 2010 оны 8 дугаар сарын 19-ний өдөр охин Б.Анужин төрсөн болох нь зохигчийн тайлбар, Оюуны өмч, Улсын бүртгэлийн газар, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “рв10272107. Харнууд, Доржийн Баярсайханы гэр бүлд 2010/07/21-нд төрөхөд төрүүлсэн Баярсайханы Анужинг 2010/08/19-нд Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 66-рт бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа” гэх бичилттэй 00/002016 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Монгол улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...1. Хүний геномын микросателлитын D3S1358, THO1, D21S11, D18S51, D5S818, D5S818, D13S317, D7S820, D16S539, CSF1PO, Penta D, vWA, D8S1179, TPOX, FGA локусын аллелиар Б.Отгонбаатар нь Б.Анужингийн биологийн эцэг байх боломжтой байна. 2. Б.Отгонбаатар нь Б.Анужингийн биологийн эцэг байх магадлалыг тооцоолж үзэхэд 99.99 хувийн магадлалтай байна” гэх бичилттэй №2090 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудаар нотлогдож байх тул охин Б.Анужингийн төрсөн эцгээр Б.Отгонбаатарыг тогтоох үндэслэлтэй байна.   

Зохигч нь гэрлэлтээ бүртгүүлээгүй ч тэдний дундаас төрсөн охин Б.Анужин нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас эцэг Б.Отгонбаатараас сар бүр тэтгэлэг гаргуулж, охин Б.Анужинг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Мөн Б.Баярсайхан 1.400.000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг 2017 оны 01 сард авсан талаар маргаагүй бөгөөд тус мөнгийг хүүхдийн тэтгэлэгт оруулан тооцохоор тохиролцсон болно.

Хүүхдийн эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл тул нэхэмжлэгч Д.Баярсайханы  эд хөрөнгийн бус үнийн дүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Отгонбаатараас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох, мөн Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2010 оны 7 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин Б.Анужин 6 нас 9 сар хүрч байгаа тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшин 173.500 төгрөгийн 50 хувь буюу 86.750 төгрөгийг сар бүр хариуцагч Б.Отгонбаатар төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар охин Б.Анужинд сар бүр төлөх тэтгэлэг 86.750 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож, 1.041.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 29.534 төгрөгийг хариуцагч Б.Отгонбаатараас гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т зааснаар 2010 оны 7 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин Б.Анужингийн төрсөн эцэг Бархас овогт Баасанжавын Отгонбаатар  мөн болохыг тогтоосугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2010 оны 7 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин Б.Анужинг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр төрсөн эцэг Бархас овогт Баасанжавын Отгонбаатараас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

3. Хариуцагч Б.Отгонбаатарын өгсөн 1.400.000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг хүүхдийн тэтгэлэгт оруулан тооцохоор Д.Баярсайхантай тохиролцсон болохыг дурьдсугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Д.Баярсайханы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Отгонбаатараас  70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Б.Отгонбаатараас улсын тэмдэгтийн хураамж 29.534 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ОТГОНБЯМБА