| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2017/00409/И |
| Дугаар | 00409 |
| Огноо | 2017-04-11 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 00409
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Хатгал суманд 1967 онд төрсөн, 50 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, аюулгүй ажиллагааны инженер мэргэжилтэй, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, 1Б хэсэгт Цэргийн хотхоны гудамж 252Б тоотод оршин суух, РХ67041001 дугаар регистртэй, Шарнууд овогт Бат-Очирын Цэцэгдэлгэрийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн 25-5Б тоотод оршин суух, РЭ59021110 дугаар регистртэй, эрэгтэй, Хариад овогт Лхамсүрэнгийн Бөхбаярт холбогдох
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 155/2017/00282/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч Б.Цэцэгдэлгэр нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Цэцэгдэлгэр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2000 онд Л.Бөхбаяртай танилцсан. Тэгээд тэр жилээ намайг Дорнод аймаг руу хамт явж ажиллаж амьдаръя гэсэн санал тавьж би яваагүй ба 2007 онд Дорнод аймгийн Халх голын отряд руу хамт явсан. Л.Бөхбаяр нь цэргийн холбооны даргаар ажиллаж байсан. 2008 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүү Б.Отгонбилэг төрсөн. Одоо 9 настай, надтай хамт байдаг. Би өмнөх гэрлэлтээ цуцлуулаагүй байсан тул Л.Бөхбаяртай гэрлэлтээ бүртгүүлээгүй, сүүлдээ бүртгүүлэх шаардлагагүй юм байна гэж бодсон. Хамт амьдарч байх хугацаандаа их согтууруулах ундаа хэрэглэдэг, зан ааш муутай, их дарамттай байдаг байсан. Би өөрийн дагавар хүүхдүүд рүүгээ утсаар ярих гэхээр утсыг маань эвддэг, өвлийн хүйтэнд гадаа гаргаад үүдээ цоожлоод оруулахгүй үе зөндөө байсан. Тэр болгонд нь хүүхдээ дагуулан айлаар хоноглож явдаг байсан. Л.Бөхбаяр нь өнгөрсөн өвөл хүнд өвчин тусч би ирж асарч биеийг нь гайгүй болгосон. Тэр үед миний гарыг гэмтээж би Цагдаад өргөдөл өгч баривчлуулаад энэ хооронд би Улаанбаатар хот руу зугтсан. Одоо би хүүхдүүдийн хамт хөлсний байранд амьдардаг, ганцаараа хүүхдээ тэжээн тэтгэхэд хүнд байгаа тул хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шүүхэд хандсан. Хүү Отгонбилэг эцгээрээ овоглодог. Иймд Л.Бөхбаяраас хүү Б.Отгонбилэгт хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Л.Бөхбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Цэцэгдэлгэртэй 2007 оноос хамтран амьдрах болсон. Энэ завсарт 2008 онд хүү Отгонбилэг төрсөн. Энэ үед Хилийн 0257-р ангид ажиллаж байсан. Хилийн 0257-р ангиас 2012 онд тэтгэвэрт гарсан. Цэцэгдэлгэр нь надтай амьдрах хугацаандаа байнга хэлэх, хэлэхгүйгээр Улаанбаатар хот явж байдаг. Энэ хугацаандаа өөр бусадтай харьцаа тогтоож, мөнгө төгрөг хулгай хийж явдаг байсан. Хамгийн сүүлд 2015 онд Оюунбилэг прокурор дээр шалгагдаж байхдаа утасны дугаараа солиод алга болсон. Надаас өмнө 4 өөр хүнтэй хамт амьдарч өөр өөр эцэгтэй 4 хүүхэд хаяад дээд тал нь 10 жил уулзаагүй байсныг би уулзуулсан. Гэр орны бүхий л зүйлийг би зохицуулж ирсэн. Миний бие олон эмэнд дасамтгай сүрьеэ, сахарын өвчин, нурууны суулт өвчнөөр 2016 оны 08 сараас хэвтэрт орсон. Чамаас би цалин авах ёстой, чамайг би өвчтэй байхад чинь асарсан, хүүхдийн тэтгэлгийг би чамаас цалин болгож аваад чамаар тэжээлгэнэ гэж ярьдаг. Хүү Отгонбилэг нь 3-р ангид суралцдаг. Би хүүхэддээ бүх орчныг бүрдүүлж буй тул хүүхдийн тэтгэлэг төлөх боломжгүй гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Цэцэгдэлгэр нь хариуцагч Л.Бөхбаярт холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Б.Цэцэгдэлгэр, Л.Бөхбаярт нар 2000 онд танилцан, 2007 оноос хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас 2008 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүү Б.Отгонбилэг төрж, эхийн асрамжид байдаг болох нь зохигчийн тайлбар, 2008 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “Улаанбаатарт төрснийг Дорнод Халхгол төрсний бүртгэлд 2008 оны 10 дугаар сарын 13-ны өдөр бүртгэж гэрчилгээ олгосон” тухай №0000915025-71/111 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “Бөхбаяр овогтой Отгонбилэг нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төрөлжсөн сургалттай “Авьяас” сургуулийн Т.Оюун-Эрдэнэ багштай 3Б ангид суралцдаг нь үнэн” гэх бичилттэй “Авьяас” сургуулийн сургалтын менежерийн тодорхойлолт зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Хариуцагч Л.Бөхбаяр нь “...хүүхдийн тэтгэлэг төлөх боломжгүй...” гэж тайлбарласан ч зохигч гэрлэлтээ бүртгүүлээгүй ч тэдний дундаас төрсөн хүү Б.Отгонбилэг гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас эцэг Л.Бөхбаяраас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж, хүү Б.Отгонбилэгийг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
Нэхэмжлэгчийг хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас шүүгчийн захирамжаар чөлөөлсөн бөгөөд Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2008 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн хүү Б.Отгонбилэг 8 нас 7 сар хүрч байгаа тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшин 173.500 төгрөгийн 50 хувь буюу 86.750 төгрөгийг сар бүр хариуцагч Л.Бөхбаяр төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүү Б.Отгонбилэгт сар бүр төлөх тэтгэлэг 86.750 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож, нийт 1.041.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 29.534 төгрөгийг хариуцагч Л.Бөхбаяраас гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Хариуцагч Л.Бөхбаярт шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2008 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн хүү Б.Отгонбилэгийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Хариад овогт Лхамсүрэнгийн Бөхбаяраас хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д зааснаар нэхэмжлэгч Б.Цэцэгдэлгэрийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж 29.534 төгрөгийг хариуцагч Л.Бөхбаяраас гаргуулан улсын орлогод оруулсугай
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА