| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2017/0159/И |
| Дугаар | 149 |
| Огноо | 2017-04-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 149
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч А.Цэрэнханд би нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банкны нэхэмжлэлтэй, хариуцагч С.Энхболорт холбогдох зээлийн гэрээний үүрэг 1,396,718.50 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 сарын 28-ны өдөр хүлээн авч, 2017 оны 04 сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Санжмятав овогтой Энхболор нь тус банктай 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр No 254/15-н тоот “Зээлийн гэрээ” ба “Зээлийн барьцааны гэрээ”- г байгуулан 7,800,000.00 (долоон сая найман зуун мянган) төгрөгийн зээлийг сарын 1 хувийн хүүтэйгээр, 18-н сарын хугацаатай зээлж авсан билээ. Зээлдэгч нь “Зээлийн барьцааны гэрээ”-гээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлийн барьцаанд ажил олгогч байгууллагатай байгуулсан гэрээний дагуу авч буй цалин, түүнтэй адилтгах орлого, мөн Худалдаа, хөгжлийн банкны 454045678-н тоот цалингийн картын дансны орлогыг барьцаалсан юм. Өнөөдрийн байдлаар зээлдэгч нь үндсэн зээл болох 7,800,000.00 (долоон сая найман зуун мянган) төгрөгөөс 6,488,746.63 (зургаан сая дөрвөн зуун наян найман мянга долоон зуун дөчин зургаан төгрөг, жаран гурван мөнгө) төгрөг, төлбөл зохих нийт хүүгийн төлбөр 983,362.81 (есөн зуун наян гурван мянга гурван зуун жаран хоёр төгрөг, наян нэгэн мөнгө) төгрөгөөс 902,397.68 (есөн зуун хоёр мянга гурван зуун ерэн долоон төгрөг, жаран найман мөнгө) төгрөгийг тус тус төлсөн байна. Зээлдэгч С.Энхболорд “Зээлийн гэрээ”-гээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж буй талаар сануулж, зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөх бодит боломжийг олгон, хугацаа өгсөн боловч өгөгдсөн хугацаанд үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлж барагдуулаагүй бөгөөд зээлийн гэрээний хугацаа дууссан болно. Зээлдэгч С.Энхболор нь цалингийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүйгээс 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд: Үндсэн зээлийн үлдэгдэл 1,311,253.37 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 67,470.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 13,494.19 төгрөг, нотариатын төлбөр 4,500.00 төгрөг, нийт 1,396,718,50 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч С.Энхболороос үндсэн зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 1,396,718.50 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,297.50 төгрөгийг тус тус гаргуулж Худалдаа, хөгжлийн банкинд олгохоор шийдвэр гаргаж өгнө үү. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагчийн эд хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг албадан хангуулах тухай шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү гэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг, 132-18 тоотод оршин суух Сант овогт Санжмятавын Энхболор /РД:ЙИ89062506/ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Худалдаа хөгжлийн банкнаас 2015 оны 06 сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 7,800,000 төгрөгийг зээж авсан. Худалдаа хөгжлийн банкны нэхэмжилсэн 1,396,718.50 төгрөгийг төлж барагдуулна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк нь хариуцагч С.Энхболорт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 1,396,718.50 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч С.Энхболор нь нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банктай 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр No 254/15-н тоот “Зээлийн гэрээ” ба “Зээлийн барьцааны гэрээ”- г байгуулан 7,800,000.00 төгрөгийн зээлийг сарын 1 хувийн хүүтэй 18 сарын хугацаатайгаар цалингийн зээлийн бүтээгдэхүүнээр авсан байх ба зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, болох нь нэхэмжлэл, зээлийн гэрээний хуулбар, хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан гэрээ байгуулагдсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Энхболор нь нэхэмжлэлийн шаардлага 1,396,718.50 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна. Энэ нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банкны нэхэмжлэлтэй, хариуцагч С.Энхболорт холбогдох зээлийн гэрээний үүрэг 1,396,718.50 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч С.Энхболор нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 37,298 төгрөгийн 50 хувь болох 18,649 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 18,649 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч С.Энхболорос улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 18,649 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЦЭРЭНХАНД