Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 1003

 

 

Ц.Цэрэндоржийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 184/ШШ2017/00496 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ц.Цэрэндоржийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Н.Нэмэхбаярт холбогдох

 

Тээвэрлэлтийн гэрээний үүрэгт 9 249 419 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гармаагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ц.Цэрэндорж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гармаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Цэрэндорж нь 2015 оны 6 дугаар сард хариуцагч Н.Нэмэхбаяртай 1 тонн/км-ыг нь 150 төгрөгөөр тооцон Дорнод аймгаас Нийслэлийн Багануур дүүрэг хүртэл төмөр замын ган рейлс төмөр зөөх ажил хийхээр болсон. Нийт 44 909 450 төгрөгийн ажил хийсэн ба сэлбэг болон бараа материалаар нийт 24 780 000 төгрөг авснаас түлшний мөнгө болох 11 783 231 төгрөгийг хасаад 8 346 219 төгрөгийг надад өгөх ёстой байсан. Гэтэл Н.Нэмэхбаяр нь энэ тооцооноос 4 ширхэг дугуйны үнийг суутган тооцсон нь үндэслэлгүй бөгөөд даац хэтрүүлэн ачсанаас үүдэлтэй байж болох эрсдэл гэж үзэж байна. Миний хувьд өөрийн чиргүүлээ хариуцагчид 5 000 000 төгрөгөөр зарж, түүний чиргүүлтэй холбон ачаанд явсан бөгөөд ашгийн 40 хувийг түүнд өгөх, 60 хувийг өөрөө авахаар тохирсон зүйл байхгүй. 2015 оны 11 дүгээр сараас 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл автобус унааны зардал 320 000 төгрөг, зээлийн хүүд төлсөн 335 200 төгрөг, 1 ширхэг аккумляторын үнэ 250 000 төгрөг, нийт 9 249 419 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Нэмэхбаяр нь өөрийн үүсгэн байгуулсан “Суварна” ХХК-ийн нэрээр “Монголиан рейлвэй корпорейшн” ХХК-тай Дорнод аймгаас Багануур дүүрэг хүртэл 25 метр урттай төмөр замын рейлс тээвэрлэхээр 15/10 тоот гэрээ байгуулсан. “Монголиан рейлвэй корпорейшн” ХХК нь иргэнтэй гэрээ байгуулахгүй компанитай гэсэн тул нэхэмжлэгч гэрээ байгуулах боломжгүй байсан. Гэрээний үүргээ биелүүлэхийн тулд 2015 оны 6 дугаар сарын 06-ны өдөр БНХАУ-аас 3 ширхэг тус бүр нь 25 метр сунадаг чиргүүл авахаар очсон боловч байгаагүй тул 1 ширхэг бэлэн байсан чиргүүлийг худалдан авч Ц.Цэрэндоржийн автомашинаар чирүүлэн Дорнод аймаг руу явуулсан, чиргүүл хүргүүлсний төлбөрт 800 000 төгрөгийн шатахуун хийж өгсөн. Худалдаж авсан чиргүүлийн урт заасан нөхцөлд хүрэхгүй байсан тул Ц.Цэрэндоржийн хуучин чиргүүлийг 5 000 000 төгрөгөөр худалдан авч чиргүүлдээ залган зассан. Дорнод аймгаас Багануур дүүрэг хүртэл төмөр замын рейлс зөөх ажилд Ц.Цэрэндорж нь миний чиргүүлийг чирээд өөрийн автомашинаар явсан бөгөөд зөөсөн ачааны орлогоос нэмэгдсэн өртгийн албан татварт 10 хувь, шатахууны зардал болон чиргүүлтэй холбогдон гарсан зардлыг хасаад 60 хувийг нэхэмжлэгч, 40 хувийг нь Н.Нэмэхбаяр авахаар амаар тохиролцсон.

84-81 ТЧ улсын дугаартай улаан өнгийн чиргүүлийг чирч төмөр замын рейлс төмөр зөөхөөр болсон бөгөөд эхний явалт дээр 2 дугуй шатаасан тул 2 шинэ дугуй тавьж өгсөн, 3 дахь удаагийн явалт дээр дахин 2 шинэ дугуй тавьж өгсөн. Ц.Цэрэндорж нийт 8 удаагийн явалтаар 512,5 тонн рейлс төмөр зөөсөн бөгөөд 40 700 000 төгрөгийн орлого олсон, үүнээс татварт 4 070 000 төгрөг, шатахууны зардал 11 800 000 төгрөг, дугуйны зардал 3 500 000 төгрөгийг хасч, гарсан ашгаас 60 хувиар тооцоход түүнд ногдох ашиг 12 840 000 төгрөг болсон. Энэхүү 12 870 000 төгрөг дээр Замын-Үүдээс чиргүүл татуулсан 2 удаагийн тээврийн төлбөр 3 600 000 төгрөг, хуучин чиргүүлийг худалдаж авсан 5 000 000 төгрөг нэмээд 21 440 000 төгрөг өгөхөөр тооцоо гарсан. Энэхүү өглөгөөс Ц.Цэрэндоржийн автомашинд авч өгсөн сэлбэгийн зардалд 2 660 000 төгрөг, бусад бараа материалаар өөрт нь өгсөн 2 480 000 төгрөг, бэлэн болон дансаар шилжүүлсэн 20 060 000 төгрөг, нийт 25 210 000 төгрөгийг өгсөн бөгөөд илүү 3 760 000 төгрөг шилжүүлсэн тул нэхэмжлэгчид төлөх ямар нэгэн өр төлбөргүй гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Нэмэхбаяраас 5 686 219 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Цэрэндоржид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 563 200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158 954 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 105 930 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гармаа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй байна. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй. Учир нь "Суварна" ХХК-ийг төлөөлж захирал Н.Нэмэхбаяр болон Ц.Цэрэндорж нарын хооронд "Суварна" ХХК-ийн өмчлөлийн чиргүүлийг ашиглахтай холбоотой харилцаа үүссэнийг шүүх анхаарч үзээгүй, амаар тохиролцсон гэрээний зүйл болох Ц.Цэрэндоржийн үйл ажиллагаанд ашигласан чиргүүл нь "Суварна" ХХК-ийнх гэдгийг тодруулж үзээгүй. Н.Нэмэхбаярын өмчлөлийн хөрөнгө биш байхад Н.Нэмэхбаяраас төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Шүүх хариуцагчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлд зааснаар хариуцагчийн зүгээс хариу тайлбар гаргах үед “Суварна” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, “Суварна” ХХК болон “Монголиан рейлвэй корпорейшн” ХХК нарын хооронд байгуулагдсан төмөр замын рейс төмөр тээвэрлэх гэрээ зэрэг баримтыг өгөхөд шүүгчийн туслах иргэнд холбогдуулан нэхэмжлэл гаргасан байхад компанийн баримт бичиг хэрэгт хамааралгүй мэтээр тайлбарлан хүлээн авахаас татгалзсан. Иргэний хэргийг үнэн зөв шийдвэрлэх үндсэн нөхцөл бол тухайн маргаантай холбоотой үйл баримт буюу бодит үнэнийг нотолгооны хэрэгсэлд үндэслэн тогтоох явдал юм. Гэтэл шүүх бодит үнэнийг тогтоохын тулд хэргийн байдлыг нотлох баримтад үндэслэн тал бүрээс нь бодитойгоор бүрэн шинжлэх ёстой байтал өөрийн эрх хэмжээг хэтрүүлэн хариуцагчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

            Нэхэмжлэгч Ц.Цэрэндорж нь хариуцагч Н.Нэмэхбаярт холбогдуулан тээвэрлэлтийн гэрээний үүрэгт 9 249 419 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талууд 2015 оны 6 дугаар сард амаар тохиролцож, нэхэмжлэгчийн автомашинаар Дорнод аймгаас Багануур дүүрэг хүртэл төмөр замын ган рейлс төмөр тээвэрлүүлэх, тээврийн хөлсийг 1 тонн/км-ыг 150 төгрөгөөр тооцохоор хариуцагчтай тохирчээ.

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасан ачаа тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүссэн талаар хийсэн шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

 

Талууд төмөр замын ган рейльс төмөр 8 удаа тээвэрлэсэн, уг тээврийн хөлс болон автомашины чиргүүл 2 удаа татуулсан, чиргүүл худалдсан талаар маргаагүй, харин ачаа тээвэрлэхэд гарсан зардал, тооцооны хувьд маргажээ.

 

Нэхэмжлэгч Ц.Цэрэндорж нь Дорнод аймгаас Багануур дүүрэг хүртэл төмөр замын ган рейлс төмрийг 8 удаа тээвэрлэсэн хөлс 40 743 750 төгрөг, Замын-Үүд сумаас Дорнод аймаг руу 2 удаа автомашины чиргүүл татуулсан хөлс 3 600 000 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварт 4 434 300 төгрөгийг хасч, хариуцагчид чиргүүл худалдсан 5 000 000 төгрөгийг нэмж нийт 44 909 450 төгрөгийн ажил хийсэн гэж тооцоо гаргасныг хариуцагч үгүйсгэхгүй байна.

 

Дээрх тооцооноос хариуцагч Н.Нэмэхбаяр 20 065 000 төгрөгийг нэхэмжлэгч Ц.Цэрэндоржид бэлнээр өгсөн, мөн хариуцагч Н.Нэмэхбаяр 11 783 231 төгрөгийн шатахуун нэхэмжлэгч Ц.Цэрэндоржийн автомашинд хийсэн талаар талууд маргасангүй.

 

Хариуцагч сэлбэг материал түүн дотор дугуйг нэхэмжлэгчид шилжүүлэн өгсөн нь 8 645 000 төгрөг /2 660 000+2 485 000+3 500 000/ болсон, ашиг алдагдлаа 40:60 гэсэн хэмжээгээр хуваахаар тохирсон гэх тайлбарыг гаргасан боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй болно.

 

Нэхэмжлэгч нь 4 715 000 төгрөгийн сэлбэг хэрэгсэл хүлээн авснаа зөвшөөрсөн хэмжээнд тооцох үндэслэлтэй боловч шүүх сэлбэг хэрэгсэл болон дугуйн үнэд 2 660 000 төгрөгийг хасч тооцсонд нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул талуудын зарчмыг үндэслэн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас гэрээний үүрэгт холбогдох 8 346 219 төгрөгөөс 2 660 000 төгрөгийг хасч 5 686 219 төгрөгийн хэмжээгээр нэхэмжлэлийг шүүх хангасан нь зөв болжээ.

 

 Харин нэхэмжлэлийн шаардлагаас гэрээнээс учирсан хохирол болох автобус унааны зардал 320 000 төгрөг, зээлийн хүүд төлсөн 335 200 төгрөг, аккумуляторын үнэ 250 000 төгрөг нэхэмжилснийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ баримтаар нотлоогүй гэж дүгнэсэн нь хуульд нийцжээ.

 

Хариуцагч Н.Нэмэхбаяр нь өөрийн үүсгэн байгуулсан “Суварна” ХХК-ийн нэрээр “Монголиан рейлвей корпорейшн” ХХК-тай төмөр замын рейлс тээвэрлэх гэрээг байгуулж улмаар Ц.Цэрэндоржтой “Суварна” ХХК-ийн нэрээр тээвэрлэлтийн гэрээг байгуулсан, “Монголиан рейлвэй корпорейшн” ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татварын падаан бичүүлэх тул иргэнтэй гэрээ байгуулах боломжгүй байсан гэх тайлбараа баримтаар нотлоогүй тул хариуцагч биш гэх түүний давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

 

Мөн хариуцагч “Суварна” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, “Суварна” ХХК болон “Монголиан рейлвэй корпорейшн” ХХК-иудын хооронд байгуулагдсан төмөр замын рейлс төмөр тээвэрлэх гэрээг шүүхэд өгснийг шүүгчийн туслах хүлээн авахаас татгалзаж, хариуцагчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан, ноцтой зөрчсөн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 184/ШШ2017/00496 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105 930 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

 

                                         ШҮҮГЧИД                                      С.ЭНХТӨР

 

                                                                                              Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ