Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 159

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Т.Ч

Хариуцагч: Г.А

Хоёр хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.*******, хариуцагч Г.*******, нарийн бичгийн дарга Ц.Үрлэнцэцэг нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Т.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Т.******* миний бие 2009 онд *******тэй гэр бүл болон хамт амьдарсан. Бид охин А.*******г 2011 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төрүүлсэн. Гэтэл нөхөр маань хэрэгт холбогдон 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял эдлэхээр явсан. Г.******* нь ял эдлэхээр явахдаа гэр, машинаа зараад намайг 3.300.000 төгрөгийн зээлтэй үлдээгээд явсан. Би зээлээ төлж дуусгаад охиноо өсгөж эцэг, эхийн тусламжаар гэр оронтой болж нөхрөө хүлээн хэдэн жил болсон. Г.******* ялаа эдэлж гарч ирээд охин бид хоёрыг хаяж өөр эхнэртэй болсон байсан. 2014 оны сүүлээр Г.******* надтай уулзаж охиноо бодъё гэхээр нь дахин гэр бүл болон амьдарч хүү А.ийг 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төрүүлсэн. Бид манай суманд хамт амьдарч ажил хийж байснаа болиод өндөр цалинтай ажил хийнэ гээд Ханбогд сум руу явсан боловч зангаа хувирган дахин эхнэр авсан билээ. Би бага насны хоёр хүүхэдтэй, тэднийг харах хүнгүйгээс ажил хийх боломжгүй амьдрахад хэцүү байна. Иймд хүү, охин хоёртоо Г.*******ээс тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Бид гэрлэлтийн баталгаагүй болно гэжээ.

Нэхэмжлэгч Т.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага хэвээрээ. Нэмж гаргах тайлбаргүй. Том охин 5 натай, бага хүү 1 ой 6 сартай. Гурвантэс суманд ээж, ааваасаа тусдаа өөрийнхөө гэрт амьдардаг. Том охин цэцэрлэгт байгаа, дараа жил нэгдүгээр ангид орно. Бага насны хүүхэдтэй болохоор ажилгүй, гэртээ байдаг. Ээж ааваасаа тусламж авч л амьдарч байна. Ээж аав бас ажилгүй, гэртээ байдаг болохоор ер нь хэцүү л байдаг.  Г.******* охиноо 8 сартай байхад хүмүүжихээр яваад 4 настай байхад нь ирсэн.  Бага хүүхдээ төрөхөд нь хамт байсан, 6 сар хүртэл нь хамт амьдарсан. Энэ хүн өөрөө ажил хийнэ гэж яваад ирээгүй, өөр эхнэр авсан байсан. Тэгээд одоо эргээд сууна гэж байхгүй гэсэн. Тэгээд би хүүхдийн тэтгэлэг тогтоолгоно гэсэн чинь тогтоолго л гэсэн. Хүүхдүүд одоо том нь аавыгаа мэднэ, бага нь жоохон байсан болохоор мэдэхгүй. Тусдаа амьдарснаас хойш хүүхдүүдтэйгээ уулзаагүй. Ямар ч байсан хүүхдээ цэцэрлэг, сургуульд явахад нь хүүхдүүдийн тэтгэлэгийн мөнгөөр болгоно гэж бодож байна гэв.

Хариуцагч Г.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Т.*******тэй хамтран амьдарч байх хугацаандаа 2 хүүхэдтэй болж том охин ******* 2011 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төрж хүү 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төрсөн. Хоёр хүүхэддээ тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Одоогоор миний бие тодорхой эрхэлсэн ажилгүй байгаа тул ажил орлоготой болох хүртэл харгалзан үзнэ үү  гэжээ.

Хариуцагч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хоёр хүүхэд миний хүүхдүүд мөн. Тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна. Өмнө нь би өөртэй нь ярьж үзсэн. Энэ хүн Гурвантэс сумандаа амьдрана, би наана чинь очихгүй, чи намайг яах ч юм билээ гээд над дээр ирэхгүй гэсэн. Би нэгэнт Гурвантэс суманд амьдрахгүй, Ханбогд сумандаа амьдрах болохоор салахаар шийдсэн. Би том хүүхдээ л авмаар байгаа. Хоёр хүүхэддээ тэтгэлэг төлөхгүй гэж ингэж байгаа юм биш, том хүүхдээ авлаа гэхэд би сар болгон ээжтэй нь уулзуулаад байж болно гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох нэхэмжлэл, Т.*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Эрүүл мэндийн төвийн тодорхойлолтууд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Гоёот багийн засаг даргын тодорхойлолт, Г.*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар, А.*******гийн төрсний гэрчилгээний хуулбар, А.ийн төрсний гэрчилгээний хуулбар, хариуцагч Г.*******ийн  хариу тайлбар зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч Г.*******эд холбогдуулж 2011 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төрсөн А.******* болон 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төрсөн А. нарт хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэгч Т.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж дүгнэлээ.

Т.*******, Г.******* нар нь гэрлэлтээ батлуулалгүй гэр бүл болон хамтран амьдрах хугацаанд 2011 оны 02 дугаар сарын 25-ны өдөр  охин А.*******, 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүү А. нарыг төрүүлсэн болох нь зохигчдын тайлбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын эрүүл мэндийн төвийн тодорхойлолт зэргээр тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар шүүх Т.*******ийн нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эхийн хэн аль нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эцэг эхээрээ тэжээн тэтгүүлэх эрхтэй. Иймд хариуцагч Г.*******ээс хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулан хүү А.*******, А. нарыг сар бүр тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна. Хүүхдийн тэтгэлгийн хуульд заасан хэмжээ нь тухайн тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээнээс хамааран тогтоогддог болно.

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар хүүхэд нь эцэг эхийн хэн нэгнээс тусдаа амьдрах тохиолдолд тэдэнтэй хүссэн үедээ уулзах эрхтэй байх тул охин А.*******, хүү А. нарыг хүссэн үед нь үүлзаж байхыг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн нотлох баримтаар ирүүлсэн хүүхдийн төрсний гэрчилгээ нь иргэний гэр бүлийн байдлыг бүртгэх байгууллагаас олгогдож, тухайн байгууллагын тамга, албан тушаалтны гарын үсгээр баталгаажсан ба уг төрсний гэрчилгээний хуулбар нотариатчаар гэрчлэгдсэн буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангасан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын эрүүл мэндийн төвийн тодорхойлолтоор зохигчдын охин А.*******, хүү А. нар нь одоо эхийн асрамжинд амьдарч, эрүүл бойжиж байгаа болохыг нотолсон баримт болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулан улсын төсөвт оруулах үндэслэлтэй байна. Улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тогтоохдоо нэхэмжлэлийн үнийн дүнгээс тооцох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн үнийг “тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлд уг тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүн”-гээр тодорхойлно. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.*******ийн төлөх хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тухайн хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар сар бүр төлнө. Хүн амын амьжиргааны доод түвшингийн хэмжээг Үндэсний статистикийн хорооноос тогтоодог бөгөөд тус хорооны 2017 оны тогтоолоор Өмнөговь аймагт хүн амын амьжиргааны доод түвшингийн хэмжээг 166.200 төгрөг байхаар тогтоожээ. Үүнээс дүгнэвэл хариуцагч Г.******* нь  А.*******, А. нарт сар бүр тус тус 166.200 төгрөгийн 50 хувь болох 83.100 төгрөгийг тэтгэлэгт төлөхөөр байна. Нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлвол жилд 2 хүүхдийн 1.994.400 төгрөг төлөх ба Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч уг дүнгээс тооцож 46.860 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлөхөөр байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага бүрэн хангагдсан тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар нөхөн төлүүлөх бөгөөд хариуцагч Г.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 48.860 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Өмнөговь аймаг Ханбогд сум Жавхлант баг Хөөвөрийн 12 дугаар гудамжны 2 тоотод оршин суух хаягтай, одоо Ханбогд сум Товон 3 дугаар гудамжны 1 тоотод оршин суух ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар: *******/-ээс 2011 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төрсөн А.*******,  2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төрсөн А. нарт 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г.******* нь зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй бол хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд мэдэгдсүгэй.

3. Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар 2011 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин А.*******, 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү А. нарыг хүссэн үед нь уулзаж байхыг эцэг Г.*******эд даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн 41 дүгээр 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.******* нь улсын тэмдэгтийн хураамжинд 48.860 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.*******ээс 48.860  төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Л.УГТАХБАЯР