Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
Хэргийн индекс | 186/2021/0122/Э |
Дугаар | 2021/ШЦТ/146 |
Огноо | 2021-03-03 |
Зүйл хэсэг | 11.6.2., |
Улсын яллагч | А.Нямсүрэн |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 2021/ШЦТ/146
2021 03 03 2021/ШЦТ/146
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав,
улсын яллагч А.Нямсүрэн,
шүүгдэгч Э.Л /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Л-д холбогдох эрүүгийн 2111 00000 0074 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1992 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хөдөлгүүрийн инженер мэргэжилтэй, “Акума центр”-т авто механикч ажилтай, ам бүл 3, хүүхэд, дүүгийн хамт дүүргийн дугаар хороо, тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,
Э.Л, регистрийн дугаар / /.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Э.Л нь 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 22 цагийн орчимд, 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 02 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 3 дугаар гудамжны 274 тоот гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хамтран амьдрагч Э.Доржпүрэвтэй маргалдаж, толгой, нүүрэн тус газар нь цохих, боож унагаах, үснээс нь зулгаах зэрэг үйлдлүүдээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Л нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Э.Доржпүрэвийн “...2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 20 цагийн үед Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 3-274 тоотод гэртээ байхдаа намайг байшингийн дээд давхарт өрөөндөө сууж байхад хамтран амьдрагч Э.Л орж ирээд хэнтэйгээ чатлаад байгаа юм гээд миний толгойны орой хэсэг рүү нэг удаа цохьсон тэгэхээр нь чи юундаа хүний толгой руу цохиод байгаа юм бэ гээд буцаагаад зүүн гарынх нь булчин хэсэг рүү нь нэг удаа цохьсон тэгсэн хамтран амьдрагчийн 4 настай охин уйлаад байхаар нь чимээгүй бай гэж хэлсэн чинь Э.Л намайг боож түлхэж унагаасан. Мөн 02 цагийн үед орондоо эргэж хараад миний зүүн нүдний орчимд гараараа нэг удаа цохьсон мөн нүд рүү дахиад нэг цохьсон тэгэхээр нь би нүд рүү нь 2 удаа цохьсон тэгээд намайг өрөөнөөс чирч гаргаад намайг боогоод үснээс зулгаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 8 дугаар хуудас/,
Шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 675 дугаартай “...Э.Доржпүрэвийн биед зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Э.Л-ын яллагдагчаар өгсөн “...2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 20 цагийн үед Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 3-274 тоотод гэртээ хамтран амьдрагч Доржпүрэв болон охины хамт байж байсан. Уг өдөр миний төрсөн охин уг салсан эхнэртэй хамт амьдардаг юм. Тэгээд энэ өдөр манай гэрт ирсэн байсан болохоор Доржпүрэв дургүйцээд дуугаа хураачхаад байхаар нь амьхандаа арагдах гээд Доржпүрэвийг 2 давхрын орны урд сууж байхаар нь очоод хайраа хэнтэй чатлаад байгаа юм гэхэд өөдөөс чамд ямар хамаатай юм гээд намайг, цохиод байсан мөн тухайн үед 4 настай манай охин ааваа тоглоё гэх зэргээр дугараад байхад нь Доржпүрэв миний охиныг дугуй байгаач гээд би битгий охин луу орилоод бай гэж хэлээд ор луу түлхсэн чинь босож ирээд өөдөөс цохиод янз бүрийн доромжилсон үг хэлээд байхаар хүүхдийн хажууд хэрэлдээд яах вэ гэж бодоод 2-лаа гаръя гэж хэлээд гараас нь татаад гаргах гэсэн чинь чиний хүүхэд надад ямар хамаатай юм гээд байхаар ганаас татаад 2 давхрын коридорт гаргах гээд угз татсан чинь газарт уначихсан тэгээд л босож ирээд орилж, чарлаад байхаар нь буцаад охиныхоо байсан өрөө рүү би орсон чинь хойноос орж ирээд л үгээр ирээд л намайг цохиод байхаар нь би чимээгүй тэвчээд л охиндоо аав нь Доогий аниатай нь тоглож байгаа юмаа гэж тайлбарлаж хэлээд л удахгүй зүгээр болсон. Тэгээд 2021 оны 01 дүгээр сарын 12-ны үүрийн 02 цагийн үед байхаа орондоо орчихсон охин луугаа хараад унтаж байхад Доржпүрэв нуруу талаас 2 гараараа хүзүүг боож татаад байхаар нь гарыг авах гээд л эхнийх дээрээ санаандгүй гарыг нь тавиулах гээд тохойгоороо нүд рүү нь цохчихсон юмаа тэгээд дахиад намайг чанга боогоод байхаар нь гарыг нь тавиулах гээд дахиад тохойгоороо цохичихсон юмаа тэгээд л Доржпүрэв миний нүд рүү цохичихлоо би цагдаагийн байгууллагад дуудлага өгнө гээд цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 41/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 43/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх 23/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх 26/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 27 дугаар тогтоол /хх 64/, хохирогч, шүүгдэгч нарын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 62-63/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Э.Л нь 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 22 цагийн орчимд, 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 02 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 3 дугаар гудамжны 274 тоот гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хамтран амьдрагч Э.Доржпүрэвтэй маргалдаж, толгой, нүүрэн тус газар нь цохих, боож унагаах, үснээс нь зулгаах зэрэг үйлдлүүдээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Э.Доржпүрэвийн мэдүүлэг /хх-ийн 8 дугаар хуудас/, шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 675 дугаартай дүгнэлт /хх-ийн 13-14 дүгээр хуудас/, шүүгдэгч Э.Л-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 55-56 дугаар хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч Э.Доржпүрэв нь “..Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч Э.Л-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Иймд шүүх шүүгдэгч Э.Л-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял шийтгэв. Ингэхдээ хуульд заасан торгох ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгчийн гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзав.
Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Л-д оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.
Шүүгдэгч Э.Л нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.Л-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Л-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Л-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Л нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Э.Л нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Л-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ