Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 2021/ ШЦТ/30

 

 

 

 

 

 

 

 

    2021         01         04                                    2021/ШЦТ/30

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч И.Ариунсанаа,

шүүгдэгч Б.О,  

нарийн бичгийн дарга Б.Мөнхтөр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Боржигон овогт Б.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2011016691077 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 15-536 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй. Боржигон овогт Б.О

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч Б.О нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.О нь 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дэнжийн 15-536 тоот гэртээ төрсөн дүү  хохирогч Ц.Бямбасүрэнтэйгээ маргалдаж, улмаар түүний нүүр рүү нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь “...зүүн шанаа, зүүн хацар, зүүн гарын 2,3 дугаар хурууны зулгаралт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүү, баруун, зүүн бугалганы цус хуралт, баруун сарвууны зулгаралт, цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- хохирогч Ц.Бямбасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... Би 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо 15-536 тоотод байрлах гэртээ байж байтал эгч гаднаас орж ирээд байж байгаад над руу “Чи яагаад ээжээс мөнгө аваад байгаа юм бэ” гээд элдэв бусаар намайг хараагаад доромжлоод байхаар нь би “...адилхан авдаг юм байж чи юунд уурлаад байгаа юм” гэж хэлээд би үсдээд авсан чинь эгч миний үснээс татаад нүүр лүү гараараа цохисон юм, тэгээд хэсэг зодолдож байгаад салаад би цагдаагийн байгууллагад хандах болсон юм. Миний баруун талын нүдний дээд талаар шалбарсан толгойн баруун хэсгээр үс халцарсан байсан. Тухайн гэмтлийг манай эгч надад учруулсан, өөр хүн байгаагүй. Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 8х/,

                  - шинжээчийн 10945 дугаартай “...Ц.Бямбасүрэнгийн биед зүүн шанаа, зүүн хацар, зүүн гарын 2,3 дугаар хурууны зулгаралт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүү, баруун, зүүн бугалганы цус хуралт, баруун сарвууны зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 16х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч Б.Оийн өөрийн төрсөн дүү хохирогч Ц.Бямбасүрэнтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар харилцан зодолдож хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэлд нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Тус хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд байхад хохирогч Ц.Бямбасүрэн өөрт учирсан хохирлын талаар “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэж мэдүүлсэн нь хавтас хэрэгт бичгийн баримтаар авагдсан тул шүүгдэгч Б.Оийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Б.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль болон шударга ёсны зарчимыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохиролын шинж чанар, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, бусдад төлөх төлбөргүй, эмэгтэй болох хувийн байдлыг нь тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан шаардлагыг хангасан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан оногдуулах ялаас чөлөөлж шүүх шийдвэрлэв.  

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

              1. Шүүгдэгч Боржигон овогт Б.О хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан Б.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлсүгэй.

 

3. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

5. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                                               

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ            С.БАТГЭРЭЛ