Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 200

 

 

 

 

2017 оны 04 сарын 04 өдөр     Дугаар 156/ШШ2017/00200    Хэнтий аймаг


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 156/2017/00089/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч Э.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Мөрөн сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймгийн Мөрөн сумын Бүрээтийн 3 дугаар багт оршин суух, Хонхоо овогт Дангаагийн Дүүрэн /РД: СЭ-59012210/
Хэнтий аймгийн Хэрлэн сумын Булагийн 9-13 тоотод оршин суух, Боржигон овогт Навааншаравын Нэргүй нарт холбогдох
"10 000 000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 
  Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Намжилноров, хариуцагч Д.Дүүрэн, түүний өмгөөлөгч Б.Болортунгалаг, хамтран хариуцагч Н.Нэргүй, түүний өмгөөлөгч С.Нарангэрэл, гэрч Д.Ариунаа, Г.Бадамжав, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Энхзул нар оролцов.  

                                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Намжилноров шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Д.Дүүрэнгээс Мөрөн сумын Засаг даргын тамгын газрын худалдаж авсан тракторыг буцаан олгуулж, тракторын үнэ 10 000 000 төгрөгийг хариуцагч Д.Дүүрэнгээс гаргуулж өгнө үү. 
 Д.Дүүрэнгийн нийлүүлсэн трактор нь ямар ч үүрэг гүйцэтгэх боломжгүй болсон учраас 2016 оны 04 дүгээр сард уг трактор нь эвдэрсэн тул байгуулсан гэрээгээ цуцалж, тракторыг нь буцаан өгч 10 000 000 төгрөгийг нэхэмжилж байгаа юм. Уг эвдэрлийг гарсан талаар Д.Дүүрэн, Н.Нэргүй нарт мэдэгдэж байсан”гэв.

Хариуцагч Д.Дүүрэн болон түүний өмгөөлөгч Б.Болортунгалаг нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 
“Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг гэрээнд гарын үсэг зурж гэрээ байгуулсан боловч уг тракторын жинхэнэ эзэмшигч нь Д.Дүүрэн биш, Н.Нэргүй. Тракторыг хүлээлгэж өгсөн хүн нь ч Н.Нэргүй байдаг. 
Тракторын үнэ болох 10 000 000 төгрөг нь Д.Дүүрэнгийн дансанд орж ирсэн ч тракторын жинхэнэ эзэнд уг мөнгийг Амгалангаар дамжуулж өгсөн. Ийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа тракторын үнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.
Уг троктарын баталгаат нэг жилийн хугацаанд уг эвдрэл гарсан гэж байгаа боловч энэ тракторын эвдрэл гэмтлийг нотлох баримт хэрэгт өгөөгүй учраас энэ талаар ярих боломжгүй. Д.Дүүрэн нь уг тракторыг худалдаж авахдаа Амгалан гэдэг хүнээр дамжуулж авсан. Уг хүнд мөнгө төгрөгөө өгсөн байдаг.” гэв.

Хариуцагч Н.Нэргүй болон түүний өмгөөлөгч С.Нарангэрэл нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 
“Мөрөн сумын тамгын газрын нэхэмжлэлтэй Д.Дүүрэнд холбогдох иргэний хэрэгт  Н.Нэргүй ямар ч хамааралгүй, Мөрөн сумын тамгын газарт Д.Дүүрэнгийн өгөхөөр тохирсон тракторын эзэмшигч нь Н.Нэргүй байсан, энэ тал дээр маргаан үүсээгүй.
Д.Дүүрэн нь Н.Нэргүй дээр ирээд тракторыг чинь худалдаж авъя гээд тохиролцоод явсан. Тэгээд Дүүрэн нь Мөрөн сумын Засаг даргын тамгын газарт тракторыг худалдахаар тохиролцсон. Өөрөөр хэлбэл Д.Дүүрэн, Н.Нэргүй хоёрын дунд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан. Д.Дүүрэн Мөрөн сумын Засаг дарга хоёрын дунд дахиад өөр гэрээний харилцаа үүссэн.
 Энэ хоёр нь өөр, тус тусдаа харилцаа юм.  Д.Дүүрэн, Мөрөн сумын Засаг дарга хоёрын дундах харилцаанд Н.Нэргүй огт оролцоогүй байхад хамтран хариуцагчаар татсан нь үндэслэлгүй юм” гэв. 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан /хх 5, 6, 8 11, 12, 26/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                         ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Мөрөн сумын ЗДТГазар нь хариуцагч Д.Дүүрэнтэй байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, тракторыг буцаан өгч, үнэ 10 000 000 төгрөгөө гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч, гэрээ байгуулаагүй гэж маргаж байна.
Зохигчид 2015 оны 09 сарын 02 өдөр “ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, 10 000 000 төгрөгөөр трактор нийлүүлэх үүргийг Д.Дүүрэн, 5 000 000 төгрөгийг трактор нийлүүлэхээс өмнө, 5 000 000 төгрөгийг трактор нийлүүлсний дараа олгох үүргийг Мөрөн сумын ЗДТГазар тус тус хүлээжээ.
Гэрээний агуулгаас харахад гүйцэтгэгч гэх Д.Дүүрэн нь захиалагч гэх ЗДТГазрын буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээгээгүй байх тул уг гэрээг ажил гүйцэтгэх гэрээ үзэх боломжгүй байна. 
Харин Д.Дүүрэн “универсаль” трактор нийлүүлэх, ЗДТГ нь тракторыг  орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтаар 10 000 000 төгрөгөөр авахаар талууд тохиролцсон нь зохигчдын хуралдаан дээр гаргаж буй тайлбар болон хэрэгт цугларсан 04 дугаартай гэрээ /хх 6/, Мөрөн сумын Засаг даргын захирамж /хх 5/, трактор хүлээн авсан комиссын акт /хх 8/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна. Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэрээний үүргээ Д.Дүүрэн гэрээнд заасан хугацаанд биелүүлсэн, ЗДТГазар 2015 оны 11 сарын 23 өдөр Н.Нэргүйгээс тракторыг хүлээн авсан нь универсаль трактор хүлээн авсан комиссын акт /хх 8/ болон зохигчдын тайлбараар нотлогдсон ба нэхэмжлэгч энэ талаар маргахгүй байна.  
Универсаль трактор хүлээн авсан комиссын актад /хх 8-9/ нийлүүлэгч 2015 оны 11 дүгээр сарын 23 өдөр универсаль тракторыг бүрэн нийлүүлэв, ажлын хэсэг тракторыг шалгаж үзээд нийлүүлэгч иргэн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэв, ... чанар, өнгө үзэмж техникийн үзүүлэлт “дунд”, ЭО-2621 юмз, ногоон алаг универсаль тракторыг ажлын хэсгийн гишүүдийн 100 хувийн саналаар хүлээн авав” гэж тэмдэглэж, комиссын дарга, гишүүд зургаан хүн, хүлээлгэн өгсөн иргэн Н.Нэргүй нар гарын үсэг зуржээ. 
Зохигчдын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ нэртэй 04 дугаартай гэрээнд “универсаль трактор” гэж худалдан авах хөрөнгийн нэрийг дурдсанаас өөрөөр чанар байдлын талаар заагаагүй байгаа тул Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2-д “хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ” гэж заасны дагуу ажил хүлээлцэх комиссын актад дурдсан дунд зэргийн /өөрөөр хэлбэл үнэндээ тохирсон хуучин/, биет байдлын доголдолгүй трактор байжээ гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Хамтран хариуцагчаар татагдан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон Н.Нэргүй шүүх хуралдаан дээр “... газар шорооны ажил үүрэг гүйцэтгэж байсан, эвдрэл гэмтэлгүй трактороо Д.Дүүрэнгийн гуйснаар түүнд зарж, улмаар 2015 оны 11 сард Мөрөн сумын ЗДТГ-т өөрөө хүлээлгэн өгөхөд комисс үзэж шалгаад шаардлага хангана гэж хүлээж авсан, үүнээс хойш дугуйны обуд хагарсан гээд дуудахад нь очиж шинэ олгой өгсөн, 2016 оны 12 сард трактор ажиллахгүй байна гэхэд нь очиж үзэхэд дискны тохиргоо алдагдсан, дуутын 3 боолт байхгүй болсон байсан” гэж тайлбарласан боловч энэ нь трактор доголдолтой байсан, зориулалтаар нь ашиглах боломжгүй байсан гэдгийг нотлох баримт гэж үзэх боломжгүй юм.   
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “гэрээнээс татгалзах” гэж тодорхойлсон боловч шаардлагын агуулга, үндэслэл зэргээс худалдагч Д.Дүүрэн нь гэрээгээр хүлээсэн ямар үүргийг, хэрхэн зөрчсөн талаар болон, түүнчлэн /тракторын бичиг баримтыг шилжүүлэх гэх мэт/ үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй гэдгийг нотлох баримтыг нэхэмжлэгч шүүхэд ирүүлээгүй ба энэ талаар нотлож чадаагүй болно. 
Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т заасны дагуу гэрээнээс татгалзах, 205 дугаар зүйлийн 205.1-т зааснаар гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагаврыг арилгуулахаар шаардах эрхгүй тул Д.Дүүрэнтэй байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, тракторыг буцаан өгч, тракторын үнэ 10 000 000 төгрөг гаргуулах тухай Мөрөн сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. 
Универсаль трактор хүлээн авсан комиссын актын 1.5-д универсаль тракторын баталгаат хугацаа нэг жил гэж дурдсан боловч энэ актаар трактор хүлээлцэх үед Д.Дүүрэн байгаагүй, трактор нийлүүлэх тухай 04 дугаартай гэрээнд энэ тухай тусгаагүй, баталгаат хугацаанд эвдрэл гэмтэл гарсан, анхнаасаа трактор доголдолтой байсан зэргийг нотолж тогтоосон баримтгүй байгааг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн    27.3-т заасны дагуу шаардлагатай гэж үзээд шүүх ... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Н.Нэргүйг хамтран хариуцагчаар татан оролцуулсан боловч тэрээр маргаж буй тракторын эзний хувьд нэхэмлэгч талд тракторыг хүлээлгэж өгсөн, зохигчдын хооронд байгуулагдсан гэрээнд хамааралгүй этгээд болох нь шүүх хуралдааны явцад тогтоогдсон болно. Иймд Н.Нэргүйг хариуцагчаас чөлөөлөх боломжтой гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хэнтий аймгийн Мөрөн сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй, Д.Дүүрэн, Н.Нэргүй нарт холбогдох “10 000 000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт Н.Нэргүйг хамтран хариуцагчаас чөлөөлсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 -д заасныг баримтлан Д.Дүүрэн, Н.Нэргүй нарт холбогдох тракторыг Д.Дүүрэнд буцааж, хариуцагчаас 10 000 000 төгрөг гаргуулах тухай Хэнтий аймгийн Мөрөн сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал нь Иргэний хэрэг хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдэсүгэй.

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Э.АРИУНАА