Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 2021/ ШЦТ/32

 

 

 

 

 

 

 

 

     2021         01         04                                   2021/ШЦТ/32

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,

хохирогч Ц.Цэцэг-Очир,

шүүгдэгч Д.Г,  

нарийн бичгийн дарга Б.Мөнхтөр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Шуудай овогт Д.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2011000000985 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 08-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1975 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Завхан аймагт төрсөн, 45 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 10, эхнэр 8 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19-40в тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй. Шуудай овогт Д.Г

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч Д.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Хүчит шонхор” худалдааны төвийн орчимд ямар нэгэн шалтгаангүйгээр хохирогч Ц.Цэцэг-Очирын нүүр хэсэг рүү 2-3 удаа цохиж, шат руу түлхэж унагаан, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт, дээд уруулын салст, зүүн өвдөгт цус хуралт, баруун дээд үүдэн 1-р шүдний булгарал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- шүүгдэгч Л.Гантөгсийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...миний бие хийсэн үйлдэлдээ гэмшин байна, хохирлыг нь барагдуулах болно..." гэх мэдүүлэг /хх-ийн 28х/,

       - хохирогч Ц.Цэцэг-Очирын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр миний төрсөн өдөр болсон бөгөөд орой 22 цагийн үед манай эхнэр Жаргалмаа ажлаасаа тараад ирэхээр нь би Чингэлтэй дүүргийн 32 автобусны буудал дээрээс тосож аваад гэр лүүгээ явж байтал манай эхнэр чиний төрсөн өдөр юм чинь хоёулаа караоке оръё гэхээр нь Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороонд байх Нарантуул 2 худалдааны төвийн хажууд байх караоке орсон бөгөөд тэгсэн тухайн караоке нь хааж байхаар нь гараад явж байгаад 30 гаран насны нэг эрэгтэйтэй таарсан ба тухайн залуу та хоёр хаачих гэж байгаан гээд асуухаар нь караоке орох гэсэн хаачихлаа гэж хэлээд би эхнэрийнхээ хамт тухайн караокены доод талд нь байх караоке руу ортол араас өнөөх танихгүй 30 гаран насны эрэгтэй ороод ирсэн. Тухайн караоке дотор сууж байсан ширээн дээр ирж суугаад ах надаа нэг пиво байна, уух уу гээд гаргаад ирсэн. Тухайн залууд хандаад наад пивыг чинь энд ууж болохгүй ээ хүмүүс уурлана гэж хэлэхэд за би таны төрсөн өдөр болж байгаа юм чинь гэж хэлээд 3 шил пиво авсан. Тэгээх өнөөх залуу чинь өөрийнхөө авч явж байсан том пивоноос надаа аягалаад өгсөн ба манай эхнэр бид гурав тухайн пивыг нь хуваан ууж дуусгаад за одоо ах эгч хоёр нь ингээд явлаа гэхэд наад 3 шил пивоо уучхаач гэхээр нь болсон гэхэд тухайн залуу ах хоёулаа гараад тамхилаадах уу гээд надаас түрүүлээд гараад явчихаар нь миний бие араас нь гарах гээд караокены хаалгыг татаад онгойлготол тухайн залуу миний нүүр хэсэг рүү хоёр цохиод гадна талын шат руу түлхээд унагасан. Тэгэхээр нь тухайн залууг цагдаад өгнө гээд байж байтал манай эхнэр гарч ирээд бид 2 тухайн залууг Хүчит шонхор захын хойно байх цагдаагийн хэсэг рүү дагуулаад очсон ба хаалгыг нь тогштол онгойхгүй байхаар нь тухайн залууг тэнд нь орхиод яваад өгсөн юм. Миний 1 шүд унасан баруун талын нүд хөхөрсөн ба өвдөг болон гар хөхөрч гэмтсэн. Намайг зодсон залууг өмнө нь харж байгаагүй, 30 орчим насны ба ажлын шар куртиктэй, 170 см орчим өндөртэй, туранхай бор царайтай залуу байсан. Тухайн залуу нь манай эхнэрт утасны дугаараа өгсөн байсан утас нь 88079046 гэсэн дугаарын утас байсан. Би тухайн залууг цохиж зодсон асуудал байхгүй. Манай эхнэртэй танилцах гээд намайг цохисон гэсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 13-14х/,

- гэрч Жаргалмаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр би ажлаасаа тараад 22 цагийн үед 32 тойргийн автобусны буудал дээр автобуснаас буутал манай нөхөр Цэцэг-Очир намайг хүлээгээд зогсож байсан бид хоёр цаашаа гэр лүүгээ алхаж явж байгаад манай нөхрийн төрсөн өдөр байсан тул 1 цаг караоке ороод дуулах уу гээд нөхрийгөө даг/улаад Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороонд байх Хүчит шонхор худалдааны төвийн автобусны буудлын баруун талд байх Мойлхон караокед ороод дуу дуулаад байж байтал гаднаас цоохор өнгийн куртиктэй нэг залуу орж ирээд хамт суучих уу ах эгчээ гээд бид хоёрын сууж байсан ширээн дээр суусан ба ах эгч хоёртоо пиво авч өгнөө гэж хэлээд 3 шил пивоо бэлэн мөнгөөр аваад хуваагаад уусан юм. Тэгээд хувааж ууж дуусаад манай нөхөр за ах эгч хоёр нь ингээд явлаа гэхэд ах аа энэ ганц пивыг хажуу талын пабад ороод уух уу гээд шалаад байсан ба тухайн караокены хажууд байх нэг паб ороод нөгөө залуу нэг аймар том пиво гаргаж ирээд уух уу гээд хамт ууцгаасан. Тухайн залуу надаас эгчээ утсаар чинь ганц ярьчих уу гээд миний утсаар нэг дугаар луу залгаад би олон жоохон хүүхэдтэй энэ тэр гээд юм яриад байсан. Тэгээд манай нөхөр за ах эгч хоёр нь ингээд явлаа гэхэд ах хоёулаа гараад тамхилаадах уу гээд хамт гараад явсан юм. Тэгээд орж ирэхгүй удаад байхаар нь би гараад хартал манай нөхөр тухайн залууг бариад авчихсан зогсож байсан. Манай нөхөр Ц.Цэцэг-Очирын хамраас цус гоожчихсон үүдний 1 шүд нь уначихсан хувцас энэ тэр шороо болчихсон байсан. Тэгээд тэр залууг Дэнжийн 1000 цагдаагийн хэсэгт хүргэж өгөх гээд аваад явж байтал намайг түлхэж унагаагаад зугтсан юм... гэх мэдүүлэг /хх-ийн 18х/,

                  - шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжээчийн 10819 дугаартай ...Ц.Цэцэг-Очирын биед баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт, дээд уруулын салст, зүүн өвдөгт цус хуралт, баруун дээд үүдэн 1-р шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Нэг шүдний булгарал нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид 5% нөлөөлнө...” гэх дүгнэлт /хх-ийн 21-22х/,

                  - гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 7х/,

                  - таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 8-11х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч Л.Гантөгсийн хохирогч Ц.Цэцэг-Очирыг шалтгаангүйгээр нүүр рүү цохиж, шат руу унагаан эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл  санаатай учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Ц.Цэцэг-Очир нь шүүхийн хэлэлцүүлэгт “...гомдолтой, цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...” гэж мэдүүлсэн ба хавтас хэрэгт хохирлын талаар бичгийн баримт авагдаагүй, цаашид эмчилгээнд хэдий хэмжээний төгрөгийн зардал гарахаа тодорхойлж чадахгүй байх тул холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шүүх шийдвэрлэв.  

 

Шүүгдэгч Л.Гантөгсөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны болон шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг нийгэмшүүлэх, цээрлүүлэх зорилгоор тохирох ял оногдуулж, албадлагын арга хэмжээ авч шүүх шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

             

              1. Шүүгдэгч Шуудай овогт Д.Г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Гөд 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Гөд оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрөв /4/ цагаар хийлгэхээр тогтоож, хэрэв биелүүлэхээс зайлсхийвэл хорих ялаар солих болохыг дурдсугай. 

 

4. Хохирогч Ц.Цэцэг-Очир нь энэ гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасныг тус тус журамлан Д.Гийг 1 сарын дотор гэмт хэргийг хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах  арга хэмжээ авч, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Г урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.БАТГЭРЭЛ