Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 36

 

 

 

 

 

 

 

 

Ч.Баяндүүрэн, Н.Баатарсүх нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                                 Даргалагч,

                                      Ерөнхий шүүгч                         Б.Батзориг

                                      Шүүгчид                                   Ц.Амаржаргал                                       

                                                                                    Д.Буянжаргал

                                Оролцогчид:

                                    Прокурор                                  Л.Энхтайван

                                       Иргэний хариуцагч                   Д.Дугарсүрэн

                                       Шүүгдэгч                                     Н.Баатарсүх

                                       Шүүгдэгч нарын өмгөөлөгч     Ц.Энхтуяа

                                       Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сувд нарыг оролцуулж, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 14 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Тайж овогт Чойжингийн Баяндүүрэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт  Алаг адуу овогт Норжинжавын Баатарсүх нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1733000580037 дугаартай, 150/2018/0006/Э индекстэй, 1 хавтас хэргийг 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1960 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Завхан аймгийн Идэр суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүү нябо мэргэжилтэй, Орхон аймгийн 2 дугаар сургуулийн аж ахуйн эрхлэгч ажилтай, ам бүл 3. Эхнэр хүүхдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум 7 дугаар баг 2-29 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй гэх, Тайж овгийн Чойжингийн Баяндүүрэн, /Регистрийн дугаар ИЦ60070971/

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1970 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Завхан аймгийн Улиастай хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрмийн мастер жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3. Эхнэр хүүхдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Урт булаг баг 5-20-39 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй гэх, Алаг адуу овгийн Норжинжавын Баатарсүх, /Регистрийн дугаар ИЮ70072933/

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ч.Баяндүүрэн нь 2017 оны 09 дүгээр сарын 27 ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг Дархан-Уул аймгаас Орхон аймаг чиглэлийн авто замын 124-125 дугаар тэмдэгтэд 04-34 ОРО улсын дугаартай, Тоёота приус20 загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2 заалтыг зөрчсөнөөс , Шүүгдэгч Н.Баатарсүх нь 2017 оны 09 дүгээр сарын 27 ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг Дархан-Уул аймгаас Орхон аймаг чиглэлийн Төв авто замын 124-125 дугаар тэмдэгтэд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 12-47 ОРХ улсын дугаартай Зил 130 загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.1 а, 6.3 б, в заалтуудыг тус тус зөрчсөний улмаас иргэн Ж.Бямбасүрэн, Р.Оюун-Эрдэнэ нарын биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Анхан шатны шүүх Ч.Баяндүүрэн, Н.Баатарсүх нарт холбогдох эрүүгийн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хянан хэлэлцээд 14 дугаартай шийтгэх тогтоолоор Прокурорын яллах дүгнэлтээс шүүгдэгч Н.Баатарсүхийг Замын хөдөлгөөний дүрмийн 2.1а-д заасан заалт зөрчсөн гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, Тайж овогт Чойжингийн Баяндүүрэнг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Алаг адуу овогт Норжинжавын Баатарсүхийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний' аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ч.Баяндүүрэнг 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.500.000 / нэг сая таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан 27.10 дугаар зүйлийн 2.2-д зааснаар шүүгдэгч Н.Баатарсүхийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, тухайн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнсэж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.  

 

Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Ганбат давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолын “дээрх үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийхэд” гэсний 3 дахь хэсгийн иргэний нэхэмжлэлийн дүгнэлтийг эс зөвшөөрч иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс давж заалдах гомдол гаргаж байна. Шүүх эмчилгээний зардал болон замын зардалд нийт 625.800 зарцуулсан нь хуулийн дагуу цуглуулсан нотлох баримттай байна. Харин сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 1.000.000 төгрөг нотлогдоогүй, өмгөөлөгчийн хөлс 500.000 төгрөг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1-д заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал биш тул гаргуулах хуулийн үндэслэлгүй гэж үзэж дүгнэлт гаргаж байгаа нь хуулийг буруу хэрэглэж тайлбарлаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5-д зааснаар иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон. Иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө гаргаж өгсөн ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтын хэмжээнд үнэлж, нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. Сэтгэл санааны хохирол эдийн бус хохирлыг нотлох баримтын хэмжээнд тогтоох боломжгүй бөгөөд шүүх тухайн үйл явдалд дүгнэлт хийж дотоод итгэлээрээ үнэлэх боломжтой. Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолын Эрх зүйн дүгнэлтийн 3 дахь хэсэг, Тогтоох хэсгийн 6-ийн иргэний нэхэмжлэгч Б.Ариунчимэгт холбогдох хэсгүүдэд өөрчлөлт оруулан иргэний нэхэмжлэлийг хууль зүйн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

.  

Шүүгдэгч  Н.Баатарсүх давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцохдоо хэлэх тайлбар байхгүй гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Энхтуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

   Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарын хохирол болон эмчилгээний зардлыг тооцож гаргасан нотлох баримтууд нотлох баримтын шаардлага хангахгүй байсан. Иргэний нэхэмжлэгч Б.Ариунчимэгийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын хувьд өмгөөлөгчийн зардлыг гаргуулах тухай гомдол гаргасан. Дээрх асуудал нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гэж үзэж байгаа учраас маргахгүй байна. Харин хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хэргийг удаан хугацаанд шалгасан боловч хэргийг нотлох баримтын хэмжээнд бүрэн шалгаагүй, тодорхойгүй зүйлүүд байсан. Хоёрдугаарт дээрх хэрэг нь эрүүгийн хэргийн гэмт хэргийн шинжтэй эсвэл зөрчлийн шинжтэй гэмт хэрэг гэдэг дээр анхан шатны шүүхэд мэтгэлцсэн. Зам тээврийн ослын шалтгаан нь шинжээчийн дүгнэлтээр хангалттай тогтоогддоггүй. Шүүхийн хэлэлцүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч нар болох Бямбасүрэн, Оюун-Эрдэнэ, иргэний нэхэмжлэгч Б.Ариунчимэг нар шүүгдэгч Ч.Баяндүүрэнгийн буруутай үйлдлээс болж гэмт хэрэг гарсан тухай мэдүүлдэг. Гэтэл шүүх хохирогчдын мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Тэгэхээр дээрх гэмт хэрэг нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдийн тээврийн хэрэгслийг зогсоосон байхад үүссэн үү? эсвэл хариуцлагагүй, хэтэрхий болгоомжгүй байдлаас үүдэж энэ осол гарсан уу гэдэг тал дээр эргэлзээтэй байдаг. Гуравдугаарт иргэний хариуцагч Д.Дугарсүрэнгээс гаргуулсан 720.000 төгрөгийг шүүгдэгч Ч.Баяндүүрэнгээс гаргуулж хохирогч нарт олгохоор шийдвэрлээгүй орхисон байна гэв.

 

Иргэний хариуцагч Д.Дугарсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ч.Баяндүүрэн нь ослын үед гэр бүлийн хамт яваагүй, Улаанбаатараас хууль бусаар хүн тээвэрлэж явж байсан нь тогтоогдсон. Машин 1/3 нь шороон зам дээр зогссон, үзэгдэх орчин хязгаарлагдаагүй, машины хажуугаар 2 машин зөрөөд гарах багтаамжтай байсан. Гэтэл Ч.Баяндүүрэн машины гэрлээ ойрын гэрэл дээр тавьсан байснаас үүдэн осол гарсан гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар, дүгнэлтдээ:

Тухайн үед жолооч нарын буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас зам тээврийн осол гарсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар бүрэн тогтоогдож байна. Анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Ч.Баяндүүрэн нь 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг Дархан-Уул аймгаас Орхон аймаг чиглэлийн авто замын 124-125 дугаар тэмдэгтэд 04-34 ОРО улсын дугаартай, Тоёота приус 20 загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2 заалтыг зөрчсөний улмаас иргэн Ж.Бямбасүрэн, Р.Оюун-Эрдэнэ нарын биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар,

Н.Баатарсүх нь 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг Дархан-Уул аймгаас Орхон аймаг чиглэлийн Төв авто замын 124-125 дугаар тэмдэгтэд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 12-47 ОРХ улсын дугаартай Зил 130 загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.1 а, 6.3 б, в заалтуудыг тус тус зөрчсөний улмаас иргэн Ж.Бямбасүрэн, Р.Оюун-Эрдэнэ нарын биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд 14 дугаартай шийтгэх тогтоолоор Прокурорын яллах дүгнэлтээс шүүгдэгч Н.Баатарсүхийг Замын хөдөлгөөний дүрмийн 2.1а-д заасан заалт зөрчсөн гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, Тайж овогт Чойжингийн Баяндүүрэнг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Алаг адуу овогт Норжинжавын Баатарсүхийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ч.Баяндүүрэнг 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.500.000 / нэг сая таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан 27.10 дугаар зүйлийн 2.2-д зааснаар шүүгдэгч Н.Баатарсүхийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, тухайн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнсэж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна. 

 

Иргэний нэхэмжлэгч Б.Ариунчимэгийн өмгөөлөгч Н.Ганбатын гаргасан давж заалдах гомдлын дагуу Ч.Баяндүүрэн, Н.Баатарсүх нарт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:

Ч.Баяндүүрэн, Н.Баатарсүх нар нь дээрхи гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ч.Оюун-Эрдэнэ, иргэний нэхэмжлэгч Б.Ариунчимэг, иргэний хариуцагч Д.Дугарсүрэн нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд /хх-ийн 215-230-р ху/, хохирогч Ж.Бямбасүрэн /хх-ийн 72-74-р ху/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн №12503 тоот дүгнэлт /хх-ийн 25-р ху/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн №12502 тоот дүгнэлт /хх-ийн 39-р ху/, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Цагдаагийн тасгийн замын цагдаагийн албаны зохицуулагчийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №28 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 53-р ху/, Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-6-р ху/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр хуульд заасан эрүүгийн хариуцлагыг оногдуулсан, гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар хэргийн оролцогчдын зүгээс ямар нэгэн гомдол санал гаргаагүй байна.

 

Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-д “...Гагцхүү хуулиар тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө...” гэж заасан бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэл санааны хохирлын хэмжээг тодорхой тогтоосон нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул анхан шатны шүүх иргэний нэхэмжлэгч Б.Ариунчимэгт учирсан сэтгэл санааны хохирол 1.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

Хэдийгээр иргэний нэхэмжлэгч нь өмгөөлөгчтэй Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-ийн 192-р ху/ байгуулсан боловч энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй тул өмгөөлөгчийн хөлс 500.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Иргэний хариуцагч Д.Дугарсүрэн нь анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд …шүүгдэгч Ч.Баяндүүрэнд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 720.000 төгрөг өгсөн… гэсэн тайлбар гаргаж байгаа боловч энэ талаар нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул шаардлагатай нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэргийн журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй байна.

 

Түүнчлэн шүүгдэгч Н.Баатарсүх нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан 27.10 дугаар зүйлийн 2.2-д зааснаар шүүгдэгч Н.Баатарсүхийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, тухайн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй тул гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар ямар нэгэн эрх зүйн дүгнэлт хийх шааадлагагүй гэж үзсэн болно.

 

Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, иргэний нэхэмжлэгч Б.Ариунчимэгийн өмгөөлөгч Н.Ганбатын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 2-д заасны удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, иргэний нэхэмжлэгч Б.Ариунчимэгийн өмгөөлөгч Н.Ганбатын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр  оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

                                       ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

                                        ШҮҮГЧИД                        Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                         Д.БУЯНЖАРГАЛ