Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 1217

 

Г.Отгонбаярын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2017/00566 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г.Отгонбаяр,

Хариуцагч “Төрийн банк” ХХК-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нарантуяагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Дарьсүрэн,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нарантуяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний өмгөөлөгч Т.Дарьсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь “Төрийн банк” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б/1095 дугаартай тушаалаар тус банкны Дархан-Уул салбарын үндсэн ажилтнаар ажиллаж эхэлсэн. Удирдлагуудаас 2016 оны 11 дүгээр сарын дундуур “...таны өмнө ажиллаж байсан хүн шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэж орох боллоо. Таныг өөр ажилд шилжүүлэн ажиллуулах тушаал гаргаж байгаа...” гэж мэдэгдсэн боловч 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/1487 дугаартай тушаалаар Г.Отгонбаяр надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, үүрэгт ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргалаа. Ингэхдээ хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5 дахь заалтыг үндэслэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2016/00871 дугаартай шийдвэрийг биелүүлэхийн тулд Г.Отгонбаяр намайг үүрэгт ажлаас чөлөөлөн халснаар миний бие өнөөдрийг хүртэл ажилгүй байгаа бөгөөд ажил олгогчоос бололцооны өөр ажил олж өгөхөөс татгалзаад байгаа нь намайг шүүхийн шийдвэрийг биелүүлэх нэрээр ажлаас үндэслэлгүй халсан гэж үзэж байна. Иймд Г.Отгонбаяр намайг ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч болох “Төрийн банк” ХХК-д даалгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нарантуяа шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Г.Отгонбаяр нь “Төрийн банк” ХХК-тай 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 430 дугаартай, 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 734 дугаартай хөдөлмөрийн гэрээ тус тус байгуулан тус банкны Дархан-Уул салбарын захирлаар ажиллаж байсан. Тус салбарын захирлаар ажиллаж байсан С.Мөнхдалай Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 24- ний өдрийн 182/ШШ2016/00871 дугаартай шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5-д заасан үндэслэлээр гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/1487 дугаартай тушаалаар Г.Отгонбаяртай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон.

Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 16 дахь зүйлд “хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан бололцооны дагуу өөр ажил олж өгнө гэсэн заалт нь хөдөлмөрийн гэрээ нь цуцлагдаж байгаа шинээр томилогдсон ажилтны зөвшөөрлөөр, хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцэд ажлын байр байгаа нөхцөлд хэрэгжих боломжтой гэж үзнэ” гэж тайлбарласан. Иймд нэхэмжлэгч Г.Отгонбаяртай байгуулсан хөдөлмөрийн гэрээг хуульд заасны дагуу дуусгавар болгосон байх тул үндэслэлгүйгээр ажлаас халагдсан гэж үзэхгүй байна гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасны дагуу “Төрийн банк” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/1487 тоот тушаал хүчингүй байх тул нэхэмжлэгч Г.Отгонбаярыг “Төрийн банк” ХХК-ийн Дархан-Уул аймгийн Дархан-Уул салбарын захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 5 509 155 төгрөгийг хариуцагч “Төрийн банк” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч Г.Отгонбаярт олгон, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч “Төрийн банк” ХХК-д даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж хариуцагч “Төрийн банк” ХХК-иас 103 096 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нарантуяа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд дараах гомдлыг гаргаж байна. Шүүх нэхэмжлэлийг хангаж, ажилтныг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоох тухай шийдвэр гаргахдаа шийдвэрийн үндэслэх хэсэгт ямар хуулийн ямар зүйл, заалтыг үндэслэл болгосон талаар огт дурдаагүй. Нэхэмжлэгч Г.Отгонбаярын нэхэмжлэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэлд хамаарахгүй. Өөрөөр хэлбэл Г.Отгонбаярыг ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээ нь цуцлагдсан ажилтантай адилтган үзэх үндэслэлгүй. Гэтэл шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэлд үнэлэлт, дүгнэлт өгөөгүй, ажил олгогчийн гаргасан тушаалыг “хүсэл зоригийн дутагдалтай хууль бус, хүчингүй тушаал” гэж дүгнэсэн, “ажил олгогч болон ажилтны хүсэл зориг бодитой байгаагүй, эргэлзээ төрсөн” зэрэг үндэслэлээр шүүхийн шийдвэрийг гаргажээ.

Шүүгч “хууль бус, хүчингүй тушаал” гэсэн атлаа Хөдөлмөрийн тухай хуулийн ямар зүйл, заалт зөрчигдөөд байгаа талаар тодорхойлоогүй орхигдуулсан бөгөөд энэхүү тодорхойгүй үндэслэлээ шийдвэрлэх үндэслэл болж байна гэсэнд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл банк ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5-т заасан үндэслэлээр дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заасан, хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримталсан шийдвэр гаргасан, улмаар шүүхийн шийдвэрийг бодитоор биелүүлж ажилласан болно.

Энэ дагуу банк Г.Отгонбаярын ажлыг хүлээлцүүлсэн бөгөөд ажил хүлээлгэн өгөхдөө Г.Отгонбаяр маргаагүй, ажил хүлээлцэх актад гарын үсэг зуран зохих журмын дагуу ажлаа хүлээлгэн өгсөн зэрэг нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон асуудлыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байгааг шүүх анхаарч үзнэ үү. Г.Отгонбаяр нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “ажлаас буруу халагдсан тул ажилдаа эгүүлэн тогтоолгох тухай” шаардлага гаргасан бөгөөд дээрх үндэслэлээр буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр нэхэмжлэгч маргадаггүй, энэ талаар огт шаардлага гаргаагүй байхад нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй зүйлийг дүгнэж, түүнийг шийдвэрийн үндэслэл болгосон байгаад гомдолтой байна.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд Г.Отгонбаярыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлөгдсөн ажилтантай адилтган үзэж шийдвэрлэсэн нь буруу бөгөөд банк ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Г.Отгонбаярын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч Г.Отгонбаяр нь хариуцагч “Төрийн банк” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт зохих бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч “Төрийн банк” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Б/621 дүгээр тушаал /хх 3/-аар нэхэмжлэгч Г.Отгонбаярыг тус банкны Дархан-Уул салбарын захирлын албан тушаалд 3 сарын туршилтын хугацаагаар түр, мөн оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б/1095 дугаар тушаал /хх 4/-аар үндсэн ажилтнаар жинхлэн ажиллуулж байгаад мөн оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Б/1487 дугаар тушаал /хх 5/-аар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5-т заасныг үндэслэн уг ажил, албан тушаалаас чөлөөлсөн үйл баримт тогтоогдсон байна.

Хариуцагчаас “Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 871 дүгээр шийдвэр /хх 47-50/-ээр С.Мөнхдалайг “Төрийн банк” ХХК-ийн Дархан-Уул салбарын захирлын албан тушаалд эгүүлэн томилсон тул шүүхийн  хүчин төгөлдөр шийдвэрийг Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт зааснаар биелүүлж, Г.Отгонбаяртай байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь  мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5-т заасан үндэслэлээр дуусгавар болсон” гэж  тайлбарласан боловч хэрэгт авагдсан баримтаар уг нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 Нэхэмжлэгч Г.Отгонбаярыг 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/1487 дугаар тушаалаар салбарын захирлын албан тушаалаас чөлөөлж, С.Мөнхдалайг мөн өдрийн Б/1488 дугаар тушаалаар /хх-77/ тухайн албан тушаалд томилсон боловч мөн өдрийн А/370 дугаар тушаалаар /хх 79/ Дархан-Уул салбарын орлогч захирлын орон тоог 2 болгон баталж, С.Мөнхдалайг Б/1493 дугаар тушаалаар /хх 80/ салбарын орлогч захирлын албан тушаалд томилсон баримтууд хэрэгт авагдсан байна.

 Түүнчлэн мөн оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Б/1492 дугаар тушаалаар /хх 81/  Дархан-Уул салбарын захирлаар П.Лхагважавыг томилсон тушаал хэрэгт авагдсан байна.

Дээрх баримтуудаар шүүхийн шийдвэрээр салбарын захирлын албан тушаалд эгүүлэн тогтоогдсон С.Мөнхдалайг 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс салбарын орлогч захирлын албан тушаалд томилсон, харин салбарын захирлын албан тушаалд П.Лхагважавыг шинээр томилсон байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5 дахь үндэслэлээр Г.Отгонбаяртай байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

Ажил олгогчийн дээрх байдлаар нэг өдөр буюу 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр  гаргасан шийдвэрүүдийн үр дүнд С.Мөнхдалайг салбарын захирлын ажлын байранд биш орлогч захирлын албан тушаалд томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Иймд хариуцагчийн “шүүхийн шийдвэрийн дагуу С.Мөнхдалайг салбарын захирлын албан тушаалд томилоод дараа нь өөрийнх нь хүсэлтээр орлогч захирал болгосон” гэх тайлбар үндэслэлгүй байна.   

 Дээрх байдлаар хариуцагч “Төрийн банк” ХХК-ийн  нэхэмжлэгч Г.Отгонбаярыг ажлаас чөлөөлсөн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/1487 дугаар тушаал хууль зөрчсөн уг хууль бус шийдвэрийн улмаас хөдөлмөрлөх эрх нь хязгаарлагдсан нэхэмжлэгч Г.Отгонбаярыг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийх нэхэмжлэлийн шаардлагыг хангасан шүүхийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт нийцсэн, хариуцагчийн  давж заалдах гомдлыг хангах боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2017/00566 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 103 096 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Н.БАТЗОРИГ

                                                  ШҮҮГЧИД                                  Д.БАЙГАЛМАА

                                                                                          А.ОТГОНЦЭЦЭГ